| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд хөрх овгийн Цэдэнноровын Түвшинзаяад холбогдох эрүүгийн 2029000020036 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар 16-17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дөрөлжийн адгийн бууц гэдэг газарт байсан иргэн Г.Мягмарын өмчлөлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т нь мэдүүлэхдээ: Алтансүхийнд хөзөр тоглоод байж байхад Уранчимэг ирээд хэдэн тэмээ олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг хүнтэй ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан. Сүүлд нь яасан бэ? гэж асуухаар нь би өөрөөсөө өгчихье гээд Адгийн бууц гэх аавынхаа бууцан дээр хүрч очоод Алтансүхийн хүүг буулгаж орхичхоод цаашаа явж тэмээ тууж ирж 2 тэмээ барьж хүлчхээд шөнө 7 цаг болж байхад суман дээр ирсэн. Маргааш өглөө нь Уранчимэг, хүргэн ах, ээж, аав, Алтансүхийн хүүтэй нь хамт яваад Уранчимэгт зарсан. Би тэр үед нэг тэмээг нь 300,000 төгрөгөөр нөгөө тэмээг нь 400,000 төгрөгөөр зараад өмнө нь надаас 100,000 төгрөг зээлсэн байсан. Миний дансны дугаар хаагдсан байсан учир дүү Энхзулын данс руу 800,000 төгрөг хийлгүүлсэн. Авсан мөнгөөрөө өөртөө 1 куртик 2 гутал авч өмссөн” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,
Хохирогч Г.Мягмарын өгсөн: “...2 тэмээний толгойны арьсыг нь хуулаад мушгаад хийчихсэн байсныг гаргаж ирээд үзэхэд манай тэмээний им буюу 2 чихний үзүүрийг гурвалжин хайчилсан онь эмтэй хоёр толгойн арьс гэрч ирсэн ба чихнээс нь ээмгийг нь сэтлээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ж.Тогтоолын өгсөн: “...12 дугаар сарын 17-ноос 19-ны үед мал услах гээд тэнд явж байхад саарал өнгийн ланд 80 маркийн машин тухайн газар зогсож байгаад миний хажуугаар зөрөөд явсан би араас нь харахдаа улсын дугаарыг нь хараагүй ямар ч байсан хойд талын шилэн дээрээ Монгол улсын газрын зураг бүхий автомашин байсан дээрээ тэмээний шир ачсан байсан хэдэн шир гэдэг нь мэдэгдэхгүй байсан тэгээд тухайн машинаас зөрөөд Дөрөлжийн адгийн бууц гэх газар очиход тэмээний шингэн хээл хоёр ширхэг хаячихсан тэмээний эрүүг нь загааад арьсыг нь хуулаад үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч Б.Уранцэцэгийн өгсөн: “...Тэгээд манай аав, ээж, хүргэн ах нар 2019 оны 12 дугаар сарын 16-ны үдээс хойш 16 цагийн орчимд ирэхээр нь би Заяаруу залгаад манай хэд ирчихлээ тэмээ чинь бэлэн байгаа юу гэсэн чинь би сая бууцан дээрээ барьж уячаад рлээ өглөө эрт явъя гэж хэлээд хоноод өглөө 7 цагийн үед Заяаруу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Алтансүх ахынд яваад очоод З хаана байна ярьсан уу? гэсэн чинь Төрөөрүү ярьсан одоо ирнэ гэсэн тэгсэн чинь Төрөө босоод мотоцикль унаад яваад З аваад ирсэн тэгээд мотоцикль З унаад машинд аав, ээж, Төрөө бид хоёр машинд сугаад хүргэн ах машин жолоодоод сумын төвөөс зүүн урд зүгт 5-6 км орчим яваад нэг өвөлжөөн дээр очсон чинь 2 тэмээ уяатай байсныг нэг тэмээг нь эхэлж З төхөөрөхөд хүргэн ах машиныхаа дугуйгаа янзалсан. Нөгөө тэмээгээ төхөөрөөд янзлаад дуусахад хээлтэй, нөгөө тэмээг мөн янзалсан чинь бас хээлтэй байхаар нь З хандаж “яанаа 2-лаа хээлтэй байна шдээ чи тэмээнийхээ хээлийг мэддэггүй юмуу” гэсэн чинь “би ямар байнга хажууд нь байдаг биш дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Н.Отгонбаатарын өгсөн: “...Тэр тэмээ зарах Заяа гэх хүн нэг тэмээг нь хөтлөөд цаашаа явахад би машиныхаа дугуйг задлаад засаад очиход нөгөө тэмээг нугаслаад төхөөрч байхаар нь элбээд янзалж нөгөө үлдсэн тушаатай тэмээг хөтөлж авчраад хүлээд элбэж төхөөрч дуусгаад хоёр тэмээний махыг машинд ачаад би хадам аав Хүүхэн, хадам ээж Болормаа, дүү Уранцэцэг нарын хамтаар буцаж Ханбогд суман дээр ирээд Цогтцэций сумын нутаг хөдөө гэрлүүгээ авч явахад 17 цаг болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч О.Хүүхэний өгсөн: “...2 тэмээг төхөөрөхөд Заяа гэх залуу болон Отгонбаатар тэр хүү 3 элбэлцсэн, 2 тэмээний талаар ямар нэг зүйл хоорондоо болон бид нартай ярьсан зүйл огт байхгүй. Би тэр З гэх залуугийн тэмээ юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч Н.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Ц.Төрбатын өгсөн: “...тэр 2 тэмээ хоёулаа хээлтэй тэмээнүүд байсан хээлийг нь тэнд нь гаргаж тавиад Т хоёр тэмээний толгойны арьсыг нь өвчөөд чихнийх нь ээмгийг тасдаж аваад халаасандаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны хөрөнгө үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,
Яллагдагч Ц.Т өгсөн: “...Төрбатын мотоциклыг унаад дагуулаад нөгөө бууцан дээр очоод би тушсан 2 тэмээгээ янзлаад Ланд 80 маркын машины багаж хэсэгт махыг нь ачиж, ачаан дээр нь ширийг нь тавиад Ханбогд сумруу орж ирсэн. Тэмээний мөнгө болох 700 000 төгрөг өмнө нь Уранцэцэг надаас 100 000 төгрөг зээлсэн байснаа нийлүүлж 800 000 төгрөгийг миний виза картны эрх хаагдсан байсан болохоор манай дүү охин Б.Энхзулын 5595080287 дугаарын тоот дансруу шилжүүлсэн ба би уг мөнгийг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,0
Банк болон түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авсан баримтууд /хх-ийн 72-73-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70-р хуудас/
Ч.Сувдаагийн дансны хуулга, Ц.Т авсан тайлбар /хх-ийн 186-187-р хуудас/,
Ц.Энхбаярын хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга хохирол төлсөн баримтууд /хх-ийн 220-222/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ гэмт хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох барим хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар 16-17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дөрөлжийн адгийн бууц гэдэг газарт байсан иргэн Г.Мягмарын эзэмшлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Г.Мягмарт 5 000 000 төгрөгийн хохирол учирсаныг 5595030586 тоот дансаар төлсөн /хх-ийн 220-222-р хуудас/ нь тогтоогдож байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгож өмнөх үйлдэлд нь дахин ял оногдуулаад дараагийн үйлдэлд нь ял оногдуулаад энэ хоёрыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж тухайн үед Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ял мөрдөгдөж байсан. Тиймээс өмнөх шийтгэх тогтоолд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаад дараагийнх нь үйлдэлд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаад Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Т өмнө нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 4 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 16-17-ны өдөр дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх өмнө нь шүүгдэгч Ц.Т итгэл хүлээлгэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Иймд Ц.Т бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг /нээлттэй/ хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн болохыг дурдах зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд хөрх овгийн Ц Т бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан 1 /жил/ 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА