Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/307

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Яндаг /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Даваасүрэн

Шүүгдэгч: Ц.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц....т холбогдох 2108000000326 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                                             

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн Хайрхан суманд 1969.03.30-нд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ”...” ХХК-д индүүчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо ...тоотод түр оршин сууж буй гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:.../ Боржигон овогт ...ын ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд,  шүүгдэгч Ц....ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.... нь 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 38-8 тоотод байрлах гэртээ хүргэн дүү Г....тай “хадам ахаа гэж дуудсангүй” гэж маргалдаж харилцан зодолдох явцдаа Г....г хутгалсаны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Цагдаагийн байгууллага “хоёр согтуу хүн хоорондоо муудалцаад нэгнийхээ хоолойг хутгаар зүсээд гэмтээсэн юм шиг байна” гэх дуудлага мэдээллийг  2021 оны 2 сарын 15-ны өдрийн 15 цаг 24 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-3-7/,
  • Хохирогч Г....гийн: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед би эхнэр ...ийн төрсөн ах ...тай золгохоор очсон юм. ... эхнэр ...тай гэртээ хоёулаа байсан. ... бид хоёр сургуульд байхдаа нэг ангид байсан юм. ...ын гэрт оччихоод бууз жигнэж идчихээд нийлээд 0,75 литрийн архи хувааж уусан. ... бид хоёр 10 жилийн анги бөгөөд архи ууж байхад чи миний дүүтэй гэр бүл болсон, намайг хадам ахаа гэж дууд гээд байхаар нь би “чи бид хоёр нэг анги юм чинь юу гэж тэгж дууддаг юм” гэж хэлсэн. ... бид хоёр энэ асуудлаас болж хоорондоо муудалцаад зодолдсон. ...... гар хөлөөрөө цохисон тэгсэн ... хаанаас хутга авсныг нь мэдээгүй миний хоолойноос цус гарсан. Би хэзээ яаж хутгаар хатгуулснаа мэдээгүй. Бид хоёр муудаад зодолдсон чинь хутгаар хатгачихсан...жижигхэн шар иштэй хутга байсан. ...” гэх мэдүүлэг /хх-15/,
  • Гэрч М....гийн: “...Тэр хоёр нэгнийгээ найз гэсэнгүй, хүргэн гэж дуудлаа гээд л анх маргалдсан юм. Маргалдаад шууд барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Удалгүй манай нөхрийн амнаас цус гартал нөхөр уурлаад гал тогоо руу гүйж очоод шар иштэй жижиг хутгаар хоолой хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгээд би айгаад дуудлага өгсөн юм. Тэр хоёр 10 жилд нэг анги байсан. ...” гэх мэдүүлэг /хх-18/,
  • Гэрч Н....гийн: “...14 цаг 50 минутын үед ээж утасныхаа чанга яригч дээр тавьчихсан байтал цаанаас ..., ... хоёр зодолдоод нэгийгээ хутгалчихсан, хүзүүнээс нь цус гоожоод байна, гэхээр нь би 103, 102 дугаарт дуудлага өгөөд гэрээсээ гараад ... эгчийн гэрт нь очсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 20/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.03.01-ний өдрийн 1706 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн урд дээд хэсэгт 1,5 см урттай мэс заслын 2 оёдол бүхий эдгэрч буй шархтай, тэмтрэхэд эмзэглэлгүй, баруун бугалганы урд дунд хэсэгт 4х3 см, 2х1,5 см, зүүн бугалганы урд дунд хэсэгт 4х3,5 см, 2х2 см, бүсэлхийн баруун хажуу хэсэгт 2х2 см, 1,5х 1,5 см хөхөлбөр шаргал өнгийн шимэгдэж буй цус хуралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт: Г....гийн биед хүзүүнд шарх, бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хүзүүнд шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүзүүнд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-24-25/,
  • Яллагдагч Ц....ын: “...Би Г....тай Архангай аймгийн Хайрхан суманд 1 сургуульд 1 ангид сурч байсан найзууд юм. Г.... нь миний төрсөн дүү ...той гэр бүл болсон юм. 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ... манай гэрт ирсэн юм. Бид хоёр золгоод, бууз идчихээд 1 шил архи хувааж уусан юм. Би архи ууж байгаад юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Манай эхнэр ... хэлэхдээ бид хоёр маргалдаж байгаад би унтсан чинь намайг Г.... цохиод тэгээд би буцаагаад хутгаар хатгасан гэж хэлсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-32-34/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.... нь Г....тэй харилцан зодолдсоны улмаас Ц....ын биед гэмтэл учраагүй тул Г.... нь Ц....ын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.,3 дугаар зүйлд зааснаар шийтэл хүлээлгэхээр холбогдох баримтыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021.03.18-ны өдрийн 1/1123 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.... нь хохирогч Г....тэй “хадам ахаа гэж дуудсангүй” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдож байх явцдаа хутга хэрэглэж  Г....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан үйлдэл байх тул Ц....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

           

          Шүүгдэгч Ц...., хохирогч Г.... нар харилцан зодолдсоны улмаас Г....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.03.01-ний өдрийн 1706 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Ц.... хохирогч Г.... нар нь “эвлэрсэн” тухайгаа бичгээр илэрхийлсэн ба Г.... иргэний нэхэмжлэл гаргаагүй, “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

          Шүүгдэгч Ц.... нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-43/,
  2. 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан нь Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зан байдал засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-43-46/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.... нь сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан ялаа эдэлж дууссанаас хойш 3 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/  54 дүгээр зүйлийн “е”-д зааснаар түүнийг ял шийтгэлгүй болсонд тооцно.

          Шүүгдэгч Ц.... нь зэвсэг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

          Дээрх нөхцөл байдал болон Ц.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогч Г....тэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.... нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “шар өнгийн иштэй, ажлын хэсэг 9,5 см, 10 см бариултай” хутгыг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 21,5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ...ын ...т оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөг төлүүлэх байдлаар 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Ц.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бичиг баримт хураалгаагүй, хохирогч Г.... иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц....т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг хутгыг шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг Ц....т холбогдох 2108000000326 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.

 

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Ц....т мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ