| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/302 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/302
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч А.Тунгалагтуяа,
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.С-т холбогдох 2108 00000 0203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 01 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **-н задгайд оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 сарын 27-ны өдрийн 444 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Г овогт П-ын С /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Б-тэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь алхаар цохиж биед толгойн дагз, зулайд няцарсан шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч П.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Б-тэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь алхаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 01 сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **р хороо Зээлийн *** тоотод Л-ийн Б нь толгойдоо гэмтэл авсан...гэх тэмдэглэл /хх-01/,
- хэргийн газар үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, зээлийн ** дүгээр гудамжны ** тоотод болсон гэх ба уг газар нь зээлийн жалганы ертөнцийн зүгээр хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан барьсан Монгол эсгий цагаан гэр байв...Гэрийн дунд байрлах зуухны урд шаланд цус мэт зүйлээр бохирлогдсон бээлий, мөн цус мэт зүйлээр бохирлогдсон сонингийн өөдөс зэрэг байх ба 3 гэж дугаарлан шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг эд зүйлүүдийг шинжилгээнд зориулан хураан авав...гэх тэмдэглэл /хх-03-05/,
- хохирогч Л.Б-ийн...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим архи уусан...Нөхөр С манай хүүхдүүдийг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь энэ асуудлаас болоод маргалдсан. Тэгтэл үүдэнд байсан алхыг С аваад миний толгойн ар дагз руу нэг удаа цохисон.Тэгээд толгойноос цус гарсан. Тэгээд би гэртээ байж байхад гаднаас манай хүү У эхнэр З-гийн хамтаар ирсэн. Тэгээд У манай охин руу залгасан. Охин манайд ирээд 103 дуудсан...гэх мэдүүлэг /хх-17, 20/,
- гэрч Э.У-ын...2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим би эхнэр Х-ын хамтаар ээжийн гэрт очсон чинь ээжийн гэр цахилгаангүй учраас харанхуй байсан. Би гар утасны гэрлээ тусгаад харахад ээж хойд орон дээр хөнжил нөмрөөд хэвтчихсэн С ах хажууд нь зогсож байсан. Тэгтэл зуухны хажуу талд цус гарсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь С ах миний цус байгаа юм аа гэж хэлсэн. Би явах гэтэл ээж миний хүү наашаа ир дээ гээд байхаар нь яваад очтол ээжийн толгойн зулай дагз хэсэгт нь язарсан шархтай үс нь цус болчихсон байхаар нь би юу болсон юм бэ гэтэл наад цус чинь миний цус байгаа юм гэхээр нь би С манай ээжийг зодсон байна гэж бодоод шууд эмнэлэг цагдаа дуудсан юм. Тухайн үед С, ээж хоёроос өөр хүн байгаагүй. Дараа нь С манай ээжийн толгойг алхаар цохисоныг ээжээс сонссон...гэх мэдүүлэг /хх-24/,
- гэрч М.Х-ын...2021 оны 01 дүгээр сарын 14-ний би нөхөр У-ын хамтаар баруун салаанд байдаг хадам ээж Б-ийн гэр лүү очсон. Гэрт ороход хадам аав С, хадам ээж Б нар байсан. Хадам ээж хоймрын орон дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд гэрт гар утасны гэрэл тусгаад харсан чинь зуухны хажуу хэсгээр шалан дээр нил цус болсон байсан...Хадам ээж У-ыг дуудсан. Тэгтэл У ээж дээрээ очсон оо, таны толгойноос чинь яагаад цус гарчихсан юм бэ гэсэн чинь миний цус байгаа юм гэж хэлсэн...Дараа нь хадам ээж хэлэхдээ Ср миний толгойг алхаар цохиж гэмтээсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-26/,
- гэрч Э.О-ын...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19-20 цагийн орчим би гэртээ байж байсан чинь У ах над руу утсаар залгаад ээжийг С ах ээжийн толгой руу алхаар цохисон байна чи гэрт нь хүрээд ир гэсэн. Би тухайн үед эгчийн хүүхдүүдийг харж байсан болохоор очиж чадаагүй гэх мэдүүлэг /хх-22/,
- шинжээчийн дүгнэлт...Л.Б-гийн биед толгойн дагз, зулайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..../хх-30-31/,
- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн Л.Б-ийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна /хх-40-41/,
- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн нэг удаагийн маск, цагаан өнгийн өрөөсөн ажлын бээлий, сонингийн хэсэг, саарал өнгийн хос бээлий, 36 см урттай төмөр алхан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Нэг удаагийн маск, цагаан өнгийн өрөөсөн ажлын бээлий, сонингийн хэсэг дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна /хх-45-46/,
- шүүгдэгч П.С-ын...2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 14-15 цагийн орчим би эхнэр Бадамцэцэгийн хамтаар 0.75 литрийн хараа архи уусан. Тэгээд бид хоёр гэр ойр зуурын асуудлаас болж л маргалдсан байх тэгээд би архи уугаад согтуу байсан уурандаа гэрийн үүдэнд байсан хар өнгийн төмөр бариултай алхыг аваад толгой руу нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан. Тэгтэл гаднаас Б-ийн хүүхэд У эхнэр З-гийн хамт орж ирсэн. Тэгээд тэд нар цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч П.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх ба хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-60, 63-64/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авдаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-66, 69, 71, 73-76, 79-80, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр алхыг зохих журмын дагуу устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгч 2021.03.17-ны өдрөөс 2021.03.23-ны өдөр хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч П.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.С-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжээр тооцон нийт 90.000 төгрөгийг шүүгдэгчийн эдлэх 600.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 510.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.С оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй
6. Шүүгдэгч хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
8. Шүүгдэгч П.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдож байгаа тус шүүгдэгчийг сулласугай.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР