Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 10

 

Ж.Д д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                     Прокурор Д.Алимаа /Цахим сүлжээгээр/

                                      Шүүгдэгч Ж.Д  /Цахим сүлжээгээр/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /Цахим сүлжээгээр/

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.Д , түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдлоор, Ж.Д д холбогдох эрүүгийн 1727000000008 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Д  /РД: ЙЕ94070309/,

Ж.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд М.Г-г алсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржигон овогтой Жаргалсайханы Д г бага насны хүүхэд алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ж.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ж.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Д гийн өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д  мэдүүлэгтээ шидсэн гэж мэдүүлээгүй. Хүүхэд эцгээ дагаад цахлаж арагшаа гэдийхэд алдсан, тэгээд машины дугуй шүргээд гэмтсэн гэдэг. Шидэж байхыг харсан хүн байхгүй. Хохирогч М  мэдүүлэхдээ эргээд хартал Д  хүүхэдгүй зогсож байсан гэдэг, шидэж байхыг нотлох гэрч байхгүй. М  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ манай хүү шидчихлээ гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэтэл хүүг нь гэрчээр асуугаагүй. Гэрч С мэдүүлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт орноос ойчсон болгож мэдүүлье гэсэн санааг Д гийн ээж, эгч нар санаачилсэн гэх мэдүүлэг нь Дарь, Чимэддорж нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймээс шүүхэд худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр хариуцлага тооцох боломжтой. Санжаажамц машины дугуйгаар шүргэсэн байж магадгүй гэдэг. Гэрч Ч нүүрэлдүүлсэн мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар өөрчилсөн боловч удалгүй буцаагаад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилсэн нь улсын яллагч санаатай хүн амины хэрэг мөн эсэхэд эргэлзээтэй байгаа нь нотлогдож байна. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлт цогцсонд үзлэг хийсэн баримт, зураг зэргээс харахад гавал тархийг тойроод олон тооны гэмтэл гарсан нь зөвхөн унаснаас авах боломжгүй байтал хэргийн газар байсан юм шиг шидсэнээс үүснэ гэж дүгнэсэн нь хийсвэр бусдад хөтлөгдсөн дүгнэлт байна. Дээрх байдлуудаас үзэхэд шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзээд хэргийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн мөрдөн байцаалтанд буцаах ч үндэслэл бий. Энэ нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, М ын хүүг гэрчээр асуух зэрэг үндэслэл байгаа гэжээ.

Шүүгдэгч Ж.Д  гаргасан давж заалдах гомдолдоо: Би эх хүн яаж ч бодсон хүүхдээ шидээд алчихъя гэсэн санаа өвөрлөхгүй. М  шидсэн гэдгээ нотлож чадаагүй байхад шүүх ял оноосонд гайхаж байна. Би хүүхдээ алах нь битгий хэл дахиад өнөө маргаашгүй төрөх гэж байна. Эхнээсээ манай хадам аав, ээж орноос ойчсон болгох гэж намайг ятгасан, ингээд хэлчихвэл чи жирэмсэн юм чинь ялаас мултарна гээд байсан. Машины дугуй зулайг нь шүргэснээс миний охин бүтэн эргээд эсрэг зүг рүү харсан. Машин,тэрэг оролцуулж болохгүй шүү гээд гуйгаад байсан. Мөн хадам аав нь дайрчихсан уу гээд асуухад Чимэддорж эгч дэргэд байсан. Би яалаа гэж төрсөн үрээ алах юм бэ, санаанд багтахгүй байна. Би өөрийн хариуцлагагүй буруугаас болж хүүхдээ газар алдсан. Үүндээ маш их харамсаж гэмшиж байна. Би 2018 оны 02 дугаар сарын 20-д хүргэлгүй төрөх болчихсон. Мөрдөнд хэцүү байна. Хэвлийд байгаа хүүхдээ бодож байна. Амь нас нь хутганы ирэн дээр байна. Би өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй. Харин надад оногдуулсан зүйл анги тохироогүй. Ял хэтэрхий хүндэдсэн, гомдолтой байна гэжээ.

Прокурор Д.Алимаагийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай тайлбарт: Ж.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд М.Гансувдыг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.М ын өгсөн “...Машин гэрээс ойролцоогоор 4-5 метр зайтай байсан. Охин гэрээс 2 метр гарантай машины хажууд 1 метр зайд байсан. Тэгээд би машинаас буугаад хартал эхнэр машины хажууд хүүхдээ тэврээд зогсож байсан юм. ...Эхнэр би охиноо шидчихлээ би ямар тэнэг юм бэ гэж хэлж байснаа охиныг надад өгөөд газар суугаад уйлж байсан. Аав намайг машинаас буусны дараа араас манай хүү болох 5 настай М.Ганболдыг аваад бууж ирсэн тухайн үед аав миний хажууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 93-65х/, гэрч З.Санжаадоржийн өгсөн “...Тэгээд М  бид хоёр М ын том хүү Ганболдыг дагуулаад гараад машиндаа суухад Д  2 ч удаа талийгаач хүүхдийг авч гарч ирсэн. М  2 удаа хүүхэд эргүүлж оруулж өгсөн. Тэгээд хамгийн сүүлд хүүхдээ оруулж өгчихөөд гарч ирээд машиндаа суугаад би тухайн үед машинаа асаагаад урагш хөдлөхөд араас Д  талийгаач хүүхдийг тэвэрчихсэн гарч ирж байгаа харагдсан. Тэгээд машин хөдлөөд машины дугуй бүтэн 3 эргээгүй байхад манай хүү М  ааваа нөгөөдөх чинь хүүхэд шидчихлээ зогсоорой гэсэн. Би араас буухад машины буруу талын хойд хэсэгт ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт М  талийгаачийг тэвэрчихсэн хажууд Д  зогсоод би хүүхдээ алчихлаа гээд орилж байсан. Тэгээд би талийгаач дээр очиход хүүхэд амьсгаатай байсан. М  намайг түргэн дууд гэж би машинтайгаа Алтангэрэлийн гэрт очоод Алтангэрэлийн эхнэрийг суулгаад Сосорбурам гэх айлд очсон чинь сүлжээ байхгүй байсан. Тэгээд би эргээд Алтангэрэлийн эхнэртэй цуг М ын гэрт очиход хүүхэд нас барчихсан талийгаачийг зүүн орон дээр тавьчихсан М , Д  нар гэрийн гадаа уйлаад сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 96-98х/, гэрч М.Лхагвасүрэнгийн “...Намайг хонин дээр байж байхад манай нөхөр буцаж ирээд манай бэр Гансувдыг шидээд алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бол гэж асуусан чинь манай бэр гэрээсээ гарч ирээд шууд шидсэн гэж хэлсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой М ын гэрт нөхрийн хамт ирсэн тэгэхэд манай хүү М  гэрийнхээ гадна 5 настай хүүгийнхээ хамт уйлаад сууж байсан. Намайг ирэхэд М  нь ээж ээ энэ хүүхэн миний хүүг алчихлаа гэж хэлээд эхнэр Д г зааж байсан. Тэгэхээр нь би Д  дээр очоод ямар учраас гэж хэлэхэд Д  миний мунхагаас боллоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31х/, Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 82 дугаартай актын “... Талийгаач М.Гансувдын биед гавал тархи болон суурь ясны хугарал, бяцрал, их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь тухайн хүнд гэмтлийг авсан даруйдаа нас барна. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Л.Амгалангийн “...Талийгаач М.Гансувдын биед гавал гархи болон суурь ясны хугарал, бяцрал, их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл нь тээврийн хэрэгслийн дугуй тайлийгаачийн зулайг дайрах юмуу шүргэхэд үүсэх боломжгүй. Ж.Д  тэвэрч байхад биеийн жингээр газар унахад тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Харин шидэгдэж газар унахад тухайн гэмтэл үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116х/, Техникийн шинжээчийн 16 дугаартай актын “Яллагдагч Ж.Д гийн мэдүүлгийг зам тээврийн осол гэж үзэхгүй. Ж.Д гийн буруутай үйлдлийн улмаас М.Гансувд нас барсан байна. Зам тээврийн осол биш учир 2-3 дугаар асуултанд хариулах боломжгүй” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд шүүгдэгч Ж.Д гээс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр тайлбар гаргаж байна гэжээ.

Прокурор Д.Алимаагийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тайлбарт: Шүүгдэгч Ж.Д  нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар “...талийгаач М.Гансувдыг хадам аав машинаар дайрсан”, “...би тэвэрч байгаад санамсаргүй гарнаас мултарч унаад нас барсан” гэх мэтээр өөр өөр мэдүүлгүүд өгдөг бөгөөд дээрх мэдүүлгүүд нь яллагдагч  Ж.Д гийн мэдүүлгийг газар дээр ажиллагаанд үндэслэн гаргасан техникийн шинжээчийн 16 дугаартай “...зам тээврийн осол гэж үзэхгүй...” гэсэн, шинжээч эмч Л.Амгалангийн “...Ж.Д  тэвэрч байхад биеийн жингээр газар унахад тухайн гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэсэн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.

Тухайн хэрэг гарах үед хэргийн газар байсан хохирогч С.М , гэрч З.Санжаадорж нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогч С.М ын мэдүүлгийг газар нь шалгах ажиллагааны тэмдэглэлээр талийгаач М.Гансувд газар унасан байх үед яллагдагч Ж.Д  нь талийгаач М.Гансувдаас 1 метр орчим зайтай зогсож байсан байдаг бөгөөд хэрэв талийгаач М.Гансувд нь яллагдагч Ж.Д гийн мэдүүлсэнээр яллагдагч Ж.Д гийн “гарнаас мултарч газар унасан” бол яллагдагч Ж.Д гээс 1 метр орчим хол зайтай байх боломжгүй юм. Яллагдагч Ж.Д гийн субъектив санаа нь объектив үйлдлээрээ буюу яллагдагч Ж.Д гийн идэвхитэй үйлдлийн улмаас талийгаач М.Гансувд нь анх өөрийн ээж Ж.Д д тэврүүлээд зогсож байсан газраас 1 метр орчим хол унаж тархиндаа гэмтэл авч нас барсан болох нь нотлогддог бөгөөд болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэрч З.С нь анх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хэргийн газар очиж мэдүүлэг авахад шүүгдэгч Ж.Д гийн ээж, эгч, өөрийи эхнэр Лхамсүрэн нартай хүүхдийг орноос унасан гэж хэлье гэсний дагуу мэдүүлэг өгдөг боловч уг мэдүүлгийг өгсөний дараа өөрийн санаачлагаар мөрдөгчид үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч З.Санжаадоржийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхгүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэргийн шинжгүй байх тул түүнийг шүүхэд худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй юм. Мөн гэрч З.Санжаадорж нь хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын явцад болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй байдаг юм.

Гэрч З.С нь автомашины дугуйгаар шүргэсэн болох нь хохирогч С.М  болон Ж.Д гийн яллагдагчийн мэдүүлийг газар дээр ажиллагааны явцад гаргасан техникийн шинжээчийн 16 дугаартай “...зам тээврийн осол гэж үзэхгүй...” гэсэн, шинжээч эмч Л.Амгалангийн “...Ж.Д  тэвэрч байхад биеийн жингээр газар унахад тухайн гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэсэн дүгнэлтүүд болон хохирогч С.М ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...машин хөдөлгөөнд оролцох үед донслох болон ямар нэгэн юм мөргөх чимээ гараагүй...” гэсэн, гэрч З.Санжаадоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...машин хөдөлгөөнд оролцох үед донслох болон ямар нэгэн юм мөргөх чимээ гараагүй...” гэсэн, шинжээч эмч Л.Амгалангийн өгсөн “...Талийгаач М.Гансувдын биед гавал тархи болон суурь ясны хугарал, бяцрал, их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл нь тээврийн хэрэгслийн дугуй талийгаачийн зулайг дайрах юмуу шүргэхэд үүсэх боломжгүй. Ж.Д  тэвэрч байхад биеийн жингээр газар унахад тухайн гэмтэл үүсэх боломжгүи” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдоггүй юм.

Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар дээд шатны прокурор нь прокурорын шийдвэрийг өөрчлөх эрхтэй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна.

Талийгаач М.Гансувдын толгойд учирсан гэмтэл нь “...шидэгдэж газар унах үед үүсэх боложтой...” болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогддог. Шинжээч эмч Л.Амгалан нь гадна үзлэг болон задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь нотлох баримтанд тулгуурлан хууль сануулсаны үндсэн дээр үнэн зөв дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээчийн мэдүүлэг өгсөн нь хууль зүйн үндэслэлтой бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч С.М ын том хүү Ганболд нь 5 настай бөгөөд хэл ярианы хувьд бүрэн гүйцэд хөгжөөгүй, болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй тухай хохирогч С.М  мэдүүлдэг юм. Мөн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь мөрдөн байцаалтын ажиллагааны үеэс шүүгдэгч Ж.Д гийн өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хүсэлт, гомдол гаргаж байгаагүй бөгөөд давж заалдах гомдолдоо энэ тухай дурьдсан байгаа нь учир дутагдалтай юм. Иймд шүүгдэгч Ж.Д гийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтэнд “...Ж.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Г нь нас барсан байна...” гэсэн нь шинжилгээний бодит үр дүнг шинжээчийн дүгнэлтэнд тусгаж, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдлэж дүгнэлт гаргасан байна. Энэ нь шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.  

Мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд... талийгаач М.Г-н биед, гавал тархины болон суурь ясны хугарал, бяцрал, их тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. ... 1-2 метрийн өндрөөс унагаж шидэхэд үүсэх боломжтой... гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн шинжээч хэргийн газар байсан юм шиг шидсэнээс үүснэ гэж дүгнэж байгаа нь хийсвэр, бусдад хөтлөгдсөн, зөвхөн унаснаас олон тооны гэмтэл, мөн баруун, зүүн чамархайд зулгаралт үүсэж байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж өгнө үү гэсэн тэдгээрийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Д д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Д д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                             ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ                      

                                                                                                    Н.ЭНХМАА