Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2108 00000 0232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотол төрсөн, яс үндэс халх, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гагнуур хийх, хөргөгч, угаалгын машин засах ажил хийдэг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцатын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн** дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай. Урьд 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Т овгийн Д-гийн Б /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамжны ** тоотод иргэн Г.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж бие махбодид нь “зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамжны ** тоот гэрт  иргэн Г.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 01 дүгээр сарын 23-ны 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Зээлийн ** дүгээр гудамжны ** тоотод айлд байхдаа иргэн Г.Б бусдад зодуулсан...гэх тэмдэглэл /хх-01/,

      - хохирогч Г.Б-н:...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамж ** тоотод байрлах гэртээ ганцаараа байж байтал манай нөхрийн найз Б гаднаас 21 цагийн орчим халамцуу орж ирээд тамхи гуйхаар нь 2 ширхэг тамхи өгчихөөд эргээд хартал араас миний өмдийг маань доош шувталчихаад тэврээд үнсэх гэхээр нь эргэж хараад өмдөө татаад донтой муу шээс вэ чи гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөөд гэрээсээ хөөж гаргаад хаалга түгжээд унтаж амарсан. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б-ын гэрт нь очтол эхнэр С-гээ байж байхаар нь танай нөхөр чинь миний өмдийг шувтлаад үнсэх гээд байсан гээд хэлтэл тэр хоёрын дунд маргаан үүсээд Бд эхнэрээ алгадаж авчихаад над дээр хүрч ирээд чи эхнэр нөхрийн дунд худлаа яс хаяж хэрэлдүүлдэг хэн бэ гэж хэлэхээр нь чи яах гэж тэгвэл миний өмдийг шувталсан юм бэ, үнэн биз дээ гэтэл эргэж хараад миний үснээс зулгааж байгаад намайг доош нь дарж байгаад миний нүүр лүү зүүн хөлөөрөө баруун нүд рүү маань нэг удаа өшиглөөд яваад өгчихсөн. Тухайн үед миний толгой эргэж манараад нүүрээ дарж хэсэг сууж байгаад гэрээс нь гарч яваад гэртээ харьж нүдэндээ жин тавьж хэвтэж байгаад бие гайгүй болохоор нь өчигдөр цагдаагийн байгууллагад хандсан. Б надад эмчилгээний зардал өгөөгүй,  120,000 төгрөгөөр толгойн зураг авхуулж өгсөн гэх мэдүүлэг /хх-7, 10/,

- гэрч У.С-ийн:...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дүгээр гудамжны ** тоот гэртээ нөхөр Б эгч Э нарын хамт байж байтал гаднаас найз Б ганцаараа орж ирээд 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгтэл Б халчихаад танай нөхөр чинь өчигдөр манай гэрт намайг ганцаараа байхад орж ирээд намайг оролдоод үнсэх гээд маяглаад байсан гэж хэлэхээр нь миний уур гэнэт хүрээд нөхөр Д.Б руу уурлаж хэрүүл  маргаан хийгээд цохиод автал миний хүзүү хэсэг рүү хальт алгадаж аваад Б руу уурлаж чи яагаад айл гэр үймүүлж байгаа юм бэ гэж хэлээд үснээс нь зулгааж доош нь дараад нэг удаа нүүр лүү өшиглөчихөөд гэрээс гараад явсан, Б-гийн баруун нүд нь хавдчихсан уйлаад гэр лүүгээ явсан юм гэх мэдүүлэг /хх-17/,

- шинжээчийн 1008 дугаартай дүгнэлт:..Г.Б биед зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....гэх /хх-21-22/,

- яллагдагч Д.Б-ын:..Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дүгээр гудамжны ** тоот гэртээ эхнэр С-ийн хамт байж байтал гаднаас манай гэрийн ойролцоо амьдардаг Б гэх эмэгтэй ганцаараа орж ирээд хамт архи хувааж уусан юм. Тэгээд юм яриад сууж байтал Б архиндаа халчихаад манай эхнэр С-д танай нөхөр чинь өчигдөр намайг гэртээ ганцаараа байхад орж ирээд  миний өмдийг шувтлаад үнсэх гээд байсан гэж хэлтэл, манай эхнэр С над руу уурлахаар нь Б-д чи одоо юу яриад балайраад байгаа юм бэ, айл гэр битгий үймүүлээд байгаарай гэж хэлтэл, үнэн биз дээ гэсэн. Тэгтэл манай эхнэр над руу уурлаж өшиглөөд байхаар нь хацар луу нь нэг удаа зөөлөн алгадчихаад уур хүрээд Баярмагнай дээр явж очоод үснээс нь зулгааж байгаад доош нь дараад нэг удаа зүүн хөлөөрөө нүүр лүү өшиглөчихсөн чинь орилохоор нт тавьтал баруун нүд нь хавдчихсан...гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.           

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.            .            

Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь хохирогчид томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх /хх-10, 80/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /х-37, 77-78/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 Шүүгдэгч нь анх удаа тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-17, 19, 27-31, 33, 35-37, 56-75, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 650.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР