| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00157/и |
| Дугаар | 151/ШШ2017/00334 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2017/00334
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2017/00334 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00157/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сум, Хайрхан 2 дугаар багт оршин суух Дашдэндэвийн Сүхбаатар /НР57061074/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Миний бие 1957 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, 1975 оноос 1978 оны хооронд цэргийн алба хаасан. 1981 оноос 1986 онд Худалдаа бэлтгэлийн ангид манаач 1986 оноос 1992 онд Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 онд Хөгжил ХК-д малчнаар ажилласан. Нийт улсад 13 жил 5 сар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон мөн зарим тушаал тодорхой бус байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд нотлох баримтыг үндэслэн тухайн үед Худалдаа бэлтгэлийн ангид, бэлтгэлийн туслах ажилтай байсан А.Чимгээ, Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Л.Намжилсүрэн нарыг гэрчээр асууж миний Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан мөн Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан 14 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сүхбаатар нь Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оноос 1986 он хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оноос 1992 он хүртэл малчнаар, Хөгжил ХК-д 1992 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Д.Сүхбаатар нь Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 8 сарын 31-ний өдрөөс 1986 оны 08 сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 08 сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 01 сарын 02-ны өдрөөс “Хөгжил” ХК-д 1994 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Д.Сүхбаатарын ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: -Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн дарга С.Пүрэвсүрэнгээс 1986 оноос 08 сарын 08-ны өдөр Дашдэндэвийн Сүхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтийн хуулбар /хх 5-8/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн дарга С.Пүрэвсүрэнгээс 1991 оноос 11 сарын 04-ний өдөр Дашдэндэвийн Сүхбаатарт олгосон “...1986 оны 08 сарын 08-нд Хөгжил нэгдэлд малчнаар томилон ажиллуулав...1992 оны 01 сарын 02-ны өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлж “Хөгжил” ХК-ний мэдэлд шилжүүлэв...1992 оны 01 сарын 02-нд “Хөгжил” ХК-ийн малчнаар томилон ажиллуулав...1994 оны 05 сарын 31-ний өдрөөс “Хөгжил” ХК нь дахин хувьчлагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтийн хуулбар /хх 9-10/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргаас 1991 оноос 10 сарын 20-ны өдөр Л.Намжилсүрэнд олгосон хөдөлмөрийн дэвтийн хуулбар /хх 23/, Төв аймгийн Баянчандмань сумын Т.М.С-ээс А.Чимгээд 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтийн хуулбар /хх 24/, гэрч Л.Намжилсүрэнгийн “...Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оноос 1986 он хүртэл манаачаар, Төв аймгийн Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч А.Чимгээгийн “...Д.Сүхбаатар нь Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оноос 1986 он хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оноос 1992 он хүртэл малчнаар, “Хөгжил” ХК-д 1992 оноос 1994 оноос малчинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Иймд Д.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашдэндэвийн Сүхбаатарын Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 08 сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 01 сарын 02-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл “Хөгжил” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ