Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01834

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1619 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А К” ХХК-д холбогдох,

12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 04 сараас эхлээд “А К” ХХК-д барилгын модон материал нийлүүлсэн. Гэтэл “А К” ХХК нь одоог хүртэл төлбөрийг төлөхгүй өвөлжин ажилгүй болголоо. Би эргэлтийн мөнгөөрөө өвөл түлээ нүүрс зардаг байсан. Шүүхэд анх 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үнийн дүнд модон материалын үнээс гадна банкны зээлийн хүүгээ оруулан тооцсон байсан ба одоо зөвхөн модон материалын үнийг буюу 9 183 200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“А К” ХХК нь Хангай захаас барилгын мод худалдан авдаг бөгөөд уг ажиллагаанд тус захын мод худалдаалагчид оролцдог болно. Ж.С нь уг мод нийлүүлэгчдийн нэг бөгөөд бидний хооронд тусгайлсан гэрээ байхгүй болно. Манай компанийн санхүүгийн алба дээр ирж тооцоо нийлсний дагуу төлбөр тооцоог гүйцэтгэдэг бөгөөд уг иргэний хувьд 2017 оны 10 сараас хойш тооцоо нийлээгүй байна.

Иймд уг иргэнийг компани дээр баримтуудаа авч ирэн тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ийнхүү тооцоо нийлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “А К” ХХК-иас 9 183 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А К” ХХК-иас 161 881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1619 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Тус иргэний хэрэгт “А К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.Мөнхчимэг миний бие 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гадны улсад албан томилолтоор ажилласан бөгөөд энэ талаар шүүхэд “А К” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/24 тоот албан бичгээр мэдэгдэж, дурдсан хугацаанд шүүх хуралдаан хийхгүй байх хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг хийж, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хэмээн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон бүхий л эрхийг зөрчин түүний эзгүйд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т ...гэж заасан бөгөөд хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг тусгайлан тогтоож, тоочиж зохицуулсан зохицуулалт байдаггүй. “А К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.Мөнхчимэг нь албан томилолттой байсан талаар “А К” ХХК-ийн албан бичиг, түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт, томилолтоор гадагш явж байгаа талаарх нислэгийн тийзний хуулбар зэргийг шүүхэд хүргүүлсээр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 25, 26-д заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг зөрчиж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Ж.С нь хэзээ нийлүүлсэн ямар модны төлбөрт хэдэн төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй, түүнийг “А К” ХХК, түүний эрх бүхий төлөөлөгч хүлээн авсан нь нотлогдоогүй байхад таамгаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарахаар байна. “А К” ХХК-ийн хангамжийн менежер З.Гантулга нь шүүхийн дуудсанаар хэрэгт гэрчээр оролцож зөвхөн өөрийн гарын үсэг бүхий баримтыг таньж, нэрлэсэн байтал шүүхээс нэхэмжлэгчийн гараараа бичиж, хэн нь үл мэдэгдэх нэрс тайлалгүйгээр бичигдсэн нийт зарлагын баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасан хуулийн заалтуудыг зөрчиж байх тул дээрх дүгнэлт бүхий шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарахаар байна.

Шүүхээс шийдвэрийнхээ гол үндэслэл болгож буй авлага, өглөгийн товчоо нэртэй баримт нь цаг хугацааны хувьд хуучирсан, зөвхөн “А К” ХХК-иас гаргасан буюу нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээрээ шаардлагаа баримтаар нотолж, хариуцагчийн тайлбар нотлох баримтыг өөрийн зүгээс нотлох баримтаар няцаах боломжийг хааж, түүний эрхийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь “А К” ХХК-ийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх бүхий л хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж буй тул хариу тайлбарыг ойлгохгүй, худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтыг таньж мэдэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байна гэж үзэх буюу хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн 1619 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                  

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “А К” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 183 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “А К” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс нийлүүлсэн модны тооцоо байхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийн нотлох баримт болгож шүүхэд гаргасан “авлага өглөгийн товчоо” гэх бичигт худалдан авагч тал худалдан авсан барааны үнэ 14 813 200 төгрөгөөс 5 000 000 төгрөг төлж, 9 183 200 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байна. Хариуцагч тал өөрийн компанийн санхүүгийн тэмдэг, уг бичгийг үйлдсэн этгээдийн гарын үсэг бүхий дээрх баримтыг нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй учир хэргийн оролцогч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд өөрийн томилсон төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангах, ийнхүү төлөөлөгч оролцох боломжгүй болсон тохиолдолд өөр төлөөлөгч томилох зэргээр шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх өөрөөс шалтгаалах арга хэмжээг авах ёстой болно. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаадад томилолтоор ажиллах болсон гэх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай зохих журмаар нотлогдоогүй хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.    

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1619 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН