Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0585/З |
Дугаар | 221/МА2022/0768 |
Огноо | 2022-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0768
Н.О, Ж.Т нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ж.А
Нэхэмжлэгч Н.О, Ж.Т нар
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд Ж.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 651 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О, Ж.Т, нэхэмжлэгч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2019/0585/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О, Ж.Т нар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 651 дүгээр шийдвэрээр:
2.1. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О, Ж.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ж.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан байна. Үүнд:
3.1. “...Шүүгч шийдвэрээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д үндэслэсэн нь эрх зүйн хэм хэмжээг буруу сонгож хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг огт дутуу ойлгож буруу үнэлснийг харуулж байна Миний зүгээс нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд аливаа хууль бус үйлдлээр саад болсон зүйлгүй. Мөн газрыг үр ашигтай, зохистой ашиглаж байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн. Гэвч шүүгч хэрэгт огт хамааралгүй дээрх эрх зүйн хэм хэмжээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Захиргааны шүүхийн онцлог нь нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гардаг.
3.3. Гэтэл шүүх үндэслэл хэсэгтээ нотлох баримт бус “... газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан” гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж дүгнэсэн байна. Миний бие эрх бүхий байгууллагаас тавьсан бүх шаардлагыг биелүүлсэн байтал ингэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчиж байна.
3.4. Нэхэмжлэгч нь урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн. Тодруулбал, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гомдлоор шалгалт хийж 131 м.кв хасах талаар дүгнэлт гарсан гэсэн тайлбар баримт ирүүлдэг. Улмаар уг ажиллагаа шүүх дээр хэрэг үүссэнтэй холбоотой зогссон байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны гомдлоор захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэхээр ажиллаж байхад шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж шийдвэр гаргасан байна.
3.5. Иргэн Ж.А надад хууль, журмыг баримталдаг төрийн байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 26, 27 дугаар гудамжны 340, 341, 341Б, 342, 342А, 342Б, 346 тоотын тухайн газраа өмчилсөн иргэдээс зохих журмын дагуу шилжүүлэн авч 2420 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэн, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ олгосон юм.
3.6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас иргэн Ж.А миний эзэмшлийн газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байхад шүүх нийтийн эдэлбэрийн газар, тэр дундаа иргэн Ж.Т, Н.О нарын орц гарцыг хаасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.7. Иргэн надад анх газрыг ямар нэгэн зөрчилгүй, хуулийн дагуу олгосон гэж ойлгосон. Гэтэл шүүхээс нийтийн эдэлбэрийн газар гэж үзэж байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг илт зөрчиж байна.
3.8. Иргэн Ж.А миний бие тус 2420м.кв газрыг өөрийн эзэмшиж байсан газар дээр нэмж нэр бүхий 6 иргэний өмчилж байсан газрыг шилжүүлэн авч, төрийн байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, төлбөрийг төлсөнөөр Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн А/928 дугаар бүхий захирамж гарсан байдаг.
3.9. Ж.А миний бие тус газар дээр барилга бариулахаар Монгол Улсын хуулийн этгээд “Шинэ гарц” ХХК-тай 2018 оны 01 сарын 20-ны өдөр “Бусдын газар дээр барилга барих” гэрээ байгуулсан. Үүний дагуу миний эзэмшлийн газар дээр Монгол Улсын хуулийн этгээд “Шинэ гарц” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эхний ээлжийн орон сууцны барилгын ажил дуусч, уг орон сууцанд захиалга өгсөн 81 иргэнээс урьдчилсан байдлаар 2,315,940,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн.
3.10. Мөн тус барилгын ажлыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйгээс үүдэн “Шинэ гарц” ХХК-д хохирол учрах бодит нөхцөл байдал бий болоод байна. Мөн тус барилгын ажилд ойролцоогоор 4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа.
3.11. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэсэн заалт хуулийг зөрчил байгаа тохиолдолд буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар давхцалтай бол хэрэглэхээр хуульчилсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг зөрчөөгүй гэдгийг, мөн төрийн байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаараа баталгаажуулан олгосон, үүний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
3.12. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” заалтаар баримталсан байна. Гэтэл нэхэмжлэгч нар “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагатай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар тодруулж бичгээр өгсөн зүйл байхгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0651 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Гомдолд дурдсан зүйлүүд огт үндэслэлгүй байгааг хэлэх нь зүйтэй.
4.2. Гуравдагч этгээд болох Ж.Аийн бусдын газрыг бэлэглэлийн гэрээгээр авсан бөгөөд эдгээр газрын хэмжээ нь 2420 м.кв хүрдэггүй бөгөөд нийтийн эзэмшлийн бусдын орц гарцыг хааж орон сууц барихаар суурь тавьж сууц барихаар суурь тавьж хориглосоор байхад хууль зөрчиж бараг 2 давхар харахад босгосон байгаа юм.
4.3. Мөн айлын хашаанаас 1.5 м зайд сууриа тавьсан учир нэхэмжлэгч Н.Оийн цементэн хашаа нурж улмаар 80 м.кв байшингийн хана цуурч нурахад хүрээд байгаа юм.
4.4. Хариуцагчийн хэлээд байгаа дээрх газраас 131 м.кв газрыг хасах талаар ямар ч байгууллагын шийдвэр огт гараагүй нотлогдоогүй 4 жил болсныг хэлэхэд л хангалттай байна.
4.5. Хавтас хэрэгт Ж.Аийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар авсан гэх газрыг тооцож үзэхэд 1900 гаруй м болсон тооцоог хэрэгт тодорхойлж гаргаж хавсаргасан байгаа ч анхаарч үзэх нь зүйтэй юм.
4.6. Энэ маргаан 2018 оноос шүүхээр явж шийдвэрлэгдэж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 316 м.кв газар нь нийтийн эзэмшлийн газар байсныг нотлогдсон учир шүүх хууль зүйн дагуу ннотлох баримтыг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ийм учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
4.7. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 тоот захирамжийн бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргаснаа тодруулж бичгээр өгөөгүй гэжээ.
4.8. Энэ бол нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй бөгөөд заавал бичгээр гаргаж өгөхийг шүүх болон хариуцагч нар хүсээгүй болно. Мөн Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ /шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн/ гэдгээ хэн ч ойлгогдохоор тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
4.9. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж хууль зүйн дагуу шударгаар шийдвэрлэж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн...”, 121.3.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.
2.2. Нэхэмжлэгч Н.О нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжны 339 тоот 313 м.кв, 339А тоот 313 м.кв нийт 626 м.кв газрыг, нэхэмжлэгч Ж.Т нь тус хорооны Өлгийн 28 дугаар гудамжны 349 тоот хаягт 492 м.кв газрыг тус тус өмчилдөг байна.
2.3. Гэтэл гуравдагч этгээд Ж.А нь тус хорооны Өлгийн 26, 27 дугаар гудамжны 340, 341, 341Б, 342, 342А, 342Б, 346 тоотуудыг иргэдээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан тул нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар Ж.Ат 2420 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд ийнхүү газар олгохдоо нэхэмжлэгч нарын орц гарц бүхий талбайг нэмж олгосон нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж зааснаар тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийтийн эдэлбэр газрын хэмжээ хязгаарыг тогтоодог ба мөн хуулийн 31 дүгээр 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.” тус тус гэж зааснаар нэгэнт нийтийн эдэлбэр газарт хамаарах талбайг бусад этгээдэд олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар эзэмшигч нь газраа ашиглах эрхийн хүрээнд бусад этгээдийг орц гарц гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
2.5. Хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02-03/3006 тоот албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1903 тоот мэдэгдэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №17 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 316 м.кв талбай нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байх ба нэхэмжлэгч Н.Оийн өмчлөлийн газрын хойд хэсэг, нэхэмжлэгч Ж.Тын өмчлөлийн газрын орц гарцыг хөндсөн болох нь нотлогдож байна.
2.4. Энэ тохиолдолд маргаан бүхий газар буюу гуравдагч этгээд Ж.Ат Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар 2420 м.кв газрыг олгохдоо нийтийн эдэлбэр бүхий бусад этгээдийн орц, гарцны асуудлыг шийдвэрлэсэн талбайг олгосон буруу байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
2.5. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын буруутай шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зорилготой бөгөөд шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснээс анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.6. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар маргаан бүхий газрын 316 м.кв хэсгийг нийтийн эдэлбэр газар байсан, бусад этгээдийн эрхийг хөндсөн гэж дурдсан боловч шүүхийн хийсэн үзлэг, хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл гуравдагч этгээд нь маргаж буй давхцалтай гэх 316 м.кв талбайд буюу захиргааны байгууллагаас олгосон талбайд хуульд заасан журмыг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн 3996 дугаар гэрчилгээ, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг хийлгэн, барилгын ажил эхлүүлж, зардал гаргасан, эргэж засахад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзлээ.
2.7. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай ажиллагаа буюу нотлох баримтыг цуглуулах, үнэлгээ, үзлэг хийх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, гуравдагч этгээдийн хувьд хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдах нөхцөл байдлыг үүсэжээ.
2.8. Хэдийгээр Нийслэлийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар гуравдагч этгээдийн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар /2289 м.кв болгон багасгах/ шийдвэрлэсэн хэдий ч уг хасагдах талбайн эргэлтийн цэг тодорхойгүй, маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Тухайн барилга нураагдаж байж шүүхийн шийдвэр биелэгдэнэ ... 316 м.кв талбай нь барилгын голоор нь гарч байгаа, тухайн газар дээр очиж байж дүгнэлт хийж өөр боломж байгаа эсэхийг судална. уг газрыг хасах шийдвэр гарвал Н.Оийн хувьд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, баригдаж буй барилга нураагдах нөхцөл үүсэж байна...” гэх тайлбар,
2.9. Мөн Нийслэлийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар гуравдагч этгээдийн газраас 131 м.кв талбайг хасах тухай гуравдагч этгээдэд мэдэгдэж байсан боловч дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагаа нь шүүхэд хэрэг үүссэнтэй холбоотой зогссон талаар хэргийн оролцогчид тайлбарлажээ.
2.10. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу гуравдагч этгээдийн газраас нийтийн эзэмшлийн болон нэхэмжлэгч нарт гарц гаргах боломжит талбайг судлан хасаж, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.11. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу тодорхойлогдох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж хэрэг хянан шийдвэрлэх бөгөөд нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий уг хэрэгт маргаан бүхий актын үндэслэл болсон нөхцлийн хүрээнд нотлох баримт цуглуулж хэргийг хянан шийдвэрлэснийг нотлох баримт дутуу цуглуулсан гэж буруутгахгүй боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс гаргасан шийдвэр нь үр нөлөөтэй байж чадаагүй байна.
2.12. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул нийслэлийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 651 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн маргаж байгаа давхцалтай гэх 316 м.кв хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн маргаж байгаа давхцалтай гэх 316 м.кв хэсгийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА