Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01398

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00144 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1129 дүгээр магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.О-д холбогдох,

Гэрээний үүрэгт 46.093.284 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай үндсэн,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунцэцэг, хариуцагч Н.О-, өмгөөлөгч Л.Батбаатар, Б.Борхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О- нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 34.754.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.852.000 төгрөг, нийт 46.093.284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Би өрх толгойлсон, өндөр насны тэтгэвэрт байдаг. 2005 оны 7 дугаар сард нөхөр Д.Батбаатар наймаа хийж мөнгө өсгөнө гээд байрыг энэ байгууллагад барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Эхний 2 сарын хүүг хугацаанд нь төлөөд явж байгаад 3 дахь сараас сураггүй алга болсон. Энэ тухайг нэхэмжлэгч мэдэж байсан учраас надад хүлээцтэй хандсан. Нөхөр Д.Батбаатарыг олдохгүй болохоор нь өөрийн цалингаас 50.000, 100.000, 200.000 төгрөг гэх мэтчлэн 2.190.000 төгрөг төлсөн. Тэтгэвэрт гарснаас хойш тэтгэврийн зээл аваад 2 оюутан хүүхдийн төлбөр хийгээд боломжгүй болсон. Дашрамд дурдахад энэ байр  миний нагац ах Б.Хуусарын нэр дээр байдаг бөгөөд нагац ах маань эхнэр хүүхэдгүй, бидэнтэй насаараа хамт амьдарч байгаад 2014 онд нас барсан. Ахаасаа удамшуулж өгсөн байрыг алдмааргүй байна. Энэ зээлийг нөхөр Д.Батбаатарыг олж төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Батбаатар нь Н.О-г болон түүний нагац ах О.Хуусар /одоо нас барсан/ нарыг зөвхөн байрных нь ордерийг авахуулж дагуулж очоод зээлийн гэрээнд барьцаа гаргагч нар гэж гарын үсэг зуруулаад, зээлдэгчээр Д.Батбаатар өөрөө гарын үсэг зурж мөнгийг нь авсан болох нь уг зээлийн гэрээний төгсгөл хэсэгт барьцаалуулагчийг төлөөлж Авгас овгийн Очиржавын Хуусар, Баргачууд овгийн Норолхоогийн Отгонхүү нар болон Н.О- насанд хүрээгүй Б.Дөлгөөнхэрлэн, Б.Оргилхэрлэн нарыг төлөөлж тус тус гарын үсэг зурснаас гадна Даржаагийн Батбаатар регистрийн дугаараа бичиж гарын үсгээ зурснаас тодорхой байна. Зээл олгогч тал барьцаалж буй хөрөнгийг үзэж судлаагүй /зээл олгохын өмнө байрыг очиж огт үзээгүй/, барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавьж болохгүй гэдгийг барьцаа гаргагч нарт хэлээгүй, зээл төлөлтийн график гаргаагүй атлаа Д.Батбаатарыг байрны эздүүдийг дагуулаад очингуут Иргэний хууль зөрчин барьцаалахыг хуулиар хориглосон үл хөдлөх хөрөнгийг барьцаалан яаравчлан зээл олгоод, гэрээнд заасан зээл төлөх 6 сарын хугацаа дуусмагц шаардах эрхээ эдлэлгүй гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан нь зээлдэгч Д.Батбаатар, зээлдүүлэгч Ж хоёрын хооронд эд хөрөнгөө барьцаалсан талд мэдэгдээгүй өөр хэлцэл байсныг халхавчилсан ч байж болохоор байгааг харгалзан үзэхийг хүсэж 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №05/99 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа Н.О-гийн зээл авах хүсэлтийг үндэслэн олгосон ба компанийн зүгээс Н.О-д гэрээг байгуулахад гэрээний төсөлтэй танилцах боломжоор бүрэн хангасан. Тэрээр гэрээний төслийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00144 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Норолхоогийн Отгонхүүгээс үндсэн зээл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, үндсэн хүү 28.050.000 /хорин найман сая тавин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.610.000 /таван сая зургаан зуун арван мянга/ төгрөг нийт 37.660.000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.433.284 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.О- шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой үүрэг 37.660.000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 2207000502 дугаарт бүртгэгдсэн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хариуцагч Н.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямжав нарын 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 05/99 дугаартай “Ж” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1129 дүгээр магадлалаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.О-гээс 3.538.000 /гурван сая таван зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42.555.284 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “37.660.000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/” гэснийг “3.538.000 /гурван сая таван зуун гучин найман мянга/” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Н.О-гээс 346.259 /гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавин ёс/” гэснийг “71.558 /далан нэгэн мянга таван зуун тавин найм/” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 346.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 5 сарын 14-ны өдрийн Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүх магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2002 оны 11 сарын 08-ны Монголбанкны 535-р тушаалаар “Жавхлант-Алдархаан”ХХК-ийн үүсгэн байгуулагчдад зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосугай” гэсэн тушаалын дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. 2002 оны 11 сарын 8-ны өдрөөс эхлэн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаад 2007 оны 9 сарын 28-ны өдрийн Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны 130-р тогтоолын дагуу Тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох тухай Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосугай гэсэн тогтоолын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан. Иймээс 2005 оны 7 сарын 5-нд зээлдэгч Н.О-тэй зээлийн гэрээ байгуулах үед Монгол банкнаас олгосон банкны зээлийн төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчин төгөлдөр байсныг тайлбарлаж хэлсээр байтал шүүх бүрэлдэхүүн илт нөгөө талд үйлчлэн зээл олгох эрхгүй байсан гэж үзэн хүү,нэмэгдүүлсэн хүүг хассан явдалд гомдолтой байна.Бид тусгай зөвшөөрөлтэй, улсад татвар төлдөг. Монгол банкнаас олгодог санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл Санхүүгийн Зохицуулах хороонд харьяалагддаг болоход тусгай зөвшөөрөл автоматаар шилжин ирдэг гэдгийг сайн тайлбарлан ойлгуулах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон. Энэ нь өдөржин хуралдсан шүүх бүрэлдэхүүн ажлын цаг дууссан үед буюу 17 цаг 40 минутад хурлыг хийсэн учраас анхаараагүй байх гэж би харамсаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээл 4.000.000 төгрөг, хүү 34.754.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.852.000 төгрөг нийт 46.093.284 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, улмаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2005 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн  гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэх, зээлийг эгүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцсон ба гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ.

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт 2.190.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу эрхэлдэг эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т зааснаар тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэх ба банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  эрхлэхээр хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т зохицуулжээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл авсан этгээд эрхлэх гүйцэтгэх ба нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр олгосон тусгай зөвшөөрлийг шүүхэд ирүүлжээ.

Зээлийн гэрээ байгуулагдсан 2005 онд нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эрхэлдэг байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зээл олгох үед нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан нь тогтоогдоогүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж,  зээлдэгчийн хүлээх үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т  зааснаар тодорхойлж, нэхэмжлэлээс 3.250.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-г зөрчөөгүй байна.  

Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1129 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 370.726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ