Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/303

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.О-д холбогдох 2108 00000 0235 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Оёдлын ** тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэлгүй, Т овгийн Ш-ын О /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ** тоотод эцэг Ц.Ш-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ш.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 22-с 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 5 тоотод эцэг Ц.Ш-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

                  - хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 100 метр зайд Дөлгөөн бар караоке гэсэн хаягтай 3 давхар улаан өнгийн тоосгон байранд...орох хаалганы босгоос зүүн тийш 1 метр 30 см зайд хулдаасан дэвсгэртэй шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг байх, шинжээч уг газрыг гэрэл зургаар бэхжүүлэн авч уг цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс бинт марланд шинжилгээнд дээж болгон авсан...Өрөөний ертөнцийн зүгээр зүүн захад газарт ягаан өнгийн дэвссэн гудасны баруун хойд буланг сөхөж үзэхэд ажлын хэсэг нь 19 см урттай ишгүй хутга байсныг маштабын шугам байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн авсан...тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-7/,  

      - хохирогч Ц.Ш-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой Содон хороололд найз Б-той 1 шил архи хувааж уучихаад Содон хороололд хүү Б-ийн гэрт орсон. Би Б-ийг 1 шил архи аваад өгчих гэсэн чинь мөнгө алга гээд авч өгөхгүй байхаар нь хүүгийн гэрээс **-р хороололд охин О-гийн  гэрт очсон...Тухайн үед О найзтайгаа гадаа пиво уугаад байсан. Тэгээд би О-г чи одоо надтай барьцаад байгаа юм уу хаашаа юм, нялх хүүхэдтэй байж пиво уугаад гээд загнасан. Тухайн үед О нэлээн согтсон байсан би загнаж байсан чинь хажуудаа байсан гал тогооны шүүгээ дээрээс хутга бариад авсан байсан. Би тэр хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй байгаа, нэг мэдсэн чинь би гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очиж байсан. Эмч үзээд миний шархыг гайгүй байна гээд оёдол тавиад гаргасан...гэх мэдүүлэг /хх-17/,

- хохирогч Ц.Шагдарын гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бүртгэлийн хуудас /хх-22-23/,  

- шинжээчийн дүгнэлт : Ц.Ш-ын биед хэвлийд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх /хх-24-25/,

            - шүүгдэгч Ш.О-гийн...2021 оны 01-р сарын 22-ны орой найз Ү надтай ирж уулзаад бид хоёр машинд пиво уусан. Тэгээд гэртээ 3 цагийн үед ороод байж байсан чинь 00 цаг өнгөрч байхад манай аав Ц.Ш гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 2 ширхэг 2.5 литрийн савтай пиво барьж орж ирсэн. Аав Ц.Ш манай гэрт пиво уугаад байсан би пивоноос нь 00 өрөөндөө орж байгаад нуугдаж уусан. Манай нөхөр Г 01 цагийн үед ажлаасаа ирсэн. Аав нөхөр бид гурав юм ярьж сууж байгаад аав бид хоёр маргалдсан. Аав бид нарын жаахан байхад архи уугаад агсан согтуу тавьдаг, их хэцүү байсныг нь би аавд хэлээд тэрнээс болж маргалдаад би гал тогооны шүүгээн дээр ил байсан хутгаар аавыг 1 удаа гэдэс рүү нь хатгасан... гэх мэдүүлэг /хх-19, 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.     

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь согтууруулах ундааны зүйл бага бус хэмжээгээр хэрэглэсэн байхдаа хүүхэдтэйгээ зүй бус харьцсан асуудал нөлөөлсөн байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдаагүй байна.   

Иймд шүүгдэгч Ш.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-48/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, нөхөр, бага насны 2 хүүхэдтэй, 1 хүүхэд нь хөхүүл буюу 1 настай, “***” ХХК-д туслах ажилд орохоор болсон, хөрөнгө орлого болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-39, 40-44, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.             

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :       

1. Шүүгдэгч Ш.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ш.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР