Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,   

Улсын яллагч С.Энхням,    

Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ш-т холбогдох 2108 00000 0293 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Дамбадаржаа *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Хужирт ** тоотод түр оршин суух урьд: Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн Эрүүгийн хэргийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 5,353,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаж ял бүрэн биелсэн, Б овогт Н-ын Ш /РД:******/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ** тоотод байрлах хохирогч Н.Э-ын гэрт “мөнгө нэхлээ” гэж уурлан Н.Э-ын толгойд заазуураар цохиж дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, *** тоотод байрлах хохирогч Н.Э-ын гэрт “мөнгө нэхлээ” гэж уурлан Н.Э-ын толгойд заазуураар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :        

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл...хадам миний толгойн хэсэгт заазуурдлаа.../хх-01/,  

- хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Хужирын** тоот гэрт болсон тухай /хх-03-05/,   

- хохирогч Н.Э-ын...2021 оны 01 дүгээр сарын 27-ны 10 цагийн үед манай хадам аав Ш манай гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Манай компанийн цалин 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буусан юм. Хадам аав Ш-т 50,000 төгрөг зээлүүлсэн байсан ба гэрт орж ирэхэд нь цалин буусан юм чинь зээлсэн мөнгөө өгөхгүй юм уу гэтэл надад хандан би чамайг ажилд оруулж өгсөн, надаас мөнгө авах нь уу гэсэн тэгээд манай гэрээс гараад удалгүй гартаа заазуур бариад ороод ирсэн. Би тэгэхэд гэрийнхээ баруун талд байрлах орон дээр хэвтэж байтал миний толгойн хэсэг рүү заазуурны булангаар цохисон. Тэгээд би эмнэлгийн байгууллага болон цагдаад дуудлага өгсөн юм...Түргэн тусламжийн эмч ирээд 4 ширхэг оёо тавьсан...гэх мэдүүлэг /хх-17-18, 49/,  

- гэрч Ш.О-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн аав Ш-аас 50,000 төгрөг авах авлагатай учраас тэрийгээ авах талаар хэлээд өнгөрсөн. Манай аавынх манайхтай нэг хашаанд байдаг бөгөөд нөхөр Э-ын хамт орой гэртээ байж байхад 23 цагийн орчим аав гэрт орж ирээд “та нар яасан мөнгөө авна гэсэн юм уу” гээд согтуу уурлаж, хашгираад орж ирэхээр би “авъя, таныг архи уулгаж байсны оронд хүүхдүүддээ памперс авъя” гэсэн чинь өөдөөс “би та нарыг энд хашаан дотроо авчирсан байхад та нар мөнгө нэхлээ” гээд манай гэрээс гараад гэр лүүгээ яваад орсон. Удалгүй манай нөхөр орон дээр хэвтэж байхад толгойн ард хэсэг рүү нь заазуурын ар талаар нь нэг удаа зүссэн. Тэгээд манай нөхөр босож ирээд хоёр гарыг нь хөдөлгөөнгүй бариад, би заазуурыг нь булааж аваад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-20/,  

     - эмчийн үзлэгийн дүгнэлт...царайны илрэх, шаналсан, цонхийсон, баруун дагзны хэсэгт 3 см орчим зүсэгдсэн шархтай, хүзүүний ар луу цус урссан байв...4 оёдол тавьсан...гэх /хх-13-14/,

 - шинжээчийн дүгнэлт...Н.Э-ын биед дагзны хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-33-34/,    

        - шүүгдэгч Н.Ш-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цалин буухаар нь гэртээ ганцаараа 1 шил архи ууж дуусгачихаад байж байхад охин О “зээлсэн мөнгөө авъя” гээд байхаар нь миний уур хүрээд гэрт нь орж хэрүүл хийж байгаад буцаж гэр лүүгээ ороод заазуур аваад Э-ыг орон дээр хэвтэж байхад заазуурны ар талаар нь толгой руу нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.          

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх /хх-49, 84/ ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-71, 75-76/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, галч ажилтай буюу тогтсон цалин хөлсний орлоготой, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж, /хх-43, 54, 55, 57, 61-62, 68, 71, 80-83/ судлагдсан байна.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шинэбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуур хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Н.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР