| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/229 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/229
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ч-д холбогдох 2008 03202 0072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, **** ХХК-д дугуйт ачигчийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун баян уул **-р гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй. Урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овгийн Б-гийн Ч /РД:**** /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шарын автобусны буудал дээр такси үйлчилгээнд явахаар зогсож байхдаа иргэн С.А-ыг “урдуур дайрч хүн авлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж биед доод эрүүний баруун хажуугийн 1-р шүдний ганхалт, доод уруулын цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шарын автобусны буудал дээр такси үйлчилгээнд явахаар зогсож байхдаа иргэн С.А-ыг “урдуур дайрч хүн авлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж биед доод эрүүний баруун хажуугийн 1-р шүдний ганхалт, доод уруулын цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-03/,
- хохирогч С.А-ын...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 20 минутын орчим намайг ажлаа тараад эхнэр Туулийг 5-н шарын авто буудлаас авах гээд зогсож байхад тэнд зогсож байсан **** УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч болох 40 орчим насны эрэгтэй хүн намайг харж байгаад манай эхнэрийг миний авто машинд ажлын газрын нэг хүнтэй хамт суухад яагаад урдуур ороод нисэх явах хүн ачаад байгаа юм бэ гэж зандрахаар нь би хүн ачаагүй, эхнэрээ авч байна гэхэд чамайг мэдэж байна, чи дандаа л хүн ачдаг биз дээ гээд намайг авто машиндаа сууж байхад авто машины цонхоор зүүн гараараа миний цамцнаас заамдаж баруун гараараа эрүүний урд хэсэгт нэг удаа цохисон, буугаад учраа тайлбарлах гэхэд толгойгоороо нүүрний шанааны хэсэгт мөргөж гэмтээгээд тэнд байсан хүмүүс болон манай эхнэр бид хоёрыг салгасан...Миний үүдэн шүд хөдлөөд, доод талын уруулын дотор хэсэгт зулгарсан байна...гэх мэдүүлэг /хх-17-18, 45/,
- гэрч Д.Т-ын...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний нөхөр намайг ажил тараад авахаар Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын автобусны буудал дээр ирчихсэн хүлээж байна гэхээр нь би ажлаа тараад буудал дээр очсон. Тухайн үед манай нөхөр автобусны буудал дээр өөрийнхөө приус 30 маркийн машинтай зогсож байсан бөгөөд машинд нь ороод суутал нэг залуу манай нөхөртэй маргалдаж байсан. Тэгээд тухайн залуугийн гар нь орж ирээд миний нөхөр А-ын толгой руу нэг удаа цохисон ба А машинаас буугаад тухайн залуутай барьцалдсан. Тэгтэл нөгөө залуу миний нөхрийг заамдаж байгаад нэг удаа толгой руу нь мөргөсөн бөгөөд Ариунболдын хамарнаас цус нь гарсан, хүмүүс салгасан гэх мэдүүлэг /хх-22-23/,
- шинжээчийн дүгнэлт:...С.А-ын биед доод эрүүний баруун хажуугийн 1-р шүдний ганхалт, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх /хх-09-10/,
- яллагдагч Б.Ч-гийн...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг өнгөрч байхад би такси үйлчилгээнд явах зорилгоор өөрийн **** УБЕ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Таван шарын автобусны буудал дээр зогсож байтал цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл миний урдуур орж зогссон. Тэгэхээр нь би тухайн машиныг такси үйлчилгээнд явах гэж байгаа машин юм байна гэж бодоод жолоочид хандаж сая хоёр гурван машин гарчихлаа, дарааллын дагуу гараа гэж хэлтэл тухайн машины жолооч нь машин дотроосоо энэ чинь чиний буудал юм уу, би угаасаа хүн ачдаг юм гөлөг минь, хулгайч царайлсан пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь над шиг хулгайч эндээс олохгүй, би чиний юмыг хулгай хийж яваагүй гэж хэлтэл миний өөдөөс хэл амаар доромжлоод машиндаа суугаад байсан. Тэгээд би тэвчихгүй тухайн жолоочийг машиндаа сууж байхаар нь гараа оруулаад цамцнаас нь татахад тухайн жолооч машинаас бууж ирсэн. Тэгээд бид хоёр бие биеийнхээ хувцаснаас буюу цамцнаас барьцалдаж авсан бөгөөд тухайн үед автобусны буудал байсан хүмүүс бид хоёрыг салгасан...Надтай тухайн залуу заамдалцаж ноцолдож байхад уг гэмтэл учирсан байх гэж бодож байна. Би тухайн хүнийг толгойгоороо мөргөөгүй, би энгэрээс нь заамдаж авсан байхдаа гараараа эрүү, амны орчим нударч цохиод гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-26, 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй /хх-18, 45/ байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх-54/, тус гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас үүссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 8-15 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, “****” компанид дугуйт ачигчийн оператор ажилтай, хөрөнгө, орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-36, 50-54, 56, 59, 64-68, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР