Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 03331 0022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, 1987 оны 07 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо “***”-д фризер машинист ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойт ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Г, РД:****,   

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г нь “saikhan zaluu” гэсэн фэйсбүүк хаягаас “байр орон сууц түрээслүүлнэ” гэсэн групп дээр “Буянт Ухаа 2-т хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Б.О-ийг хуурч, 2020 оны 11 сарын 14-ний орой 21 цаг 21 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтод байрлах “Цэнхэр” дэлгүүрийн орчимд өөрийн эзэмшлийн Голомт банкны 11**** дугаартай дансанд Б.О-ийн Голомт банкны 220**** дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Г нь “saikhan zaluu” гэсэн фэйсбүүк хаягаас “байр орон сууц түрээслүүлнэ” гэсэн групп дээр “Буянт Ухаа 2-т хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Б.О-ийг хуурч 2020 оны 11 сарын 14-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтод байрлах “Цэнхэр” дэлгүүрийн орчимд өөрийн эзэмшлийн Голомт банкны 11*** дугаартай дансанд Б.О-ийн Голомт банкны 22**** дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,    

- хохирогч Б.О-гийн гэрчээр өгсөн...2020 оны 11 дүгээр сарын 06-ны Буянт Ухаа 2 гэсэн зарын групп-с “Uran zurag” гэх фэйсбүүк хаягаас тавилгатай хоёр өрөө байр 1 сарын 500,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зарын дагуу тухайн “Uran zurag” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй чатлах үед авгай, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Хагас бүтэн сайнд тухайн байранд очдог болохоор очиж амжихгүй байна тэгээд түрээслэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө дугаарыг 99*** гэж хэлсэн ба тухайн дугаараар холбогдоход 25-30 орчим насны залуу утсыг нь авч байсан ба тухайн байрыг үзье гэхээр ажилтай байна, үзүүлэх боломжгүй байна гэж хэлдэг байсан. Тэгээд түлхүүрийг чинь аваад очоод үзэж болох уу гэхээр тэгж төвөг удаад яах юм бэ зургийг нь явуулчихъя гээд гэрийнхээ зургийг явуулсан юм. Тэгээд тухайн байранд орохоор тохиролцоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цэнхэр дэлгүүр гэх газар очоод түлхүүрээ аваарай би дүүдээ түлхүүрийг чинь өгсөн гэсэн. Тэгээд дүүгийнх нь 86*** гэсэн дугаар явуулаад мөн Голомт банкны 11*** Г гэх хүний дансны дугаар явуулсан. Тэгээд би нөхрийн хамтаар Цэнхэр дэлгүүр дээр хүлээж байгаад нөгөө 11**** гэх данс руу 1 сарын барьцаа, 1 сарын түрээс болох 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн дансны эзэмшигч Н овогтой Г гэж гарч ирсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихээд байж байтал нэг хүн ирээд машины цонх нүдээд 2 ширхэг түлхүүр өгөхөөр нь нөгөө түлхүүрээ аваад Буянт Ухаа-2 хорооллын *** дүгээр байрны *** давхар гараад цонх урагшаа харсан хаалга дээр очоод нөгөө түлхүүрээ хийж үзэхэд 2 цоожтой байсан ба нэг түлхүүр хийгээд хаалгыг нь онгойлгоод байж байтал дотор талаас нь нэг хүн гараад ирсэн ба энэ миний байшин юу болоод байна гээд гайхаад. Тэгээд би нөхрийн хамтаар цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-04, 13-14/,  

- хохирогч Б.О-гийн шүүгдэгч Н.Г-той чаталсан чатны хуулбар...2020.11.09-2020.11.12-ны хооронд харьцсан...гэх /хх-17-24/,

-  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/,

- Голомт банкны дансны хуулга...2020.11.14-ний өдөр “96188141” гэх гүйлгээний утга бүхий 1,000,000 төгрөг Н.Г-ын эзэмшлийн 11*** гэх дансанд орсон тухай.../хх-38/,

- гэрч Ч.О-ын... би Г гэх залуутай фэйсбүүкээр танилцаад гайгүй хүн шиг байхаар нь хүнд юм өргүүлэхдээ дуудаж туслуулдаг байсан, тэгж байхдаа гэрийн түлхүүрээ өгч байсан юм. Уг байр миний нэр дээр байдаг, Г захиран зарцуулах эрхгүй юм...Тухайн өдөр би гэртээ байж байтал оройны 21 цагийн үед манай байрны гадна хаалгыг түлхүүрдээд онгойлгож байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би дотор хаалгаа онгойлгоод үзтэл үл таних 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай байрны гадна талын хаалганд түлхүүр зоогоод онгойлгох гээд зогсож байсан. Тэгэхээр нь би юун хүмүүс хаанаас түлхүүр тааруулаад зогсож байгаа талаар асуухад тэр хоёр хүний эмэгтэй нь “манайх энэ байрыг түрээслэх гэж байгаа Г гэж хүнд 1,000,000 төгрөг шилжүүлсэн гээд гар утсаа гаргаж ирээд голомт банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн мессежээ үзүүлсэн, би тэр хүмүүсийг яаралтай цагдаад хандаарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-39-40, 58-59/,  

            - шүүгдэгч Н.Г-ын...Би бүгдийг ганцаараа хийсэн. Тэгээд тэр эмэгтэй тухайн өдрийн орой над руу залгаад байхаар нь утсаа аваагүй, мессеж бичихээр нь хариу бичээгүй. Би тэр эмэгтэйд өгсөн байрны түлхүүр миний танил ах болох Отгонбаатарын байрны гадна хаалганы 2 ширхэг түлхүүр өгсөн. Миний түрээсэлнэ гэж залилсан байр нь О ахын эзэмшлийн байр байсан бөгөөд О ах надад гэр зуур юм хийхэд тусалж байгаарай гээд 2020 оны 8 дугаар сарын дундуур /өдрийг нь тодорхой санахгүй байна/ өгч байсан. 2020 оны 08 сараас хойш надад уг байрны гадна хаалганы 2 ширхэг түлхүүр байсан. Тэгээд надад 2020 оны 11 дүгээр сард мөнгөний хэрэг гараад би уг байрны түлхүүрийг ашиглаад мөнгө олъё гэж бодоод ийм хэрэг хийх болсон...Тэгээд цагдаад баригдаад хохирлыг нь төлөх гээд уг мөнгийг нь хэрэглэхгүй төрсөн эгч А-гийн дансанд хийсэн. Тэгээд хохирогчийн хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би уг хэрэгт ашиглах зорилгоор дүүдээ түр худлаа хэлээд барих дугааргүй болчихлоо түр дугаараа ашиглуулаач гэж гуйгаад 2 хоног уг утасны дугаарыг ашигласан....гэх мэдүүлэг /хх-47-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Г-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.О-гт бэлнээр 1.000.000 төгрөг төлсөн /хх-73, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгөгүй болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-34-39, 55, 71-72, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.                 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н.Г-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Г-д мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР