Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар   2021/ШЦТ/319

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,   

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Б.Баярбадрах,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох 2008 03324 0051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Овооны *** тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Б овгийн Б-ын О /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :    

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Овооны ***тоотод Б.Б-тай “гар утас блоклолоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газар нь хайчаар хатган эрүүл мэндэд нь цээжний баруун талд 6-7-р хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдсэн нэвтэрсэн элэгний 6-р сегмент, өрц гэмтээсэн шарх, цээж, хэвлийн хөндий дэх цус хурагдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Овооны ***тоотод Б.Б-тай “гар утас блоклолоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газар нь хайчаар хатган эрүүл мэндэд нь цээжний баруун талд 6-7-р хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдсэн нэвтэрсэн элэгний 6-р сегмент, өрц гэмтээсэн шарх, цээж, хэвлийн хөндий дэх цус хурагдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Овооны ** тоотод 2020.01.14-нд иргэн Б.Б мэсийн шархтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн..гэх тэмдэглэл /хх-03/,

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Овооны ** тоотод байшин байх ба  байшингийн үүдний амбаарын гадна хэсэгт ягаан цоохор өнгийн гудасны дотор хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 1 гэж дугаарлаж цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс шингээж хөвөн бентэд шингээж авав. Уг үүдний амбаарын хаалгаар дотогш ороход хохирогчийн өмсөж явсан хувцсыг гялгар торонд түүний хажууд уусан гэх Сархад архины шилийг тавьсан байсныг 3 гэж дугаарлаж шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав гэх тэмдэглэл /хх-4-5, 6-8/,

- хохирогч Б.Б-ын...Бид хоёр өчигдөр гэртээ байж байхдаа үдээс хойшдоо байсан цагийг нь санахгүй байна. Хүргэн ах У-гээс хоолны юм авах гэсэн юм гээд 20,000 төгрөг өгчих гэсэн чинь миний данс руу 20,000 төгрөг хийсэн. Тэгээд миний хаан банкны картыг 14-15 цагийн орчим О авч гараад удалгүй орж ирэхдээ 0,75 литрийн Сархад архи аваад ирсэн. Тэгээд бид хоёр хоёулхнаа нөгөө архиа хувааж уусан. Тэгээд 17 цагийн орчим байх би О-ын гар утсыг нь оролдож байгаад блоколчихсон. Тэгээд тэрнээсээ болоод маргалдаад би О-ыг нэг цохих гэтэл О хайч аваад гэдэс рүү нэг удаа хатгачихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад О Т эгч рүү залгаад удалгүй түүний хүү хүрээд ирсэн, 103-н эмч ирээд тэгээд намайг Т эгчийн хамтаар Гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Миний хэвлий орчмыг цоолоод элэг рүү бага зэрэг нэвтэрсэн шархтай, хэвлийд шингэн ихтэй гээд өчигдөр хагалгаанд орсон. Одоо миний бие гайгүй байна...гэх мэдүүлэг /хх-20-21, 24/,  

- гэрч Б.Т-ийн...2020 оны 11 сарын 14-ний өдөр О над руу залгаад ах цус алдаад байна хурдан хүрээд ир гэсний дагуу очиход Б.Б, Б.О нар гэртээ, Б.Б-ын хэвлийн баруун хэсгээс цус гарч байсан ба түргэний эмч эмнэлэг рүү Б.Б-ыг авч ирсэн...Б-ын хэвлийд үүссэн шархыг эмч хатгагдсан мэсний шарх байна гэсэн би юунаас болж хэн учруулсныг мэдэхгүй байна гэрт нь гадны хүн байхгүй.../хх-26/...шалгааж асуухад О “би Б-ыг хатгачихсан юм аа” гэхээр нь би айж сандраад тухайн үед би гэрээс хол зайсанд явж байсан болохоор өөрийн хүү Х руу яриад миний хүү ахынхаа гэртээ ойрхон явж байвал хоёр ахыгаа ороод үзээдэх гэж хэлсэн хэсэг хугацааны дараа Х над руу залгаад Б ах орон дээрээ цус гоожсон байдалтай хэвтэж байна, та нар хурдан ирэх хэрэгтэй байна гэхээр нь бид түргэн дуудсан...Б цагдаад мэдүүлэхдээ Обид хоёр гар утаснаас болж маргалдаад тэгээд О хайчаар гэдэс рүү нэг удаа хатгачихсан гэж байсан.../хх-28/ гэх мэдүүлэг,  

- гэрч У.Х-ын...манай төрсөн ээж болох Т над руу 17 цаг 40 минутын үед над руу залгаад ахын чинь бие муудаад байх шиг байна гэхээр нь Баянхошууны гудамжаар яваад ээжийн төрсөн дүү болох ах нь Б болон дүү О нарын гэрт нь ирсэн чинь ах нь болох Б орон дотроо хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан ба шалан дээр нь цус гойжсон байсан ба их бол биш бага зэрэг цус гойжсон байсан ба цагаан подволкоор цусыг нь арчих гээд хөнжлийг нь сөхөж харсан чинь баруун хавирганы доод хэсэгт 1-2 см хэмжээтэй зүсэгдсэн байсан ба ээж рүү залгаад хурдан ир гэж хэлээд мөн 103-д дуудлага өгөөд байж байсан ба 103 ирээд шархыг нь гайгүй байна аа. Гэхдээ дотор нь ямар байгааг мэдэхгүй байгаа тул эмнэлэг дээр очих шаардлагатай гэж хэлсэн...Тэгээд би гэрийг нь цэвэрлэж байгаад хутганы саванд хайч байсан ба тэр нь цус болсон байсан, хэн ингэсэн юм бэ гэж асуухад О ах нэлээд согтуу байсан ба ах нь тасарсан байсан байна. Сэрээд харахад ийм юм болсон байна. Би хажуу айл руу орж ээж рүү чинь утсаар хэлсэн юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-30, 32/,  

- хохирогч Б.Б-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-34-42/,

- шинжээчийн дүгнэлт...Б.Б-ын биед цээжний баруун талд 6-7-р хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн элэгний 6-р сегмент, өрц гэмтээсэн шарх, цээж, хэвлийн хөндий дэх цус хурагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-45-46/,

- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Футволконд үүссэн дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна...гэх /хх-51-52/,

- шинжээчийн дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн хайчны голын шургын хажуу, их бие хэсэг дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...гэх /хх-56-57/,

- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн 0,75 литрийн Сархад архины - шинжээчийн дүгнэлт...Б.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболка, хар өнгийн өмд, улаан эрээн даавуун дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх /хх-74-75/,

- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн цус мэт зүйл дээж-1 гэсэн цаасан уутанд хийсэн марль, төмөр иштэй 24 см урттай хайчин дээр АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн...гэх /хх-78-79/,  

- шинжээчийн дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн даавуу, саарал өнгийн футболка, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх алаг өнгийн дотоож дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Ягаан эрээн өнгийн даавуу, саарал өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна...гэх /хх-83-84/,

- шүүгдэгч Б.О-ын...Би өөрийн төрсөн ах Б болон өөрийн төрсөн эх Ц-ийн хамтаар амьдардаг байсан тэгтэл 2019 оны 04 дүгээр сард манай ээж ходоодны хорт хавдраар нас бараад тэгээд түүнээс хойш би Б ахтайгаа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Овооны ** тоотод амьдрах болсон юм. Тухайн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдөр 15 цагийн орчим ах Б-тай архи уухаар яриад тэгээд ахын дансанд байсан 20,000 төгрөгийг түүний картаар Баянхошууны 112-н автобусны буудал дээр байдаг АТМ-с аваад, нэг залуу 0,75 литрийн Сархад архи зарна гэхээр нь тэрийг худалдаж авсан. Ингээд гэртээ хариад Б ахтай архи хувааж уусан. Тэгээд бид хоёр нөгөө архиа хувааж ууж байтал 17 цагийн орчим манай ах Б миний гар утсыг оролдож байгаад блоколчихоор нь би уурлаад бид хоёр үүнээс болж том өрөөнд хэрэлдэж байтал Б ах баруун гараараа миний зүүн шанаа руу цохих гэхээр нь би уурандаа том өрөөний текний хажуу талын ширээн дээр байсан цайвар өнгийн төмөр хайчийг аваад ахын хэвлий тус газар нь нэг удаа хатгачихсан чинь ахын гэдэснээс цус гараад байсан. Би тухайн үед сандарсандаа эгч Т руу залгаад Б ах цус алдаад байна хурдан хүрээд ир би хайчаар хатгачихлаа гэж хэлсэн чинь эгч за би одоо очлоо гэж хэлсэн. Удалгүй Т эгчийн хүүхэд Х ороод ирсэн тэр үед манай ах Б орон дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд Х103 дуудсан. Т эгч Б ахыг аваад 103-тай хамт явсан. Харин намайг цагдаа нар эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх-97-98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд объектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд тус гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэж үзэх баримтат үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нь тухайн ахуйн хэрэглээний хайчийг гэмт хэрэг үйлдэхэд зэвсгийн чанартайгаар тусгайлан бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.        

Иймд шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогчид эмчилгээний улмаас учирсан 420.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн талаар тухайн оролцогч нар мэдүүлсэн, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүйгээ мэдүүлсэн /хх-133/ байх боловч хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :             

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, 46 настай, ам бүл 2, ахын хамт амьдардаг, өмнө нь гал сөнөөгчөөр ажиллаж байсан, одоо хүргэн ахтайгаа болон хувиараа авто засвар, гагнуур, барилгын засварын ажил эрхэлдэг, хувийн тээврийн хэрэгсэлтэй, 5100363703 тоот дансандаа хийх ажлын хөлсний урьдчилгааны гэх 10.000.000 төгрөгийн орлоготой зэрэг түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдлын талаарх бусад нотлох баримт авагдсан /хх-24, 28, 99, 101, 106, 108-109, 111, 112, 114, 119, 120, 124-128, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.      

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай өмгөөлөгч, хохирогчийн санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс түүний гаргасан хөрөнгө, орлогын нотлох баримтын хүрээнд торгох ял оногдуулсан тул шүүгдэгч нь дээр дурдсан өөрийн хөрөнгө, орлого болох тээврийн хэрэгсэл, дансан дахь 10.000.000 төгрөг зэргийг хууль бусаар зарцуулах, шилжүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргахгүй байхыг сануулж, торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.       

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг ахуйн хайч хураагдсан /хх-9-11/, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус  тус дурдав.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 10.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.       

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР