| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******ид холбогдох 2123000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 27-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-1, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******, /ИР********/ Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* ******* багийн нутаг дэвсгэр ******* захын хажуугийн Хаан банкны АТМ-ийн шатан дээрээс иргэн Л.ын гээгдүүлсэн гаансны мөнгөн хэрэглэлтэй уутыг завшиж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Хохирогч Л. нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* захын хажуугийн Хаан банкны автомат тооцооны машины харалдаа шатан дээр гаансны мөнгөн хэрэглэлтэй уутаа гээгдүүлсэн нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Үзлэг хийх 1 дугаартай камер нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны ******* тооцооны төвийн үүдний хэсгийг харуулсан байна. Хохирогч Л. нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 40 минут 01 секунтэнд ******* тооцооны төвийн гадна талын хаалгыг онгойлгон Улаан өнгийн дээл өмссөн, шар өнгийн бүс зүүсэн, доогуураа монгол гуталтай гарч ирж шатаар буух замдаа гаансны тамхины уутаа унаган явж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж байна...“ гэсэн хэсгээр, хохирогч Л.ын “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд хүүхдүүдийн хамт гэрээс гараад Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* захын хажуу талын ХААН банк руу ороод манай охин “аав та машиндаа орж бай олон хүн байна би мөнгийг чинь аваад гаръя” гэсэн тэгээд би гадаа нь ойрхон тамхи татаад хүүхдээ хүлээгээд байж байсан юм. Тэгээд охин банкнаас гарч ирээд машиндаа суух гэтэл миний мөнгөн хэрэглэлтэй тамхины уут бүснээсээ зүүгээд явж байсан жижиг гагнаас нь тасарч гээгдсэн байсан. Тэгээд би эргэж тэр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь ******* захын болон баруун бүсийн “Узель”- ээр бүтэн өдөр зарлуулаад олдоогүй...” гэсэн мэдүүлгээр, Л. мөнгөн хэрэглэлтэй гаансны уутаа гээгдүүлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Ц.ийн ”...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...******* захын хажуу талын хаан банкны салбараас мөнгө авахаар машинтай очиж зогсоод тэгээд аав бид хоёр ******* захын хажуу талын банк руу ороод хүн ихтэй байхаар нь би аавыг “та гараад хүлээж бай би мөнгө авчихаад гаръя” гэсэн. Тэгээд би мөнгөө авчихаад гарч ирээд машиндаа суух гэсэн чинь аав “бүсэнд хавчуулсан байсан гаансны мөнгөн хэрэглэлтэй уутаа гээчихсэн байна” гэсэн. Тэгээд аав бид хоёр хаан банкны тэрүүгээр хайгаад олоогүй. ******* захын болон баруун бүсийн худалдааны төвийн “Узель”-үүдээр зарлуулсан боловч олдоогүй тэгээд аав цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Хохирогч Л.ын гээгдүүлсэн гаансны мөнгөн хэрэглэлтэй уутыг Л.******* олж өөрийн өмчлөлд авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Л.******* Л.ын гээгдүүлсэн гаансны мөнгөн хэрэглэлтэй уутыг авч байгааг тэмдэглэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Түүний араас хар өнгийн урт куртиктэй, улаан ороолт малгайтай, доогуураа цаа бугын арьсан гуталтай, хар өнгийн гар цүнх барьсан эмэгтэй хүн гарч ирээд 12 цаг 40 минут 45 секунтэнд тонгойж аваад явж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн хэсгээр, Л.******* гаансны мөнгөн хэрэглэлтэй уутыг олсон гэж өөрт нь үзүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Р.ын ”...2020 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болох дөхсөн байсан, нэг өдөр ******* бид хоёр зах орсон. Би машин дотроо хүлээж байсан чинь ******* АТМ орно гээд явсан юм. Удаагүй эргэж ирэхдээ нэг тамхины уут оллоо гээд надад үзүүлж байсан юм. Манай эхнэр ******* захын узелээр “тамхины уут гээгдүүлсэн тул олсон хүнд шагналтай” гэсэн зар явж байна лээ гэж надад ярихаар нь энэ тухай би *******ид би утсаар хэлж байсан юм. Тухайн үед ******* эзэнд нь буцааж өгөөд шагналаа авах юмсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.*******ийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн цагийг сайн санахгүй өдөр дундын үед ******* захын хажуу талын АТМ-ээс мөнгө аваад гарахад гаднах шатан дээр нь мөнгөн хэрэглэлтэй ягаан өнгийн тамхины уут уначихсан байхаар нь аваад гэртээ харьчихсан юм. Цагдаад мэдэгддэг талаар би мэдээгүй юм. Дараахан нь манай найз над руу залгаад “******* захын узелээр “тамхины уут гээгдүүлсэн тул олсон хүнд шагналтай” гэсэн зар явж байна лээ” гэж хэлсэн. Би эзэнд нь аваачиж өгье гэж бодож байсан ч амжаагүй юм...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 500000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төвийн Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Шинжээч Г.гийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан № 01 дугаартай “...1.Эрвээхэй мөнгөн хавчаар, мөнгөн оосортой, мөнгөн соёотой тамхины уут 1 ширхэг 500.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6-д зааснаар олон нийтийн газраас гээгдэл хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тус тус заасан. Л.******* нь хохирогч Л. өөрийн эд хөрөнгөө гээгдүүлсэн талаар ******* захын чанга яригчаар удаа дараа зарлуулж байгааг гэрч Р.аас сонсож мэдсэн атлаа Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчиж олсон гаансны уутаа өөрийн өмчлөлд авсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Л.*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Л.д эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй боловч улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх санал тавьсныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх санаачилгаараа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчихөөр байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ялаас чөлөөлөх тухай ойлголтод “шүүгдэгчид оногдуулсан ялаас чөлөөлөх” “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлөх” тухай ойлголтуудын аль алийг багтааж байгаа төдийгүй эдгээр ойлголт нь агуулгын хувьд адилхан учир прокурорын саналыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх шалтгаанаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Л.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ