Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/205

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,       

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч А.Ганзориг,  

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  П.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108 00132 0097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, 1993 оны 06 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, **** дүүргийн Онцгой байдалд гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Н овогт П-ийн Д, РД:******,   

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, Их нарангийн **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цээл өгөөж” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс “тамхи, талх, хиам, ундаа” зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч С.Ц-гаас “...Хаан банкны апплкэйшн байгаа юу? Төлбөрөө төлөх гэсэн юм...” гэж түүнээс 250,000 төгрөгийн үнэ бүхий Red Mi-5а маркийн гар утсыг хуурч залилан авч, улмаар хохирогч С.Ц-д “хамт явж байгаа хүнээсээ пиво авах уу, асуугаад ирье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон дэлгүүрээс гарч, хуурч авсан Red Mi-5а маркийн гар утасны интернэт банкийг ашиглан өөрийн 5098116845 тоот данс руу 244,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 494,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч П.Д 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цээл өгөөж” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч С.Цэнгэлмаагаас “тамхи, талх, хиам, ундаа” зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа мэт дүр үзүүлэн улмаар “Хаан банкны апплкэйшн байгаа юу, төлбөрөө төлөх гэсэн юм, хамт явж байгаа хүнээсээ пиво авах эсэхийг асуугаад ирье”  хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Red Mi-5а маркийн гар утсыг шилжүүлэн авсан болох нь :

хохирогч С.Ц-гийн...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн *** тоотод байх “Цээл өгөөж” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай дэлгүүрт 21 цагийн орчим Онцгой байдлын алаг хувцастай, энгэр дээрх нэр нь П.Д гэж залуу орж ирсэн ба LD CLUB нэртэй тамхи нэг хайрцаг, талх, хиам, ундаа авна гэж лангуун дээр авчирснаа...Хаан банкны апплакэйшн байгаа юу төлбөрөө төлөх гэсэн юм, гэхээр нь би тэг тэг гэж хэлээд өөрийн Red Mi-5а маркийн гар утсаа түүнд өгсөн.../хх-08/...миний гар утсаар мөнгө шилжүүлнэ. Хамт яваа хүнээс пиво авахыг асуугаад ирье гэж хэлээд миний утсыг аваад гарч явсан. Тэгээд эргэж орж ирээгүй юм.../хх-10, 12/,

гэрч Б.А-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк групп дээрээс зар харж байгаад Red Mi-5а маркийн маркийн гар утсыг худалдаж авсан юм. Тэр хүний фэйсбүүк хаяг нь MGL hunter гэх фэйсбүүк хаяг байсан. Red Mi-5а маркийн гар утсыг Их Засаг их сургуулийн урд талын автобусны буудал дээрээс Онцгой байдлын хувцастай нэг эрэгтэй хүнээс 80,000 төгрөгөөр худалдаж авсан.  Тухайн хүний 94*** гэх дугаар луу холбогдож гар утсыг авсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөгөө Онцгой байдлын хувцастай надад утас зарсан хүн миний 88*** дугаар луу холбогдоод гар утсыг эргүүлж авах гэсэн юм гэхээр нь худалдаж авсан 80,000 төгрөгөө эргүүлж аваад гар утсыг өгсөн гэх мэдүүлэг /хх-13/,

 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:.. Red Mi-5а загварын гар утсыг 250,000 төгрөгөөр тогтоож байна...гэх /хх-21-22/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл...цагаан өнгийн, өнгөгүй мэт гэртэй Red Mi-5а маркийн гар утас нь шар мэт өнгийн таг салдаг саарал өнгийн батарейтай гар утас байв...гэх /хх-27-28/,   

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл...гэрч П.Д-аас гарган өгсөн Red Mi-5а маркийн гар утас болон бэлнээр 244,000 төгрөгийг эзэмшигч С.Цэнгэлмаад хүлээлгэн өгөв../хх-29/,

 камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...цагаан өнгийн LNT 52х хяналтын камерын бичлэгийг нээж үзэхэд хяналтын камерын бичлэгт бичигдсэн цаг нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17:26:13-ыг зааж байв. Дэлгүүрийн камер 24 цагаар хоцорч байсныг тэмдэглэлд тусгав...1075553562926507 гэсэн нэртэй хяналтын камерын бичлэгийг тоглуулан хяналтын камерын бичлэгийг үзэхэд Цээл өгөөж хүнсний дэлгүүрийн хаалгаар Онцгой байдлын алба хаагчийн хувцастай мэт, 1,70 см өндөртэй мэт, амны хаалт зүүсэн мэт, эрэгтэй мэт хүн орж ирэв.../хх-31-36/,

шүүгдэгч П.Д-ын...Би Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо Их нарангийн 12 дугаар гудамжинд байдаг Цээл өгөөж нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр лүү 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед ороод дэлгүүрийн худалдагч С.Ц-гаас тамхи, хиам, талх, ундаа худалдаж авъя гэж худал хэлж итгүүлэн С.Ц-д худалдаж авсан хиам, талх, тамхи, ундааны мөнгөө Хаан банкны апплэкэйшнг ашиглаад төлбөрөө тушааж болох уу гэж асуухад С.Ц болно гэж надад гар утсаа өгөхөөр нь би надтай явж байгаа хүн пиво авч магадгүй би гараад асуугаад ирье гэж хэлээд дэлгүүрийн худалдагч С.Ц-гийн гар утсыг авч гараад Долоон буудалд очиж зочид буудалд орсон...Ингээд би зочид байдалд хоночхоод 2021 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 21 цагийн үед гар утас авна, зарна гэсэн зар дээрээс утасны дугаартай холбогдоод А гэдэг хүнд Ц-гийн гар утсыг 80,000 төгрөгөөр бэлнээр зарсан юм. Ингээд би гадуур явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд манай эхнэр надад цагдаагаас чамайг дуудаад байна гэхээр нь би цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгч байна...би А-т 80,000 төгрөг, хохирогчид 244,000 төгрөг дээр гар утсыг нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-15, 70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Тус шүүгдэгчийн үйлдсэн бусдын гар утсыг хууль бусаар авсан буюу “залилах” гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хэрхэн ялган зааглаж тайлбарлан хэрэглэх тухайд талууд зөрүүтэй байр суурь илэрхийлээгүй байх ба шүүхээс тус хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүйгээр буюу хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.    

Харин яллах дүгнэлтээр шүүгдэгч П.Д-ын хохирогчийн гар утсыг залилж авч явсныхаа дараа “хохирогчийн гар утсанд байсан интернэт банкных нь нууц үг, кодыг ашиглан 244.000 төгрөг авсан үйлдэл”-ийг залилах гэмт хэргийн шинжид багтааж зүйлчилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар прокурор “ тус үйлдлийг жич хулгайн зөрчлөөр шалгах боломжтой, хохирлоо төлсөн болохоор нь тийнхүү багтааж оруулсан” хэмээн тайлбарласан тул яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч П.Д-д холбогдох залилах гэмт хэргийн шинжээс “Red Mi-5а маркийн гар утасны интернэт банкийг ашиглан өөрийн 50**** тоот данс руу 244,000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн үйлдлийг жич мөрдөн шалгуулж, улмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв.      

Иймд шүүгдэгч П.Д-ыг хохирогч С.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Red Mi-5а маркийн гар утсыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д нь хохирогч С.Ц-д бэлнээр 244,000 төгрөг болон гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, Б.А-т 80,000 төгрөгийг тус тус төлсөн /хх-13, 70, 89, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:       

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг,  Чингэлтэй дүүргийн Онцгой байдалд гал сөнөөгчөөр ажиллаж байсан, тээврийн хэрэгсэл, хувийн сууц, газар зэрэг хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-17, 19, 37, 39, 59-63, 75-76, 77, 78, 79, 80-82, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч П.Д-д холбогдох залилах гэмт хэргийн шинжээс “Red Mi-5а маркийн гар утасны интернэт банкийг ашиглан өөрийн 50**** тоот данс руу 244,000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч П.Д-ыг хохирогч С.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Red Mi-5а маркийн гар утсыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500.000 торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.Д-д мэдэгдсүгэй.         

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн “хохирогчийн Red Mi-5а маркийн гар утасны интернэт банкийг ашиглан өөрийн 50**** тоот данс руу 244,000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрдөн шалгаж, хянан шийдвэрлүүлэхийг мөрдөгч, прокурорт сануулсугай.     

7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг  хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР