| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 2108001450198 |
| Дугаар | 2021/ШЦТ/309 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/309
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: Б.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....од холбогдох ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985.5.26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...” ХХК-нд зөвлөхөөр ажиллаж байгаа, ам бүл-3, эцэг, эх, охины хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 3 дугаар хорооллын ...тоотод оршин сууж буй гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:.../ Товуд овогт ...ын ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.... нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 24 дүгээр ...тоотод оршин суух Г....гийн гэрт 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч асан Г....тай маргалдаж, нүүрэн тус газарт нь цохьсон үйл явдал болсон нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллага “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 24 дүгээр ...тоотод Т.... бусдад зодуулсан” гэх гомдол мэдээллийг 2020.12.24-ний өдрийн 20 цаг 02 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
-Хохирогч Г....гийн: “2020 оны 12 сарын 23-ны өдөр гэртээ ...тай хамт байж байтал ... надад хэлэлгүй манай гэрт хүрээд ирсэн. ...ыг гэрт орж ирэхэд ... бид хоёр орон дээрээ хэвтэж байсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд уулздаг залуутайгаа хамт байж байхад ... манай гэрт орж ирсэн. Тэгээд ... тэр залуу бид хоёрыг хардаад уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би уурандаа гал тогооны шүүгээнээсээ хар өнгийн иштэй хутга аваад өөрийгөө хатгана гэж ...ыг айлгасан. Энэ талаараа би анх өгсөн мэдүүлэг дээрээ хэлээгүй одоо хэлж байна. Тухайн үед ... надаас тэр хутгыг булааж авсан. Тэгээд би сандраад өөрөө зүүн гараараа пийшин дээр дарсан. Тэгээд миний зүүн гарны шуу болон бугалга хэсэгт бага зэрэг түлэгдсэн. Би өөрөө сандарсандаа зүүн гараараа пийшин дээр дараад гараа түлсэн. Тэр өдөр ... миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-10, 16/,
- Яллагдагч Б....ын: “... Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамт эзэмшдэг байрны талаарх асуудлаар уулзахаар ...гийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 24-23 тоотод байх гэрт нь очсон. Тэгэхэд ... гэртээ үл таних залуутай хамт орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ...тай хэрэлдэж байтал тэр залуу нь гэрээс нь гараад явсан. Тэгээд тэр залууг нь гараад явсны дараа би ...тай маргалдаж байгаад түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ... уурлаад гал тогооны шүүгээнээсээ хар өнгийн иштэй том хутга аваад өөрийгөө хутгалах гээд байхаар нь би гараас нь хутгыг нь булаагаад автал ... өөрөө хойшоо гишгээд зүүн гараараа зуухан дээр дарсан. Тэгээд зүүн гарны тохой болон шууны хэсэг нь бага зэрэг түлэгдсэн байсан. Тэгээд би гэрээс нь гарч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-52-55/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.12.30-ны өдрийн 328 дугаартай: “...Г....гийн биед зүүн чамархайд шарх, зүүн бугалга шуунд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчиллээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-24-25/, шинжээч Б.Даваасүрэнгийн: “...Дээрх дүгнэлтэнд заасан гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэргээр Г....гийн бие махбодид тухайн цаг үед хэд хэдэн гэмтэл шарх учирсан нь тогтоогдож байх бөгөөд эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.
Эдгээр гэмтлээс “зүүн бугалганы дотор дунд хэсгээс шууны дээд хэсэг хүрсэн 22х4 см арьс түлэгдсэн шарх” гэмтлийг хохирогч Г.... өөрөө пийшин дээр дарж түлснээ хүлээн зөвшөөрсөн, “баруун нүдний алиманд улаан өнгийн цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт” гэмтлийг шүүгдэгч Б.... хохирогч Г....гийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Энэ хэрэгт шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч-эмч Б.Даваасүрэнгээс мэдүүлэг авахад “дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн /хх-63/ байна.
Дээрх нөхцөл байдал, баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.... нь хамтран амьдрагч асан Г....г өөр хүнтэй хамт байгааг харж цочирдон уурласны улмаас Г....гийн нүүрэн тус газарт гараараа цохиж “баруун нүдний алиманд улаан өнгийн цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт” бүхий гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь нотлогдож байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.... нь хохирогч Г....тай 5 жил орчим гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан, 2020 оны 6 сарын 28-наас хойш тусдаа амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдож байгаа ба Б.... нь урьд өмнө хохирогч Г....гийн эсрэг хүч хэрэглэж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, 2020 оны 12 сарын 23-ны өдөр гаргасан үйлдэл нь урьдын дотно харилцаанаас үүдэлтэйгээр гэнэт үүссэн шинжтэй нэг удаагийн үйлдэл байх тул Б....ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б....од нүүрэн тус газартаа цохиулсны улмаас Г....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.12.30-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Г.... “Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ явдал болсны дараа ... өөрөө надаас уучлалт гуйсан. Тиймээс би ...ыг миний биед гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна гэж бодож байна” гэж мэдүүлсэн /хх-16/ ба хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч Б....ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн 814 дүгээр тогтоолоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, торгуулийн ялыг 2020.01.28-ны өдөр биелүүлж дуусгасан болох нь 814 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуусаар /хх-144/ тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.... нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцлоо.
Шүүгдэгч Б....ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.... нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно. Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эхний саналаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч “сард 9 сая төгрөгийг зээлийн төлбөрт төлдөг төлөх боломж муутай“ гэх тайлбар гаргасныг үндэслэн улсын яллагч ялын саналаа өөрчилж “450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг шүүгдэгч мөн эс зөвшөөрч “Миний хувьд өдөр цаг тутамд маш их мөнгөний ажил хийх шаардлагатай байдаг. Торгуулийн ялны мөнгөн дүнг багасгах боломж байна уу. Ар гэрт дарамт үүсээд байна. Шинэ ажилд ороод сар орчим болж байгаа. Яг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь тодорхойгүй байгаа” гэх тайлбарыг тус тус гаргалаа.
Шүүгдэгч Б....ын зүгээс уг хүсэлтээ нотлох баримт болгож орон сууцны захиалгын гэрээ, 2104130010000045 дугаартай зээлийн дансны “эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтыг эх хувиар нь гаргаж танилцуулсныг судалж үзэхэд орон сууцны захиалгын гэрээ нь 2020 оны 2-р сарын 28-ны өдөр, эргэн төлөлтийн хуваарь нь 2021 оны 2 сарын 28-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон дээр дурьдсан бүх нөхцөл байдал, Б....ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, Б....ын орлогын байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Товуд овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Товуд овогт ...ын ...ыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б....ыг торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлүүлэх байдлаар 6 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.... иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б....од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Б....од мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар орон сууцны захиалгын гэрээ, “эргэн төлөлтийн хуваарь”-ийг хуулбарлан ... дугаартай хавтаст хэрэгт үлдээж, эх хувийг Б....од хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ