| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00622/и |
| Дугаар | 151/ШШ2017/00374 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2017/00374
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00373 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00230/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багт оршин суух Отчигин овогт Батнасангийн Эрхэмбаатар /НТ570012511/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрхэмбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн иргэн Б.Эрхэмбаатар миний бие 2017 оны 1 сард тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл 1980 оноос 1986 онд Угтаалцайдам сумын Ус цаг уур орчны шинжилгээний Угтаал өртөөнд цаг уурын ажигчлагчаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр архиваас олдоогүй учир энэ 6 жилийг тэтгэвэр тогтоолгоход хасч тооцсон юм. Намайг ажиллаж байхад надтай хамт Төв аймгийн УЦУОШ-ний газрын цаг уурын техникч хийж байсан Намхай овогт Онгоодой, Д.Цэвэлмаа наын мэдүүлгийг үндэслэн миний 1980 оноос 1986 онуудад ажилласан жилийг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрхэмбаатар нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Ус цаг уур орчны шинжилгээний Угтаал өртөөнд 1980 оноос 1986 он хүртэл цаг уурын ажигчлагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Б.Эрхэмбаатар нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Ус цаг уурын шинжилгээний станцад 1980 оны 01 сарын 02-ны өдрөөс 1986 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Б.Эрхэмбаатарын ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: - Батнасангийн Эрхэмбаатарт Төв аймгийн угтаалын дунд сургуулиас 1975 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр олгосон “...5-д. 1980 он...Мөн суманд ажиглагчаар дэвшүүлэн ажиллуулав...6-д 1986 оны 06 сарын 04-ний өдөр...Өөр ажилд дэвшин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэврийн хуулбар /хх-3/, Төв аймгийн СХ-ийн Ус, цаг уурын товчооны даргын 1982 оны 02 сарын 05-ны өдрийн 1982 оны цалин тогтоох тухай “...Ус, цаг уурын товчооны инженер техникийн ажилтнууд, ус цаг уурын Зуунмод, Мааньт, Эрдэнэсант, Угтаал станцын дарга ажиглагч нарын 1982 оны цалингийн хэмжээг 1981 оны ажлын чанар, мэргэжлийн шалгалтын үр дүнг үндэслэн хавсралтын дагуу тогтоосугай...хавсралтад...угтаал...Эрхэмбаатар, ажиглагч...” гэх бичилттэй 8 дугаартай тушаал /хх-13/, Төв аймгийн СХ-ийн Ус, цаг уурын товчооны даргын 1985 оны 08 сарын 03-ны өдрийн үзүүлэх сургуулийн дүн гаргах тухай “...Угтаал цаг уурын станцын дарга н.Доржсүрэн, ажиглагч н.Эрхэмбаатар...нарыг тус бүр товчооны баярын бичиг 50 төгрөгөөр шагнаж...” гэх бичилттэй 48 дугаартай тушаал /хх-14/, гэрч Н.Онгоодойн “....Б.Эрхэмбаатар нь Төв аймгийн Угтаалын Цаг уурын станц 1979 онд шинээр байгуулагдахад ажиглагчаар анх ажилд орж байсан. Тэгээд би 2009 он хүртэл хамт ажиллаж байсан болохоор Б.Эрхэмбаатарыг 1979 оноос 2009 он хүртэл ажиллаж байсан байдлыг нь мэднэ....” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Д.Цэвэлмаагийн “....Б.Эрхэмбаатар нь Төв аймгийн Угтаал Сангийн аж ахуйн Цаг уурын станцад ажиглагчаар 1980 оноос 2017 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хх-19/ зэрэг болно.
Иймд Б.Эрхэмбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Батнасангийн Эрхэмбаатарын Төв аймгийн Угтаалцайдам сумын Ус цаг уурын шинжилгээний станцад 1980 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл ажиглагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ