Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0959/З |
Дугаар | 219 |
Огноо | 2018-04-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 219
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ ДТ” ХХК /РД: *******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, С.Т нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24001******* тоот актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Ж.О, С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ДТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...ДТ ХХК-д хийсэн шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийг үндэслэн хийснийг хууль бус гэж үзэж байна.
Уг падаан нь татварын албанд бүртгэлтэй, хүчинтэй дугаартай үнэт цаас байсан. Бид үүнийг 2012 оны 03 дугаар сарын НӨАТ-ын тайландаа тусгаж падааныхаа нэг хувийг тайлантайгаа татварын албанд баталгаажуулж өгсөн.
“ ДТ” ХХК-ийн 2008 оноос 2012 оны албан татварын ноогдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр татварын улсын байцаагчийн 24******* тоот акт гаргасан нь одоо хүчин төгөлдөр байгаа ба уг актаар энэ зөрчил илрээгүй болно.
Дээрх шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Ч, Ц.О нар нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2013 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдсэн. гэв.
Нэхэмжлэгч “ДТ” ХХК-ийн захирал Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай компани Ж ХХК-иас худалдан авалтын падаан дээр тулгуурлан НӨАТ-ын тайлангаа гаргасан. Уг падаан нь манай компанийн 3 дугаар сарын тайланд тусгагдсанаас гадна шалгалтын дараа хийсэн НӨАТ-ын тооцоо нийлсэн баталгаажуулалтын актад тусгагдсан.
Түүнчлэн хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар Ж ХХК-ийн захирал З.Т нь өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулна гэж тайлбарладаг. З.Т нь учруулсан хохирлоо төлж барагдуулна гээд, өршөөлд хамрагдаж байгаа нь энэ асуудал давхар шийдэгдсэн гэж ойлгож байна.
Гэтэл өмнө нь гаргасан акт хүчингүй болоогүй байхад тухайн хугацаанд хамруулж дахин төлбөр тогтоон акт гаргана гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй. Нэг зөрчилд нэг дүн дээр нэг л шийтгэл ногдуулах ёстой. Хий бичилт хийсэн тал нь хүлээн зөвшөөрөөд хохирлыг нь төлнө гэсэн байхад давхар манайхаар төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна.
Манай компани нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу гудамжны гэрэлтүүлгийн ажил хийж, уг ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Ж ХХК-иас хэрэгцээтэй материалуудаа авч байсан. Уг компани нь өөрсдөө материалуудаа тээвэрлэж өгдөг байсан ба 1 дүгээр сард урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс гэрээ хийж, НӨАТ-ын баримт авна гэсэн шаардлага тавьж ажиллан нийт 79 365 000 төгрөг төлсөн. Бизнес бол итгэлцэл дээр явагддаг. гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Татварын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны 7/1277 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний 9д/2933 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны 2415060******* тоот томилолтыг үндэслэн татварын улсын байцаагч Ж.О, С.Т бид ******** тоот регистртэй “ ДТ” ХХК-ийн 2012 оноос 2013 оны татварын ногдуулапт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж шалгалтаар Ж ХХК-ийн 1008******* дугаарын НӨАТ-ын падаанд бичигдсэн 72,150,000.00 төгрөгийн худалдан авалтыг хуурамч гэж үзэж 12,551,350.00 төгрөгийн төлбөр ногдуулж татварын улсын байцаагчийн акт бичсэн болно.
Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газарт ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний 9д/2933 тоот албан бичигтээ тус хэлтэст эрүүгийн 20130100******* тоот хэрэгт шалгагдаж байгаа 45 аж ахуйн нэгжийн хий бичилттэй падаан ашиглан хасалт хийсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 175 сая төгрөгнөөс доош үнийн дүн бүхий хий бичилттэй падаан ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн акт тавьж, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэх шаардлагатай байна.... гэж дурьдсаныг Ж ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Уг албан бичгийн хавсралтын 48 дугаарт “ ДТ” ХХК-ийн нэр байгаа болно.
ДТ ХХК-ийн захирал Л.Д, нягтлан бодогч П.Б нар ярилцлагадаа Ж ХХК-иас ямар бараа материал худалдаж авснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрээт ажил хийгдсэн бид тэр болгон компани дээр очиж гэрээ хийдэггүй гэх ярилцлага өгсөн нь хэдийгээр компани бусдад ажил гүйцэтгэж, бусдаас бараа материал авсан боловч тэр нь Ж ХХК биш болох нь тодорхой гэж үзсэн болно.
Татварын ерөнхий газрын ХШАЗГ-аас 2014 онд гаргасан НӨАТ-ын хий бичилттэй падаан тараасан татвар төлөгчдийн мэдээлэл /зөвхөн албан хэрэгцээнд ашиглана/-д Ж ХХК /*******/ байгаа болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар прокурорын тогтоолд 2011-2013 онд яллагдагч З.Т нь ... ЖХХК зэрэг 43 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падаан дээр нэр бүхий 406 аж ахуйн нэгжид ... төгрөгийн хий бичилт хийж өгөн ... төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт хамтран оролцож бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн... гэдгийг хуулийн дагуу тогтоож шийдвэрлэсэн байна.
Иймд “ ДТ” ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын НӨАТ-ын тайланд тайлагнасан Ж ХХК-ийн 1008******* дугаарын падаанд бичигдсэн 72.150.000.00 төгрөгийн худалдан авалтыг хасах үндэслэлгүй гэж үзсэн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн хариуцлага ногдуулсан болно гэв.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын хэлснээр Ж ХХК-ийн 2012 оны 4 дүгээр сарын тайланд “ ДТ” ХХК-д 72 150 000 төгрөгийн борлуулалт хийснийг тусгасан. Тусгасан учраас нөгөө талд бичилт нь гарч ирсэн. Гэтэл Ж ХХК-ийн худалдан авалтад тусгагдсан 1.363.545.000 НӨАТ-ын дотоодын худалдан авалтыг Б ХХК гэсэн нэг л компаниас хийсэн байсан. Ж ХХК нь улсаас буцаан авалт хийх худалдан авалтынхаа 1.363.545.000 төгрөгийн үнийн дүнг Б ХХК-д бичиж өгсөн. Дотоод сүлжээгээр шалгаж үзэхэд 1.363.545.000 төгрөг нь эсрэгээрээ Б ХХК-ийн 2012 оны борлуулалтад тусгагдах ёстой байсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 тоот прокурорын дүгнэлтэд дурдагдсан хий падаан бичигдсэн 45 компанийн нэрс дунд Ж ХХК, Б ХХК-ийн нэр бичигдсэн байна. Татвар төлөгчийн өрийн картнаас харахад дээрх 2 компанийн хий бичилт нь 2013 он хүрээд зогссон байдаг.
Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхой дурдсан байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хөлсийг “ ДТ” ХХК-ийн албан ёсны дансанд шилжүүлсэн байдаг. Шалгалтын хүрээнд шаардлагатай гэсэн бүх баримтыг шалгасан. Үнэхээр үнэн зөвөөр ажилласан юм бол 79.000.000 төгрөгийг яагаад Ж ХХК-ийн данс руу шилжүүлээгүй юм бэ? Нэхэмжлэгч тал Маргаан таслах зөвлөл дээр бид мөнгөө заавал банкаар шилжүүлэх албагүй, тэр бол бидний эрхийн асуудал гэж тайлбар хийсэн. Харилцаа хөгжсөн байхад 80.000.000 төгрөг цүнхэлж явж байгаад л бэлнээр өгнө гэдэг чинь үүний ард хууль бус ажиллагаа явагдах бүрэн боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.
2013 оноос эхлэн уг асуудлаар Цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн. Өмнө нь хяналт шалгалт хийгдэж байх үед хуурамч падаан бичдэг байсан хэрэг илрээгүй ч хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын 482 тоот дүгнэлт гарсан ба тус дүгнэлтэд ... З.Т нь 43 аж ахуй нэгжийн НӨАТ-ын падаан дээр нэр бүхий 406 аж ахуй нэгжид 108 тэрбум төгрөгийн хий бичилт хийж өгөн түүнд ногдох 10 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт хамтран оролцож, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ..... гэсэн байна. Хуурамч падаан үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь эцсийн баримт гэж ойлгож байна. “ ДТ” ХХК нь хуурамч, хий бичилттэй падаан авсан гэдэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдоно.
ДТ ХХК нь 2012 оны 03 дугаар сард тухайн падаанаар төсөвт төлөх татвараас хасалт хийсэн. Гэтэл Ж ХХК нь 2012 оны 04 дүгээр сард борлуулалтандаа оруулж бичсэн. Худалдан авалт талдаа тухайн сард бичсэн борлуулалтын дүнгээс илүү үнийн дүнгээр Б ХХК-иас худалдан авалт хийж, хассан байсан. Өөрөөр хэлбэл 2012 оны 04 дүгээр сарын НӨАТ-ын тайландаа 12 тэрбумын падаануудыг бусдад бичиж өгсөн байна. Улсад татвар төлөх ёстой байтал улсаас 10 гаруй сая төгрөгийн татвар буцаан авна гэсэн утгатай тайланг гаргаж өгсөн байсан.
Хуурамч, хий бичилттэй падаанд тусгагдсан байсан тул маргаан бүхий актыг тавьсан. Тусгасан үгүйг нь харж шийдвэрлээгүй, уг үндэсээр нь судалсан. З.Т нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, ямар ч бараа материал нийлүүлээгүй, хамтарч ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчхөөд байхад нэхэмжлэгч тал бараа авсан гэсэн тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй.
Ж ХХК нь цахилгааны шон угсарч, бараа материал зардаг компани биш. Зөвхөн хуурамчаар падаан бичих гэж л байгуулагдсан компани.
2015 оны 1******* тоот акт нь хэсэгчилсэн хяналт шалгалтын акт. Нэхэмжлэгчийн ярьж байгаа акт нь өмнө нь хийгдсэн иж бүрэн шалгалтын акт. Хэсэгчилсэн хяналт шалгалтыг Цагдаагийн байгууллага болон Татварын ерөнхий газраас албан тоотоор үүрэг өгөгдсөний үндсэн дээр явуулсан. 2013 онд шалгалт хийхэд хий падаан бичдэг байсан зөрчил илрээгүй байсан. Харин их хэмжээний зөрчилтэй байвал Цагдаагийн байгууллага, их хэмжээнд хүрэхгүй зөрчилтэй бол түүгээрээ шийдвэрлэ гэсэн албан бичгийг Татварын ерөнхий газраас ирүүлсний дагуу харьяа дүүрэгтээ хэсэгчилсэн шалгалт хийсэн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24001******* тоот актыг хүчингүй болгуулах тухай “ДТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9д/2933 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2415060******* тоот томилолтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, С.Т нар “ДТ” ХХК /РД:*******/-ийн 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, шалгалтаар Ж ХХК-ийн 1008******* дугаарын НӨАТ-ын падаанд бичигдсэн 72,150,000.00 төгрөгийн худалдан авалтыг хуурамч гэж үзэж 2012 оны 3 дугаар сарын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогыг бууруулж тооцсон зөрчилд татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24001******* тоот актаар 7.215.000.00 төгрөгийн нөхөн татвар, 2.164.500.00 төгрөгийн торгууль, 3.171.850.00 төгрөгийн алданги, нийт 12.551.350.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Уг актыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 057 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс 2.164.500.00 төгрөгийн торгууль, 3.171.850.00 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж 5.336.350.0 төгрөгийг хасч, нөхөн татвар 7.215.000.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “ДТ” ХХК-ийг Ж ХХК-иас 72.150.000.00 төгрөгийн бараа, материал худалдан авсан гэж 1008******* дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2012 оны 3 дугаар сарын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогыг бууруулж тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн заалтаар баримтаар тогтоогдоогүй хуурамч бичилттэй гэж үзэн зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь Ж ХХК-иас 72.150.000.00 төгрөгийн бараа, материал худалдан авч 7.215.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж 1008******* дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн нэхэмжлэгч “ ДТ” ХХК нь 2012 оны 3 дугаар сарын тайландаа тусган тайлагнасан, энэ худалдан авалтаа тухайн сарын худалдан авалтын дэвтэртээ бичсэн, нөгөө талдаа Ж ХХК нь мөн тайландаа тусган, борлуулалтын дэвтэртээ энэ борлуулалтаа бичсэн, мөн Ж ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “ДТ” ХХК-ийн зарлагын баримт, Ж ХХК, “ ДТ” ХХК хооронд байгуулсан худалдан авсан бараа, материалын жагсаалт, үнийн дүн бүхий бараа худалдан авах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд байхад худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр “ДТ” ХХК нь уг падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авсан гэх лед гэрэл, төмөр шон, сип утас зэрэг материалаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан дүүргийн Гэр хорооллын дундах болон сургууль цэцэрлэгүүдийн гадна орчны гэрэлтүүлгийг шинээр тавих ажлын хүрээнд ** дугаар хорооны гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх СБД-ОН 11/48.01 дугаартай гэрээний дагуу 100.434.771 төгрөгийн ажил гүйцэтгэн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь гэрээ, гэрээг дүгнэсэн протокол, ажлын гүйцэтгэлийн тооцоогоор тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл “ ДТ” ХХК нь тодорхой ажил гүйцэтгэсэн, үүндээ тодорхой худалдан авалт хийсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
Ийнхүү “ ДТ” ХХК-ийг худалдан авалт хийж, ажил гүйцэтгэсэн болохыг хариуцагч татварын улсын байцаагч нар хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй ч зөвхөн Ж ХХК үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч бичилттэй, “ДТ” ХХК нь Ж ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийгээгүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд цагдаагийн байгууллага 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолд ... яллагдагч З.Т нь ... Ж ХХК, ... ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийн, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... гэж дүгнэсэн ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэн гаргуулахаар дурдсан, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичилт хийсэн гэх үйлдэл тогтоогдсон ч яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс үүдэлтэй хохирлыг буюу татвар, нөхөн төлбөрийг буруутай этгээдээс татварын байгууллага иргэний журмаар нэхэмжлэн гаргуулах боломжтой байхад “ ДТ” ХХК-иар төлүүлэхээр акт тавьсан нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулан оногдуулж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
“ ДТ” ХХК нь гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж худалдан авалт хийснээ уг падаан, санхүүгийн анхан шатны баримтуудаа үндэслэн тайлагнасныг буруутгах боломжгүй, учир нь борлуулагч тал мөн борлуулалтаа тайлагнасан байхад падаан дээрх бичилтийг хуурамч гэдгийг тус компани шалгах боломжгүй, ийм үүрэггүй байна.
Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрхэн зөрчсөн болохыг тогтоогоогүй атлаа энэ заалтыг актдаа үндэслэсэн нь буруу байна. Мөн актад үндэслэл болгосон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалт уг зөрчилд ямар хамааралтай нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс “ ДТ” ХХК-ийн 2008 оноос 2012 оны албан татварын ноогдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр татварын улсын байцаагчийн 24******* тоот акт тогтоосон, уг актаар Ж ХХК-иас худалдан авалт хийсэн 1008******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг зөрчил гэж үзээгүйн дээр тус компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдсэн, үүнд бас дээрх падаан хамаарч баталгаажсан байна. Энэ үндэслэлээр Маргаан таслах зөвлөлийн магадлагч татварын улсын байцаагч актыг хүчингүй болгуулахаар санал оруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн хугацаанд хамаарах татварын хяналт шалгалтаар 1008******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг зөрчил гэж үзээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийсэн атлаа энэ шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байхад татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төлөлт болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах... зэрэг зөрчлийг тогтоох, шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан “ ДТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24001******* тоот актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА