Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0771

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хөвсгөлдалай

Нэхэмжлэгч: Ц.Г

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг даалгах, нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6,000,000 төгрөгийг нөхөн гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 126/2022/0024/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г нь “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг даалгах, нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6,000,000 төгрөгийг нөхөн гаргуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1, 25 дугаар зүйлийн 1.5, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нийгмийн даатгалын сангаас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч Ц.Г нь хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид бичиг үсэг мэдэхгүйн улмаас амаар хандсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох иргэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д дурдсан баримт бичгийг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагад мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.163-д заасны дагуу гаргаж өгөхөөр зохицуулагдсан байдаг.

Харин Ц.Г нь 2021 оны 05 дугаар сард Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагч Т.Түмэнхүүгээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийн зөвлөгөө авсан ч тэтгэвэр тогтоолгох өргөдөл болон холбогдох шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй юм.

Гэтэл Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасан баримт бичиг бүрдүүлж өгсөн эсэхийг нотлох боломжгүй байхад тухайн иргэний тайлбараар нотлогдож байна гэж үзсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчин хэт нэг талыг барьж, 2021 оны 05 дугаар сараас тооцон тэтгэврийг тогтоож, 6,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн харилцаанаас тэтгэвэр тэтгэмжийг тогтоож олгох зохицуулалт хийгддэг. Энэ үүднээсээ тухайн иргэн өөрийн ажилласан жилийн баримтыг нотлох баримтаар ирүүлж, өргөдлөө гаргасан хугацаанаас тэтгэврийг олгодог бөгөөд Ц.Г нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасан тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирүүлж Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагч тэтгэврийн хувийн хэрэг үүсгэн хяналтын хуудсаар хүлээн авсан байдаг. Энэ нь өргөдөл болон бүрдүүлж өгсөн баримт бичгээр нотлогддог.

Ингэж хууль бус шийдвэр гаргаснаар зөвлөгөө авсан хугацаагаа нийгмийн даатгалын байгууллагад хандсан, амаар гаргасан мэтээр тайлбарлаж тэтгэвэр тогтооход шаардагдах баримтыг ирүүлээгүй, өргөдөл гаргаагүй байж тухайн хугацаанаас тэтгэвэр тогтоолгох буруу жишиг тогтож, нийгмийн даатгалын санг эрсдэлд орох нөхцөл бүрдэх боломжтой байна гэж үзэж байна.

3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д заасан баримтыг нэхэмжлэгч Ц.Г бүрдүүлж өгсөнтэй хэргийн оролцогчид маргаагүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэжээгчийн эхнэр, нөхөр нь Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бол тухайн гэр бүлийн гишүүнд тооцогддог учраас гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрын дундаас төрсөн 19 хүртэл насны хүүхдүүд нь эцэг эхийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамаарагдаж нөгөө нь ажил хөдөлмөр хийж байгааг үл харгалзан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор зохицуулагдсан байдаг.

Ц.Г нь хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, баримт бичгийг Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргаж өгсөн.

Тус сумын байцаагч баримт бичгийг хүлээн авч Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасан баримт бичгийн бүрдүүлэлт хангагдаагүй тул гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийг шаардсан.

Гэтэл Ц.Г нь Д.Жаргалсайхантай албан ёсоор гэр бүл болсон төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл хийгдээгүй. 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Ганбаатартай гэр бүл болж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ дуусгавар болгосон бүртгэлтэй бөгөөд Д.Жаргалсайхантай хамтын амьдралтай байсан эсэхээ шүүхээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 155/ШШ2022/00689 дүгээр шүүгчийн захирамж авчир өгсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4 дүгээр хэсэгт заасан гэрлэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр байхгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Ггийн хамтран амьдрагч Д.Жаргалсайхан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгчээс хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “... тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг Нийгмийн даатгалын хэлтэст зөвлөсүгэй” гэсэн хариу өгсөн байна.

3. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Пүрэвбат, Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6,000,000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шийдвэрийг эс зөвшөөрч хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

5. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт дутуу буюу “... Ц.Г нь Д.Жаргалсайхантай албан ёсоор гэр бүл болсон төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл хийгдээгүй” гэх үндэслэлийн тухайд:

5.1. Хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А31 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4.1.2-т “Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр /Энэ тохиолдолд Санамж 13 хамаарна/, Санамж 13. Хүүхдийн төрсний гэрчилгээ үрэгдсэн эсхүл шинээр авсан бол улсын бүртгэлийн байгууллагын лавлагааг үндэслэнэ” гэж зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй гэж татгалзжээ.

5.2. Дээрх зохицуулалт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргагч нь нас барсан даатгуулагчаар тэжээн тэтгүүлж байсан болохыг нотлох баримт болохоос зөвхөн гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн тэтгэвэр тогтоож олгоно гэсэн үг биш юм.

5.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ц.Г, талийгаач Д.Жаргалсайхан нар 2000 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00793 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байна.

5.4. Түүнчлэн Ц.Г, Д.Жаргалсайхан нарын дундаас хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нар төрсөн, хүүхдүүд эцгээрээ овоглодог, тэжээн тэтгүүлдэг байсан болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхад талийгаач Д.Жаргалсайхантай албан ёсоор гэр бүл болсон бүртгэл байхгүй гэсэн үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

5.5. Өөрөөр хэлбэл, Ц.Г, Д.Жаргалсайхан нар гэрлэлтээ бүртгүүлээгүй нь тэдний дундаас төрж, талийгаач Д.Жаргалсайханы нэрээр овоглогдсон хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч Ц.Г нь Д.Жаргалсайханыг нас барахаас өмнө бүртгэл хийлгээгүй байсан, мөн хамтын амьдралтай байсан талаар шүүхийн шийдвэрт нэгэнт дүгнэгдсэн, энэ талаар хэн нэгэн маргаагүй, нас барсан хүнтэй бүртгэл хийлгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад бүртгэл хийгдээгүй гэсэн үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа нь үндэслэлгүй юм.

5.6. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Шүүх тэтгэвэр тогтоох хугацааг буруу тооцсон буюу “... зөвлөгөө авсан хугацаагаа нийгмийн даатгалын байгууллагад хандсан, амаар гаргасан мэтээр тайлбарласан” гэсэн үндэслэлийн тухайд:

6.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 1-ийн 1-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/”, 24 дүгээр зүйлийн 1-ийн 3-д “тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад өгнө”, 25 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ” гээд 1-ийн 5-д “тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт” гэж тус тус заажээ.

6.2. Нэхэмжлэгч Ц.Г нь хүү Ж.Пүрэвбат, охин Ж.Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн бүртгэл /хавтаст хэргийн 41 дүгээр тал/-ээр тус тус тогтоогдож байна.

6.3. Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид бичиг үсэг мэдэхгүйн улмаас амаар хандсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна” гэж хүсэлт гаргасан хугацааг буруу тооцож дүгнэсэн байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

6.4. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр бодож тогтоохоор байх тул “... 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс тооцож олгохыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1-ийн 3, 25 дугаар зүйлийн 1-ийн 5, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хариад овогт Цэрэндолгорын Гэрэлтуяагийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Байчууд овогт Жаргалсайханы Пүрэвбат, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Байчууд овогт Жаргалсайханы Отгонтуяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүү Ж.Пүрэвбат /РД:РЕ05212717/, охин Ж.Отгонтуяа /РД:РЕ07220508/ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс тооцон олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ