| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2016/00274/и |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 17
А.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00158 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-нд холбогдох
барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлс 81868310 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
барилгын ажил гүйцэтгэх гэрээний илүү төлсөн хөлс 108 019 758 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т ХХК-ийн захирал П.Ттай 2012 оны 8 сараас эхлэн хамтран ажилласан бөгөөд Сайншанд суманд Т ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 30 айл, 68 айлын 2 орон сууц, цэцэрлэгийн барилгууд дээр хамтран ажиллаж угсралт, дээвэр, гадна тохижилтын ажлуудыг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн.
Мөн Цахилгаан шугам сүлжээ Түгээх газрын ажилчдын 30 айлын орон сууц, Хаан банкны ажилчдын 40 айлын орон сууцны 2 барилгын суурь, зоорийн давхрын барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хөдөлмөрийн осол аваар, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, тогтоосон цаг хугацаанд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн юм.
Эдгээр ажлуудыг гүйцэтгэхдээ тухайн үеийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх томсгосон үнэлгээ болох 1м2 угсралтыг төгрөгөөр тооцож тохиролцох зарчмаар буюу Улаанбаатар хотод 1м2 угсралтыг 60000 төгрөгөөр тохиролцож байгаа бол түүнээс 5000-10000 төгрөгөөр бага, хямд тохиролцож гэрээ хийж ажлыг гүйцэтгэж байсан болно.
2015 онд гэрээгээр хийж гүйцэтгэсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 1 м2-г 35000 төгрөгөөр, Хаан банкны ажилчдын 40 айлын орон сууцны угсралтын ажлыг 1м2-г 40000 төгрөгөөр тус тус тохиролцож гэрээ хийсэн бөгөөд энэ нь ажилчдын цалин, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, хоол зэрэг наад захын зардлаас илүү гарч ашиг олох тохиролцоо байгаагүй.
2015-2016 онуудад Т ХХК нь 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгаас 1 тэрбум төгрөг, Хаан банкны ажилчдын 40 айлын орон сууцнаас 350 сая төгрөг, нийт 1 тэрбум 350 сая төгрөгийн санхүүжилт авсан боловч манай угсралтын бригадад 2015 оны угсралтын ажлын хөлсийг олгосонгүй. Зөвхөн 2016 он гарснаас хойш 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд 410 сая төгрөг аваад байна. Энэ бүх ажлыг гүйцэтгэхдээ ажлын багаж, тоног төхөөрөмжөө өөрөөсөө хангаж байсан. Ажил гүйцэтгэсэн 4 жилийн хугацаанд 10 ширхэг ажлын гар түрдэг тэрэгнээс өөр багажны хангалтыг компани огт хийгээгүй. Миний бие 2013.09 сард эмчийн үзлэгээр ходоодны хавдрын 3-р зэрэгтэй гэж оношлогдон тус оны 12 сарын 20-нд хагалгаанд орж ходоодоо тайруулсан бөгөөд гуравхан сарын дараа ажилдаа эргэн орж 68 айлын орон сууцны барилгыг 2014 онд ашиглалтанд оруулсан. Энэ үед би үндсэн жингээсээ 25 кг туртлаа зүтгэсэн юм. Гэвч 2014 онд гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2015 онд цувуулан олгосон. Тухайн үед ходоодны хорт хавдар хүндэрсэн байсан тул Монголд эмчлүүлэх боломжгүй бол Япон улсыг зорьж 80 сая төгрөгөөр эмчлүүлсэн ба бэлэн байгаагүй тул ах дүү, найз нөхдөөсөө тусламж зээл авч эмчлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар 15 сая төгрөгийг төлж чадаагүй явна. Энэ мэтчилэн би Т ХХК-тай хамтран ажиллаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр байхад тус компани нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 тоот гэрээний хөлс 58 500 000 төгрөг, 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 12 гэрээний хөлс 38 218 500 төгрөг, нийт 96 718 500 төгрөгөө өгөхгүй байснаас одоо 81 868 310 төгрөгийг авч чадахгүй байх тул дээрх 2 гэрээний хөлс нийт 81 868 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа 49 249 300 төгрөг болгож багасгаж эцсийн байдлаар нэхэмжилж байна. Энэ нь Хаан банкны 40 айлын орон сууцны барилгын 12 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 40 230 000 төгрөг, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн 10 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 9 019 300 төгрөг юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: А.А Т ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэтэл А нь нэг ч удаа албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн акт байдаггүй. Олон жил хамтарч ажилласан болохоор түүнд итгэж байсан. Шинжээчийн дүгнэлтээр нийт ажлуудыг тооцож үзэхэд нийт 489 665 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд санхүүжилт дансаар буюу бусад хэлбэрээр 573 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн өмнөөс татварт 8 450 000 төгрөгийг төлж нийт 581 755 917 төгрөгийг түүнд олгосон байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хэт өндөр ажлын үнэлгээ гаргасан. Аийн хийгдсэн зарим ажлууд дутуу хийгдэж манай байгууллага өөрсдөө хийж гүйцэтгэсэн тул шинжээчийн дүгнэлтээр тооцоо хийнэ. Шинжээчийн дүгнэлтээр тооцоход 30 айлын орон сууцны барилга 2012.09.12-ны өдөр 123 550 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр 88 578 781 төгрөг, зөрүү 34 971 219 төгрөг, 68 айлын орон сууцны 2013.09.21-ний өдөр хийгдсэн гэрээ 295 785 950 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр 214 326 659 төгрөг, зөрүү 81 459 291 төгрөг, Хаан банкы ажилчдын 40 айлын орон сууцны барилга 12 тоот гэрээ 154 068 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр 31 005 483 төгрөг, зөрүү 123 062 517 төгрөг, Цахилгаан түгээх станцын 30 айлын орон сууцны барилга 26 440 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр 17 555 559 төгрөг, зөрүү 9 184 441 төгрөг, нийт зөрүү 248 677 468 төгрөг болж байна. 30 айл 10 сая, 68 айлын орон сууц 25 сая, Хаан банкны 40 айлын орон сууц 18 сая , Цахилгаан түгээх станцын 7 сая, 68 айлын 25 сая, суурь ажил давхардсан гэж үзэж нийт 60 сая төгрөгийг гэрээний нийт дүнгээс хасч тооцсон. Нэхэмжлэгчид 640 470 төгрөгийн зөрүүг өгсөн. Нэхэмжлэгчийн өмнөөс ХАОАТ-т 2013 онд 4 450 000, 2014 онд 1 000 000, 2015 онд 3 000 000, нийт 8 450 000 төгрөгийг татварт төлсөн. Нэхэмжлэгч А нь бэлнээр төлсөн 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийнхээ шаардлагаас хассан байсан гэжээ.
Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээ багасгаж нэхэмжлэхдээ: Иргэн А.А нь талуудын хоорондын гэрээг үндэслэн мөнгө нэхэмжилсэн боловч мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр үндэслэлгүй хөрөнгөжиж манай компани илүү 108 019 758 төгрөг төлсөн байна. ... Одоогийн байдлаар Аид нийт 581 755 917 төгрөг төлсөн байна. ХХБанкны Таас гэсэн 2013.04.25-ны Таас 10 000 000 төгрөг гэсэн орлогыг хуулгаар авсан тул хасаж тооцож байна. Иймд илүү төлсөн 92 090 465 төгрөгийг А.Ааас гаргуулж, А.Аийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 49 249 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, Иргэний
хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас нэхэмжлэгч А.Ад холбогдуулан гаргасан 92 090 465 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээс 21 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сумын 1-р баг, 2-р 30 айлын орон сууц, 68 айлын орон сууц, Цахилгаан түгээх станцын ажилчдын 40 айлын орон сууц, шилжүүлсэн бэлэн мөнгө 23 640 000 төгрөг, 2013 онд ХАОАТ, 2014 онд ХАОАТ-т холбогдох 71 090 465 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн туахй хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Аийн улсын тэмдэгтиийн хураамжинд урьдчилан төлсөн 567 292 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 404196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож,
Хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 698 048,79 төгрөгнөөс 262 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 435 098,79 төгрөгийг гаргуулж хариуцагч Т ХХК-нд буцаан олгож, ...шийдвэрийг гардан авах журам болон гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдсан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1, талуудын хооронд байгуулсан 10, 12 дугаартай гэрээний 4.1-А д зааснаар барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шат бүрт тасралтгүй хийнэ гэсэн заалтуудыг анхаарч үзсэнгүй. Талууд 2016.05.04-ний өдөр тооцоо нийлж 2015.06.25-ны өдрийн 10 дугаартай 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнэ 9 019 300 төгрөг, 2015.08.17-ны өдрийн 12 дугаартай Хаан банкны 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээс 82 868 310 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн актад бичжээ гэсэн байна. Анхан шатны шүүх өөрийн дураар Талууд гэж үг нэмж оруулсан нь уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандаагүй, нотлох баримтыг шууд агуулгаар нь зөв үнэлээгүй болох нь харагдаж байна.
2015 оны 08-р сарын 17-ны өдрийн 12 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээс 82,868,310 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Тооцоо нийлсэн: “Т” ХХК-ийн нябо Д.О гэсэн бичвэртэй тооцоо нийлсэн акт гэх энэ баримт нь хууль ёсны баримт биш. Учир нь энэ баримтыг А.Аийн хүсэлтээр банкнаас зээл авахын тулд баримт хэрэгтэй байна гээд гараар бичиж ирснийх нь дагуу нятгалж шалгахгүйгээр компьютер дээр бичиж өгөөд нягтлан нь гарын үсэг зураад явуулсан юм. Энэ баримтыг авахаас өмнө А.А нь хавтаст хэрэгт авагдсан өөрийн ХААНБанкны дансаар хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч хөлслөн авч өмгөөллийн хөлсөнд мөнгө шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ... Хөөн хэлэлцэх хугацаа
дуусаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 оны ХАОАТ-т 3 000 000 төгрөг төлсөн гэх боловч баримтанд татварын тайлан хүлээн авсан татварын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсэг зурагдаагүй гэжээ, энэ баримт нь цахим хэлбэрийн баримт бөгөөд энэ баримтыг Татварын ерөнхий газрын албан ёсны вэб хаягаар орж, татварын байгууллагаар баталгаажсан “баар код” бүхий тэмдэгтэй албан ёсны баримт юм. Дээрх ХААНБанкны 40 айлын орон сууцны суурийн ажил 18 000 000 төгрөг болон Татвар төлсөн 3 000 000 төгрөг буюу нийт 21 000 000 төгрөг бол А.Аийн нэхэмжилсэн нэхэмжлэлд тооцогдох ёстой болно. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 49 249 300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71 090 465 төгрөгийг шүүх үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй гээд шийдвэрлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлийн зөрүү 36 929 293 төгрөг /108 019 758 - 71 090 465 = 36 929 293/-ийн хэмжээнд давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх байдлаар шүүх нотлох баримтанд өнгөц байдлаар, зөвхөн нэхэмжлэгчийн өнцгөөс асуудалд хандан нэг талыг барьж нотлох баримтыг үнэлж, мөн ийм байдлаар хуулийн заалтыг сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 136/ШШ2017/00158 дугаар шийдвэрийг өөрчлөн А.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 36 929 293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг өөрчилж шийдвэрлэх боломжгүй тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу ”...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж” шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч А.А нь Т ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ буюу 2015-06-25-ны өдрийн №10 дугаартай, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын хэв хашмал, арматурчлал, бетон цутгалын ажлыг гүйцэтгэх, ажлын хөлс 65 000 000 төгрөг үүнээс ХХОАТ 6 500 000 төгрөгийг хасч тооцох, мөн оны 8 дугаар сарын 17 ны өдрийн №12 дугаартай, ХААН банкны 40 айлын орон сууцны барилгын хэв хашмал, арматурчлал, бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 154 068 000 төгрөг үүнээс ХХОАТ 7 703 400 төгрөгийг гаргуулахаар гэрээг тус тус байгуулсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх гэрээний дагуу ажлын хөлс 81 868 310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэмж 15 642 724 төгрөг гаргуулахаар шаардлагыг нэмэгдүүлж улмаар энэ шаардлагаа 49 249 300 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэж өөрчилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү шаардлагыг эс зөвшөөрч, А.А манай компанид гүйцэтгэсэн нэг ч ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд суурь, зоорийн давхарын ажлыг давхар тусгасан, нэг ажлыг 2 ажил болгож гэрээнд тусгаснаас илүү хөлс авсан нь тогтоогдсон учир компаниас илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ажлын хөлс-нд илүү бодож олгосон 92 090 460 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч А.А нийт 5 барилгад хэв хашмал, арматурчлал, бетон цутгалт, бусад нэмэлт ажилбаруудыг гүйцэтгэж, ажлын хөлс авахаар тохиролцсон , гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар талууд маргаагүй байна.
Харин талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээний талаар маргаж, хариуцагч тал барилгын суурь болон зоорийн давхарын ажлын хөлсний үнэлгээг давхардуулан тооцохоор тохиролцсон нь барилгын норм дүрэмд нийцээгүй гэж, нэхэмжлэгч тал ажлын хөлсийг гэрээнд зааснаар тооцож нэхэмжлэх нь хууль зөрчөөгүй гэжээ.
Хавтас хэрэгт шинжээчийн “...суурийн ажил, подваль болон бүх давхрыг нэгтгэн тооцлоо /хх1-101/ гэсэн дүгнэлт, нэхэмжлэгчийн “шинжээчийн дүгнэлтэд барилгын суурь болон зоорийн давхарын ажил давхардуулан тооцсон гэсэн нь үндэслэлгүй, мөн нэмэгдлээр хийсэн ажил орхигдсон, 150 хүүхдийн цэцэрлэгийн ажлын тооцоог оруулаагүй, хэв хашмал бэлтгэсэн угсарсан, бэхэлсэн, буулгасан ажлын задаргааг оруулаагүй, гэрээний дагуу ажлын хөлс нийт 631 004 920 /хх2-75,163/ төгрөг, компаниас өгсөн санхүүжилт нийт 543 527 730 төгрөг” гэсэн тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн “шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, барилгын суурь болон зоорийн давхарын цутгалтын ажлын хөлсийг давхардуулан тооцсон нь үндэслэлгүй гэдгийг шинжээч тогтоосон” гэсэн тайлбар, ажлын хөлсийг 472 727 452 /хх1-243/ төгрөг гэж, 489 665 452 төгрөг /хх2-60/, санхүүжилт 580 747 210 төгрөг гэсэн тус тус зөрүүтэй баримт хэрэгт авагджээ.
Дурдсан баримтууд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд талууд хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
Тухайлбал хэв хашмал, арматурчлал, бетон цутгалт, бусад нэмэлт ажилбарууд хийхтэй холбоотой ажил гүйцэтгэхтэй холбоотой нийт 5 гэрээ, ХААН банкны 40 айлын орон сууцнаас бусад 4-н барилгын ажил гүйцэтгэх гэрээнд барилгын суурийн ажил, зоорийн давхарын ажлын хөлсийг салгаж эсхүл нэгтгэж тооцохоор тусгасан эсэх. Нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэд гүйцэтгэсэн эсэх, бүрэн гүйцэтгээгүй ажлын хөлсийг хэрхэн яаж тооцсон эсэх.
Мөн нэхэмжлэгчийн “...шинжээчийн баг намайг байлцуулаагүйгээс барилга тус бүр дээр зураг төсөвт заагдаагүй боловч нэмэгдлээр хийгдсэн ажлын талаар оруулаагүй орхисон, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр хийгдсэн ажлын тооцоог огт оруулаагүй, хийгдсэн ажлын цалинг задаргаа гарган тодорхойлохдоо ажлын заалт хэмжээг орхигдуулсан, хэв хашмал бэлтгэсэн, угсарсан, бэхэлсэн, буулгасан ажлын задаргааг оруулаагүй...” гэсэн тайлбарыг өгсөн байх ба дүгнэлтэд эдгээр ажил тусгагдаагүй атал хариуцагчаас энэ талаарх өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй /эдгээр асуудлаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй/ байна.
Тодруулбал дүгнэлтэд тусгагдаагүй дээрх ажил нь холбогдох 5 гэрээний дагуу өгөх ёстой ажлын хөлснөөс хасаж тооцогдох эсэхийг, барилгын суурь болон зоорийн давхарын ажлын хөлсийг давхардуулан тооцсон нь үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй талаар мөн санхүүжүүлсэн дүн, хүлээн авсан дүн, банкны хуулга зэрэг хоорондоо зөрүүтэй нотлох баримтад үндэслэж, нэхэмжлэгчийн №10 дугаартай, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын хөлс 9 019 300 төгрөг /давж заалдах шатны шүүх хуралдаанд 10 99 003 төгрөг гэж тайлбарласан/, №12 дугаартай, ХААН банкны 40 айлын орон сууцны ажлын хөлс 40230000 /38150000 төгрөг гэж тайлбарласан/ төгрөг гаргуулах гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн төлөөлөгчийн нийт 5 барилгын ажил, нэмэлт ажилбарын ажлын хөлс болох илүү олгосон 92 090 460 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тогтоож тооцох боломжгүй юм.
Эдгээр дурдсан үндэслэл нь хэргийн бодит үнэнийг тогтооход, шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай, хамааралтай төдийгүй шүүгч хэргийн нөхцөл байдал зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудын нотлох, батлах эсхүл үгүйсгэх нөхцөлийн талаар хууль зүйн, бодит үндэслэлийг тодорхой, ойлгомжтой зааж өгснөөр шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах учиртай.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учир давж заалдах гомдолд дурдсан хэргийн үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 588843 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 588843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Н.БОЛОРМАА