| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0205/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108 00094 0096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, хувиараа орчуулга хийдэг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** дугаар байрны 29 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын Х, /РД: *****/
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд Англи хэлний багш ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Өнөр хорооллын *** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт Б-ын Б, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ** дугаар орцонд иргэн Д.Х-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гээгдүүлсэн Айфон 11 про макс загварын гар утсыг авч, улмаар найз залуу Б.Б-ын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Титэм плаза” төвийн орчимд бусдад зарсан буюу завшсаны улмаас 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Г.Х-г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны 2 дугаар орцонд иргэн Д.Х-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гээгдүүлсэн Айфон 11 про макс загварын гар утсыг авч, улмаар найз охин Г.Х-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Титэм плаза” төвийн орчимд бусдад зарсан буюу завшсаны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.Х, Б.Б нар нь гээгдэл хөрөнгө болох 3000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11 про макс загварын гар утас”-ыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдсээр байж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Титэм плаза” төвийн орчимд бусдад зарсан буюу завшсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/,
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байр байх ба уг байр нь бор шаргал өнгийн ** давхар нийтийн зориулалттай, 2 орцтой орон сууц байв...Тус байрны 6-7 давхарын шатан дээр хохирогч Д.Х орцонд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар тасарч унтаж байгаад I phone 11 Pro Max маркийн гар утсаа гээгдүүлсэн гэх газрын заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх /хх-04-05/,
- хохирогч Д.Х-ын:... 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд СХД-ийн **-р хороо **-байрны 2-р орц ** тоотод байх гэртээ эхнэр Б-тэй ахуйн хүрээнээс шалтгаалан хоорондоо маргалдаж улмаар уур хүрээд байхаар нь гэрээсээ байрны урд байдаг “Мишээл” нэртэй хүнсний дэлгүүрээс боргио нэртэй 2,5 л 2 ширхэг пиво худалдаж буцаж байрныхаа орцонд орж ганцаараа уусан. Тэгээд авсан пивонуудаа орцонд ууж байгаад тасраад шатан дээр суугаагаараа унтчихсан. Намайг орцонд унтаж байхад 23 цагаас 00 цагийн орчимд эхнэр Б гэрээсээ гарч ирж намайг сэрээгээд гэртээ орж унтаарай гээд надаас гар утсаа чи яачихсан юм бэ ? чиний гар утас холбогдохгүй байна гээд надаас асуухаар нь би өмсөж байсан хар өнгийн куртикний халаасанд байсан цагаан өнгийн I РНопе 11 Рго Мах маркийн гар утсаа хайгаад олоогүй. Миний хэтэвч болон 6.000,000 төгрөг алдагдаагүй...Би I phone 11 Pro Max маркийн гар утсаа 2020 онд “I phone” худалдааны төвөөс 3.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /хх-10/,
- гэрч Б.Б-гийн:...би тухайн өдрийн 22 цаг 24 минутаас 23 цаг 06 минутын хооронд гэртээ ирэхгүй юм уу гэх зэргээр би нөхрийнхөө 95*** дугаар луу мессеж бичихэд өөдөөс хариу бичиж байсан. 23 цаг 00 минутаас хойш хариу огт өгөөгүй. Тэгээд 00 цаг 13 минутад залгахад холбогдох боломжгүй болсон байхаар орцноосоо хайтал 6 давхрын шатан дээр суугаагаараа унтаж байсан. Тэгээд гэрт нь оруулаад унтуулсан боловч нь утас нь олдоогүй. Харин түрийвч нь бүрэн бүтэн байсан...гэх мэдүүлэг /хх-13-14/,
- гэрч Б.Б-гийн:...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд ажил дээр байж байхад зүс таних А нь гар утасны засварчин Д дээр ирчихсэн байсан. Ингээд тухайн өдрийнхөө 14 цаг 50 минутын орчимд А надад дээр ирээд цагаан өнгийн I рhоnе 11 Рго Мах гар утас зарах гэж байгаа, ямар нэгэн асуудал байхгүй ээ гээд хэлэхэд уг гар утсаа надад үзүүлсэн. Уг гар утсыг шалгаж үзэхэд нүүрэн кодыг олон удаа буруу хийсний улмаас гар утас нь цоожлогдсон байхаар нь үндсэн өөрийнхөн программыг уншуулахад нээгдсэн ба аррlе id код байхгүй байсан. Ингээд би тухайн гар утсыг 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар хоорондоо тохиролцоод надад I рhоnе 11 Рго Мах гар утсыг зарсан, би дахин зарсан...Өөр асуудлыг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-16/,
- гэрч М.А-ын... Би Наран их дэлгүүрт 2012 оноос одоог хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр СХД-ийн **-р хороо, *** тоотод гэртээ байж байгаад өөрийнхөө фасебүүк хаягаар интернэтэд орж байхад “iphone 11 Рго Мах сэлбэгэнд зарна” гэсэн зарын дагуу холбогдож 1.000.000 төгрөгөөр худалдана гэхээр нь 800.000 төгрөгөөр авъя гээд уг хүнд санал тавьж чатаар мессеж бичихэд намайг гар утасныхаа дугаарыг явуулчихаарай гэхэд нь өөрийн 96**** дугаарыг өгсөн. Би 96**** дугаараа өгсний дараа нууцлагдсан дугаараас намайг хаана байгааг асуугаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх “Титэм” плазагийн урд уулзъя гээд хоорондоо тохирсон. Би “Титэм” плазагийн гадна түрүүлж очоод уг үл таних гар утас зарна гэсэн хүмүүсийг хүлээж зогсож байгаад ирэхгүй болохоор нь 10 орчим минутын дараа нөгөө хүмүүс рүү фасебүүкээр чат бичиж “Хаана явж байгааг нь асуухад”, чатаар над руу “Номин”-сүлжээ дэлгүүрийн урд явж байна, одоо эргээд орлоо гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа буюу тухайн өдрийн 13 цаг 15 минутын орчимд нууцлагдсан дугаараас миний 96**** дугаар луу залгаад ирчихлээ гээд цагаан тоёото маркийн автомашин дээр хүрээд ир гэсний дагуу яваад очиход жолооч нь 20-25 орчим насны эмэгтэй хүн байсан ба хажууд 20-25 насны орчим эрэгтэй хүн байсан. Тухайн хоёр хүн автомашиндаа намайг суулгаад эрэгтэйн цагаан өнгийн I РHоnе 11 Рго max маркийн гар утсыг үзүүлсэн. Би тухайн хоёр хүнд хандаж “Хулгайн гар утас биш биз дээ” гээд асуухад бишээ олсон гар утас юмаа гээд надад хэлж байсан. Гэхдээ хаанаас яаж гар утас олсон талаараа надад огт хэлээгүй. Ингээд тухайн гар утсыг 780.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээсээ шууд найз Д-тэй холбогдож I Рhопе 11 Рго Мах гар утас үзүүлэх гэсэн юмаа гээд асуухад намайг шил худалдааны төвийн 2 давхарт хүрээд ир гэсэн. Ингээд би Д-ийн ажил очоод гар утсаа үзүүлээд I Рhопе 11 Рго Мах гар утасны дэлгэц нь цоожлогдсон тул Б дээр очиж программ уншуулаад нээж үзэхэд id байхгүй юм байна гэж хэлсэн. Ингээд би тухайн гар утсыг цааш нь зарж болох юм уу гээд Д-ээс асуулгахад Б гэдэг гар утасны лангуутай залуу 1.500.000 худалдаж авна гээд болох уу гээд асуугаад байна гэхээр нь би тухайн зөвшөөрөөд зарсан гэх мэдүүлэг /хх-18/,
- гэрч П.О-гийн... Би Хоролсүрэнтэй 2019 оноос хойш үерхэж найзалдаг байсан. Сүүлийн үед хоёрын хоорондын харилцаа муудаж одоогоор харилцаа тогтворгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22-23 цагийн орчимд гэртээ байж байхад гаднаас Х ганцаараа орж ирээд гэрт байсан цүнхтэй хувцсаа аваад явсан. Манай гэрээс бид хоёр хамт гараад байрны 7 давхарт очиход шатан дээр согтуу хүн унтаж байсан. Х тухайн хүнээс айгаад байна, намайг гаргаад өгчих гэхэд нь би чадахгүй гээд гэртээ орсон. Гэртээ ороод нээрээ эмэгтэй хүнийг согтуу хүн яачихаж магадгүй гэж бодоод буцаж гэрээс гарахад Хоролсүрэн байхгүй байсан. Өөр асуудлыг би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-20/,
- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:...iphone 11 pro max маркийн гар утасны нийт үнэлгээ 3.000.000 төгрөг гэх /хх-32-33/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39-45/,
- шүүгдэгч Г.Х-гийн:...2020 оны 12 дугаар сарын-21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 р ороо Өнөр хороолол Москва 44-55 тортод найз залуу Б-ийн гэрт байж байгаад...урд өмнө үерхэж байгаад салсан найз залуу О-гийн гэрт ороод хувцастай цүнхээ аваад 10 орчим минутын дараа гэрээс О-гийн хамтаар шатаар доошоо уруудаад 7 давхарт хоорондоо харилцаа болохгүй шалтгааны улмаас маргалдаж байгаад доошоо буухад үл таних 30-35 насны эрэгтэй хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай дээр унтаж байсан. Тухайн хүнээс айгаад доошоо шатаар буух гээд 3-4 алхахад шалан дээр цагаан өнгийн, ухаалаг гар утас байхаар нь согтуу унтаж хүний гар утас биш байхаа гэж бодоод аваад явсан. Уг байрны нэг давхарт аймар сандраад найз залуу Б-ын гар утас руу залгаж “Би цагаан өнгийн I 11 рго Мах маркийн гар утас оллоо" гээд ярьсан. Энэ үед Б надад хүрээд ирээрэй, ирэхээр чинь ярьж байгаад болъё” гээд утсаа тасалсан. Б-ын гэрт очиход шөнийн 02 цаг болж байсан ба Б миний олсон цагаан өнгийн I Рhопе 11 рго Мах маркийн гар утсыг сонирхож үзэж байхад нь би энэ утсыг эзнийг олоод өгмөөр байна гэхэд Б надад нэг хуурамч аккуант байдаг юмаа, тухайн аккуантыг ашиглаж гар утсаа заръя гээд хэлсэн. Мөн чамайг энэ утасны эзэнг олоод очвол чамайг хулгай хийсэн гэж бодох байх гэж хэлж байсан. Б-ын гэрт тухайн шөнө амраад маргааш нь ажилд орох гээд тухайн айлаас гарах гэтэл Б утас авч явж болохгүй гээд шүүгээндээ хийчихсэн. Энэ үед ажилд орох гэж байсан газар над руу залгаж “Ковидтой холбоотойгоор ажлаа хойшлуулъя” гэж хэлсэн. Ингээд Б-ын гэрт байж байхад “Би энэ гар утсыг 800.000 төгрөгөөр зарах хүн олчихлоо” гээд намайг гэрээсээ дагуулан гарч цагаан өнгийн тоёото маркийн автомашинтайгаар Титэм худалдааны төв орж автомашин дотроо уг үл таних эрэгтэй хүнтэй уулзаж I Рhопе 11 рго Мах маркийн гар утсыг 740.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн гар утас зарсан мөнгийг Б-ын дансаар 400.000 төгрөг, бэлнээр 340.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөсөө аавдаа 300.000 төгрөг, эмээдээ 200.000 төгрөг шилжүүлнэ гээд өөрөө авсан. Бусад мөнгөө Б-ын хамтаар ахуйн хэрэгцээнд хэрэглээд дууссан...гэх мэдүүлэг /хх-23, 64-65/,
- шүүгдэгч Б.Б-ын:... Би Х-тэй 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл үерхэж байна. Бид хоёр одоогоор нэг гэрт ороогүй, гэрлэлтээ батлуулаагүй. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.Х манай гэрт байж байгаад орой /цаг санахгүй байна/ өөрийнхөө цүнхтэй хувцсаа 5 шарын орчимд байх айлаас очиж авна гээд явсан. Хэсэг хугацааны дараа /цаг санахгүй байна/ манай гэрт Г.Х буцаж ирээд надад хандаж I phone 11 pro max гар утас байрнаас оллоо гээд хэлэхэд би тухайн гар утсыг аваад үзэхэд эрэгтэй эмэгтэй хүний хамт зурагтай, цагаан өнгийн Рго Мах маркийн гар утас байсан. Тэгээд тухайн гар утас руу хэн нэгэн залгаж магадгүй гээд гар утсыг харахад сүлжээгээ хаачихсан байсан. Ингээд тухайн өдрөө манай гэрт хамт хоносон. Маргааш өглөө I Рhопе 11 Рго Мах гар утсыг зарах санаатай өөрөө байнга ашиглаад байдаггүй Мandah mak гэдэг аккуантаас “I Рhопе 11 Рго Мах маркийн гар утсыг сэлбэг болгож зарна” оруулсан. Энэ үед чатаар үл таних эрэгтэй хүнтэй холбогдож гар утсаа зарахаар болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” худ төвийн урд уулзахаар болоод цаг товлоод цагаан өнгийн тоёото сай автомашинтай Г.Х-гийн хамтаар явж очсон, тухайн хүнд гар утсаа 740.000 төгрөгөөр зарсан...Г.Х бид хоёр гар утсаа зарчихаад 300.000 төгрөгийг Х-гийн аавынхан данс руу, 200.000 төгрөгийг Х-гийн эмээгийнхэн данс руу, үлдэгдэл 240.000 төгрөгөөр ахуйн хэрэгцээнд хэрэглээд дууссан гэх мэдүүлэг /хх-26, 56-57/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нар тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Тус хэрэгт “гээгдэл гар утас” олсон гэх шүүгдэгч Г.Х-гийн мэдүүлгийг үгүйсгэх бусад хөндлөнгийн нотлох баримтууд байхгүй, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэн өөрийн хяналтаа алдсаны улмаас гар утас хэрхэн гээгдсэн эсэх талаар тодорхой мэдэх зүйлгүй байхгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хохирогч нь тухайн орцны шатны аль хэсэгт, шатны хэдэн гишгүүр дамнан, ямар байрлалтай унтаж байсан эсэх, тухайн унтаж байсан шатны хэсэг, байрлалаас ямар зайнд, ямар газар тус гар утас гээгдсэн байсан эсэх зэргийг шүүгдэгч Г.Х-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах болон бусад байдлаар нарийвчлан шалгаагүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй.
Мөн шүүгдэгч Г.Х нь гээгдэл гар утсыг олж мэдсэн тэр даруйд Б.Б руу холбогдож хэрхэхийг асуухад тэрбээр аваад ир гэж хэлсэн байхаас гадна шүүгдэгч нар тийнхүү тухайн гар утас гээгдэл бөгөөд бусдын эзэмшил, ашиглалтад байгааг мэдсээр байж завших гэмт сэдэлт, зорилгод санаатай нэгдэж улмаар захиран зарцуулж завшсан нь тогтоогдсон, тухайн гэмт хэрэг тийнхүү завшсанаар төгс үйлдэгдсэнд тооцогдох тул шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг бүлэглэн гээгдэл I Рhоnе 11 Рго Мах маркийн гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгч нараас 3000.000 төгрөгийн хохирлоо авсан /хх-123-124/ байх тул шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нар урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй /хх-71, 101/, тус хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуульд Англи хэлний багш ажилтай, орлоготой, хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-71-86, 87-96, шүүх хурлын тэмдэглэл/, шүүгдэгч Г.Х анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, хувиараа орчуулга хийдэг гэх, ***** сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-99-106, 111, шүүх хурлын тэмдэглэл/, тус тус судлагдсан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг бүлэглэн гээгдэл I Рhоnе 11 Рго Мах маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Б нар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тус хэрэгт эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь хадгалах хугацаа хүртэл хавсарган үлдээсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР