Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2016/1017/З |
Дугаар | 223 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 223
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б-ын Д
Хариуцагч: МХЕГД,
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226, Б/227 тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Б.Даваанямыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий, захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Отгонжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсад төрийн сонгууль явагдсаны дараа төрийн эгэл жирийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халж амьдралыг нь хохироодог явдал улам гаарч байна. Төрийн албаны тухай хууль, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад хууль, журмыг уландаа гишгэсэн ийм увайгүй үйлдэл нь шүүгчдийн сэтгэлийг ихэд зовоохын зэрэгцээ хохирсон олон хүний өргөдөл, гомдолд дарагдаж, түүнийг шийдвэрлэхийн тулд хамаг цагаа зарцуулж байгааг тань ойлгож, харамсаж явдаг болов ч өөрийн амьдралд тохиолдож буй сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар гомдол мэдүүлэх болсноо үүгээр уламжилж байгааг минь хүлээн авна уу.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б-89 дүгээр тушаалаар мөн сарын 8-ны өдрөөс эхлэн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б-ын Давааням надаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү тушаал, шийдвэр гарахаас өмнө Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул сул орон тоо гарсан байлаа.
Ийнхүү Б.Д би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд дээрх Б-89 дугаар тушаалд заасны дагуу удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдаж дараагийн асуудал шийдэгдэх учиртай байлаа. Энэ сонгон шалгаруулалт одоо хүртэл зарлагдаагүй л байна.
Б.Д би жил гаруйхан ажиллаад тэтгэвэртээ гарах нас хүрэх байлаа.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Цагаанхүү нь надад огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/226 тоот тушаал гэнэт гаргаж, сонгон шалгаруулалт зарлаагүй байхад "Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ын Д-ын албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосугай гэж намайг халж, дахин үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь ямарч утгагүй бөгөөд олон хууль, хуулийн заалтуудыг илт зөрчсөн бохир, бүдүүлэг үйлдэл юм.
Төрийн ямар ч байгууллагыг удирдаж байгаа хэн ч байлаа гэсэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй асуудлыг шийдвэрлэхдээ төрийн алба гүйцэтгэж буй хүнтэй (надтай)-гээ нэг ч удаа уулзалгүй, өөрт нь огт мэдэгдэлгүйгээр хууль, журам зөрчиж, яаран сандран ийм тушаал гаргах ямар шаардлага, бодит нөхцөл байдал бий болсныг би ойлгоогүй боловч Н.Цагаанхүүгийн нэгэнт гаргасан шийдвэрийг нь хүндэтгэж, өөрийн дэг хүмүүжлээрээ албан хэргээ, цааргалалгүйгээр зохих ёсоор хүлээлгэн өгсөн болно.
Монгол Улсын хуулийг иш үндэс болгон авч үзвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүгийн гаргасан дээрх Б/226 тоот тушаал нь эрх зүйн зөрчилтэй, сөрөг нөлөөлөл бүхий, бичгээр гаргасан, илт хууль бус, захиргааны акт юм. Н.Цагаанхүү илт хууль бус, захигааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6, 27.7 дахь заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн. Ийнхүү хууль бус шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-д заасныг хэрхэн хэрэгжүүлсэн нь ойлгомжгүй байгаагийн дээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг буруугаар ашигласан нь ихээхэн хачирхалтай.
Би нэг ч болов гажуудлыг таслан зогсоохын тулд Төрийн албаны зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 11-нд хандсан. Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1153 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 тоот тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Үүнийг Н.Цагаанхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 тоот тушаал нь хууль бус учраас Б.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох ёстой гэдгийг Төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрчээ гэж ойлгож байна.
Төрийн албаны зөвлөлийн хариуг аваад шүүхэд хандсан ба Н.Цагаанхүү нь Д.Дашдаваа гэдэг хүнээр бараг бүтэн жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргуулан, шүүгчийн захирамжаар Д.Дашдаваагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж, хэргийг дахин бараг нэг жил сунжруулав. Д.Дашдаваа нь Н.Цагаанхүүгийн шахалт, захиалгаар бараг бүтэн жилийн дараа нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр заргалдсаар бүтэн жил чирэгдүүлж хохироов. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дүгээр тогтоолоор Д.Дашдаваагийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/59, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226, Б/227 тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,Б.Даваанямыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинолговорыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хохирол гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Намайг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохын тулд тухайн үед МХЕГД н.Шаравдорж ажиллаж хэнийг тавих талаар нилээд судалсан байдаг. Миний бие Хөдөө аж ахуйн яаманд 20 гаруй жил ажиллаж байсан. Харин энэ тодорхойлолтод 1990 оноос хойшхийг л бичсэн. 1980 онд ажиллаж байсан үе бол социалист системийн тогтолцоотой байсан. Энэ үед яамны чиг үүрэг бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт шалгалтыг тавих чиг үүрэгтэй байсан. Тийм учраас Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга нь миний анкет бичиг баримтуудыг бүхлээр нь судалж үзээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 1980-1990 онд салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулахын зэрэгцээ тус салбарт мөрдөгдөж байсан хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартын хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгтэй төрийн төв байгууллагад ажиллаж байсан гэж тодорхойлж өгсөн байдаг. Миний бие тэр үед эдийн засагчаар ажиллаж байхдаа маш олон аймаг, сум, аж ахуйн нэгж байгууллагуудаар явж хяналт шалгалт хийж акт тогтоож байсан. Төрийн албаны зөвлөлөөс намайг төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу 1153 дугаартай албан бичиг явуулсан. Мөн би төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас дээш жил ажилласан гэдэг нөхцөлийг хангаж бусад шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж үзээд намайг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Томилохдоо сонгон шалгаруулалт явагдах хүртэлх хугацаанд томилсон байсан. Сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарласан байдаг. Нэхэмжлэлээ би тус оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Тиймээс миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тул хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл өгсөн талаар процессын дагуу Н.Цагаанхүү даргад биечлэн орж танилцуулахад танай их хурлын гишүүд болон аймгийн Засаг дарга чинь санал тавьсан учир таныг өөрчилсөн. Таны оронд томилогдож байгаа М.Ц шаардлага хангахгүй хүн байгаа. 12 дугаар сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт зарлагдаж байгаа та тэр сонгон шалгаруулалтад оролцоорой гэж зөвлөсөн.
Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан даргатай уулзаж намайг яагаад гэнэт халсан бэ? Та нар шинэ хүн томилох гэж байгаа бол сул орон тоон дээр надтай хамт ажиллуулж бэлтгээд намайг тэтгэвэрт гарах үед томилж болоогүй юу гэж асуухад н.Батсайхан дарга энэ чинь тэр чигтээ улс төр гэж хэлсэн. Би хариуд нь улс төр гэж ийм байж болохгүй гэхэд намд хандив мөнгөө өгсөн залуу хүмүүс албан тушаалаа авъя гээд шаардаад байна. Та энийг зөвөөр ойлгож өгнө үү гэсэн. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн маань нэхэмжлэл гаргах эрхийн маань хязгаарлах ёсгүй. Хууль бус актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
...Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж, нэр дэвшигдэн томилогдсон албан тушаалтан биш юм. Түүний гомдол нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын 3 дугаар зүйлд заасан гомдол маргаанд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөөгүй, гагцхүү түр эдлүүлэхээр шилжүүлсэн бүрэн эрхийн хугацааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зүгээс дуусгавар болгосон.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.3.1, 4.3.2, 4.7-д зааснаар түр орлон гүйцэтгэгч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгэдэг тул Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал нь сонгон шалгаруулалтаар нэр дэвшиж томилогдоогүй Б.Д-ын үндсэн албан тушаалд тооцогдохгүй. Нэгэнт үндсэн албан тушаалд томилогдоогүй учраас Б.Д нь өөрт байгаагүй үндсэн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
МХЕГД нь Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг харгалзан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Даваанямд түр шилжүүлсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын бүрэн эрхийг дуусгавар болгохдоо түүнээс тайлбар авч, сонгон шалгаруулалтаар томилогдсон албан хаагчийн нэгэн адил түүний саналыг авах хууль зүйн үндэслэл байхгүй.
Б.Д тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нийтэд зарласан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр материалаа бүрдүүлэн өгсөн байх бөгөөд шүүхээс түүнийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон тохиолдолд сонгон шалгаруулалтын дүнд шууд нөлөөлөх, түүнийг сонгон шалгаруулалтгүйгээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулах эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Нөгөөтэйгүүр М.Ц-т Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаал хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Даваанямыг анх томилсон тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаал мөн адил хүчингүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна. гэв.
Гуравдагч этгээд М.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ..Иргэн Б.Д нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ надтай холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг илт бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь М.Ц миний эрх ашгийг хөндөж байна.
Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Б.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан бол өөрийг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй тушаал уу.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:Гуравдагч этгээд М.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/227 дугаартай тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/226, Б/227 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. М.Ц-ыг томилсон тушаал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаартай тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай журмын дагуу М.Ц-ыг томилсон. Хэн нэгэн этгээдийг тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь давхардуулж томилоогүй гэж хэлмээр байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/226 дугаартай тушаал гарсны дараа Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд сул орон тоо гарсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтад Увс аймгийн Засаг даргаас МХЕГДд ирүүлсэн албан бичиг байгаа. Энэ албан бичигт М.Ц-ыг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохоор санал хүргүүлсэн.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эсвэл зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбарууд зэргээс сонсоход маргаан бүхий акт буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаартай тушаал нь иргэн Д.Д-ын ямар эрх ашгийг зөрчиж байгаа гэдгээ тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б/226 дугаартай тушаалын талаар голчлон ярьсан.Б/227 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бол тушаалыг хүчингүй болгуулахын тулд хуульд тодорхой шаардлагууд байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараас дээрх хуульд заасан шаардлагууд байхгүй байна. Харин хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Б/226, Б/227 дугаартай тушаалын хувьд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч эдгээр тушаалуудыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариу өгсөн. Төрийн албаны зөвлөл Б.Даваанямд албан бичгээр хариу өгөхдөө таны хүсэлтэд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбоотой маргаан нь манай харьяаллын бус байх тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Д 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргалгүйгээр шууд шүүхэд 30 хоногийн нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Давааням нь Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаартай Д.Д-ын албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай тушаалыг болон мөн өдрийн Б/227 дугаартай Ц.Мөнхбаяраар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд буюу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинолговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас Мэргэжпийн хяналтынерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыгхууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1. Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б-89 дүгээр тушаалаар ... удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Даваанямыг томилж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар Б.Д-ын албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгож, мөн өдрийн Б/227 дугаар тушаалаар ... мөн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаандМ.Ц-ыг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт зарлаагүй атлаа түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр солих шаардлага байгаагүй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, ийм шийдвэр гаргах бодит нөхцөл байдал үүсээгүй гэж маргаж, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Давааням нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж зохих журмын дагуу томилогдоогүй тул төрийн жинхэнэ албан хаагч биш, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчиж түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул түр орлон гүйцэтгүүлэх хугацааг дуусгавар болгосон гэж тайлбарлажээ.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж төрийн жинхэнэ албан хаагчаар эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор зааж, 21.2 дахь заалтаар үүнтэй холбоотой журмыг Засгийн газар тогтооно гэж эрх олгосноор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ., 4.3-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ., 4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар орлон гүйцэтгүүлнэ, 4.7-д албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ., 5.4-т эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно. гэж төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай, тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгжийн даргаар орлон гүйцэтгүүлэхээр журамлаж, энэ журамд ийнхүү зааснаас бусад этгээдээр төрийн жинхэнэ албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор тодорхой зохицуулжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаас үзвэл Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан, уг сул орон тоог нөхөх хүртэл дээрх журмын 3.1, 3.3, 4.1, 4.3, 4.3.2, 4.7, 5.3 дахь хэсэгт зааснаар тус газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сул орон тоог нөхөх арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар авалгүйгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар уг байгууллагад ажиллаж байгаагүй нэхэмжлэгч Б.Даваанямаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь дээрх Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.3.2, 5.3 дахь заалтыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцээгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчин төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байсан тул Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.6-д ... шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа албан үүргийг эргүүлэн хүлээн авна. гэж зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Тэрээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйн дээр, түүнд мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарахгүй юм.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Энэ шаардлагатай уялдан гарсан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хохирол гаргуулах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй юм.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан, чөлөөлөгдсөн болохыг шүүх тогтоосон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэх ба нэхэмжлэгчид энэ зохицуулалт хамааралгүй, өөрөөр хэлбэл түүний албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх хугацааг дуусгавар болгосноос биш түүнийг ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн байна гэж шүүх үзээгүй болно. Иймд түүнийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа шүүхээр маргаж байсан хугацааны хохирол, зардлыг баримт үндэслэн нөхөн гаргуулах гэж тодорхойлсон боловч энэ талаарх зардлын баримт ирүүлээгүйн дээр шүүх хуралдаан дээр энэ шаардлагаа дэмжиж тодорхойлоогүйг дурьдах нь зүйтэй. Хэрвээ шүүхээр маргаж байсан хугацааны зардлыг нэхэмжлэхээр бол иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой ба үүнийг энэ шийдвэр хязгаарлахгүй болно.
2. Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дээр дүгнэснээр нэхэмжлэгч Д.Давааням нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй, түүнийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох үндэслэлгүй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул тэрээр М.Ц-ыг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхгүй байна. Маргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр актын хууль зүйн үндэслэлийг шүүх дүгнэх үндэслэлгүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр Д.Д-ын гаргасанМэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг тус тус баримтлан Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагаас Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Мэргэжпийн хяналтынерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА