Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00288

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00288

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны замын 163-43 тоотод оршин суух П.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

Төв айзмаг, Өндөрширээт сум, Сант 4 дүгээр багт оршин суух С.Өлзийсайханд холбогдох,

Машины төлбөр 1 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Мөнхбаатар, хариуцагч С.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Мөнхбаатар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-1 600 000 төгрөгөө С.Өлзийсайхан нь 4, 5 дугаар сард багтаан 2 хувааж төлье гэсэн санал тавьсаныг би хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Хариуцагч С.Өлзийсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Тохирсон хугацаанд буюу 4, 5 дугаар сард 1 600 00 төгрөгийг хуваагаад төлөхийг хүлээн зөвшөөрч байна ” гэв.

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “-Хариуцагч С.Өлзийсайхан би нэхэмжлэгч П.Мөнхбаатарын нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 1 600 000 төгрөгийг 2017 оны 4 сард 800 000, 2017 оны 5 сард 800 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов.

П.Мөнхбаатар би 2017 оны 4 сард 800 000, 2017 оны 5 сард 800 000 төгрөгийг тус тус авахаар тохиролцсон тул зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1 648 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 48 900 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Өлзийсайхан нь нэхэмжлэгч П.Мөнхбаатарт 1 600 000  төгрөгийг 2017 оны 4 сард 800 000, 2017 оны 5 сард 800 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Өлзийсайханаас 1 600 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 40 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мөнхбаатарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч П.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Өлзийсайханд холбогдох иргэний хэргийн зохигчид 1 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч С.Өлзийсайхан нь 1 600 000 төгрөгийг 2017 оны 4, 5 сард хоёр хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Өлзийсайханаас 1 600 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 40 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мөнхбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.МӨНХЦЭЦЭГ