Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

2017 оны 4 сарын 4 өдөр

  Дугаар 151/ШШ2017/00369

                                   Төв аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-91 “Санроуд” барилга, 7 давхарт байрлах “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлааст, Уурхайн үйлдвэрийн кемп “Ньюпэрл” ХХК-нд холбогдох,

 

 “SD300N маркийн, 10149 арлын дугаартай, 4153 УН улсын дугаартай, дугуйт ачигч гаргуулах, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөр, сэлбэг, засварын хөлс, тээвэрлэлтийн зардалд нийт 415.996.530 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

 

 “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах №052/2014, №053/2014 дугаар гэрээнүүдийн 4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эбердигм Монгол” ХХК нь “Ньюпэрл” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр №23/2015 санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулан SD300N маркийн, 10148, 10149 арлын дугаартай 2 дугуйт ачигч, EDC-200 маркийн генераторыг тус тус хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу хариуцагч “Ньюпэрл” ХХК нь хуваарьт төлбөрөө төлж чадаагүй учраас дээрх гэрээнүүдийг цуцалсан. SD300N маркийн 10148 арлын дугаартай дугуйт ачигч, EDC-200 генераторыг манайх буцаагаад авчихсан байгаа. SD300N маркийн 10149 арлын дугаартай дугуйт ачигчийг өнөөдрийг хүртэл буцааж аваагүй байна. Иймд хариуцагчаас SD300N маркийн 10149 арлын дугаартай дугуйт ачигчийг гаргуулж, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 052/2014, 053/2014 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд, мөн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №23/2015 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу SD300N маркийн 10148, 10149 арлын дугаартай 2 дугуйт ачигч болон EDC-200 маркийн генераторыг гэрээний 4.1, 4.2-т тус тус зааснаар “...ашигласан хугацааг түрээсийн төлбөрөөр тооцож, худалдагчид төлнө” гэж тохиролцсоны дагуу техникүүдийг хүлээлгэж өгсөн өдрөөс гэрээ цуцалсан өдөр хүртэлх хугацааг ашигласан хугацаанд тооцож нийт 415.996.530 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.897.810 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд хоорондоо тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр эд зүйлсийг өгч авсан нь үнэн боловч 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 052/2014, 053/2014 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээнүүдийн нийтлэг үндэслэлийн 1.1-д зааснаар ...эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлэх” гэж заасан үүрэгтэй. Манай компанид шилжүүлсэн генератор, ковшийг худалдан авах гэрээгээр худалдан авахдаа урьдчилгаа 13.205.500 төгрөг төлсөн. Ковшийг тус компанаас авахад анхнаасаа тормоз нь ажлахгүй байснаас болж манай байгууллагад бас хохирол учирсан. Бид түүнийг буцаая гэж мэдэгдэхэд өөрсдөө засаад өгье гэж хэлчихээд өнөөдрийг хүртэл засаж өгөөгүй, бид өөрсдөө мэргэжлийн хүмүүсээр засуулсан боловч засвар аваагүй эвдэрхий чигээрээ байгаа” нэхэмжлэгч тал 10148 арлын дугаартай ковш, генератор зэргийг засаж өгнө гэж хэлээд буцааж авсан манай компанд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа болно. Нэхэмжлэгч гэрээний үүргээ ингэж зөрчиж байгаа тул бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх 57/

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.  Талууд хоорондоо 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Тоног төхөөрөмжүүдийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, тус бүр урьдчилгаа төлбөрүүдийг төлж тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан. Энэ талаар маргалдахгүй. “Эбердигм Монгол” ХХК нь тодорхой хэмжээгээр бүрэн бус ажиллагаатай, доголдолтой техникүүдийг хүлээлгэн өгсөн. SD300N маркийн 10148, 10149 арлын дугаартай 2 дугуйт ачигчууд нь манайд ирээд 7 хоногийн дотор тормосны асуудал гарсан. Бид тухайн үед нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч тал хүрч ирж засна гэж хугацаа алдсан. Дээрээс нь сэлбэг Солонгос улсаас захиалсан удахгүй ирнэ гэж хэлээд манай талд маш их хэмжээний хохирол учруулсан. Үнэхээр тоног төхөөрөмжийг ажиллуулаад ашиг олсон бол төлбөрийг төлөх нь зүйтэй. Үнэн бодит байдал дээр 2 ковш тормосны саатал гардаг учир бүтэн сар зэргээр ажиллаж байгаагүй. Үүнийг гэрчүүд мэдүүлнэ. Иймд нэхэмжлэлээд байгаа сар бүхэн, өдөр бүхэн 16.500.000 төгрөг гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/  

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний 4.4-т зааснаар энэ гэрээг түрээсийн гэрээ болгоно гэж заасан. Энэ түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар тусдаа бие даасан гэрээ байх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байдаг. 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгч энэ гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт огт бүртгүүлээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Дугуйт ачигч, генератор бол үл хөдлөх хөрөнгө биш, хөдлөх хөрөнгүүд байгаа. Ийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байгаа. Түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэсэн заалт байгаа.  Бичгээр тохиролцсон байгаа.  Тодорхой нөхцөлд түрээсийн харилцаа үүсэхээр зохицуулсан байгаа. Зөвхөн гэрээ цуцалсан тохиолдолд өмнөх тоног төхөөрөмж ашигласан хугацааг түрээсээр тооцъё гэж талууд тохиролцсон байгаа. Энэ бол Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын эрх тэгш, чөлөөтэй тодорхойлох зарчмын дагуу энгэж тодорхойлсон байгаа гэжээ. /Шүүх хуралдааныг тэмдэглэлээс/

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь хариуцагч “Ньюпэрл” ХХК-иас SD300N маркийн 10149 арлын дугаартай 4153 УН улсын дугаартай дугуйт ачигч гаргуулах, мөн SD300N маркийн 10149, 10148 арлын дугаартай тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөрт 404.489.800 төгрөг, 10148 арлын дугаартай тоног төхөөрөмжийн сэлбэг засварын хөлс нийт 47.944.400 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 1.000.000 төгрөг, EDG-200 генераторын түрээс 10.764.200 нийт 416.996.530 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч эс зөвшөөрч, “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах №052/2014, №053/2014 дугаар гэрээний 4-т дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /хх 1-3, 163-164/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь “Ньюпэрл” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №052/2014 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Doosan SD300N, 10149 арлын дугаартай, нийт 132.059.400 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг урьдчилгаа 13.205.940 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар,

2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №053/2014 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Doosan SD300N, 10148 арлын дугаартай, нийт 132.059.400 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг урьдчилгаа 13.205.940 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар,

2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр №036/2015 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр EDG-200, 4307 арлын дугаартай, нийт 89.702.250 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг сарын 16.500.000 төгрөгөөр түрээслэх, гэрээнүүдийг тус тус харилцан тохиролцон байгуулсан байна. /хх11-35/

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эбердигм Монгол”  ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа: Гэрээний дагуу “Doosan SD300N маркийн 10149 арлын дугаартай, “Doosan SD300N маркийн 10148 арлын дугаартай дугуйт ачигчууд болон EDG-200 маркийн 4307 арлын дугаартай генераторыг тус тус хариуцагчид 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагч урьдчилгаа төлбөрөөс хойш аливаа төлбөрийг төлөлгүй манайд буцааж өгсөн ба 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Ньюпэрл” ХХК-д албан бичгээр гэрээ цуцлахыг мэдэгдэж, гэрээг цуцалсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т тохиролцсон дагуу “...тоног төхөөрөмжийн ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг” Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд  зааснаар “...төлбөрийн хувиарыг 1 сараас хоцроож төлөх юм бол гэрээ цуцлах эрхтэй” гэрээний тохиролцооны дагуу 1 сарын түрээсийн төлбөрийг  16.500.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх эрхтэй, Иймд “Ньюпэрл” ХХК-иас 10149 арлын дугаартай 4153 УН улсын дугаартай SD300N маркийн дугуйт ачигч, мөн нийт 415.996.530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж зааснаар дээрх худалдах худалдан авах гэрээний 4 дэх хэсгийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах №052/2014, №053/2014 дугаар гэрээнүүдээс дүгнэхэд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлсэн, тохирсон хугацаанд үнийг дараа төлөх шинж чанараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч тохирсон хугацаанд үнийг төлөхөөр тохирч улмаар үүнтэй холбоотойгоор эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо талууд илэрхийлж гэрээг бичгээр байгуулсныг “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Тухайн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө биш байх тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байна.

 

Хариуцагч Ж.Аринуболд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “талууд хоорондоо тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр эд зүйлийг өгч авсан нь үнэн боловч зээлээр худалдах худалдан авах гэрээнүүдийн нийтлэг үндэслэлийн 1.1-д зааснаар ...эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлэх” үүрэгтэй, ковшийг тус компанаас авахад анхнаасаа тормоз нь ажлахгүй байснаас болж манай байгуулагад бас хохирол учирсан. Бид түүнийг буцаая гэж мэдэгдэхэд өөрсдөө засаад өгье гэж хэлчихээд өнөөдрийг хүртэл засаж өгөөгүй, бид өөрсдөө мэргэжлийн хүмүүсээр засуулсан боловч засвар аваагүй эвдэрхий чигээрээ байгаа” гэж шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж, байх боловч маргааны үйл баримт, татгалзлын үндэслэлээ үгүйсгэж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж, хэрэгт хавсаргаагүй, гэрчийн мэдүүлгүүд нь өөр бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2, 2.3, 3.6, 4.1, 4.1-д заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож, нэг сарын түрээсийн үнэлгээг 15.400.000 төгрөгөөр тооцож хариуцагчаас шаардах эрхтэй байна.

/Ашигласан хугацааг SD300N маркийн 10149 арлын дугаартай 4153 УН улсын дугаартай дугуйт ачигчийг хувьд “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 14 сар ашигласан” гэж үзэж, 14 х 15.400.000 =215.600.000 төгрөг үүнээс төлсөн 57.205.500 төгрөг хасч тооцоод нийт 158.394.500 төгрөг.

SD300N маркийн 10148 арлын дугаартай дугуйт ачигчийг хувьд “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хртэл 12 сар ашигласан” гэж үзэж 12 х 15.400.000 = 184.800.000 төгрөг үүнээс төлсөн 48.700.000 хасч тооцоод нийт 136.100.000 төгрөг.

 

EDC200 маркийн генераторын хувьд 1 сар ашигласан гэж үзэж 16.500.000 төгрөг, үүнээс төлсөн 10.764.000 төгрөгийг хасч, үлдэх 5.736.000 төгрөг.

нийт 158.394.500+136.100.000 + 5.736.000 = 300.230.500 төгрөгийг хариуцагч “Ньюпрэль” ХХК-аас гаргуулах нь зүйтэй, үлдэх 115.765.900 төгрөг нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна./

Иймд хариуцагч “Ньюпэрл” ХХК-иас 10149 арлын дугаартай 4153 УН улсын дугаартай SD300N маркийн дугуйт ачигчийг гаргуулж, талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр №23/2015 санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт нийт 300.230.500 төгрөгийг хариуцагч “Ньюпэрл” ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, үлдэх 115.766.030 төгрөгийг мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эбердигм Монгол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.046.870 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ньюпэль ХХК-иас 1.659.102 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Ньюпэрл” ХХК-иас SD300N маркийн 10149 арлын дугаартай 4153 улсын дугаартай дугуйт ачигч, мөн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр №23/2015 санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн төлбөрт 300.230.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115.766.030 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 56.1.1-д зааснаар хариуцагч “Ньюпэрл” ХХК-ийн “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.046.870 төгрөгийг, “Ньюпэрл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ньюпэрл” ХХК-иас 1.659.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эбердигм Монгод” ХХК-д олгосугай.

 

4.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/24970, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2016/05118 дугаартай шүүгчийн захирамжууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ