| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,
Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Б.Н, Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-ийн Н, Д овогт Б-ийн Ч нарт холбогдох 2116000250020 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-53 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу Д-г “Банди нар минь гадаа машин тэргэнд архи дарс уугаад жоохон хэнхийгээд байна уу бацаан нар минь” гэж хэлэхээр нь иргэн Д.Дийн зүүн чихний ар хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагааж, баруун мөр, цээжрүү 2-3 удаа өшиглөж, дэвсэж, тархи доргилт, баруун тохойд зулгаралт зэрэг биед нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Б.Ч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-53 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу та хаашаа явах гэж байгаа юм гэсэн чинь Д би эндээс явлаа гээд миний уруулруу цохих шиг болохоор нь гэх шалтгаанаар иргэн Д.Д-ийн хамар хэсэгт нь 1 удаа гараараа цохиж унагааж, иргэн Д.Д-ийн биед тархи доргилт, хамрын таславчны муруйлт, баруун тохойд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулж биед нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 23-нд манай хоёр найз хөдөөнөөс ирээд бид гурав уулзаад дэлгүүрээс нэг пиво аваад манай хашаанд очсон. Хашаанд очоод нөгөө пивыг ууж байхад ээж хоол ид гэж дуудаад, гэрт ороод хоол идэх гээд сууж байхад Д утсаа оролдож сууж байгаад ширээн дээр утсаа тавиад “ муу сайн бацаан нар минь гадаа машин тэргэнд архи дарс уугаад хашаанд олон хүн байхад хэнхийгээд байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод “тэгсэн, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд ухасхийхэд Д намайг татаж унагаагаад Д миний өмнөөс босож ирсэн. Тэгэхэд нь Б.Ч цохиж унагаагаад гадаа гарсан байхад нь би харайж гараад хавсарч унагаад цохисон. Тэр нь миний буруу. Д-г Б.Ч унагаасан байхыг харсан. Урд нь намайг хөдөө малдаа явсан байхад Д манай ээжийг барьж авч зодсон байсан. Намайг хөдөөнөөс ирэхэд ээжийн нүүр хавдсан, нүд нь хөхөрсөн байсан. Ээж тэрийг нь надаас нуугаад хэлдэггүй байсан. Хүмүүс надад хэлэхдээ танай ээжийг Д зодоод байх юм яасан хэцүү юм бэ гэж хэлж байсан. Тэр орой жоохон пиво уусан. Тэгээд ээжийг зодсонд нь уур хүрээд цохиод хавсарч унагаасан. Тэр нь миний буруу, буруугаа би хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 26-нд би хөдөөнөөс орж ирээд хоёр найзтайгаа уулзаад нэг пиво авсан. Тэгээд Индэрт 9-53-т очиж машинд орж пивоны талыг ууж байсан. Манай найзын ээж орж ирж хоол ид гэсэн. Тэгээд хоол идэх гээд гэрт нь ороход Д “ банди нар минь гадаа машин тэргэнд архи дарс уугаад хэнхийгээд байна уу, орж ирээд уухгүй яасан юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд манай найз “би ямар ээжийнхээ хажууд архи уугаад сууж байх юм уу?” гэж хэлээд хоорондоо зодолдох гээд байсан. Тэгээд Д ахыг Д гадагш нь авч гарсан. Гадаа гараад Д ахыг Б.Н нэг цохиод, нэг хавсарч унагасан. Тэгээд бид хоёр салгасан. Салгаж байх явцад намайг нэг цохих шиг болохоор нь би Д ахыг хамар руу нь нэг цохисон гэв.
Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...тэгээд байж байтал 17 цагийн үед Н 2 найзтайгаа 3 мотоцикльтой орж ирсэн. Тэгээд гэрлүү орцгоосон, би гадаа машинаа засаж байгаад араас нь гэрлүү орсон. Тэгсэн чинь тэр 3 гадаа цагдаа их байна. Мотоциклио тавьчихаад гаръя гээд гараад явцгаасан. Тэгээд 18 цагийн үед буцаад ирсэн. Хашаанд байсан өөрийнхөө машинруу Н 2 найзыгаа дагуулаад орсон байсан, тэгээд том том дуугараад байсан. Нийн ээж Б гэртээ хоолоо хийж дуусаад Н тэр гурвыг орж ирж хоолоо ид гээд дуудсан, ороод ирэхээр нь би та нар гадаа пиво ууж байхаар гэртээ орж ирээд уухгүй яасан юм бэ би юм хэлэхгүй шүү дээ гэсэн чинь Н надруу би ээжийнхээ хажууд архи уух юм уу би машиндаа архи уухад чамд ямар хамаатай юм чамайг ална шүү пизда минь гээд босож ирээд надруу дайрсан, тэгсэн чинь ээж нь 2 найз нь Н-г орон дээр дараад авсан. Тэгээд би дуугүй сууж байгаад гэрээс гарсан. Тэгсэн чинь Н миний араас гарч ирээд намайг хавсарч унагаагаад гараараа зүүн талын чихний ар хэсэг рүү цохиж унгаасан. Зүүн талын талын цээжний дээд хэсэгрүү хөлөөрөө нэг удаа дэвссэн тэгтэл найзууд нь араас нь гарч ирээд салгасан. Тэгээд би босоод машиныхаа бүтээлгийг хуулаад байж байсан чинь Н-ийн найз Ч надруу гүйж ирээд яах гээд байгаа юм гэхээр нь би гараад явлаа гэсэн чинь намайг шууд гараараа хамарлуу цохиод, хавсарч унагаасан. Тэгээд тэгээд би босож өвс ачиж байсан хүмүүсрүү зугтсан чинь Н араас гүйж ирээд намайг хавсраад хүзүүний ар хэсэгрүү гараараа цохиж унгаасан, тэгээд дээрээс хөлөөрөө баруун мөр, цээжрүү 2-3 удаа өшиглөж дэвссэн. Араас нь ээж, найзууд нь гарч ирээд салгахаар нь би яваад машинаа асаагаад шууд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-рт/
Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг “...Н намайг цохиж унагаахад баруун талын тохой хэсэг, баруун ташаа, толгой хэсгээрээ газарт унасан...Ч намайг цохиж унагаахад баруун талын бөгс хэсгээрээ газарт суугаад, нуруу, тогойн хэсгээрээ газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/
Д.Д-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг “...би Б.Ч-ийг биед халдаагүй, Ч намайг машин дээр машины хучлагаа тавиад зогсож байхад хаачих гэж байгаа юм гэхэд нь би эндээс явлаа гэхэд миний хамарлуу цохисон. Тэгэхэд бөгс хэсгээрээ газарт суугаад нуруу, толгойн хэсгээрээ арагшаа дагзаараа савж унасан...Б.Ч хамарлуу нэг удаа цохисон тэрнээс өөр зодож цохиогүй...надад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн“...Д ах та нар яагаад гадаа архи дарс уугаад байгаа юм, архи дарс ууж орж ирчихээд хэнхийгээд байна уу гэхээр нь Б.Н та одоо хүний гэрийн хойморт орж ирчхээд юу яриад байгаа юм бэ гээд босоод Д ахруу дайрсан. Д ах бас босоод ирсэн. Тэгэхээр нь Б эгч бид хоёр Н-г барьж аваад зүүн талын орон дээр нь татаад суулгасан. Ч Д ахыг татаж орон дээр нь суулгаад би босоод Д ахыг аваад гэрээс гарсан. Ч, Н гэрт үлдсэн. Д ах бид хоёр гадаа зогсож байгаад би нойлруу явсан чинь Н гэрээс гарч ирээд Д ахыг толгойн ар хэсэгрүү нь цохиод хавсарч унагаасан. Тэгэхээр нь би гүйж ирээд Намхайг салгаад байж байтал Дн ах Чийн уруулруу гараараа 1 удаа цохьсон, Ч зөрүүлээд Д ахыг хавсраад унагаасан. Тэгээд Д ах босоод машинаа унаад гараад явсан...Н Дг гадаа байхад нь толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод хавсарч унгаасан, дээрээс нь дарчихсан байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-45-рт/
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн “...Д ахыг 3 залуу байсны нэг нь зодох гээд дайраад байсан. Яг хэн нь байсныг нь мэдэхгүй, танихгүй болохоор, ганцхан Д ахыг л танина. Ямар ч байсан нэг залуу нь Дн ахыг унагаачихсан өшиглөж байгаа харагдсан. Бусдаар хаана нь яаж цохисныг хараагүй. Тэгээд би очоод та нар одоо больцгоо хөгшин хүн зодоод гэж хэлсэн чинь гайгүй намжаад болихоор нь би яваад өгсөн...би нэг залуугаас нь та нар архи уучихсан юм уу гэж асуухад бид 3 жаахан пиво уусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-рт/
С.Бийн гэрчээр мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Д бид 2 гэртээ байсан юм, би гарч хүү Н найз Ч, Д нарыг хоол ид гэж дуудсан, тэр гурав машин дотор сууж байсан юм. Тэгээд тэр 3 орж ирсэн тэгэхэд Д гадаа архи дарс уулаа гэхэд Н та юу яриад байгаа юм гээд босоод ирсэн. Тэгэхэд нь найз Д бариад авсан. Тэгэхээр нь би миний хүү тэгж болохгүй гээд түлхэж суулгасан. Дг Ч аваад гарсан...Ч Дийн хамарлуу цохиж унагаасан тэгэхээр нь би ирж салгасан, Дийн хамраас нь цус гарсан байсан...Д Чийг цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-рт/
Б.Нийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай 2 найз хөдөөнөөс ирсэн тэгээд бид 3 уулзсан, уулзаад 1 ширхэг 2 литрийн савлагаатай “Боргио” пиво авсан. Тэгээд манай хашаа буюу Индэрт багийн 9-53 тоотод очоод миний явдаггүй машин байдаг тэнд орж суугаад нөгөө пивоо ууж байтал ээж Б хоолоо ид гээд дуудсан, тэгээд 2 найзтайгаа гэрт ороод хоолоо идэх гээд байж байтал Д бид гурвыг банди нар минь гадаа машин тэргэнд архи дарс уугаад жоохон хэнхийгээд байна уу бацаан нар минь гэсэн тэгэхээр нь би тэгсэн би уухад яадаг юм, та хүний гэрийн хойморт орж ирж суучихаад ингээд байхдаа яадаг юм гээд би Дрүү дайрах гээд бостол манай найз Д араас татаад зүүн талын орон дээр суулгасан. Тэгээд Дг Д аваад гэрээс гадагшаа гарсан би араас нь гараад Дг чи яадаг юм гээд зүүн чихний ар хэсэгрүү нь гараараа нэг удаа цохиод хавсарч унагаасан. Тэгээд Д намайг барьж аваад салгасан. Д цаашаа машинруугаа явсан араас нь Ч очоод хавсарч унагааж байсан. Манай ээж Б очоод Чийг Дээс салгаж байсан. Д босоод машинаа унаад гараад явсан...Д зүүн талын тохойн хэсгээрээ газар тулаад толгойгоороо газарт унаж байсан...Д манай ээжтэй хамтран амьдардаг байсан, намайг хөдөө малдаа явсан хойгуур манай ээжийг зоддог байсан талаар хүмүүс надад хэлж байсан, тэрэнд нь миний уур бас хүрч байсан, тухайн өдөр Д бид нарыг гадаа машинд яагаад архи дарс уугаад байгаа юм бэ муу бацаанууд минь хэнхийгээд байна уу гэхээр нь би уурлаад Дрүү дайрсан...би Дн зүүн чихний ар хэсэгт гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө хавсарч унагаасан, өөр цохиж зодсон зүйл байхгүй...Ч Дг хавсарч унагаагаад дээрээс нь дараад сууж байсан, өөр надад харсан зүйл байхгүй...аль хэсгээрээ унасан эсэхийг нь би хараагүй, намайг харахад Д газарт уначихсан Ч дээрээс нь дараад сууж байсан...Д намайг цохиж зодсон зүйл байхгүй, бид нарыг гадаа яагаад архи уугаад байгаа бацаанууд бэ хэнхийгээд байна уу гэх хэлсэн. Ч надад хэлэхдээ Д намайг уруулруу цохисон гэж хэлж байсан. Би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй байна...” /хх-ийн 94-96-рт/
Б.Чийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би Дг аваад цаашаа явтал Д миний уруул руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм гээд хавсарч унагаасан, тэгсэн чинь Д ах бос ч ирээд машинаа унаад яваад өгсөн...Н Дг гадаа байхад нь хавсарч унагаасан, дээрээс нь дарчихсан байсан өөр цохиж зодсон зүйл байхгүй...би нэг удаа хавсарч унагаасан өөр цохиж зодсон зүйл байхгүй...Н Д хоёрыг салгаж байхад Д миний уруул руу эхлээд цохисон, тэгэхээр нь би хөлөөрөө хавсраад унагаасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-88-рт/
Б.Чийн яллагдагчаар дахин өгсөн “...би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрхтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй, миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй байна...би нэг удаа гараараа хамар луу нь цохиход газарт унасан, өөр зодож цохиогүй...Н Д хоёрыг салгаж байхад миний уруулруу санаандгүй цохисон байх, ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-рт/ ,
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын “Д.Дийн биед тархи, доргилт, хамрын таславчны муруйлт, баруун тохойд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт, хамрын таславчны муруйлт гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-рт/
Шинээч эмч Т.Алтайбаатарын гэрчээр өгсөн “...Дийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь цохиход үүсэх боломжтой, тархи хэсгээрээ газарт цохигдож унахад үүсэх боломжтой, цохих, унахын аль алинд нь үүсэх боломжтой...Хамрын таславчны муруйлт гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой харин унах үед үүсэх боломжгүй. Хамрын таславчны муруйлт болон дархи доргилт гэмтлүүд нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр хоёулаа үүсэх боломжтой, тус тусдаа үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/,
Б.Чийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтэй байна...” гэх хүсэлт, хүсэлтийг бүрэн хангасан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 143-144-рт/, Б.Нийн гаргасан “өмгөөлөгч М.Энхзаяаг авах хүсэлтэй байна...” гэх хүсэлт, хүсэлтийг бүрэн хангасан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 145-147-рт/, Б.Н, Б.Ч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-130-рт/, Б.Нийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107-рт/, Б.Чийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110-рт/, Б.Н, Б.Ч нарын Улсын бүртгэлийн хэлтсээс авсан эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 115-рт/, Б.Н, Б.Ч нарын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 117-рт/, Б.Н, Б.Ч нарын Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 123-128-рт/, Б.Н, Б.Ч нарыг амьжиргааны түшингээс доогуур орлоготой, зорилтод бүлгийн өрх болохыг тодорхойлсон багийн засаг дарга нарын тодорхойлолтууд /хх-ийн 103-104-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой ээжийнхээ хамтран амьдрагч Дийн биед гэмтэл учруулсан байгаа. Б.Н-н тухайд ээж нь хамтран амьдрагчдаа байнга зодуулдаг байсан. Хамтран амьдрагч нь Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн. Ийм ийм нөхцөл байдлууд нь энэ хүний сэтгэлзүйд ээжийгээ өмөөрөх гэсэн үйлдэл хийсний улмаас бусдын эрх чөлөөнд халдсан гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирогч Д нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Улсын яллагч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал оруулж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ хоёр хүнд шүүх өөрийн дотоод итгэлээр торгох ялыг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Мөн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-53 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны иргэн Д.Дийн зүүн чихний ар хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагааж, баруун мөр, цээжрүү 2-3 удаа өшиглөж, дэвсэж, тархи доргилт, баруун тохойд зулгаралт зэрэг биед нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, мөн шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Дийн хамар хэсэгт нь 1 удаа гараараа цохиж унагааж, иргэн Д.Дийн биед тархи доргилт, хамрын таславчны муруйлт, баруун тохойд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Н, Б.Ч нар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Д.Дийн мэдүүлэг, гэрч Б.Д, Б.Гд, С.Б, нарын мэдүүлэг, Б.Н, Б.Ч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Т.Алтайбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Нийн Б.Ч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Н, Б.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Б.Ч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Дд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч Д.Д нь Б.Н, Б.Ч нарыг уучилж эвлэрсэн тул ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н, Б.Ч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н, Б.Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Н, Б.Ч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Нийн тухайд хохирогчийн санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь урьд Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Бийн Н, Д овогт Бийн Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Нг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Нд оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА