Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1318

 

Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00849 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Баярмаад холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Уранчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Багшийн коллежийн төвийн хашаанаас гарч явахад Тоёота камри маркийн машин жолоодож явсан Б.Баярмаа нь ухрах үйлдэл хийх үедээ огцом хүчтэй мөргөсөн. Жолооч ур чадвар муутайн дээр утсаар ярьж байсан, тольтойгоо харьцаагүй, сонор сэрэмж муу, анхааралгүйн улмаас явган хүний зам дээр осол гаргасан нь тогтоогдсон. Мөргөлтөөс миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Биеийн шаналгаа зовиур одоог хүртэл үргэлжилж, ослын улмаас эдийн засаг, эрүүл мэндийн хохирол учирсан. Үүнд 2016 оны 12 сараас 2017 оны 1 сар хүртэл худалдан авсан эм 159 220, массаж хийлгэсэн 5000, нотариатын зардал 2200, эмнэлэгт 2017 оны 01 сарын 04-нд толгойн КТГ хийлгэсэн 90 000, шинжилгээ 3000, эмийн бөөний төвөөс 2016 оны 09 сарын 15-нд эм авсан 76 000, бодистой компьютер томографт харуулсан 300 000, эм авсан 520 000, 22-нд Зенерит эмийн сангаас эм авсан 380 000, шүүх эмнэлэг 3000, Тээврийн прокурорт баримт өгөхөд нотариатын үнэ 3000, 2017 оны 1 сард эмнэлэгт хэвтсэн 270 510, нийт 2 000 000 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Баярмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу “Бодь даатгал” ХХК нь төлбөрийг барагдуулах ёстой. Х.Уранчимэгийг дагуулан даатгалын компанид очсон боловч өөрт хамааралтай бичиг баримтыг өгөөгүйн улмаас хохирлоо авч чадахгүй өнөөдрийг хүрсэн, бүрдүүлээд ирвэл мөнгийг өгнө гэсэн. Хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Арал овогтой Бадарчийн Баярмаагаас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1 403 200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Жаляйр овогтой Хануйн Уранчимэгт олгож, шаардлагаас үлдэх 596 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37 401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гэм буруугийн тал дээр маргахгүй. Харин уг зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг "Бодь даатгал" ХХК, Д.Баярмаатай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу төлж барагдуулах ёстой юм. Б.Баярмаа нь Х.Уранчимэгийг дагуулан "Бодь даатгал" ХХК дээр очсон боловч Х.Уранчимэг нь хохирол, гэм хортой холбоотой бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүйн улмаас мөнгөө авч чадахгүй өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл Х.Уранчимэг нь Даатгалын тухай хуулийн 14.2-т заасан иргэний үүргээ биелүүлээгүй, мөн гаргаж өгсөн баримтууд нь шаардлага хангаагүйн улмаас хохирлоо авч чадахгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар яригдсан, "Бодь даатгал" ХХК хохирлын баримтуудаа бүрдүүлээд ирвэл мөнгийг нь гаргаж өгнө гэсэн тайлбарыг өнөөдрийг хүртэл хийдэг болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө" гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.Уранчимэгийн гаргаж өгсөн гэх баримтууд нь ямар ч тамга тэмдэггүй, хуулбар хувь.

“Бриллант клиникийн" 300 000 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгөний орлогын баримт, "Best massage" 5000 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгөний баримт, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан болох нь тодрхойгүй баримтууд, "Монгол эм Импексийн" 520 000 төгрөгийн баримт, "Зийрит" эмийн төвийн 380 000 төгрөгийн баримт, эрүүл мэндийн даатгалаас төлсөн баримтууд, Нэгдүгээр төв эмнэлэгийн 90 000 төгрөгийн баримт, шинжилгээ хийлгэсэн 30 000 төгрөгийн баримтууд нь шаардлага хангахгүй учир нотлох баримтаас хасуулах хүсэлт бичгээр гаргасан боловч хүлээж аваагүй болно.

Мөн Иргэний хуулийн 229.1-т "Гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" болохоос шууд бус хохирлыг хариуцахгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж хариуцагч тал үзэж байна. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Х.Уранчимэгт учирсан гэх хохирлыг Б.Баярмаа биш харин "Бодь даатгал" ХХК төлж барагдуулах ёстой. Учир нь Д.Баярмаа нь "Бодь даатгал" ХХК-тай "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал" -ын гэрээ байгуулсан байдаг. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас "Бодь даатгал" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул гуравдагч этгээдээр оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь хууль бус болно.

Хүсэлт шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой заагаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШТ2017/00156 тоот "Хүсэлт шийдвэрлэх тухай" захирамжинд гуравдагч этгээдээр оролцуулах болон нотлох баримтаас хасуулах хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээж аваагүй нь тодорхой бус, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй. Хариуцагч тал "Бодь даатгал" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаан болохоос 20 хоногийн өмнө өгсөн боловч шүүх хурал дээр шийдвэрлэсэн. Холбогдох хууль тогтоомжид зааснаар хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал 20 хоногийн дараа шийдсэн нь хууль бус гэж үзэж байна.

Нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас харахад бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, тэдгээр нь энгийн хүн хараад ойлгож, унших боломжтой байх гэсэн наад захын шаардлагыг хангасан байх ёстой. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Х.Уранчимэгийн гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх тэдгээр баримтыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Уранчимэг нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулахыг шаардсныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын гэрээний дагуу төлбөрийг барагдуулна, баримтууд хуулийн шаардлага хангаагүй гэж маргажээ.

 

Б.Баярмаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Х.Уранчимэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Хэрэгт уг үйл баримтыг нотлох эрүүгийн хэрэг шалгах явцад хийгдсэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 340, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1306 дугаар дүгнэлтүүд авагдсан. /хх-16, 15,17/

 

Зохигчид энэ талаар буюу гэм хор учирсан, зам тээврийн осолд хариуцагч буруутай эсэхэд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардлыг хэн төлөх болон нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан эсэхэд маргасан.

 

Гэм хор учирсан тохиолдолд хохирлын хэр хэмжээ, уг хохирол нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан байх шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

 

Хэрэгт авагдсан 520 000 төгрөгийн баримт нь бүдэг, бүрэн унших боломжгүйгээс гадна “Монгол эм импекс” ХХК-ийнх мөн эсэх, үүнд ямар, ямар эм тариа орж байгаа гэдэг нь тодорхойгүй байна. /хх-6/ Мөн “Зинерит” эмийн сангаас эм авсан гэх 380 000 төгрөгийн баримтаар ямар, ямар эм тариа олгосон нь тодорхойгүй. Эдгээр эм тариа нь эмчлүүлэгчийн картанд бичигдсэн, ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхэд учир дутагдалтай. Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасантай нийцэхгүй төдийгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ, 40.2 дах хэсэгт нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг биелүүлээгүй болно. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

 

Түүнчлэн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх зохицуулалтыг мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх зохицуулалттай хольж хутган дүгнэж алдаа гаргасныг анхаарвал зохино.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийн нотлох баримтын хүрээнд үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 37 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                   

                                                                               Б.НАРМАНДАХ