Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0711/З |
Дугаар | 221/МА2022/0784 |
Огноо | 2022-12-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0784
Э.Ггийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгч: Э.Г
Хариуцагч: БЗДЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг БЗДЗДд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0711/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г нь “БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг БЗДЗДд даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,881,735 төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч БЗДЗДд даалгаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.
3.1. Шүүхийн шийвэрийн Үндэслэх нь хэсгийн 17 дахь заалтад “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8318 дугаар албан бичгээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэжээ.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны 09 дүгээр сарын 10-20 хавьд шүүгчийн туслахтай ярихад шүүх хуралдааны тов гараагүй байсан ба товыг мэдэгдэнэ гэдгээ хэлэхэд нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гадаад улсад хувийн ажлаар зорчих болсноо мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан тов гарвал манай мэргэжилтэнд мэдэгдэхийг хүссэн бөгөөд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8318 дугаар албан бичгээр ирүүлсэн гэх шүүх хуралдааны товыг хүлээн авч танилцаагүй болно. Энэ нь хариуцагч намайг шүүх хуралдаанд биечлэн оролцож үг хэлэх, нотлох баримтыг шинжлэх судлах, мэтгэлцэх эрхээр хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
3.2. Шүүхийн шийдвэрийн тухайд:
3.2.1. Үндэслэх нь хэсгийн 4.2.3-т “... нэхэмжлэгч нь зориулалтын цайны газартай болгох эрх бүхий албан тушаалтан биш байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Г нь тус сургуулийн захирал гэсэн албан тушаалтан бөгөөд Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйл, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах үүрэгтэй байна.
3.2.2. Мөн хэсгийн 5-д “... ажлын хэсгийн дүгнэлт, албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт нь хамааралтай эсэх нь тодорхойгүй” гэсэн нь ойлгомжгүй дүгнэлт байх ба тус сургуулийн үндсэн үйл ажиллагаанд хамаарал бүхий асуудал учир эрх бүхий байгууллага эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг явуулж, зөрчилд тооцсон байна.
3.2.3. Үндэслэх хэсгийн 11-д “... Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй атлаа Боловсролын газар буюу ажил олгогч биш субъекттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, үндэслэлгүй байна”, 12-т “... хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр үйлчлэлгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль бус байна” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Э.Ггийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2019/08 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй хийгдсэн бөгөөд дараагийн шинэчилсэн гэрээ байгуулах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцохоор байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно”, 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаар бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсан тооцно” гэжээ.
Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,881,735 төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч БЗДЗДд даалгаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Э.Ггээс БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 80 дугаар зүйлийн 80.1.4, Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2019 оны Хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.1, 6.3 дугаар зүйлийн 6.3.11, 6.3.21, 6.3.23, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Э.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.
4. БЗДЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг эс зөвшөөрч, “... хариуцагч нь өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, нийслэлийн Боловсролын газраас санал аваагүй, сонсох ажиллагаа хийснээс хойш 5 сарын дараа шийтгэл ногдуулсан нь хууль бус, мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн гэх зөрчлүүд нь нэхэмжлэгчид шууд хамааралгүй, зөрчлөө арилгасан байхад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр албан бичигт дурдсан 4 зөрчлийн 2 зөрчил нь шалгалтын хугацаанд арилсан, үлдэх 2 зөрчлийг нэхэмжлэгч Э.Г гаргаагүй буюу тус сургуулийн номын санч Н.Н, нийгмийн ажилтан Э.Д, Э.А нар нь мэргэжлийн номын санч, нийгмийн ажилтан болох нь тогтоогдож байна.
5.1. Тус сургуулийн “Үдийн хоол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч нь Э.Г бус, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй “С” ХХК тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын дээрх албан бичигт дурдсан Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсэгт заасан үүргийг Э.Г хүлээгээгүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй байна.
5.2. Түүнчлэн ажил олгогчоос Ерөнхий боловсролын 126 дугаар сургуульд зориулалтын цайны газартай болгохыг Э.Гд даалгаагүй, зөвшөөрөөгүй хэр нь энэ үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Э.Гг ажлаас халсан нь буруу бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хоёр үндэслэлээр гомдол гаргасан.
6.1. “... шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх гомдлын тухайд:
6.1.1. Хэргийг хянан хэлэлцэхээр 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан.
6.1.2. Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэхээр 8611-3449 дугаарт залгахад “Утас нь холбогдохгүй байсан тул зурвас үлдээв” гэж шүүгчийн туслахаас тэмдэглэл үйлдсэн байна.
6.1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж заасан.
6.1.4. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс мэдэгдсэн байх ба хэрэв тов хүрээгүй бол өөрөө шүүхээс лавлах үүрэгтэй тул дээрх гомдол үндэслэлгүй.
6.2. “... Э.Ггийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2019/08 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, шинэчилсэн гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүчинтэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг дурдаж гаргасан гомдлын тухайд:
6.2.1. Давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзээгүй бөгөөд харин хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий акт хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн болно.
6.2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ