| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Б.Ө холбогдох эрүүгийн 2129000010016 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын 4-р баг Цэций хорооллын 10 дугаар байрны 35 тоотод согтуу хүмүүс зодолдсон гэх дуудлагаар ирж албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Б.Б хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун гарын 1-р хурууны хагас мултрал, хамар, баруун шуу, алганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүч хэрэглэсэн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь мэдүүлэхдээ: “Санамсаргүй байдлаар ийм нөхцөл байдал үүссэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ” гэв.
Хохирогч Б.Б өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа “Өмнөговь аймаг Цогтцэций сум 4-р баг Цэций хорооллын 10 дугаар байрны 35 тоотод согтуу хүмүүс зодолдоод унтуулж амраахгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэний дагуу эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Жавхлангийн хамт дуудлага өгөгдсөн Цэций хорооллын 10 дугаар байрны 35 тоотод очоод хаалгыг нь онгойлгоход онгорхой байх ба дотогш нэвтрэхэд үл таних эмэгтэй өөдөөс гарч байсан. Зөрөөд гэрлүү орох үед уг айлын гал тогоо том өрөөг тусгаарлагч гүйдэг хаалга салж унаж эвдэрсэн гэрийн доторх эд зүйл эмх замбараагүй болсон байдалтай байсан унталгын өрөөний том орны цаад буланд согтоод тасраад унтсан нэг үл таних залуу байсан. Наад талд нь Б.Ө, Э.Даваажаргал хоёр нэг нэгнээсээ зуурсан байдалтай орон дээр сууж байсан. Би Б.Ө, Э.Даваажаргал хоёрт хандаж юу болсон талаар асуухад Ө нь орон дээрээс босож ирээд “бид нар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн зүгээр байна гарцгаачих” гэж хэлэхээр нь би тухайн үед Ө “гомдол мэдээллийн дагуу ажиллаж байна та нар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэж байрны оршин суугчдаас гомдол ирээд байна” гэдгийг хэлтэл Ө нь “цагдаагийн муусайн шээс нар хажуу айлд манайх дуудлага өгөхөөр ирчихээд хүнийг нь орхиод явчихдаг юм байна лээ чаддагаар нь пизда царайлаад бид нарыг л авч явна даа” гэж хараасан. Тэгсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхлан “та нар асуудал гаргалгүй хувцасаа өмсөхийг сануулж” хэлсэн. Гэтэл Ө нь “одоо ингээд бид нарыг аваад цагдааруу явах уу тэ та нар ийм арчаагүй гөлөгнүүд шдээ та нар бусдыг нь авч явж чадахгүй байхгүй юу” гэх зэргээр “пизда” гэж дахин дахин үглээд хараагаад байсан. Би Ө хандаж “чи баримттай юм яриарай, яриад гомдол гаргах газар нь гаргаарай” гэж хэлсэн. Гэтэл Ө нь надруу чичлэж байгаад “чамд хэлдэг газар нь хэлж байна чи яахын хаана хандхын чаддаг юм бол хэлчих” гээд надруу хуруугаа чичээд дайраад байсан. Тэгээд Ө нь надруу дайраад хараалын үг хэлээд “танай цагдаа нар дандаа ийм байхуу хүний мууд дурлагч нар харнаа та нарыг” гэх зэрэг үг хэлж байх үедээ гэнэт миний нүүрэн тус газар цохичихсон би тухайн үед би хэсэг манараад нүдээ дараад, нүдний шилээ дээшлүүлээд “чи яагаад намайг цохиж байгаа юм” гэтэл Ө нь “би чамайг цохиогүй” гээд байсан. Тэгээд би “чи сая намайг цохилоошдээ чи яасан гэж намайг цохиж байгаан цагдаагийн алба хаагчийн биед халдлаа” гэхэд ахлах дэслэгч Г.Жавхлан намайг Ө цохихыг харсан бололтой “чи яахаараа цагдаагийн алба хаагчийг цохидын” гэсэн чинь Ө миний баруун хажуугаар гарч алхаад гэрийнхээ үүдэнд очиж зогсоод гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхлэх шиг болсон, тэгэхээр нь ахлах дэслэгч Г.Жавхлан бид хоёр “чи наад бичлэгээ боль” гээд гар утсыг нь авах гээд очтол эсэргүүцэж намайг гараараа цээжрүү түлхсэн. Түлхэх үед нь би арагш савагдаад толгойн ар хэсгээрээ хана цохисон. Тэр хооронд Ө нь Г.Жавхлангаас зуурсан байдалтай тавихгүй байж байсан. Тэгээд би Ө “чи цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна боль” гэхэд болихгүй байсан тэгээд би ахлах дэслэгч Г.Жавхлантай Ө нь зууралдаад байж байхад Өлзийхүүг цахилгаан гүйдэл цохиулагчаар хөл хэсэгт нь нэг удаа цохиулаад авсан. Гэтэл Ө нь “чи муу яахаараа намайг цахилгаан бороохойгоор бороохойддын” гээд надруу дайрсан. Гэтэл ахлах дэслэгч Г.Жавхлан “боль чи шаардлага эсэргүүцээд байна” гээд Ө хориглосон боловч надруу дайрч байгаад миний баруун гарын эрхий хурууруу утас барьж байсан гараараа хүчтэй цохиод миний баруун гарын эрхий хуруу эвгүй болчихсон тэгээд би дахин хөлийн гуя хэсэгт нь нэг удаа цахилгаан гүйдэл цохигчоор цохиж Ө салгасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Г.Жавхлангийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх үед жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б дуудлага ирлээ гээд хамт Өмнөговь аймаг Цогтцэций сум 4-р баг Цэций хорооллын 10 дугаар байрны 35 тоотод очиход хаалга нь онгорхой байх ба дотогш нэвтрэхэд нэг эмэгтэй гарч байсан. Би цагдаагийн дэслэгч Б.Б хамт уг гэрлүү орох үед гал тогооны хаалга салж унасан мөн гэрийн доторх байдал нь эмх замбараагүй гэр дотор нэг залуу согтуу бололтой унтаж байсан тэгсэн орон дээр Ө, Даваажаргал хоорондоо барьцалдсан маягтай сууж байсан. Цагдаагийн дэслэгч Б.Б, Б.Өү, Э.Даваажаргал хоёроос юу болсон талаар асуухад Ө нь орон дээрээс босож ирээд “бид нар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн зүгээр байна явцгаачих” гэж хэлсэн. Тэгсэн Б.Б, Б.Ө “гомдол мэдээллийн дагуу ажиллаж байна та нар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гомдол ирээд байна” гэж хэлсэн. Тэгсэн Б.Ө нь “цагдаа нар муу сайн шээснүүд чаддагаар нь бид нарыг авч явах гэж байна уу” гэсэн. Тэгэхээр нь би хариуд нь “та нар асуудал гаргалгүй хувцасаа өмсөөд хэлтэсрүү явъя” гэдгийг хэлсэн цагдаагийн дэслэгч Б.Б бас мөн хажуугаас нь хувцасаа өмсөхийг сануулж хэлсэн. Тэгсэн Ө гэх залуу “одоо ингээд бид нарыг аваад явахуу тэ та нар ийм арчаагүй гөлөгнүүд та нар өөр хүмүүсийг авч явж чадахгүй” гэх зэргээр харааж үглээд байсан. Тэгээд цагдаагийн дэслэгч Б.Б Ө хандаж “чи баримттай юм яриарай тийм зүйл байгаа бол гомдол гаргаж болно” гэж хэлсэн. Тэгээд би үүдэнд байж байтал Ө нь Б.Б чичлэж байгаад “чамд хэлж байна чи яахын хаана хандхын хэлчих” гээд Б.Б хуруугаараа чичээд байсан. Тэгж байснаа Ө нь харааллын үг хэлж байгаад гараараа цагдаагийн дэслэгч Б.Б нүүрэн тус газарт нь цохисон тэгээд Б.Б “чи яагаад намайг цохиж байгаан” гэсэн чинь “би цохиогүй” гэж байсан тэгээд би очоод “чи яагаад цагдаагийн алба хаагчийн биед халддаг билээ” гэсэн чинь Өлзийхүү үүдрүү очиж зогсоод гар утсаа гаргаж ирсэн, тэгэхээр нь цагдаагийн дэслэгч Б.Б бид хоёр “чи наад бичлэгээ боль” гэж хэлээд Б.Б гар утсыг нь авах гэтэл Б.Ө эсэргүүцэж гараараа цээжрүү түлхсэн. Тэгсэн Б.Б саваад хойд талынхаа ханыг мөргөсөн. Тэгээд Б.Ө нь надтай зууралдаад тавихгүй байсан. Тэгсэн Б Ө “чи цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна” гэхэд Ө болихгүй болохоор нь цагдаагийн дэслэгч Б.Б цахилгаан гүйдэл цохиулагчаар хөл хэсэгт нэг удаа цохиулсан, тэгсэн Б.Ө нь цагдаагийн дэслэгч Б.Батцэцэгрүү “чи яахаараа намайг цахилгаан бороохойгоор бороохойддын” гээд Б.Б дайрч байгаад утастай гараараа гарлуу нь цохисон тэгээд Б.Б ахин нэг удаа цахилгаан бороохойгоор цохиулсан. Тэгсэн Даваажаргал цаанаас босож ирээд “та нар яагаад дээрэлхээд байгаан” гэсэн тэгсэн Ө нь дайрахаа болиод хэлтэсрүү хамт явахаар болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 650 дугаартай: “Б.Б биед тархины доргилт, баруун гарын 1-р хурууны хагас мултрал, хамар, баруун шуу, алганы цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэдийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ө хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Ө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хас банкны дансны хуулга /хх-ийн 59-80-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Ө нь Б.Ө нь 2020 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын 4-р баг Цэций хорооллын 10 дугаар байрны 35 тоотод согтуу хүмүүс зодолдсон гэх дуудлагаар ирж албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Б.Батцэцэгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун гарын 1-р хурууны хагас мултрал, хамар, баруун шуу, алганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүч хэрэглэсэн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Б.Ө нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, хууль сахиулагчийн биед халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч цагдаагийн дэслэгч Б.Батцэцэгийн мэдүүлэг, гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Ө мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Б.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох тус тус саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн хэмжээг нэмж нэгтгэн нийт 3 150 нэгж буюу 3 150 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Б нь хохирол төлбөрийн талаар баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Ө бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 38.1, 38.2, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн Б.Ө хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн хэмжээг нэмж нэгтгэн 3 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 150 000 төгрөгөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Гомдол гаргасан,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА