Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 18

 

 

Ц.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н. Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00154 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн ***цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2029788 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н. Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн ***хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 11 сарын 23-нд багшаар ажилд орсон юм. Уг ажилд орсноос хойш өөрийн хуваарьт ажлыг хангалттай сайн гүйцэтгэж байсан. Гэвч намын шугамаар хуучин ажиллаж байсан эрхлэгч нь солигдож эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Б 2017.01.23-ны өдөр Б/03 тоот тушаалаар намайг үндэслэлгүй чөлөөлсөн. Учир нь уг тушаалдаа намайг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил албан тушаалдаа тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үндэслэлгүй заалтуудаар чөлөөлсөн хэрнээ миний оронд мөн л нарийн мэргэжлийн хүн биш, биеийн тамирын багш хүнийг авсан. Миний хувьд ажил үүргээ гүйцэтгэснийхээ хажуугаар сурч боловсорч мэргэжил эзэмших боломж нөхцөл их байна. Тушаал гарснаас хойш өөрийнхөө эрхийг хангуулахаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан боловч намайг буцаж орохыг зөвлөсөн албан бичгийг цэцэрлэгийн захиргаанд өгсөн хэдий ч уг цэцэрлэгийн эрхлэгч өнөөг хүртэл ажилд авахгүй байгаад гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2607543 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016.11.22-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллласан бөгөөд өмнөх эрхлэгч Д.Э нь Ц.Сг 2016.11.21-ний өдөр бүлгийн багшийн ажилд томилсон тушаал гаргасан. Д.Э нь Ц.Сг ажилд томилохдоо түүнд бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Ц.С нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд өмнө нь ***Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016.05.03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудад заасан үндэслэлээр ажлаас халагдсан байсан. Ц.Сг бүлгийн багшаар ажиллаж байх хугацаанд дээрх үндэслэлээр халагдсаныг мэдээгүй байсан ба Ц.Сг дуудаж “Д.Э эрхлэгч тантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна, таны өмнөх ажлаас чөлөөлөгдсөн тушаал чинь хэрэгтэй байна” гэхэд “би өмнөх ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, надад тэр тушаал байхгүй” гэж худал хэлж байсныг сүүлд мэдсэн. Мөн 2016.12.28-ны өдрийн 3/2117 дугаартай аймгийн Засаг даргын Тамгын гзарын дарга Б.Гоос “сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсон хүчнийг ажиллуулахыг даалгасан” албан бичиг ирүүлсэн. Одоо Ц.Сгийн оронд бүлгийн багшаар ажиллаж байгаа багш мэргэжилтэй Д.Ц нь 2017.01.09-ний өдөр манайд ажилд орох хүсэлтээ гаргасан тул миний бие бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолт  болон аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийг мөрдөж нягтлан бодогч мэргэжилтэй Ц.Сг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудыг үндэслэн 2017.01.23-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн болно, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Сг Дорноговь аймгийн ***Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 1 847 300 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн ***Цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, ажилгүй байсан үеийн олговорт нэхэмжилсэн шаардлагын үлдэх 182 488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн ***Цэцэрлэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн ***Цэцэрлэгээс 114706 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, ... зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Б давж заалдсан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

1. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б\105 тоот захирамжаар ажил хүлээлцэх болсныг 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой ажил тарахад мэдсэн тул 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлцэхээр болсон. Ингээд 11 дүгээр сарын 22-ны өдөр бүлгийн багшаар ажиллаж байсан Х.Б намайг өрөөндөө дуудан би чамайг бүлгийн багшаар ажилд авсан учир эхлээд бүлгийн багшийн үүрэгт ажлаас чинь би чөлөөлөх ёстой. Чи бүлгийн багшаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэж хэлээд өргөлдийг авахдаа он сарыг нь 11 дүгээр сарын 21-ний өдрөөр буюу 1 өдрийн өмнөөр бичүүлэн авсан. Мөн Төрийн албаны тухай болон СӨБ-ын тухай хуулиудыг үл хүндэтгэн тухайн ажлын байранд сонгон шалгалт зарлалгүй эрх мэдлээ урвуулан ашиглаж найз нөхдийн хүрээнд шийдвэрлэж Ц.Сг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тушаал гарган 11 дүгээр сарын 23-ны өглөө шууд ажилд авсан. Түүнчлэн өөрөө ажлаа хэзээ хүлээлцэхээ мэдээгүй байсан Д.Э нь хувийн үзэл бодлоор хандаж тэнд суралцаж байгаа хүүхдийн эрх ашгийг бодолгүйгүйгээр мэргэжлийн бус хүн авсан бөгөөд Д.Э нь Ц.Сг ажилд томилохдоо түүнд бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, мөн түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/2117 дугаартай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Гоос “сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсон хүчнийг авч ажиллуулахыг даалгасан” албан бичиг ирүүлсний дагуу багш мэргэжилтэй хүн ажилд авсан болно.

2. Ц.С нь тус сумын ЗДТГ нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2,700,000 төгрөгийг хувьдаа завшин санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь Аудитын дүгнэлтээр тогтоогдож 1 жилийн хугацаанд ажилд орохгүйгээр чөлөөлөгдсөн байхад өмнөх эрхлэгч Д.Э нь бүлгийн багшаар ажилд авсан байсан. Ц.С нь өргөдөлдөө Х.Б намайг намын шугамаар ажилд томилогдсон гэх мэтээр ёс зүйгүй өргөдөл гаргасан байна.

3. Улсын төсвийн байгууллага болох хүүхдийн Цэцэрлэгээс төлбөр гаргуулах, ажилд эгүүлэн ажилд тогтоох шийдвэр нь төсвийн болон төрийн албаны тухай хуульд үл нийцэж байгаа тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. С нь өмнө нь нягтлангаар ажиллаж байгаад санхүүгийн зөрчил гаргасан учир төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан байдаг. 11 сарын 22-нд аймгийн Засаг даргын захирамжаар Д.Эийг цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөөлж Х.Бийг томилсон. Э чөлөөлөгдөхдөө 11 сарын 21-нд тушаал гаргаж Сг ажилд авсан нь хууль зөрчсөн байна. Дээрээс мэргэжлийн боловсон хүчин ав гэж шаардсаны дагуу Сг ажлаас нь чөлөөлсөн. Бид хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажиллах ёстой, тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх ***цэцэрлэгийн бага бүлгийн багш жирэмсний амралтаа авсан байсан учир би ажилд орьё гэсэн өргөдлөө өгч байсан. Тэгэхэд намайг аваагүй, өөр хүн авсан байсан. Э эрхлэгч над руу залгаад, та манайд өргөдөл өгч байсан байна, ажилд орох хэвээрээ юу, Б эрхлэгч болох гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд нь би ажилд орох хэвээрээ гэж хэлсэн. Ажил хүлээлцэхэд ирээрэй гээд 23-нд намайг дуудсан. Түүнээс биш найз нөхдийн холбоо болон албан тушаалаа урвуулан ашиглаж намайг ажилд авсан, орсон зүйл байхгүй. Намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгэр халагдсан гэж ярьж байгаа нь худал юм. Мэргэжлээрээ нэг жил ажиллахгүй л гэж байгаа. Намайг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гээд байгаа, би хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж явахгүй, байгууллагын дарга байгуулах ёстой байх. Гэхдээ би Б эрхлэгчид хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж хэлж байсан. тэгсэн чинь хуучин эрхлэгч байгуулах ёстой, би байгуулахгүй, хуучин эрхлэгчтэйгээ ярь гэж хэлж байсан. Намайг мэргэжлийн бус гэж ажлаас халсан, би цаашид энэ чиглэлээрээ сурна гэж бодож байгаа, энэ талаараа ч Б эрхлэгчид хэлсэн. Цаашид сурч боловсрох, ажиллах нөхцлийг минь бүрдүүлээгүй, ажлаас халж намайг хохироож байгаад гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ажлаас халсан тушаал нь алдаатай гарсан. Алдаатай гарсан тушаал байсаар байхад ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэсэн шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд багшлах эрх байхгүй гэж байна. Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд төрийн албанд ажилд авахдаа бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүнийг ажилд авна гэсэн зөвлөмж, тодорхойлолт ирсэн байдаг тул энэ шаардлагыг хангаж байгаа гэдэг нь  хэрэгт авагдсан түүний дипломны хуулбараар нотлогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил ур чадвараар тэнцэхгүй гэдэг нь боловсролын үнэмлэхгүйдээ тэнцэхгүй гэж байгаа болохоос биш мэргэжил ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн зөвлөмж гарсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.С нь Дорноговь аймгийн ***Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан бэлтгэл бүлгийн багшийн ажлаас буруу халсаныг тогтоолгож, ажилд эргүүлэн тогтоох, буруу халсан үеийн олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин 2029788 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдол /нэхэмжлэл/ гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч буюу Дорноговь аймгийн ***Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Б нь  эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Сг ажлын байрны шаардлага мэргэжилд тэнцэхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэгч Ц.Сг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, буруу халсан үеийн олговорт 1847300 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж, маргаанд холбогдох хуулийн зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

            Ажил олгогч буюу Дорноговь аймгийн ***Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасныг үндэслэн  ажилтныг буюу нэхэмжлэгч Ц.Сг Дорноговь аймгийн ***Хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшийн ажлаас халжээ.

            Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухайгаа ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжилд таарахгүй буюу санхүүгийн мэргэжилтэй хүн цэцэрлэгийн багшийн ажилд тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэснийг үндэслэл болгосон байна.

            Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах хэдий ч энэ тохиолдолд ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхдээ салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслэх учиртай.

            Гэтэл хариуцагч нь ийнхүү ажилтны талаарх албан ёсны дүгнэлт гараагүй байхад ажлаас халсан нь буруу байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахад ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ажил олгогчийг ажилтныг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэл болно.

            Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь хуулиар ажил олгогчид үүрэг болгосон, түүнд хамааралтай бөгөөд ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр ажлаас халах нь дээрх хуулийн агуулга зарчимд нийцэхгүй юм.

            Нэхэмжлэгч Ц.Сг Дорноговь аймгийн ***Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний Б/16 дугаартай тушаалаар /хх-23/  бэлтгэл бүлгийн багшаар түр ажиллуулахаар томилсон байх ба  Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаас гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д  үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор заажээ.

            Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшид төрийн үйлчилгээний албан тушаал болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ерөнхий шаардлага тавигдахын зэрэгцээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллах, багш нь багшлах эрхтэй байх тусгай шаардлага тусгагдсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.С нь “нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент” мэргэжилтэй /хх-48/ болох нь тогтоогдсон буюу төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй тул түүнийг тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэж үзэж  тухайн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар нөхөх учиртай бөгөөд ийнхүү сонгон шалгаруулалт явагдаагүй  байна.

Иймд хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.Сг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзэхдээ дээрх хуулиудад заасан журмыг хэрэгжүүлээгүйгээс түүний нэхэмжлэгч Ц.Сг ажлаас халсан шийдвэр нь Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны хуульд нийцээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Сгийн ажлаас буруу халсан үеийн олговрыг тооцохдоо тооцооны алдаа гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а–д тус тус зааснаар тооцвол нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэнээр /хх-24/ 11 дүгээр сард 196907 төгрөг, 12 дугаар сард 919474 төгрөг, 1 дүгээр сард 469896 төгрөг, нийт 1586277 төгрөг ба үүнээс дундаж цалин хөлсийг тодорхойлвол 1 сарын 1586277:3=528759 төгрөг, 1 хоногийн 528759:21,5=24593 төгрөг, ажилгүй байсан нийт 54 хоног /1 дүгээр сард 7 хоног, 2 дугаар сард 18 хоног, 3 дугаар сард 21 хоног, 4 дүгээр сард 8 хоног/ ба ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 1328022 төгрөг /24593х54/ гаргуулах үндэслэлтэй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 1847300 ...” гэснийг “1328022” гэж, “... 182488 ...” гэснийг “701766” гэж,

4 дүгээр заалтын “... 114706 ... “ гэснийг “106398” гэж  тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ***хүүхдийн цэцэрлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

        ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                       Н.БАТЧИМЭГ