| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох 2008 02031 0048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” компанид дотор заслын ажил эрхэлсэн байгаа, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян уулын ** дугаар гудамж ** тоотод гэх хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** байрны ** тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 858 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, С овогтой Б-гийн Т /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-той маргалдан зодож эрүүл мэндэд нь “эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн тохойд шарх, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-той маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :
- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай...баруун талын хашаанд хажуу айлын залуучууд согтуугаар орж ирээд зодоон хийгээд байна...гэх тэмдэглэл /хх-11, 13/,
- хохирогч Б.М-ын...2020 оны 05 дугаар сарын 02-ны 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын аманд найз Э-ий лагерийн байшинд Х, Х бид дөрөв шорлог хийж идээд 2,5 литрийн Нийслэл пиво хувааж ууж дуусаад манай найз Х гэр лүүгээ явсан. Тэгээд бид гурав унтаж амрах гээд байж байхад хэсэг бүлэг 5-н зүс таних залуучууд амрыг эрье бичиг баримтаа шалгуул гэхэд манай найз Д гадаа гарсан. Би гэрт найз охин Х-тай үлдсэн. Удалгүй гэрийн гадаа чимээ гарсан. Тэгээд намайг гарахад согтуу залуучууд та нар манай эзэмшлийн газар луу орж ирээд чимээ шуугиан гаргалаа гээд “чи яагаад том дуугараад байгаа юм бэ гээд албаар яриа өдөж зодоон өдсөн...Би найз охиноо аргадаад сууж байтал миний зүүн шанаа руу нэг хүн пүүзтэй хөлөөрөө маш хүчтэй өшиглөчихсөн, тэр хүнийг хартал халзан толгойтой, 20 орчим насны сөөнгө хоолойтой, онигордуу нүдтэй, 165 см өндөртэй, цэнхэр биеийн тамирын хослолтой, гадуураа хүрэн хүрэмтэй залуу байсан. Тэгээд тэр хамт орж ирсэн найзууд нь тэр залууг боль гэж хэлээд салгаад аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-14-15, 17-18/,
- гэрч Э.Э-ний...тухайн үед манай найз М гарч ирэхэд согтуу залуу өшиглөж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-19-20, 47/,
- гэрч Э.Х-гийн...2020 оны 05 дугаар сарын 03-ны...бид гурав хоол унд идээд пиво уугаад байж байгаад нэлээн орой 23 цаг болж байхад гэрийн хаалга онгорхой байсан чинь гаднаас нэг залуу орж ирснээ за энд юу болоод байна гээд ороод ирсэн. Тэгсэн нэг намхан жижиг залуу нь гараад ир хөгшөөн гээд байсан манай хоёр найз яах гээд байгаа юм гээд гээд нөгөө залуутай хамт гэрээс гарсан. Би гэрт үлдсэн юм. Манай хоёр найз орж ирэхгүй байхаар нь би гутлаа өмсөөд гарсан чинь М доошоо тонгойгоод сууж байсан. Би юу болсон юм бэ гэсэн чинь намайг нэг намхан залуу нь цохичихлоо гэж байсан, манай хоёр найз цагдаа дуудсан гэж байсан. ..би яаг цохиж зодож байхад нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-45/,
- гэрч Э.М-ны...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр...шөнө 01 цаг болж байхад манай хашааны хойд талд эмэгтэй хүн уйлаад байх шиг чимээ гарахаар нь би Т, М хоёрт хэлээд нөгөө хоёр очъё гэсэн, би араас нь очсон чинь хоёр залуу, нэг эмэгтэй уйлчихсан байсан. Би юу болоод байгаа юм гээд Мөнхбат бид хоёр Т-ийг салгаж аваад явсан. Намайг очиход зодоон болоод дуусаж байсан. Би юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-41/,
- гэрч Ө.М-ын...2020 оны 05 дугаар сарын 03-ны ...бид нар нэлээн орой болчихоор нь унтаж амаръя гээд унтах гэж байсан чинь Мэндсайхан эмэгтэй хүн орилоод байна гэж бид нарт хэлсэн. Тэгээд Т бид хоёр түрүүлж хаанаас дуу чимээ нь гараад байна тэр газар луу нь явъя гээд тухайн эмэгтэй хүний дуу чимээ гарсан газар луу Т бид хоёр очсон, монгол гэр байхаар нь хаалгыг нь тогшоод бид нар унтаж амармаар байна, чимээгүй байгаач гэж хэлсэн чинь гэрээс нэг залуу гарч ирээд Т-тэй уулзаад байсан. Тэгсэн араас нь дахиад нэг эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирсэн, би нөгөө эрэгтэй эмэгтэй хоёртой уулзаад би одоо найзыгаа аваад явлаа гэж хэлсэн чинь ард Т нэг залуутай зодолдоод байж байхаар нь Т-ийг очиж салгаж авах байсан чинь М араас ирээд бид хоёр Түвшинтөрийг салгаад аваад явсан...Т-тэй зодолдож байсан залуугийн зүүн талын хацар хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-43/,
- шинжээчийн дүгнэлт:...Б.М-ын биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн тохойд шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх /хх-49-50/,
- шүүгдэгч Б.Т-ийн...тухайн үед манай хоёр найзын нэг нь амрыг эрье цагдаа байна, яагаад эмэгтэй хүн зодож нүдээд зовоогоод байна гэсэн чинь гэрээс дахиад нэг саравчтай малгайтай залуу гарч ирээд хөөе яаж байна гээд намайг тэвэрч аваад бид хоёр газар унасан юм. Тэгээд найз охин нь гээд нэг эмэгтэй ирээд нөгөө залууг аваад явсан тэгэхээр нь би араас нь очоод нүүр лүү нь хөлөөрөө цохиж авсан, найзууд ирээд намайг аваад явсан...Би тухайн үед М, М хоёртой хамт очсон, би ганцаараа тэнд зодолдсон...Би М-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-22-23, 85-86, 38-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 900.000 төгрөг нэхэмжилсэн боловч 130.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-32, 55/ байх ба шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байгааг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /х-57, 60-65/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдаж /х-68, 69, 70, 71, 72, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан нотлох баримт бүхий хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР