Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/311

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга:  С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Ганзориг,

Шүүгдэгч: Б.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....д холбогдох 2108000000231 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1985 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын ...тоотод оршин суудаг бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ...тоотод түр оршин суудаг гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:.../ Сартуул овогт ...гийн ... нь дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокурор 2021.03.01-ний өдрийн 163 дагаартай яллах дүгнэлтдээ: Яллагдагч Б.... нь 2021 оны 1 дүгээр сарынн 16-ны өдөр ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч М....ийг Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хороололд хүргэж өгөхдөө хохирогчийн эзэмшлийн Самсунг А-10 эс маркийн гар утас, 10 метрийн урттай даавуу зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 390000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-128-130/

            Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч Б....йн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.... нь 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 02 цаг 03 минутад ...улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машинаар такси үйлчилгээнд явж Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хороололд иргэн М....ийг хүргэж өгөхдөө  М....ийн эзэмшлийн Самсунг А-10 эс маркийн гар утас, 10 метрийн урттай даавуу зэрэг эд хөрөнгийг илээр, хүчхэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Цагдаагийн байгууллагад “таксины жолоочид гар утсаа цэнэглүүлж үлдээгээд, бөөлжих гээд машинаас буухад миний гар утсыг аваад явсан” гэх” гомдол мэдээллийг 2021.01.16-ны өдрийн 10 цаг 55  минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/,

         - Хохирогч М....ийн: “...Би Хархорин захын хойд талын 32 дугаар байрны урд талаас такси бариад “Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах Залуус 1 хороололд очно мөнгийг нь утсаараа шилжүүлнэ” гэж таксины жолоочид хэлээд “миний утас цэнэггүй болж байна” гээд таксины жолоочид өгч гар утсаа цэнэглүүлсэн юм. Ингээд Залуус 1 хорооллын төмөр хашааны хаалгаар ороод буцаж эргээд зогсохоор нь би “утасны цэнэг хэдэн хувтай болсон байна” гэж таксины жолоочоос асуухад надад таксины жолооч “5 хувийн цэнэг орсон байна” гэж хэлэхээр нь би “миний утсыг өгчих” гэсэн чинь надад миний утсыг өгсөн, ингээд би таксины жолоочийг “дансаа өгчих мөнгө шилжүүлье” гэхэд таксины жолооч миний утсыг “өгч бай, би өөрөө дансаа хийгээд өгье” гэхээр нь би таксины жолоочид өөрийн гар утсаа өгсөн юм. Тэгээд миний дотор муухайрч “би бөөлжлөө” гэхэд таксины жолооч намайг “та машинаас бууж бөөлж” гэхээр нь би машины хаалгаа онгорхой буугаад бөөлжиж байхад машин гэнэт хөдлөөд явахаар нь би араас нь гүйхэд таксины жолооч машины хаалгаа хаалгүй зогсохгүй ертөнцийн зүгээр баруун зүг рүү явсан юм. Тэгээд жолооч машиныхаа хаалгыг хаалгүй шууд хөдлөөд явахаар нь би хойноос нь дуудахад зогсохгүй шууд явсан. Тэгэхээр нь Залуус хорооллын авто зогсоолын харуулын утсыг гуйж өөрийн утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. ... Би хойноос нь дуудсан боловч сонсчихоод сонсоогүй юм шиг яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-8/,

         - Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Залуус хорооллын гадна зогсоол руу харсан хяналтын камерийн бичлэгийг үзэхэд 2021 оны 1 дүгээр сарын 16-ны 01 цаг 57 минут 30 секундэд Залуус хорооллын гадна талын зогсоолд мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирэв. 2 минутын дараа уг тээвийн хэрэгсэл зогсоолоос гарч ертөнцийн зүгээр баруун тийшээ хөдлөв. Бичлэг үзэж эхэлснээс хойш 5 минутын дараа Залуус хорооллын зогсоолын баруун талд зогсов. 2 цаг 03 минутын орчимд Залуус хорооллын зогсоолын баруун талаас ертөнцийн зүгээр урагш хөдлөв. Урагш хөдөлсний дараа тухай таксины зорчигч 15 секундын дараа араас нь явж байгаа харагдав” гэжээ. /хх-39-41/;

- Хяналтын камерийн бичлэгийг бэхжүүлэн авсан диск;

- Гэрч Ц....ы /авто зогсоолын манаач/: “...2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад 40-45 орчим насны үл таних эмэгтэй “надад туслаач, миний утсыг таксины жолооч аваад зугтаасан, та миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь өөрийн... утсаар тухайн эмэгтэйгийн хэлсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Тухайн эмэгтэй нэлээн сандарсан байдалтай “миний утсыг таксины жолооч аваад машинтай зугтаачихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-19-20/;

- Б....ас 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 20 минутад Самсунг А-10эс маркийн имэй код нь 356409117920309, 356410117920307 дугаартай гар утас болон гялгар ууттай даавууг хүлээн авсан тэмдэглэл /хх-35/;

- Хохирогч М....т 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 28 минутад самсунг А-10 эс гар утас /ямар нэг эвдрэл гэмтэлгүй/, гялгар ууттай даавууг /бүрэн бүтэн/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-37/;

- Хөрөнгийн үнэлгээний шинжээч “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Samsung А10s маркийн гар утас-350000 төгрөг, 10 метр урттай даавуу-40000 төгрөг, нийт дүн-390000 төгрөг” гэх тайлан /хх-22-23/;

Яллагдагч Б....йн: “... Тэр эмэгтэй миний авто машинд гар утсаа цэнэглэж сууж байгаад надаас дансны дугаар асуухаар нь би дансны дугаараа хэлэхэд өөрийн гар утас дээрээ бичиж аваад байх шиг байсан. Тэгээд тэр эмэгтэй миний дансны дугаарыг буруу бичээд байсан тул тэр эмэгтэй надад утсаа өгөөд “чи энэ дээр дансны дугаарыг бичээд өг” гэж хэлсэн. ...тэр эмэгтэй машины хойд талд сууж байгаад “дотор муухай оргиод байна” гээд машинаас гарч хойшоо яваад бөөлжөөд байсан тэр үед нь би тэр эмэгтэйг гар утсаа аваад буугаад явчихлаа, авч явж байсан “тортой юмаа үлдээчихлээ” гэж бодоод тэндээс машинаа унаад хөдлөөд явчихсан юм. Тэгээд намайг гэр лүүгээ явж байтал миний ард гар утас дуугараад би гайхаад гар утсыг авч үзээд унтраагаад гэртээ харьсан юм. ...Би өөрийн хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-50-51/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.... нь “би гар утсаа орхисныг нь мэдээгүй, аваад буусан гэж бодсон. Шунахайн сэдэлтээр энэ хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлсэн нь хохирогч М....ийн “би таксины жолоочийг “дансаа өгчих мөнгө шилжүүлье” гэхэд таксины жолооч миний утсыг “өгч бай, би өөрөө дансаа хийгээд өгье” гэхээр нь би таксины жолоочид өөрийн гар утсаа өгсөн юм... Залуус хорооллын авто зогсоолын харуулын утсыг гуйж өөрийн утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-8/, гэрч Ц....ы “үл таних эмэгтэй “надад туслаач, миний утсыг таксины жолооч аваад зугтаасан, та миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь өөрийн... утсаар тухайн эмэгтэйгийн хэлсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Тухайн эмэгтэй нэлээн сандарсан байдалтай “миний утсыг таксины жолооч аваад машинтай зугтаачихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-19-20/ баримтаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.... нь хохирогч М....ийг бөөлжих гээд машинаас түр буусан байсныг нь далимдуулан хохирогчийн нүдэн дээр харсаар үзсээр байтал нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр М....ийн автомашинд үлдээсэн байсан эд хөрөнгийг нь авч, автомашинаар зугтаан явсан болох нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаар төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.... нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах шуурхай ажиллагааны үр дүнд баригдаж, бусдын эд хөрөнгийг буцааж өгсөн нь дээрэмдэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй ба гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй тул шүүгдэгч Б....йг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.... нь гэмт халдлагад өртсөнөөс хойш 10 цагийн дараа дээрэмдүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан /хх-37/, хавтаст хэргийн материалтай танилцаад “эд хөрөнгөө бүрэн бүтэн буцаан авсан. Санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн /хх-125/, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, түүний эд хөрөнгөд учирсан гэм хор бүрэн арилсан байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Улсын яллагчаас Б....йг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, дээрэмдэх гэмт хэрэгт ашигласан автомашины үнэлгээ 10,5 сая төгрөгийг Б....ас хураан авч, улсын орлого оруулах санал гаргалаа.

Шүүгдэгч Б.... нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр бүлэглэн булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн, Өршөөл үзүүлэх комиссын 2009.07.22-ны өдрий 474 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 сар 9 хоногийн хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж мөн өдрөө суллагдсан /хх-91-98/;
  2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор Б....йг бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил, 6 сарын хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б....йг эдлээгүй үлдэж байгаа 6 жил, 11 сар, 01 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.... нь хүндэвтэр гэмт хэрэгт баривчлах ялаар шийтгүүлж, баривчлах ялаас үлдсэн хугацаа 1 сар 9 хоногийн хугацааг баривчлах ялаас өршөөн хэлтэрснээс хойш Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох 5 жилийн хугацаа дуусаагүй байхад 2012 оны 7 сарын 28-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээр ялгүй болох хугацаа тасарч, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр онц хүнд гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн  /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт “Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно” гэж заажээ. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д заасан “онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэх 10 жилийн хугацааг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолоход Б.... нь хуульд заасан хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн тул түүнийг ялтайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.... нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлээд ялтай байхдаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг шинээр үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б....йн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин нь түүний эхнэр Боржигон овог Буянбатын Наранцацралын өмчлөлийн хөрөнгө болох нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-122,123/, тээврийн хэрэгслийн 0239492 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-57/ зэрэг баримтаар, уг автомашин нь зах зээлийн ханшаар 10500000 төгрөгийн үнэлгээтэй байгаа болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.02.10-ны өдрийн 156 дугаартай дүгнэлтээр /хх-28-29/ тус тус тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан ба уг автомашин иргэн Б.Наранцацралтын хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө байх тул Б....ас автомашины үнэлгээтэй тэнцэх 10500000 төгрөгийг улсын орлогод хураан авах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүх дээрх бүх нөхцөл байдал, Б....йн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, 2 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт ...гийн ...йг бусдын эд  хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б....д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М....т эд зүйлийг тоо ёсоор бүрэн хүлээлгэн өгсөн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Б....д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Хяналтын камерийн бичлэг  бүхий дискийг Б....д холбогдох эрүүгийн 2008000000231 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ