Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/306

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,   

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 2103 00025 0045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

            Монгол Улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **дугаар хороолол ** байр ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Г-ын О, регистрийн дугаар ********. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам, 650 дугаар гүний худгийн хойд замд “Тоёота Надиа” маркийн **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ч-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :    

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам, 650 дугаар гүний худгийн хойд замд “Тоёота Надиа” маркийн *** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ч-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь :       

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Г.О-ээс Баянхошууны Хөтөл явах замд явган зорчигч мөргөсөн...гэх тэмдэглэл /хх-04/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүргийн нутаг 11 хороо Баянхошууны хөтөл явах зам 650 дугаартай гүний худгийн хойд замд Т.Nadia маркийн авто машин зүүн зүгт харсан байдалтай зогсож байв. Т.Nadia автомашин нь баруунаас зүүн зүгт явж байсан, явган зорчигч хойноос урд зүгт зам хөндлөн гарч байсан гэх. Замын байдал асфальтан чулуун тэгш халтиргаатай үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээтэй явган хүний замтай хашлага хайсгүй цаг агаар тогтуун байв. Үзлэгээр жолооч явган зорчигч нараар заалган мөн автомашинаас унасан зүйлс зэргийг харгалзан анх мөргөсөн гэх цэгийг авч А үсгээр, явган зорчигч заасан цагийг заалган Б үсгээр, Үл хөдлөх цэгээр зорчих хэсгийн урд байрлах дугааргүй гэрэлтүүлгийн шонг авч В үсгээр тэмдэглэв. Зорчих хэсгийн өргөн 14.0 м явган хүний гарц тэмдэглэлийн урт 4.0м байв. Т.Nadia автомашин баруун урд дугуйнаас урд зүгт хашлага хүртэл 0.70м, баруун хойд дугуйнаас урд зүгт хашлага хүртэл 0.60м А цэгээс урд зүгт хашлага 1.70м, А цэгээс урд зүгт В цэгийн харалдаа 1.60м тэндээс баруун зүгт В цэг хүртэл 5.20м, А цэгээс зүүн Б цэг хүртэл 5.70м Б цэгээс урд зүгт хашлага хүртэл 1.70м явган гарцны баруун зогс шугам тэмдэглэлээс Т.Nadia хүртэл 7.20м Т.Nadia автомашины баруун дугуйн тоормозны мөр 7.30м тоормозны мөрийн хэсгээс урд зүгт хашлага хүртэл 2.30 тус тус байв...гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-05-06, 08-15/,

- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-54/,

- хохирогч Т.Ч-ын...2021.01.14-ний өдөр...Баянхошууны хөтөл явах замын хойд хэсэг, амьдардаг газраасаа гараад Хөтлийн колонкийн буудлын явган хүний гарцаар замыг хойноосоо урагш гарч явсан. Баруунаас зүүн зүгтээ зам налуу уруу учраас баруунаасаа ирдэг авто машинууд хурдтай ирдэг. Иймд би яадаг ч байсан явган хүний гарцаар гарна гэж бодсоор гарцаар гарч явтал баруунаас автомашин хурдтай ирж явсан. Би зам хөндлөн гарч дуусахын үед автомашин намайг мөргөсөн...гэмтлийн эмнэлэгт очоод ухаан орсон... гэх мэдүүлэг /хх-19-20/,

- техникийн шинжээчийн...1. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил, байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, зүүн гар талын ойр болон холын гэрэл, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. Авто тээврийн хэрэгслийн урд гуфер цуурч хагарсан, цагаан өнгөтэй, копут үзүүр хэсэгтээ хонхойсон, хойд буфер замаск ховхорч будаг халцарсан, баруун гар талын урд хаалганы доод хормой хагарсан, хөдөлгүүрээс тос гоожсон, зүүн гар талын дохионы гэрлийн тогтоогч хугарсан, зүүн болон баруун гар талын их гэрлийн тогтоогч сэнж хугарсан, хянах самбар дээр АВS гэрэл асаж, баруун гар талын хойд АВS-ын утас салсан зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд буфер цуурч хагарсан, цагаан өнгөтэй, копут үзүүр хэсэгтээ хонхойсон, хойд буфер замаск ховхорч будаг халцарсан, баруун гар талын урд хаалганы доод хормой хагарсан, хөдөлгүүрээс тос гоожсон, зүүн гар талын дохионы гэрлийн тогтоогч хугарсан, зүүн болон баруун гар талын их гэрлийн тогтоогч сэнж хугарсан, хянах самбар дээр АВS гэрэл асаж, баруун гар талын хойд АВS-ын утас салсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 3. Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй байна. Авто тээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. 4. Шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй авто тээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. 5. *** УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн нэг болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнууд стандартын шаардлага хангаж байна. 6. Тухайн зам тээврийн ослын замын нөхцөл байдал халтиргаа, гулгаа ямар байсныг мэдэхгүй учир тээврийн хэрэгслийн дугуй зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-34-37, 38-39/,

- шинжээчийн дүгнэлт...Т.Ч-ын биед зүүн зулай, чамархай, суурь ясны нийлмэл хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн хацар ясны нумын далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, хоёр өвдөг, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх /хх-43-45/,  

- хохирогч Т.Ч-ын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-56-64/,

- мөрдөгчийн магадлагаа...toyota Nadia маркийн ***** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.../хх-69-70/,  

- шүүгдэгч Г.О-ийн...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхошуунд айлд очоод буцаад гэр лүүгээ явсан, хөдлөхөд орой 19 цаг орчим болж байсан байх. Баянхошууны хөтлөөс телевиз чигтэй уруудаад явж байхад Тэс ШТС өнгөрөөд зүүн зүгт явж байтал миний гараар зүүн гар талаас ертөнцийн зүгээр бол хойноос урагш нэг явган зорчигч гүйж гарч ирсэн. Би тэр үед байдаг чадлаараа тоормос гишгэсэн боловч халтиргаатай байсан учир тэр хүнийг мөргөсөн. Би машинаасаа буугаад тэр хүнийг босгоод гайгүй юу гэж асуутал би зүгээр явлаа гэхээр нь би машиндаа суулгаад түргэн тусламж дуудсан. Миний утасны цэнэг дууссан байсан учраас хажууд ойрхон харагдсан дэлгүүрт гүйж ороод худалдагч охины утсаар дуудлага өгсөн...хохирогчид 130,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-22, 79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч, хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мөрдөгчийн магадлагаа хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.           

Иймд шүүгдэгч Г.О-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.             

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримт гаргаагүй боловч шүүгдэгч нь хохирогчид 2.130.000 төгрөг төлсөн /хх-79, 84, 85/ байх тул шүүгдэгч нь одоогийн байдлаар хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-43-45/ гэж заасан байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :         

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-52/, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 63 настай, хөрөнгө орлоготой буюу тэтгэвэрт, орон сууц, тээврийн хэрэгсэлтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд авагдсан /хх-23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан “тэнсэж, албадлагын арга хэмжээ авах” санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

Гэхдээ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шийдвэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.12-т зааснаар хохирогчид тусгайлан мэдэгдээгүй, танилцуулаагүй буюу хохирогчид олгогдсон ”прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах” эрхийг нь хангасан баримт тус хэрэгт байхгүй, мөн хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарах тухай шинжээчийн дүгнэлтийг зөв үнэлээгүй, шүүгдэгчид албадлагын арга хэмжээний хамгийн зохистой хэлбэрийг зөв хэрэглээгүй буюу “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг орхигдуулсан зэргийг анхааруулж тэмдэглэв.   

Уг хэрэгт шүүгдэгчийн “В” ангиллын 787270 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

   

1. Шүүгдэгч Г.О-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчид оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                  

4. Шүүдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Г.О тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.            

7. Тус хэрэгт хураагдсан “В” ангиллын**** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.     

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.         

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР