| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Итгэлбаяр, түүний өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон O овгийн Э.Б холбогдох 2029000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, Цэций уулын 704 тоот хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Ландкруйзер-200 маркийн 90-30 УНР улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ С.Мөнх-Эрдэнийг мөргөн, ам насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Юуны өмнө хохирогчийн ар гэрийнхээс уучлалт гуйж байна. Би санамсар болгоомжгүйгээр найзынхаа амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Өөрийн зүгээс чадлын хэмжээгээр талийгаач найзынхаа ар гэрт тус дэм болох зорилгоор хохирлыг чадлынхаа хэмжээнд барагдуулсан. ...Талийгаач машин дуудах гэсэн чинь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойрхон юм чинь хүргээд өгчихье гэж бодоод түлхүүрээ хайсаар байгаад олоод гарахад тэр 3 хашааны наад талд цаашаа хараад хаалга руу очих гээд явж байсан. Тэгэхээр нь би хашааны хаалга онгойлгочих байлгүй гэж бодоод машинаа асаагаад ухарсан чинь түс гээд явсан. Тэр хооронд баримжаа алдсан байсан. Тэгээд юм мөргөсөн юм шиг байхаар нь машинаа жоохон урагшлуулж байхад чи хойноо байсан хүн дайрчихлаа шдээ гэж хэлсэн. Машинаасаа буугаад ирэхэд хашаа нураад талийгаач хэвтчихсэн байсан. Тэгээд тэвэрч аваад цагдаа дуудаад сүүлд нь цагдаагийн хэлтэс дээр тусгаарлагдсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Итгэлбаяр мэдүүлэхдээ: “...Миний аав айлын ганц хүү тийм болохоор настай ээжийгээ өргөж асарч тойглодог байсан. Өвөө маань хүнд харвалттай 100% хүний асаргаанд хөгжлийн бэрхшээлтэй настай хүн байдаг. Эмээ маань нурууны хагалгаанд орсон. Үе мөч зүрх судасны архаг өвчтэй хэцүү хүндхэн 70 гарсан хоёр хөгшин байдаг. Миний аав өөрийн ажил амьдралаа умартан өндөр настай өвчтэй аав ээжийнхээ дэргэд байж асарч халамжилж өглөө оройгүй галын түлж цай хоолыг нь хийж түлээ түлшийг нь бэлдэж өгдөг. Эм тарианы хувьд хүний царай харуулахгүйгээр бүх үүрэг хариуцлагыг өөртөө үүрч ирсэн хүн. Миний ээжийн хувьд 30 гаруй жил ханилсан ханиа харамсалтайгаар алдаад сэтгэл санааны маш хүнд байдалд орж одоогоор биеийн байдал хүнд байдалтайгаар эмнэлгээр явж эмчилгээ хийлгэх болсон. Эмээ өвөө болон ээжийгээ ийм хүнд байдалтайг хараад би маш их харамсаж гомдож байна. Миний хувьд аавын дэмжлэг нүүр царай алсыг харах холч ухаан ганц хүүгээ гэсэн сэтгэл нь маш их үгүйлэгдэж үнэхээр хэцүү байдаг. Хэрвээ миний аав амьд байсан бол өвөө, эмээ, ээж бид хэд элэг бүтэн энэ их сэтгэлийн уй гашууг эдлэхгүй амьдрал ахуй эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан. Аав маань ямар ч өвчин хуучгүй ид хийж бүтээх насандаа бусдын буруутай үйлдлээс болж амь насаа алдсанд бидэнд юугаар ч оршуулшгүй хүнд гарз учирсан. Шүүгдэгч Э.Б нь өөрөө цагдаагийн хүн байсан гэж сонссон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг хамгийн сайн ойлгож мэдэх хүн гэж бодож байна. Тэгэхэд яагаад биднийг ийм байдалд оруулсан юм бэ? аав минь хэчнээн олон жил бидэндээ элэг бүтэн амьдрах байсан бол гэж бодохоор маш их харамсаж гэр бүл ар гэрийн зүгээс туйлын их гомдолтой байна гэв.
Гэрч А.Бямбажаргалын өгсөн:“...Тэгээд бид нар юм ярингаа үлдсэн архиа ууж байгаад 14 цаг өнгөрч байхад “харьцгаая” гээд Б г гэрт нь үлдээгээд гараад хашааных нь хаалганых нь баруун талд дотор нөмөрт нь очоод талийгаач тэнд байсан төмөр дээр суугаад Хүрлээ бид хоёр зүүн талд нь зогсоод талийгаач “машин дуудсан” гээд хүлээнгээ тамхи татаад юм ярьж байхад гэнэт Б машин асаад хурдтайгаар ухраад бид нарыг чиглээд хүрээд ирсэн. Юу юугүй тулаад ирэхээр нь би гараараа машинруу түлхээд хажуу тийшээ болоход машин блокон хашааг мөргөж гадагш нураагаад жаахан урагшаа болоод зогсоход машины ард талийгаач хэвтэж байсан. Тэр үед Б машинаасаа бууж ирээд талийгаачийн толгой цээжийг өндийлгөж тэврээд “би найзыгаа алчихлаа” гээд хашгираад уйлаад байсан. Тэр үед бид нар талийгаачийг “сэргэ л дээ найзаа” гээд нэрээр нь дуудаад байхад хөдлөхгүй болохоор нь нас барсан байна гэдгийг мэдээд цагдаагийн утас хайгаад сандарч байхад Б нэг хүнд хэлж цагдаа дуудуулах шиг болсон. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
Гэрч Э.Хүрэлбаатарын өгсөн:“...Тэгээд бид нар явах гээд Б гэрт нь үлдээгээд гараад тамхи татангаа юм яриад Б хашааны дотор талд хаалганы баруун талд очоод талийгаач юман дээр суугаад Бямбажаргал бид хоёр зүүн талд нь зогсож байсан чинь Б хэзээ машиндаа суусныг мэдэхгүй гэнэт машин нь асаад хаазлаад ухраад бид нарыг чиглээд ирсэн. “Хөөе хөөе” гэхэд тас хийгээд машин нь хашаа мөргөж нураагаад зогссон. Тэгээд жаахан урагшлаад зогсоход ард нь талийгаач хашаа машин хоёрын завсар хэвтэж байсан. Гэтэл Б машинаасаа бууц ирээд “яанаа” гээд талийгаачийг тэвэрч аваад “би найзыгаа алчихлаа” гээд хашгирч байгаад Баттогтох ахтай “цагдаа дуудаарай” гээд ярих шиг болсон. Бямбажаргал бид хоёр ойртоод харахад талийгаач нас барсан юм шиг байсан. Тэгээд сандралдаж цагдаагийн утас хайгаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд бид гуравыг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,
Гэрч Х.Шархүүгийн өгсөн:“...Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14:30 цагийн үед талийгаачийн эхнэр Адъяасүрэн залгаад “манай нөхрийг очиж аваад гэрлүү нь дөхүүлээд өг” гэсэн юм. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд Б гэрлүү нь явсан. Намайг очиход хашаа нь онгорхой байсан юм. Тэгээд хашааны баруун тал нь гадагшаа цөмрөөд нурсан байсан. Тэгэхээр нь зогсоод машиныхаа цонхоор харахад Б талийгаачийн толгойг өвөр дээрээ тавьчихсан уйлаад байсан, наад талд нь Бямбаа, Хүрлээ хоёр уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би “яачихсан юм” гэж хэлээд талийгаачийн хүү Баярлуу залгаж хэлээд хашааны гадаа нь очоод авахад Баяр ээжтэйгээ хамт хашааны гадаа зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг машиндаа суулгаад буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,
Яллагдагч Э.Б өгсөн:“...Тэгээд бид нар үлдсэн архиа ууж дуусгаад тарахаар болсон би тэр үед нилээн согтсон байсан. Тэр гурав “явлаа” гээд гараад явахаар нь би найзуудыгаа хүргэж өгье гэж бодоод машиныхаа түлхүүрийг эрж байж олоод гарч ирэхэд тэр гурав хашааны нөмөрт сууж байсан. Би машиндаа ороод асаагаад ухрахдаа баримжаа алдаад хашаа мөргөчих шиг болохоор нь машинаа жаахан урагшлуулчихаад буугаад ирэхэд “чи мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь харахад талийгаач машины ард хэвтэж байсан. Тэгээд би сандраад орилоод “хүн дайрчихлаа” гээд цагдаагийн утас мэдэхгүй болохоор Баттогтох гэдэг ахруу залгаад “ахаа би хүн дайрчихлаа цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145-р хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Э.Б согтуурлын зэргийг тодорхойлсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 157-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, арилжааны банкууд дахь дансны хуулгууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар /1-р хх-ийн 166-167, 186-206-р 2-р хх-ийн 30, 34-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тогтоосон, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, Цэций уулын 704 тоот хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Ландкруйзер-200 маркийн 90-30 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ С.Мөнх-Эрдэнийг мөргөж амь насыг хохироосон үйлдэл нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ эргэн тойрны аюулгүй байдлаа шалгаж хөдөлгөөнөө эхлүүлэх замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, өөрийн хашаандаа байгаа гэдэг байдлаар болгоомжгүй хандсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Итгэлбаяр, шүүгдэгч Э.Б нь сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөгийг М.Итгэлбаярын ХААН банкны 5598076812 дугаарын дансанд шилжүүлэхээр тохиролцож нотариатаар баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 12 сарын 21-ний өдөр 20000000 төгрөгийг, 2021 оны 01 сарын 15-ны өдөр 30000000 төгрөг, нийт 50000000 төгрөгийг шилжүүлж гэмт хэргийн улмаас бий болсон хохирлыг сайн дураараа ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр үүргээ биелүүлсэн байна гэж үзэв. Мөн шүүгдэгч Э.Б зүгээс амь хохирогч С.Мөнх-Эрдэнийн буяны ажилд бэлнээр 4500000 төгрөг өгч, хохирол төлбөрт нийт 54500000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Итгэлбаяр нь хохирол төлбөрийн талаар болон нэмж нэхэмжлэх зүйлийн талаар нотлох баримтаа ирүүлээгүйг дурьдах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т “…Иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл” шүүх шийтгэх тогтоолдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг заахаар зохицуулжээ. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Итгэлбаярт эд хөрөнгийн ямар нэг эд хөрөнгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт байхгүй тул хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан тул шүүгдэгч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т заасныг журамлан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт нийт 25 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 54 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ордос овгийн Э.Б хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, 6 /зургаа/-н сарын хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Э.Б нь хохирол төлбөрт нийт 54500000 төгрөг төлсөн, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, 25 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА