Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар   2021/ШЦТ/331

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Гантуяа,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.А,      

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох 2003 00413 0387 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 найз охин, 4 дүү, хадам аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Зээлийн *** тоотод амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Б-ы Т, Регистрийн дугаар *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны урд замд Тоёота Приүс маркийн ***** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Д.Н-ийг мөргөж, ослын улмаас Д.Н-ийн амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :    

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны урд замд Тоёота Приүс маркийн **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Н-ийн амь нас хохирсон, улмаар  авто тээврийн хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан болох нь :       

- 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл...Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32-р байрны урд замд үйлдэгдсэн байх ба асфальт шулуун тэгш хуурай зохицуулдаг уулзвар, явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг чөлөөтэй, тогтуун, 1 чигийн хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, эгнээний тоо 3, явган хүний замтай, хашлагатай, хайстай, үзлэгийн баг дуудлагаар очиход осол гаргасан гэх Т.Приүс маркийн автомашин ослын газрыг орхин явсан байсан гэх Б.Т-гээс анх явган зорчигч автомашинд мөргөгдсөн гэх А цэгийг байрлуул гэхэд зорчих хэсгийн 2-р эгнээний харалдаа явган хүний гарцан дээр байрлуулсан хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан...үзлэг явуулсан, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-08-16х/,   

- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл...Приүс маркийн *** УБИ улсын дугаартай автомашины жолооч нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-н автобусны буудлын явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөж, амийг хохироож, ослын газрыг орхин яваад Сонгинохайрхан дүүргийн 5 шарын салбар болох Сансар сүлжээ дэлгүүрийн баруун талын дугуй засварын үүдэнд байрлуулсан байсныг олж тогтоосныг үзлэгийн баг очиж үзлэг хийв. Уг авто машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай дугуй засварын газрын чанх хаалганы үүдэнд зогсож байсан. Уг автомашиныг тойрон шалгахад авто машины зүүн талын кирло салаад унжсан их гэрэл тэр хэсгээрээ байхгүй, копуд цөмөрсөн урд гуприйн зүүн хэсэг тасарч алга болсон. Урд салхины шил зүүн талаараа цөмөрч хагарсан хойд гүпер, баруун хэсэгт цөмөрч хагарсан, хойд баруун гэрэл цөмөрсөн хагарсан гэмтэлтэй байв. Крималастикийн шинжээч жолооч талын хаалганы урд хэсгээс гарын мөр бэхжүүлэн авсан, зүүн урд кирлоны дотор эвдэрсэн хэсгээс цоохор эрээн бор өнгийн тасархай даавуу зүүгдэж үлдсэн байсныг хураан авсан, урд 2 суудал болон 2 шалавчин дээр шил хагарч бутарсан...гэх тэмдэглэл, гэрэл зураг /1х-ийн 17-20/,   

- түргэн тусламжийн дуудлагын хуудас.../хх-226/, гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1х-21-26/, 

- шинжээчийн дүгнэлт : 1. Талийгаач Д.Н-ийн цогцост сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн салсан хугарал, нугамны тасрал, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, зүрх, элгэнд шарх, үнхэлцэг хальсны урагдал, аарцаг ясны хэлбэр алдагдсан хугарал, баруун, зүүн атгаал, баруун шаант ясны далд хугарал, толгой, хэвлий, нуруу, баруун шаанд шарх, нүүр, бие, мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын гэмтэл болно. З.Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.../1хх-75- 79х/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н...Миний нөхөр Д.Н нь 1995 оны 06 дугаар сарын 26-ний өдөр Ховд аймаг Үенч суманд төрсөн...Маш  гомдолтой, зээл болон буяны зардал цаашид гарах 49 хоног бусад зардлыг нэхэмжилнэ. Үр хүүхэд нь өнчирсөн...гэх мэдүүлэг /хх-42-43/,    

- насанд хүрээгүй гэрч О.Н-гийн“...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Тоёота Приүс маркийн *** УБИ улсын дугаартай автомашинд шөнийн 03 цагийн үед 3 дугаар эмнэлгийн автобусны буудлаас урд талын суудал дээр нь суугаад хойд талын суудал дээр Х гэх хүн сууж явсан. Т машин жолоодон бид 3 Цамба өнгөрөөд 60 гаран км цагийн хурдтай явж байгаад Хар хорин захын гүүр өнгөрөөд 80 км цагийн хурдтай явж байтал гэнэт урдаас нэг юм сүүмэлзээд ороод ирсэн...цааш үргэлжлүүлээд явсан. Би нүдээ аньсан байсан болохоор юм харагдаагүй нэг мэдсэн Драгон төв арай хүрэлгүй 1 дүгээр эгнээнд шахаж зогссон...Тэгээд замын машинд суугаад хэргийн газарт ирсэн. Тэндээ хэмжилт хийлгээд замын цагдаа руу очиж Тэлмэн хэргээ хүлээсэн...” гэх мэдүүлэг /1хх 34-35х/,   

- гэрч З.Х-ын:...тухайн өдөр би согтуу байсан...Т-гийн машинд суусан, цуг явж байгаад хүргүүлэх гээд хойд талын суудал дээр, машинд явсан охин жолоочийн хажуу суудал дээр Т машин жолоодон Саппора дээрээс хөдлөөд 5 шар чиглэлтэй явсан, би машин дотор нь суугаад шууд унтаад өгсөн, машины урд талын салхины шил хагараад урд сууж байсан охин орилоод хойд суудал руу ороод ирсэн би охины толгойг дараад доош тонгойсон өмнөөс шил үсрээд байсан. Би юу вэ гээд орилсон салхины шил хагараад 2 тийшээ машин ганхаад савлаад хэсэг явж байгаад 1 дүгээр эгнээнд зогссон. Т бид 2 машинаас буугаад юу болсон бэ гэхэд дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би руль дээрээс Т-г холдуулаад арын суудалд суулгасан. Урд сууж байсан охин Т хүн мөргөсөн гэж хэлсэн, би юу яриад байгаа юм бэ явъя, буцаад осол болсон газар очъё гээд замын эсрэг талаас машин зогсоогоод бид 3 суугаад явсан.  Цуг явсан охин Т хүн мөргөсөн гэж нэг эгч рүү утсаар яриад байсан Саппора төвийн хойд замд эгч нь ирээд бид гурав машинд нь суугаад хэрэг болсон газар дээр очиход цагдаа, эмнэлэг бүгд ирсэн байсан гэх мэдүүлэг /1х-ийн 63/,  

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.А-гийн...Т манай барилгын бригадад ажилтан байсан...Манай барилгын засалчин Анугийн дүү гээд Н хааяа ажил хийж байгаа харагддаг ба хааяа машинаа өгчих 50.000 төгрөг өгий гээд жолооч дагуулж ирээд аваад явдаг байсан...2020 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Н манай гэрт байхдаа би машин унаад дэлгүүр ороод ирье гэсэн...Шөнө дунд  03 цагийн үед би сэрээд  Н-ийн гар утас руу залгаад машин аваад ир ах чинь өглөө ажилтай гээд байхад гэсэн чинь одоо очлоо аниа гээд утсаа салгасан, төд удалгүй Т над руу залгаад аниа нэг асуудал гарсан,  та хурдан ир гэсэн тэгээд би манай гэрийн гадаа байсан найз С-гийн машиныг унаад 21 дүгээр хорооллын арын замаар яваад Цамбагарав худалдааны төвийн замын хойд талд Н, Т, Х гурав зогсож байсан, би юу болсон талаар асуухад мэдэхгүй таны машиныг унаж яваад хүн үү шон уу мэдэхгүй байна нэг юм дайрсан гэсэн би машиныг хэн барьж явсан юм бэ гэсэн чинь Т би жолоодон яваад юм мөргөсөн гэж өөрөө хэлсэн...Тэр гурвыг машиндаа суулгаад осол болсон гэх 32 дугаар байрны автобусны буудлын урд очиход цагдаа дөнгөж ирсэн байсан би шууд Т-г машинаас буулгаад тэнд байсан цагдаа дээр очоод осол гаргасан хүүхэд нь энэ байна гэж хэлээд цагдаагийн машинд суулгаж өгсөн. Н-гийн бие нь нэл шилний ирмэг болсон байсан. Тэлмэн дараа нь машинаа зааж өгсөн...Би Н-гт машин унах зөвшөөрөл өгсөн.../1хх-47-48/, Би Т-д жолоодох эрх өгөөгүй, Н-т өгсөн...гэх мэдүүлэг /1хх-50/,

- гэрч Т.Э-ны...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн үед *** УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн нутагт ертөнцийн зүгээр баруун тийш зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр яваад Хархорин захын гүүрний зүүн талын Цамбагаравын гэрлэн дохио улаан асаад зогсож байтал 3 дугаар эгнээгээр 1 машин маш хурдтай бараг 120-140 км цагийн хурдтай өнгөрсөн. Би номер дугаарыг нь харж амжаагүй, бөгсний гэрлийг харахад Тоёота Приүс маркийн машин байх шиг харагдсан. 32 дугаар байрны автобусны буудал орчимд явган хүний гарцын хэсэгт машины хойд талын тоормосны гэрэл асаад харагдахгүй алга болсон. Тэгээд ногоон гэрэл асаад би цааш яваад 32 дугаар байрны явган хүний гарц дөнгөж өнгөртөл Америк цөлийн шар өнгийн 1 ширхэг гутал зам дээр хэвтэж байгаа харагдсан. Цааш 50-80 метрт зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цэргийн хээрийн эрээн хувцастай хүн хэвтэж байсан. Тэгээд би машинаа автобусны буудлын баруун талын үзүүр дээр байрлуулаад 102,103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-72/, 

- гэрч Н.Ж-ийн...тухайн шөнө, 32-н автобусны буудал дөнгөж өнгөрөөд зам дээр нэг овоолчихсон хар хувцас шиг зүйл харагдсан. Хажуугаар гарах үед хувцас биш хүн шиг харагдахаар нь би цагдаад дуудлага өгсөн...Цагдаа ирсний дараа би машинаасаа буухад хүн хэвтэж байгаа газрын ойролцоо хар өнгийн Тоёота Приүс маркийн машины хагархай том гүпэр болон шилний хагархай тэр хавиар байсан...” гэх мэдүүлэг /1хх-54-55/,  

- шинжээчийн үзлэг ба шинжилгээ, дүгнэлт :  21х25 см цагаан цаасан дээр хар бичгээр №4 –жолоочийн хаалганы дотор талаас...хар нунтаг ашиглан бэхжүүлсэн гарын мөрүүдийг ил задгайгаар ирүүлсэн...4. №4 дугаартай гарын мөр Батчулууны Тэлмэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын гарын эрхий хурууны дардастай тохирч байна.../1хх 139-141/,

- мөрдөгчийн магадлагаа...Т.Приүс маркийн *** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Батчулуун овогтой Тэлмэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 8.9 гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Н Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна /1хх- 213/,

- шинжээчийн дүгнэлт : 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагархай хуванцар нь **** УБИ улсын дугаартай Тоуота П-20 маркийн автомашины урд бамбайн зүүн талын хагархай хэсэг мөн байна /1х-168-173/,  

- шүүгдэгч Б.Тэлмэнгийн:...2020.08.12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Н Т.Приус **** УБИ улсын дугаартай машиныг жолоодон байрны гадна ирсэн, би гарч ирээд тэр автомашиныг жолоодсон, 3, 4 дүгээр хорооллоор яваад, Х-ыг суулгаад, 04 цаг болж байхад Саппора дээр байж байгаад 5 шар орохоор явсан...Тухайн үед би 80 км хурдтай явж байсан. Тэгээд 32-н автобусны буудлын гэрэл дохио улаан гэрэл ассан байсан зогсоогүй шууд тэр хурдаараа явган хүний гарцан дээгүүр өнгөртөл Н-ийн урд талаас нэг хар юм цонх цөмлөөд ороод ирсэн, тухайн үед хүн гэж мэдээгүй хэсэг зуур ухаан балартаад рулиэ бариад нам тоормос гишгээгүй хурдаа сааруулаагүй чигээрээ яваад Драгон төвийн автобусны буудлын харалдаа зам дээр зогссон хойно урд талд машин байгаагүй...Тэгээд замын эсрэг талаас замын унаанд суугаад буцаад осол гарсан газар очтол хүн газар байсан. Тэгээд тэнд байсан цагдаа дээр очоод энэ хүний мөргөсөн хүн би байна гэж хэлсэн...Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэх мэдүүлэг /2х-91-92, 167-168/, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Яллах дүгнэлт үйлдэхэд тавигдах шаардлагын хүрээнд зарим алдаа гарсан байх боловч тус хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааруулаагүйг тэмдэглэв.       

Иймд шүүгдэгч Б.Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9 г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэх болон Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг болох : а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Д.Н-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас нийт 14.486.322 төгрөг нэхэмжилсэн /1хх-228-250, 2хх-1-16, 31-38, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба нийт хохирлыг хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, нотлох баримтын хүрээнд багцлан ангилахад : оршуулах ажил явдлын үед зарцуулсан шатахууны зардал 306.000 төгрөг, оршуулах үйлчилгээ, төлбөр 2.921.500 төгрөг, шашны зан үйлийн эд зүйлс, ном айлтгал-835.000 төгрөг, хүнс бараа-2.832.860 төгрөг, талийгаачийн аав, ээж ирж, буцсан унааны зардал, тухайн үед хэрэглүүлсэн эм тариа 224.730 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтран амьдарч байсныг тогтоолгох нэхэмжлэлийн зардал 81.718 төгрөг, талийгаачийн 49 хоног хураах шашны зан үйлд 1.574.800 төгрөг, Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.709.714 төгрөг тус тус хамаарч байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос амь хохирогчийн Хаан банкнаас 2018 онд авсан цалингийн зээлийн үлдэгдэл 5.709.714 төгрөг /2х-31-38/ нь талийгаачийн ар гэрийн хэрэгцээнд зарцуулагдсан буюу тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралгүй бөгөөд шаардлагынх нь үндэслэл хангалтгүй байх тул хангах боломжгүй, харин бусад хохирол болох 8.776.608 төгрөгийг хэрэгт цугларсан нотлох баримт, иргэний хариуцагч, шүүгдэгч нар төлөхөө зөвшөөрсөн мэдүүлгийн хүрээнд хангах үндэслэлтэй ба шүүгдэгч талаас 950.000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй хохирлын дүн 7.826.608 төгрөг байна.     

Тус төлөгдөөгүй хохирлын 7.826.608 төгрөгөөс 3.826.608 төгрөгийг шүүгдэгч  Б.Т-гээс, 4.000.000 төгрөгийг иргэний хариуцагч М.А-аас тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д олгуулах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь :       

Шүүгдэгч, иргэний хариуцагч нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1хх-47-48, 50, 2хх-70, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтаас үзэхэд Б.Т, О.Н нар М.А-гийн удирдлага дор барилгын бригад болон хамтран ажиллаж байсан, М.А **** УБИ улсын дугаартай, Тоуота приус маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч өөрөө эзэмшин ашигладаг байсан, Б.Т нь тухайн **** УБИ улсын дугаартай, Тоуота приус маркийн тээврийн хэрэгсэл М.А-гийн өмчлөл буюу эзэмшлийнх болохыг анхнаасаа мэдэж байсан байх ба шүүгдэгч нь тийнхүү тус тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүйг түүнчлэн жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг тус тус бүрэн ухамсарлаж, мэдэж байсан атлаа гагцхүү өөрөө дур мэдэн ашиглаж улмаар зам тээврийн ноцтой осол гаргасан байх тул тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг дур мэдэн зөвшөөрөлгүй ашигласан шүүгдэгч Б.Т-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг ашигласнаас үүссэн гэм хорыг хариуцах үндэслэлтэй.       

Мөн тухайн *** УБИ улсын дугаартай, Тоуота приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч М.А нь насанд хүрээгүй, жолоодох эрхгүй хүүхэд болох О.Н-т тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл олгон түр шилжүүлсэн нь нэгэн зэрэг О.Н-ийн найз Б.Т-д зөвшөөрөлгүйгээр дамжуулан ашиглах боломжийг олгосон үндэслэлд хамаарч байх тул иргэний хариуцагч М.А тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд гэм хорыг нөхөн төлөх, мөн өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг бусдад олгосон бол гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-гийн бусдад учруулсан гэм хорын төлбөрийг тодорхой хэмжээ хязгаарын хүрээнд төлөх үүрэгтэй болно.               

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдэдээ гэм хор учруулсны төлбөр, мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.А иргэний нэхэмжлэгчийн хувьд буюу тухайн зам тээврийн ослын улмаас өөрийн эзэмшлийн *** УБИ улсын дугаартай, Тоуота приус маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээгүйг дурдав.    

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :         

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх ба тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 8, найз охин, хүүхэд, хадам аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, өнчин, хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-58, 70, 208-209, 2хх-57-58, 89-90, 121, 125, 140-145, 149, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.        

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах үндэслэлтэй.  

Шүүгдэгч Б.Т нь тус гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй, харин тус хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед насанд хүрсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байхаас гадна өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр шийдвэрлэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт зааснаар ял оногдуулах үндэслэл, журамд хамаарахгүй тухай хориглосон хэм хэмжээ хуульчлагдаагүй байх тул шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус  оногдуулсан 04 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тэлмэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож буюу 45 хоногийг нэмж, шүүгдэгч Б.Т-ийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 02 жил 01 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах тухай улсын яллагчийн саналыг хууль зүйн үндэслэлийн хувьд хүлээж авах, зөвтгөх боломжгүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгах тухай” саналыг хүлээж авах үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ.      

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

1. Шүүгдэгч Б.Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус  оногдуулсан 04 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн   27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож буюу 45 хоногийг нэмж, шүүгдэгч Б.Т-гийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 02 жил 01 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн эдлэх 02 жил 01 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-гээс 3.826.608 төгрөгийг, Иргэний хуулийн 499 дүгээр 499.1, 499.3-т зааснаар иргэний хариуцагч М.А-гаас 4.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д олгосугай.    

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

7. Шүүгдэгч Б.Т-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР