Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/292

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Хохирогч Б.У,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2108 00189 0224 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн** дүгээр хороо ** тоотод суух хаягтай, Х овогт Г-гийн Б /РД:РК95020801/,  

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн *** тоотод оршин суух хохирогч Б.У-гийн эзэмшлийн “Панасоник ТН 43ES630” загварын 43 инчийн зурагт руу аяга шидэж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн **** тоотод оршин суух хохирогч Б.У-гийн эзэмшлийн “Панасоник ТН 43ES630” загварын 43 инчийн зурагт руу аяга шидэж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь :     

- иргэн Б.У-гийн цагдаагийн байгууллагад гаргасан...2020 оны 11 сарын 08-наас 09-нд шилжих шөнө хамт ажилладаг эхнэр, нөхөр болох Н, эхнэр З-гийн хамт ирж хонохдоо архидан согтуурч хоорондоо хэрэлдэж маргалдан гэрт байсан 2 сая төгрөгийн үнэтэй зурагтыг юмаар цохиж, эвдэж сүйтгэсэн...гэх өргөдөл /хх-02/,   

- хохирогч Б.У-гийн...2020 оны 11 сарын 08-ны өдөр нөхөр А хамт ажилладаг Н, түүний эхнэр З нарын хамт 22:00 цагийн үед 2.5 литр 2 пиво авч ирсэн, ууцгаасан...Гэтэл Н, З 2 гал тогооны өрөөнд маргалдаа эхэлсэн, З уйлж байсан. Би больцгоо гэж хэлээд зочны өрөөндөө ороод байж байхад пивондоо согтоод нэлээн согтчихсон учир хэсэг суусан, энэ үед миний ухаан орж гараад байсан болохоор юу болсон талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Н, З хоёр эвлэрээд манай гэрээс явцгаасан, тэр хоёр гарсны дараа би цаг харахад өглөөний 06 цаг л болж байсан. Тэгээд би хэсэг унтаад сэрэхэд манай нөхөр зурагтаа асаагаад үзтэл зурагтын баруун доод булангаараа дэлгэц нь хагараад дэлгэц нь бүрэлзээд дүрсээ өгөхгүй баахан зураас гарчихсан байхаар нь би нөхрөөсөө асуутал өчигдөр Н, З хоёр хэрэлдэж маргаад байхаар нь би тэр хоёрыг боль гэж салгаад зочныхоо өрөөнд оруулаад суулгаж байхад Зулаа нь ширээ дээр байсан пиво аяглаад ууж байсан шилэн талсттай стканыг уурандаа аваад шидсэн чинь зурагтыг оночихсон мөн гал тогооны өрөөний цонхыг мөн аяга шидэж цонх маань зураас үүсээд цуурсан байна гэж надад ярьсан. Тэгээд л шууд манай нөхөр найз Н руу 94**** дугаар луу залгаад өчигдөр З аяга уурандаа шидээд манай зурагтын дэлгэцийг хагалсан байна, итгэхгүй бол ирээд үзээ, чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэхэд Н нь мэдэж байгаа засварын мөнгө төгрөгт нь нэмэр болно гэдгээ хэлж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 4-5 хоногийн дараа нөхөр бид хоёр зурагтаа засаж янзлуулахад хэдэн төгрөг болох талаар судалж үзэхэд зах зээлийн ханш нь 500,000 төгрөг болоод байхаар нь дахин Н руу залгаж хэлсэн. Н бид хоёрт хэлэхдээ за төлж өгнө гэхдээ одоо мөнгө төгрөг олдохгүй байна, ажилгүй байна мөнгө төгрөг орж ирэхээр өгнө гээд л хойш тавиад бид ч хүлээгээд л байсан. Сүүлдээ З гэгч нь утсаар ярьж төлж чадахгүй талаараа хэлсэн мөн фейсбүүк чатаар хүртэл би танай зурагтыг хаглаагүй цагдаа шүүхдээ өг надад хамаагүй гэж хэлдэг болсон. Тийм учраас л нөхөр бид хоёр цагдаад хандсан юм. Зурагтын 1000.000 төгрөг төлүүлмээр байна, тэр цонхны эвдрэл дээр гомдол алга гэх мэдүүлэг /хх-12-13/,

- гэрч А.А-ийн...Уг өдөр...Н, З нар нь хоорондоо урьд өмнөх асуудлаа яриад маргаад эхэлсэн. Учиргүй хоорондоо маргаж ноцолдож нэг нэгийгээ маажиж алгадаад эхэлсэн энэ үед би салгаад голоор нь орж З-г тайвшруулаад зочны өрөөнд оруулж суулгаад Н-ийг бас найз тайван бай битгий маргаж мууд гэж бариад зогсож байсан юм. Гэтэл энэ үед З гэнэт зочны өрөөний ширээ дээр байсан пиво аяглаж ууж байсан шилэн стаканыг уурандаа шууд л аваад манай зурагтын баруун доод булангийн зүг рүү шидчихсэн энэ үед манай зурагт дэлгэц нь цууралт үүсэж хагарч эвдэрсэн. Дахиад аяга авч нөхөр Н руугаа шидсэн чинь бултаад манай үүдний өрөөний вакум цонхыг онож 3-4 зураас гараад цуурсан арай л хагарчихаагүй юм, би хохироод үлдэж чадахгүй гээд тэр хоёрыг хөөсөн...Би явсных нь дараа өөрийн 43 инчийн смарт зурагтаа асааж үзтэл баруун доод талын булан хэсэгтээ дэлгэц нь хагарсан тогонд залгаад асаахаар дүрсээ өгөхгүй жирэлзээд зураас гараад булангаараа харлаад эвдэрчихсэн байсан. Би шууд Н руу 94**** дугаар луу залгаж хэлэх гэсэн чинь утсаа ер авахгүй байсан...Тэгээд Н-той уулзаад өчигдөр юу болсон талаар санаж байгаа биз дээ, З манай зурагт руу аяга шидэн эвдчихлээ яах вэ гэтэл Н нь мэдэж байгаа, цалин буухаар зурагтыг засах мөнгө  өгий гэж хэлсэн...Ер нь 2020.11.08-ны өдрөөс хойш энэ асуудлаа Н-д байнга л хэлдэг байсан, утсаар ярьдаг мөнгө орж ирэхгүй байна машин засаад мөнгөтэй болохоороо өгье гэж надад хэлээд байхаар нь би итгээд л хүлээгээд өдийг хүрсэн...Сүүлдээ өөрөө зурагтаа засуулах гээд үнэ ханш судлаад 500.000 төгрөг болчихлоо гэж хэлж байсан...Тэр цонхны цуурсан эвдрэл дээр гомдолгүй гэх мэдүүлэг /хх-15-16/,   

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн тайлан...Panasonic TH 43ES630 загварын 43 инч, 4К смарт зурагтыг 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-25-26/,    

- фейсбүүк чатаар харилцсан талаар бэхжүүлсэн фото зураг /хх-31-32/,

- Г.Б-ын гэрчээр өгсөн...А гэрт нь очсоноос хойш 2-3 хоногийн дараа нөхөр Н руу яриад манай зурагтыг аяга шидээд хагалсан, үүнийг нийлээд засуулъя гэх ярихад Н адилхан ууж, идсэн, мөнгөө тал талаасаа гаргаад засуулъя гэж Н хэлсэн. Засвар нь 500.000 төгрөг болсон талаар хэлсэн.../хх-18-19/,

- Г.Б-ын яллагдагчаар өгсөн...Тухайн үед У намайг нөхөртэйгөө хардаад над руу уурлаад бид хоёр хоорондоо барилцаж, аваад маргалдсан. У манай нөхөр бид хоёрыг гэрээсээ хөөгөөд муу сайн гуйлгачид гэж хэлээд гэрээсээ хөөхөөр нь 06 цагийн орчим тэдний гэрээс гарч явсан. У-гийн гэрт байсан Panasonic TH 43ES630 загварын 43 инч, 4К смарт зурагтыг хэн эвдэлсэн талаар мэдэхгүй.../хх-40-41/ гэх болон...гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн...би зурагт хагалсан гэм буруугаа зөвшөөрч байна гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд :

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

- Б.У, А.А нар өөрсдийн өмч болох телевизорыг өөрсдөө эвдэлсэн эсхүл Г.Б-ыг “телевизор эвдсэн” гэж илтэд гүтгэсэн үндэслэл, баримтгүй, тэд харилцан найзууд учраас цагдаагийн байгууллагад шууд хандахыг анх хүсээгүй байх төдийгүй А.Н нь тухайн үед телевизор эвдэрсэн асуудлыг зөвшөөрч, засуулах талаар хэлж байсан нь нотлох баримтын эх сурвалжтай байх ба тэрээр эхнэр болох Г.Б-ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан зэргээс үзэхэд хохирогчийн телевизор эвдэрсэн нь Г.Б-ын аяга шидсэн үйлдэлтэй шалтгаант холбоотойг нотолж буй холбогдох нотлох баримтын эх сурвалжуудыг үгүйсгэн няцаах боломжгүй байна. Тодотгоход, шүүгдэгч Г.Б-ын аяга шидсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд аягыг нөхөр рүүгээ шидсэн эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй буюу шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг гэмтээхэд зориуд хүргэсэн гэм буруутай гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь телевизорын үнэ болох 1.000.000 төгрөг, эсхүл засуулахад гарах зардал 500.000 төгрөг нэхэмжлэх талаар нэгдсэн шийдэлгүй мэдүүлсэн, тус засварын зардал нь 500.000 төгрөг үү эсхүл өөр үнэтэй эсэх нь нотлох баримтын тодорхой эх сурвалжгүй байх тул шүүгдэгч нь хохирогчтой харилцан тохиролцож тухайн эвдэрсэн телевизорыг засуулахад гарах бодит зардлыг төлөх, эсхүл эвдэрсэн телевизорыг өөртөө авч, хохирогчид 1.000.000 төгрөг төлөх үүрэгтэй ба хохирогчтой тохиролцсон тухайн үүргээ шүүгдэгч нь биелүүлээгүй тохиолдолд хохирогч нь шүүгдэгчийн төлөхөө илэрхийлсэн тухайн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.     

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Хөвсгөл аймагт хувийн сууцтай, орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болон ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж /хх-21, 18-19, 44, 46, 47, 52, 54, 56, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагдаж, судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.    

4. Шүүгдэгч нь хохирогчтой харилцан тохиролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулах үүрэгтэй, хэрэв хохирогчтой тохиролцсон тухайн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирогч нь тухайн төлж барагдуулаагүй хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР