Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2123000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2 ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт *******ын *******, /PД:ИЙ*******/

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух өөрийн гэртээ ээж М.тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух өөрийн гэртээ ээж М.тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохисон хэргийн үйл баримт нь Ц.*******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.ын “...Тухайн өдөр би гэртээ байж байсан чинь манай хүү ******* гаднаас орж ирээд би өвөлжөөгөө 8.000.000 төгрөгөөр зарлаа, та нар битгий хэл ам хийгээд байгаарай гэж хэлэхээр нь, чи архи уучихсан юм уу, яагаад дандаа эд хөрөнгөө зарна гэж яриад байдаг юм бэ гэж хэлчихээд гэрээсээ гарах гэсэн чинь ******* араас гарч ирээд миний толгой руу гараараа шууд 2 удаа цохиод авсан. Тэгээд тухайн үед миний ухаан санаа балартаад юу болсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг Энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.гийн “ ...Тухайн өдөр ...ээж нь *******д зодуулчихлаа гээд манай гэрт орж ирээд уйлаад суучихаар нь би очоод, та яасан бэ гэж асуусан чинь ******* намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд ээж цагдаа дуудаад удалгүй хоёр цагдаа орж ирж юу болсон талаар асуучихаад гарсны дараа манай нөхөр хадам ээжийг аваад эмнэлэгт үзүүлэхээр явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ийн “...орой гэртээ байж байсан чинь манай ээж нь *******д зодуулчихлаа гээд нүд нь хөхөрчихсөн ороод ирэхээр нь цагдаа дуудаж *******г өгөөд, би ээжийг эмнэлэгт очиж үзүүлчхээд гэртээ авч ирж хонуулсан ...” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.ын биеийн байдлын талаар мэдүүлсэн гэрч М.гийн “...Тухайн үед эгчийн биеийн ерөнхий байдал дунд зэрэг, баруун нүд, баруун талын чамархай, баруун чихний дэлбээ, хүзүү хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун талын чамархай орчим зулгарч хавагнасан, долоовор дунд хурууны үеэр хавагнасан эмзэглэлтэй, зүрхний авиа бүдэг, хэм алдагдалтай, артерийн даралт 140, 90 болон 140, 80-тай уушги цулцангийн амьсгалтай, хэвлий тайван хөхөрч няцарсан шинжгүй, аюулхай орчимд эмзэглэлтэй, бөөр тэмтрэлээр эмзэглэлтэй байсан ба цаашид хэвлий эход харуулах шаардлагатай, гэмтлийн болон нүдний эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн тодорхойлолт бичиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийн улмаас хохирогч М.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000360 дугаартай “...М.ын биед баруун нүд, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Иргэн М.ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.*******гийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.******* нь М.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч М.ад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч “...надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Хүү Ц.*******тай эвлэрсэн нь үнэн болно” гэсэн хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын *******д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ц.*******д 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА