Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

     Н.Б, Ө.О, Д.Н,

    Н.А нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

яллагдагч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа,

яллагдагч Ө.О, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

яллагдагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

яллагдагч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

хохирогч Т.Чгийн өмгөөлөгч Ц.Оргил,

хохирогч Б.Э,

иргэний нэхэмжлэгч С.Э, Х.У,

иргэний нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Энхжаргалын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт холбогдох 2015250001497 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Зүүн хайрхан овогт Н-н Б, 1971 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, “................. ХХК”-ийн захирал ажилтай, ам бүл 6,  эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

2. Бөөгийнхөн овогт Ө-н О, 1992 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль татварын байцаагч мэргэжилтэй, “.................” зочид буудалд харуул ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

3. Боржигон овогт Д-н Н, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

4. Олохнууд овогт Н-н А, 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Марктенгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял  шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

1. Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Чд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “JP” плаза цамхагт байрлах “Модерн намодс” ресторанд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих...” хуурамч мэдэгдлийг үзүүлж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Т.Чгийн 215.000.000 төгрөгийг залилан авч түүнд их хэмжээний хохирол учруулсан,

2. Д.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ “Жолооч согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч С.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Эгийн эзэмшлийн 41-95 УБЦ улсын дугаартай “Хьюндай Сонота 5” загварын тээврийн хэрэгсэлд 2.962.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон 10-77 УБЗ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 4.905.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон 79-57 УНИ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 2.240.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 3.610.000 төгрөгийн хохирол, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эзэмшлийн хашааг мөргөж иргэний нэхэмжлэгч Б.Энхтайванд 194.547 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

3. Н.А нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6/ “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 53-83 УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Нд жолоогоо шилжүүлсний улмаас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч С.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Эгийн эзэмшлийн 41-95 УБЦ улсын дугаартай “Хьюндай Сонота 5” загварын тээврийн хэрэгсэлд 2.962.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон 10-77 УБЗ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 4.905.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон 79-57 УНИ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 2.240.000 төгрөгийн хохирол, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эзэмшлийн хашааг мөргөж иргэний нэхэмжлэгч Б.Энхтайванд 194.547 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Н.Б, Ө.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай хүсэлт, гомдол гаргасныг харгалзан, яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

“Баатар” гэгч болон Т.Ч нар өмнө нь уулзаж байгаагүй, нэгнийгээ танидаггүй нь чухал бус, “авто замын” тендерийн талаар Т.Чд Н.Бын өгсөн мэдээллийн эх сурвалж нь “Баатар” гэгч болон Д.Н, Ө.О (Мөнхбадрал гэх нэрээр) нараас гаралтай, Ө.О нь “тендер авч өгч чадна” гэх ойлголтыг Н.Баар дамжуулан “Тотал Инж” ХХК-ийн захирал Т.Чд төрүүлсэн нь хэрэгт ач холбогдолтой байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч Ё.Пүрэвдаваагийн мэдүүлгээр “өөрийгөө Зам тээврийн яаманд газрын дарга ажилтай, “Баатар” (гэрч Е.Пүрэвдаваад иргэний үнэмлэхээ үзүүлэн (бодит байдал дээр “Баатар” бус өөр нэртэй) 1.500.000 төгрөгийг зээлж байсан) хэмээн танилцуулж, тодорхой мөнгөн хөрөнгөтэй компанийн захирлуудтай өөрийн туслах, итгэлтэй хүмүүсээр дамжуулан уулзах (Д.Н, Ө.О нар уулзалтыг зохион байгуулах), авто замын тендерт шалгарсан тухай албан бичиг үзүүлдэг, энэ хэргийг зохион байгуулсан байж болзошгүй “Баатар” гэгчийг зөвхөн Зам тээврийн яаманд ажилладаг “Баатар” гэх нэрээр хязгаарлан шалгасан нь учир дутагдалтай. Энэ талаар анхан шатны шүүх “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд удаа дараа заасаар байхад тодорхой ажиллагаа хийгээгүй нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох, хэрэг маргааныг шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэхэд саадтай бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг тодруулж чадсан эсэх, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг бүрэн нотолсон эсэх асуудлууд прокурорын шатанд дутуу хянагдсан нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх  боломжгүй ажиллагаанд хамаарч байна. Мөн өмгөөлөгч Б.Энхтуяагаас “энэ хэрэгт мөрдөн байцаагч н.Ууганбаярыг гэрчээр байцаасан атал түүний мэдүүлэг хэрэгт хавсаргагдаагүй, нотлох баримт үрэгдсэн, устсан” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан тул энэ асуудлыг дээрх шүүх хуралдаанаар  нөхөн  гүйцэтгэх боломжгүй  ажиллагаатай  хамтатган  шалгах  нь зүйтэй гэх үндэслэлээр Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт холбогдох 2015250001497 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Б, Д.Н, Ө.О, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Ч тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Энэхүү хэлэлцэгдэж байгаа хэргийн хувьд анхнаасаа л залилан мэхлэх зорилготой үйлдэл болох нь шалгалтын явцад тодорхой болсон байтал анхан шатны шүүх яллагдагч нарын зохиож гаргаж ирсэн “Баатар” гэгчийг олж тогтоо гэсэн шалтгаанаар хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байсан. Энэ удаа ч хэргийг буцаах гол шалтгаан нь болж байгаа. “Баатар” гэгч нь намайг хохироосон энэ үйлдэлд холбоотой гэж яаж нотлоод байгаа, хэн гэрчлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэргээс харвал яллагдагч нарт л “Баатар” гэгчийн тухай мэдүүлж энэ хэрэгт холбогдуулдаг. Хэргээс харвал “Баатар” гэгчээс санаа авч хуурамч бичиг баримт үйлдэн, Баатаргүйгээр өөрсдөө оролдож үзэхээр шийдэж байсан талаараа ч яллагдагч нар мэдүүлсэн байдаг. Энэ байдлаас үзвэл “Баатар” гэгч нь намайг хохироосон хэрэгт хамааралгүй гэж үзэхээр байна. Энэ хэрэгт яллагдагч талдаа хөтлөгдөн тэдний эрх ашгийг илүүд үзэж, хохирогчийн эрхийг орхигдуулах байдлаар хандаж байгаад маш их гомдолтой байна. Миний бие шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй боловч яг одоо зам барилгын ажлын богино улирал эхэлсэн учраас зам барих ажлыг хотоос зайдуу явуулж байгаа тул энэ удаагийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байна. Иймд хэргийг тал бүрээс нь судлан үзэж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Прокурор З.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н, О нараас гаралтай байгаа бөгөөд яллагдагч нарын хий хоосон ярьсан зүйлд дурдагдаад байгаа хавтан байхгүй байгааг тогтоогдсон хүнийг олж байцаах, мэдүүлэг авах гэж буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь энэ хэргийн яллагдагч Н, О, Б нар нь дээрх залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхдээ зам тээвэр барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтны дүрд Баатар гэж нэрлэгдсэн этгээдийн хамт тоглолт хийж энэ хэргийн хамтрагч, зохион байгуулагч мэтээр дүрд тоглуулан хэргийг үйлдсэн болох тодорхой харагдаж байна. Яллагдагч нарын хэрэгт мэдүүлсэн мэдүүлэгт “40 орчим насны махлаг, тарган шар царайтай, 175 сантиметр өндөртэй хүн байсан” гэж хэлдэг. Мөн “албан хувцас өмссөн, үсээ хойш нь самнасан дүр төрхтэй” гэж хэлсэн. Гэхдээ ийм дүр төрхтэй хүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан юм уу гэдгийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж буй байгууллагын архивын боловсон хүчний анкетаас нь зурагжуулсан байдлаас үзлэг хийж бэхжүүлсэн зургийг таниулах байдлаар энэ хэрэгт дурдагдсан Баатар гэх хүн болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас зарласан тендертэй холбоотой ажлын талаар яллагдагч нартай уулзаж байсан Пүрэвдаваа гэх гэрчээр таньж олуулах ажиллагаа хийлгэсэн. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Гэрчийн мэдүүлгээр хэрэгт Баатар болон Дашдулам, Дулмаа, Анар-Эрдэнэ нар нь оролцоогүй гэдэг нь нотлогдож байна. Мөн мөрдөгч Ууганбаяраас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг нь хэрэгт байдаггүй. Энэ мэдүүлгийг утсан юм уу яасан талаар тодруулъя, энэ байдлыг шалгах нь зүйтэй гэсэн зүйл урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан. Ууганбаяраас гэрчээр мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би энэ талаар харж байгаагүй. Энэ хэрэг шалгагдаад тодорхой хугацаа өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл хэрэгт Ууганбаяр гэдэг хүнийг хэрэгт ач холбогдолтой гэрч юм гэж мэдүүлэг аваагүй. Мэдүүлэг авах талаар хүсэлт ч гаргаж байгаагүй. Энэ талаар өмгөөлөгч Прокурорын хяналт шалгалтад гомдол гаргасан байсан. Би энэ мэдүүлгийг үзээгүй хараагүй. Хэтэрхий хавтгайруулж эдгээр хүмүүсийг залилах гэмт хэрэг зүйлчилсэн асуудлыг нэмэлт мөрдөн байцаалт явуулах гэсэн 4 үндэслэлээр хэргийг буцаасан. Захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.Бын өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогч нарын мэдүүлгээр Баатар гэх хүн байдаг. Энэ хэргийг зохион байгуулсан хүн гэдэг нь харагдаж байна. Шүүх энэ байдлыг хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцээд Баатар гэх хүн байна. Энэ хүн ямар зорилгоор ийм үйлдэл хийгээд байдаг гэдгийг шалгаж олж тогтоох хэрэгтэй гэж хоёр удаа прокурорт буцаасан. Гэтэл энэ байдлыг прокурор нь дутуу хийсэн. Баатар гэх хүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд байхгүй гэдэг нь тодорхой болсон. Гэтэл байхгүй газраас хайж үзээд байхгүй байна гэх үндэслэл гаргаж ирж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зүйн дагуу явагдаагүй. Баатарыг хамгийн сайн таних гэрч нь Пүрэвдаваа юм. Баатар гэх хүнтэй 2 удаа уулзаж байсан. Сүүлийн уулзалтаа их ойр дотно буюу бараг гэрийнх нь гадаа очиж уулзсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Пүрэвдаваа нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны ажилчдаас таньж олуулах ажиллагаанд оролцсон. Пүрэвдаваа нь эдгээр хүмүүс дунд Баатар гэх хүн байхгүй байна. Баатар гэх хүнийг би хаанаас ч харсан танина. Би Баатарыг олох тал дээр тус дэм болно гэсэн мэдүүлэг өгсөн. Баатар нь ганцаарчлан уулзахдаа Пүрэвдаваа итгэл үнэмшил төрүүлж, Пүрэвдаваагийн хамтран ажилладаг гадны компанийн хүмүүс ирсэн байхад Баатар тэд нар Говь-Алтай аймагт замын ажил олж өгнө гэж цаг зав гаргаж Говь-Алтай аймаг руу хүртэл хамт явж залилан мэхлэх ажиллагаагаа биечлэн хийсэн байсан. Ингэж явахдаа 30.000.000 төгрөг зарцуулсан. Мөн 1.500.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг зээлсэн байсан. Баатар гэх хүн нь анх Бын оффистоо сууж байхад нь Дашдулам гэх эмэгтэй орж ирээд замын ажил байна. Зам тээвэр  барилга хот байгуулалтын газраас тендер авч өгнө. Надад эрх бүхий хүн байна гэж материалаа барьсан явж байсан. Тэгэхэд Б нь Дашдулам гэх хүнд өөрийн нэрийн хуудсаа өгсөн. Дашдулам гэх эмэгтэй нь мөн Дашдулам гэх хүнтэй уулзсан байсан. Дулам нь Баатар гэх хүнийг анх гаргаж ирсэн. Баатар нь анх Бтай утсаар “өөрийгөө Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны газрын тендер хариуцсан ажил хийдэг хүн байна. Би одоо чам руу дүүгээ явуулна. Тэгээд материалаа өгч авалцъя” гэж ярьсан. Тэгтэл Дуламын хуучин танилцсан хүн нь Н байсан. Н, Дулам хоёр Баатартай уулзаад Баатар нь Нг Б руу явуулсан. Н нь Бтай уулзаад материал цуглуулсан. Тэгэхээр энэ хэргийн ард Н, О хоёрыг зохион байгуулж хэргийг үйлдэхэд бүх арга замыг зааж өгсөн хүн Баатар юм. Энэ талаар гэрч Анар-Эрдэнэ мэдүүлэг өгдөг. Эдгээр байдлыг харахад Баатар гэх хүн байна. Мөрдөн байцаах ажиллагаагаар Баатар гэх хүнийг хайх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, Баатар гэх хүнийг олох боломжтой юм. Яагаад гэхээр 4 дүгээр хорооллын “Жүр-Үр”, Өргөө кинотеатрын урд хойгуур байдаг. Пүрэвдаваагийн хэлсэнээр гэр нь 3 дугаар хорооллын хүнсний захын 50 юм уу 40 дүгээр байранд байх магадлалтай. Иргэний үнэмлэх дээр нь Баатар биш Баярчулуун гэх нэртэй байсан гэсэн эдгээр үндэслэлүүд байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ууганбаярыг байцаасан гэрчийн мэдүүлэг байсан. Гэрчээр асуусан болохоос илтгэх хуудас бичигдсэн асуудал байхгүй. Энэ хэргийн ажиллагаа яллах дүгнэлт үйлдэгдээд шүүхэд шилжүүлэх үед прокурор Энхжаргалтай ажлын уулзалт хийсэн. Энэ уузалтад прокурор надад “урьдчилсан хэлэлцүүлэгт Ууганбаярыг оролцуулан асуухад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо тодорхой болж харагдах юм” гэсэн. Энд яллагдагч Б нь 215.000.000 төгрөгөөс ямар ч мөнгө аваагүй асуудал яригдсан. Илтгэх хуудас гэж яриад байгаа нь энэ хэргийн гэрчийн мэдүүлэгт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан Нгийн мэдүүлгийг тавьж байгаад гэрчээс асуулт болгож тавьсан байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийн материал танилцуулахад Ууганбаярын гэрчийн мэдүүлэг байсан. Хэрэг шүүхэд шилжихэд хэргийн хуудасны дугаар тавигдаагүй байсан. Би тухайн мэдүүлгийн хуудасны дугаар тэмдэглэж авах гээд хэргээс шүүгээд тухайн мэдүүлгийг олоогүй. Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцахад би түүнд “гэрчийн мэдүүлгийн хуудасны дугаарыг олохгүй байна. Чи гараад ирвэл хуудасны дугаарыг тэмдэглээд аваарай” гэж хэлсэн. Би тухайн үед нь Батсайхан байцаагч болон Энхжаргал прокурорт энэ гэрчийн мэдүүлэг хэргийн материалд байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр энд авсан гэрчийн мэдүүлэг хавтаст хэргийн материалд хийгдэхгүй байгаад гомдолтой байна. Улсын яллагч гэрчийн мэдүүлэг байна уу үгүй юу би тэрийг үнэлэх эрх надад байна гэсэн зүйл шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Нэгэнт хавтаст хэргийн материалд энэ гэрчийн мэдүүлэг орж байж гэмт хэргийн хохирлыг тогтоох ёстой. Шүүгдэгч нар нь 50.000.000 төгрөгийг авсан гэдгээ цагдан хорих байрнаас Шар хадны эмнэлэгт сэтгэцийн дүгнэлт гаргуулах гэж явж байхдаа хоорондоо ярьж байсан. Мөн батлан даалтад гараад бүгдээрээ хохирлоо төлье гэхэд Б “нэг хүн 50.000.000 төгрөг олоод Чинсанаа дээр очиход илүүг нэхэхгүй Чинсанаа бол үнэн мужик” гэсэн санаатай гэрчийн мэдүүлэг өгдөг. Энэ байдлыг нь тухайн мэдүүлгээр нотолсон байсан. Б нь анхнаасаа хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагыг Цагдаагийн Ерөнхий газарт, прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргаж байсан. Энэ хүний гомдож байгааг буруу гэж үзэхгүй байна. Б нь өөрийнхөө эрх ашгийн төлөө гомдол гаргаж болно. Ууганбаяр гэх хүний гэрчийн мэдүүлэг нь цагаатгах талын нотлох баримт байсан. Энэ талаар улсын яллагчийн тайлбарт өмгөөлөгч үндэслэлгүй зүйл ярьж байна гэсэн. Ийм учраас хэн нь үндэслэлтэй хэн нь үндэслэлгүй зүйл ярьж байна гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан. Нэгэнт хэрэгт хяналт тавьж буй прокурор хавтаст хэрэгт байгаа материалыг өмгөөлөгчөө энэ байсан юм уу гэж надаас асууж байсан. Би тэгэхэд хэрэгт хяналт тавьж байгаа субъектын хувьд хяналт нь таны асуудал шүү дээ прокуророо та яагаад надаас асуугаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Би шүүх хуралдааны дараа Батсайхан байцаагч дээр очсон. Очиход “хэрүүлийн эх үүсвэр болоод байгаа мэдүүлэг ямар гайгаараа надад үлдчихсэн юм. Энэ цонхон дээр байна” гэж хэлсэн. Тухайн үед би тэр гэрчийн мэдүүлгийн дахин Нтай үзсэн. Энэ гэрчийн мэдүүлэгтээ өнөөдрийн шүүх хуралд сууж буй Ариунаа өмгөөлөгч хүртэл танилцсан. Хяналт тавьж буй прокурор өөрөө мөрдөн байцаагчийн мэдүүлгийг мөрдөгчөө аваач гэж хэлчихээд өнөөдөр яагаад энэ гэрчийн мэдүүлгийг авахуулаагүй юм гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Мөрдөн байцаагч надад “Энхжаргал прокурор Ууганбаяраас заавал гэрчийн мэдүүлэг ав гэж шахсаар байгаад гэрчийн мэдүүлэг авахуулсан юм” гэж хэлсэн. Мөн энэ гэмт хэрэгт Баатар нь ямар зорилгоор оролцсон гэхээр би Зам тээврийн яамны хэлтсийн дарга тендер олж өгч чадна гэж Дулмаагаар дамжуулан Нтай танилцсан. Баатар нь Нг “би албаны хүн учраас өөрийнхөө дугаараас ярьж болохгүй. Чиний утсаар ярья гэж 90111102 дугаарыг авч ярьсан. Дараа нь материалыг эдгээр хүмүүст үзүүлээд ир” гэж явуулсан байдаг. Н нь тендерийн материалыг өгч авалцаж явж байгаад 2014 оны 10 дугаар сараас энэ хэргээс гарсан. Дараа нь О орж ирээд хэрэг цааш үргэлжилсэн. Миний зүгээс Нг залилах гэмт хэрэг хийсэн байна үзэхгүй. Яагаад гэвэл тухайн гэмт хэргийг анхнаас нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Нгийн хувьд Баатараас Зам тээврийн яамны мэдэгдлийн зургийг нь авч Ай пайдад хуулбарлан хэвлүүлэхэд компанийн нэр байгаагүй бичиг баримтыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаах ажиллагаагаар хэргийг шалгасан. Энэ ажиллагаан дунд Нд О мөнгө авсан өдрөө 50.000.000 төгрөг аваачиж өгсөн. Энэ 50.000.000 төгрөгийг яаж авсан нь хамаагүй төлөх ёстой гэсэн байдлаар 0.7 га газрыг хохирогчтой тохиролцож өгсөн. Бусад мөнгө төгрөгийн асуудал дээр Н нь Чинсанаатай уулзаж байгаагүй. Энэ дунд уулзаж байсан хүн нь Б байсан. Мөн энэ гэмт хэрэг эхэлсэн цагаас нь явж буй Амар гэх гэрч байдаг. Быг хаана байна Амар-Эрдэнэ нь хамт тендэрын ажилд оролцож байсан. Өмнө өгч байсан мэдүүлгээр “Чинсанаатай надад тохирсон зүйл байгаа” гэсэн. Тэгэхээр Амар-Эрдэнэ гэх хүнийг гэрчээр биш хамтран оролцогчоор шалгах хэрэгтэй. Энэ бүх хүмүүсээс хамгийн сайн шалгах ёстой хүн нь Дулмаа гэх хүн. Энэ хэргийн хамгийн анхны үүсвэр буюу энэ хүмүүсийг хооронд нь холбож өгч байгаа гол хүн бол Дулмаа юм. Гэтэл бид өнөөдөр Баатарыг Н, О нар мэднэ гээд байдаг. Дулмаа нь Баатарыг Ганбат, Н нь Батбаатар, бусад нь Баатар, Пүрэвдаваа нь Баярчулуун гэж яриад байгаа эдгээр асуудлыг тодруулж заавал шалгах хэрэгтэй. Мөн шүүгчийн захирамжид компанийн өгөөд байгаа 215.000.000 төгрөг нь учирч буй саадыг арилгах гэж өгч байгаа мөнгө учраас хэргийн зүйлчлэлийг дахин шалгаж, шүүхийн тогтоолд зааж байгаа давуу байдал үүсгэж байгаа нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоож чадлаа гэхэд энэ ажиллагааг шалгахгүй орхигдуулж байгааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ярьсан. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 105 хоногийг улсын яллагч хаясан. Өөрийнх нь хэлсэн 120 хоногийн цагдан хоригдсон байдал нь миний тооцооллоор 97 хоног болж байсан. Эдгээр байдлыг шалгах хэрэгтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг шүүхийн тогтоолоор нэг удаа шүүгчийн захирамжаар нэг удаа нийт 2 удаа урьдчилсан хэлэлцүүлгээс буцсан. Энэ хэргийг эрүүгийн хэрэг үүссэн цагаас нь эхлэн Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч Амар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас өөр ажиллагаа үндсэндээ хийгдээгүй. Шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаа огт хийгдээгүй. Тухайн үед би “та нарын мөрдөн шалгах ажиллагаа буруу байна. Б, О хоёр гарын үсэг зураад авчихсан чинь энэ хоёр хариуцлага хүлээх ёстой. Н 50.000.000 төгрөгөө өөрөө авсан гэж яриад байгаа юм чинь шалгах зүйл дууссан гэсэн дотоод итгэлээрээ үнэлж байгаа чинь буруу байна. Та нар яг тендер гэх асуудлаас эхэл. Хэрвээ тендэрыг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх Нараа Дулмаа нараас эхэлж шалгах юм бол утас татаж байгаа юм шиг Баатар гэх хүн өөрөө гараад ирнэ” гэхэд түүнээс хойш Дашдулам Дулмаа нарыг нэг ч удаа асуусан зүйл байхгүй. Хэрэгт Баатар гэх хүн байсан гэдэг нь бүх оролцогч нар мэдэж байгаа. Гэтэл Зам тээврийн яаманд ажилладаг Баатар гэх хүн гэдэг байдлаар ганц удаа шалгачихаад орхисон. Бодит байдал дээр эдгээр шүүгдэгч нар нь ажил байхгүй. Тендэрын материал гэж юу байдгыг мэдэхгүй хүмүүс байхад эдгээр хүмүүсийн ард тэдгээрийн бэлдэж өгч байгаа хүмүүс байгаа юм. 300-400 хуудас тендэрын материалыг 5.000.000 төгрөгөөр бэлдэж өгч хэн зараад байгаа юм. Үнэхээр яг тухайн яаманд байсан юм уу, үгүй юм уу түүнийг яагаад гадагш 5.000.000 төгрөгөөр зарах болсон талаас нь эхлээд шалгаж өгөөч гээд байхад 3 жил шалгагдаагүй энэ асуудал нь сунжраад байж байна. Эдгээр байдлыг заавал шалгах ёстой. Шүүгчийн захирамж, тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Энхжаргал прокурорын хувьд гэрч Ууганбаярын мэдүүлгийн талаар яриад байна. Энэ хэрэгт Уртнасан гэх прокурор хяналт тавьж байсан. Мөрдөн байцаагч 3-4 хүн солигдсон. Ямар ч ажиллагаа хийхгүй бүхэл бүтэн 3 жилийн хугацаа өнгөрч байна. Мөн Ууганбаярын мэдүүлэг байсан. Яг эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж байх явцад шүүгдэгч нар нь хоригдож байсан. Хоригдож байх үедээ О нь дуудаад надад “бид гурав хоорондоо ярьж тохирлоо. Бид нар авсан 50.000.000 төгрөгөө, Б 115.000.000 төгрөгөө авсан гэдгээ хэлэхээр яриад тохирсон. Та Анар байцаагчид хэлээд өгөөч. Бид гурвыг авч явсан Ууганбаяр гэх байцаагчид хэлээд бид нараас яаралтай байцаалт аваад өгөөч” гэж надад хэлсэн. Түүнийг нь би Анарт дамжуулаад Ууганбаяраас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэдгийг удаа дараа хүсэлт гаргаад явж байсан. Тийм болохоор Ууганбаярын мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгийн санаатай, санаандгүй мөрдөгч, прокурор хэн авсан нь мэдэгдэхгүй байдалтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Анар байцаагчийн ажиллаж байх үеэс хойш ямар ч ажиллагаа хийгдээгүй. Мөн өнөөдөр Н, О хоёр 50.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээдэг. Тэгэхэд 115.000.000 төгрөгийг хэн авсан нь тодорхойгүй. Чинсанаагаас очиж мөнгө авахдаа Б, О хоёр очоод гарын үсэг авсан. Хэрвээ өөр хүн байхгүй бол Б авсан. Гэтэл Б аваагүй гэдэг. Энэ байдлыг яг хохирлын тооцоон дээрээ гаргаагүй, прокурор огт дурдаагүй. Мөн Чинсанаа 215.000.000 төгрөгийг авилга авах санаа зорилгоор өгөөд байна гэдгийг эрүүгийн хэрэг үүссэн цагаас нь эхлээд шалгахыг хүсэлт, гомдол бүх байдлаар өгч байсан. Тэгтэл миний өгсөн нэг ч хүсэлт, гомдол хэрэгт байхгүй байна. Одоо байгаа хавтаст хэргийн байдлаар хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаартай шүүхийн тогтоол гарч тухайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд очсон. Түүнээс хойш надад хэргийн материал танилцуулаагүй. Би өнөөдрийг хүртэл хэргээ асуухад мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна гэсэн хариу өгч байсан. Өмгөөлөгч нарын хэлж байгаа шиг мөрдөн байцаалтын ажиллагаа тогтоол, захирамж гарснаас хойш хийгдээгүй. Би Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлээр хэргийг зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй байна. Яагаад хүний үйлдэлд хүнийг яллаж байгаа юм. Энэ хүн машин барьж яваагүй. Жолоо шилжүүлсэн үйлдэлд зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Мөн хэргийг хувааж хариуцлага оногдуулдаг тогтолцоотой болж байгаа юм биш үү гэсэн байдлаар эргэлзэж байгаа учраас тухайн хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах саналтай байна.” гэв.

Хохирогч Т.Чгийн өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баатар гэх этгээд байдаг. Олон хүмүүстэй уулзаж янз бүрийн юм яриад яваад байсан байдаг. Тэгээд сүүлдээ Б, Н нар нь ай пайднаас болж муудалцаж сар уулзахаа байсан. Нэг өдөр уулзаж ай пайдыг нь өгсөн. Гэхдээ бүгдээрээ Баатараас өгсөн бичгийг ашиглаад өөрөө хийж үзье гээд Чинсанаа хохирогчийн үйлдэл Баатар гэх хүний үйлдлээс тусдаа гарч ирсэн. Тэгэхээр Чинсанаа хохирогчийн үйлдэл Баатар гэх этгээд нь холбоогүй. Н нь үйлдлээ нилээд дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг нь Бын өгсөн мэдүүлэгтэй цаг хугацааны хувьд таарч байгаа юм. Тэгэхээр хэрэг буцаах захирамжид заасан байгаа Баатартай холбоотой үндэслэл болгож хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдрийн хуралд Ууганбаяртай холбоотой мэдүүлэг гарч ирж байна. Би энэ мэдүүлэгтэй танилцаж чадаагүй байтал энэ мэдүүлэг хайчсан юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Өнөөдрийн хуралд ярьж байгаагаар хэргийн хувь заяаг шийдэх чухал мэдүүлэг байна. Гэтэл ийм мэдүүлэг байхгүй гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч Энхтуяа 3 дугаар сарын 27-ны өдөр Батсайхан байцаагчийн өрөөнд харсан гэж тайлбарласан. Иймд хэргийг Баатарыг олж тогтоох гэсэн үндэслэлээр биш харин Ууганбаяраас авсан гэрчийн мэдүүлгийг олж хавтаст хэрэгт хийх эсвэл Ууганбаяраас дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байгаа учраас захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг нь 2 жил болж байна. Миний эзэмшлийн автомашиныг манай ах унаж яваад осолд орсон байдаг. Энэ хэргийн шүүх хуралдаанд авто ослын хэргийг залилах хэргээс салгаж өгөөч гэж хэлж байсан. Би тухайн үед автомашинаа зээлээр авч байсан. Осол болсноос болж би өөрөө зээлээ төлж дуусгасан гээд зөндөө хохирол нэхэх зүйл байхад бид нар учирсан хохирлоо төлөх юм бол гомдол байхгүй гэж яриад байдаг. Энэ хүнд ямар ч сэтгэл байхгүй. Хэнтэй ч утсаар ярьж байгаагүй, хэнтэй ч уулзаж байгаагүй. Өмгөөлөгч нь хүртэл шүүх хурал дээр доромжилж байгаа юм шиг “автомашиныг чинь өндөр үнэлсэн юм биш үү” гэж ярьдаг. Түүнийг бид өөрсдөө үнэлсэн зүйл байхгүй. Үнэлгээний газар үнэлж байгаа. Бид нар өөрсдөдөө хэрэггүй зүйлд цагаа алдаж суудаг. Шүүх хурал болох үед авто ослын хэрэг биш залилах гэмт хэргийг талаар ярьдаг. Иймд хэргийг буцаахдаа тус тусад нь салгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг гарснаас хойш гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эмнэлгээс гараад замын цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тэр үед би Н гэж хүн байгааг би огт мэдээгүй. Зөвхөн А гэдэг хүн гэмтлийн эмнэлэгт 4 хонож байхад дээр над дээр ирсэн. Ирээд “уучлаарай хөгшөөн согтуугийн буруугаас болж ийм хэрэг боллоо” гэж хэлсэн. Би тухайн үед “залуу хүн алдахыг аль тэр гэхэв, хоёулаа болох байлгүй” гэж хэлээд явсан. Дараа нь би эмчилгээнд миний хөлийн том шарх эдгэхгүй болохоор нь А гэдэг хүн рүү залгаж гэмтлийн эмнэлэгт дуудаж эмийн сангаас 45.000 төгрөгөөр мах төлжүүлэх тариа авахуулж тариулсан. Тэр хугацаанаас хойш би зөвхөн Атай холбоо барьж Ааас нийт авсан мөнгө 850.000 төгрөг юм. Хамгийн эхний 45.000 төгрөгийг би эмнэлэг дээр тариа авахуулсан. Үлдсэн бүх мөнгийг би дансаар авч байсан. Нгийн өмгөөлөгч нь Нгийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн гэж яриад байгаа юм. Би Н гэдэг хүнтэй ганц ч удаа холбоо барьж үзээгүй. Зөвхөн А гэдэг хүнтэй холбоо барьж байсан. Энэ хоёр хэргийг тусад нь салгаж өгнө үү. Шүүх хурал болох үед авто ослын хэрэг биш залилах гэмт хэргийг талаар ярьдаг. Би 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийн хүртэл өвдөгний бэхэлгээтэй явж байна. Би өөрийн хөлний зовиураас болж ажлаасаа гарсан. Одоо хүртэл би ямар ч ажилгүй байна. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан. Миний хөлийг хугарсан гэж гаргасан. Яг үнэндээ миний хөл хугарсан биш бяцарсан. Одоо зөрүүтэй бороолж эдгэсэн. Иймд энэ хэргийг салгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нар маань хэлсэн. Батсайхан гэдэг байцаагч дээр байхад Ууганбаярын мэдүүлэг гэж яриад байх юм. Анхнаасаа энэ Анар гээд явсан. Батсайхан байцаагч хамгийн сүүлд 1 сар хүрэхгүй хугацаанд гарч ирсэн. Одоо энэ хэргийг шийдвэрлэхэд Ууганбаярын мэдүүлэг гээд гараад ирэх юм. Би хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцсан. Ууганбаярын мэдүүлэг гэж яг ямар зүйл байсан гэдгийг би ойлгохгүй байна. Анх О, Н нар Баатар гэх хүнтэй уулзах уулзалтуудыг бүгдийг нь эд нараар дамжуулан зохион байгуулж байсан. О, Н, Дашдулам нарыг би хагас жил гаран хөөцөлдөж байж Анар-Эрдэнэтэй Чинсанаагийн хүсэлтээр хөөцөлдөж явж байгаад барьж өгч байсан. Баригдсан үе болгондоо нөгөөдөх чинь ингэсэн гэж тайлбарладаг байсан. Чинсанаагийн хүсэлтээр анх би өргөдөл өгсөн. Чинсанаагаас би тэр албан тоотыг авч би мөнгө авсан гэсэн баримтыг би өөрөө биеэрээ жишээ авч байж бичиж эх хувийг нь Чинсанаад өгч байсан. Тэрийг би Чинсанаагаас авч өргөдөл өгөхдөө хамт өгч эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Одоо 115.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Баатар гэдэг хүн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 10 гаран хоногийн дараа над руу залгасан. Тухайн үед Анар-Эрдэнэ бид гурав сууж байсан. Тэгэхэд Баатар залгаад дахиад 50.000.000 төгрөг нэмээд өгчих, тэгвэл энэ ажил чинь болох гээд байна гэхэд би газар дээр нь Чинсанаад хэлж байсан. Тэгэхэд Чинсанаа ажил болоогүй юм чинь мөнгө нэмж өгөх боломжгүй гэж Чинсанаа хэлж Баатарт хариуг нь өгч байсан. Яагаад энэ хэргийн үнэн байдлаар нь шалгадаггүй юм. Миний зүгээс прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна.” гэв.

Яллагдагч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Ө.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Т.Чгаас 215.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэл холбогдлын талаар хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, тайлбарт “Баатар” гэгчид мөнгө өгсөн, түүнтэй холбогдож байсан гэх асуудал тусгагдаагүй, Цагдаагийн байгууллагад “Баатар” гэгчид мөнгө залилуулсан асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй байхад “Баатар гэгчийг олох нь хэрэгт ач холбогдолтой” гэж,

мөн “Хавтаст хэргээс гэрчийн мэдүүлэг устсан” асуудлаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрлээгүй атлаа “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хамтатган шалгах” гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.  

Яллагдагч Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохих ёсоор хийгдсэн байх тул иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татан оролцуулбал зохих этгээдүүдийг анхан шатны шүүх зөв тогтоож, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Б, Ө.О, Д.Н, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ