| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
2021 03 24 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Г.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2111 00157 0160 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт, аймгийн сум, баг тоотод оршин суудаг боловч одоо дүүргийн дугаар хороо, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Г.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хардалтын улмаас эхнэр А.Алтанцэцэгийг хөл, гараараа цохиж, шилэн сав шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Алтанцэцэгийн “...Би 2021 оны 1 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад нагац эгч Батцэцэгийнд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод явж очсон. Тэгээд тэр орой эгчийндээ хоноод өглөө нь гэрт нь үлдээд хүргэн ах Бямбацэрэн нагац эгч Батцэцэгийг ажилд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Тэгээд би гэрт нь ганцаараа үлдээд хөргөгчид нь байсан 2 ширхэг, 0,5 литрийн Сэрүүн гэсэн нэртэй байсны нэгийг нь задлаад аяганд хийгээд уугаад сууж байхад Бямбацэрэн ах гэртээ ирсэн. ...Бямбацэрэн ах хоол хийгээд, би том өрөөний буйдан дээр сууж байхад манай нөхөр Г.Б өөрийн төрсөн ах Баянмөнх болон үл таних эрэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд Г.Б намайг шууд нагац эгчийн нөхөр Бямбацэрэн ахтай хардаж үг хэлээр доромжилж, намайг цохих гэхэд төрсөн ах Баянмөнх нь голоор орж хорьсон чинь ахынхаа хойгуур урдуур хөл, гар нь сарвалзаад хөлөөрөө 2-3 удаа бөгс, гуя луу өшиглөж, цээж лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гал тогооны өрөөний тавиур дээр байсан шилэн ундааны аяга авч шидсэн нь миний толгойн орой, зүүн талын хэсэгт бууж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1251 дугаартай “...А.Алтанцэцэгийн биед тархи доргилт, зулайн хуйх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн би чиний ар хөхлөг хэсэг, доод эрүү, зүүн баруун ташаа, нуруу, баруун хонгоны цус хуралт, хэвлийн зулгаралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт бага зэрэг хавдартай, зөөлөн эдийн няцрал, олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Б-ийн “...2021 оны 01 сарын 28-ны өдөр гадуур ажилтай явж байгаад Модны 2-т гэртээ очиход эхнэр Алтанцэцэг болон хүүхдүүд гэртээ байгаагүй ээ, тэгээд гэрийн түлхүүр байхгүй байсан болохоор эхнэр Алтанцэцэг рүү залгаад хаана байгааг нь асуухад хайлаастад Батцэцэг эгчийнд байна гэж хэлсэн, тэгэхээр нь өөрийн төрсөн ах Баянмөнх, зүс таних залуу Энхболдын хамт Хайлаастад Алтанцэцэгээс гэрийн түлхүүр авах гээд очсон, тэгээд гэрт нь ороход манай эхнэр нь Алтанцэцэг, хүргэн ах Бямбацэрэнгийн том өрөөнд буйдан дээр нь хөнжил нөмөрчихсөн, орныхоо урд талд шилтэй архи тавьчихсан, согтсон байдалтай байсан, тэгээд би Бямбацэрэнгийнх нь гэрт ороод Алтанцэцэгийг хоёулаа явъя, харьж амаръя гэсэн чинь Алтанцэцэг би явахгүй гэхээр нь гэнэт уур хүрээд Алтанцэцэгийг хөлөөс чирж орон дээрээс шал руу татаж унагаад босоод ирэхээр нь баруун гараараа чих рүү нь алгадсан, тэгсэн чинь Алтанцэцэг миний нүүрийг самардахаар нь нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон, тэр үед Алтанцэцэг арагшаа унах шиг болсон, ор луу унасан уу, хана мөргөсөн үү гэдгийг нь сайн| мэдэхгүй байна, мөн гал тогооны текэн дээр нь байсан байх архи ууж байсан сткан байсныг нь аваад Алтанцэцэгийн сууж байсан орны арын хана руу шидсэн, тэр үед сткан толгойг нь оносон юм шиг байна, би тухайн үед Бямбацэрэнгийн гэрт очихоосоо өмнө Энхболдтой хамт нэг нэг лааз пиво уусан байсан, бөгөөд зарим нэг үйлдлээ сайн санахгүй байна, тэгээд манай ах Баянмөнх болон Бямбацэрэн ах нар намайг салгаад намайг яв гээд байшингаас гаргасан, тэр хооронд эхнэр цагдаад дуудлага өгсөн байна лээ, тэгээд Бямбацэрэн ах миний араас гарч ирээд ганц юм аваад өг, янз бүрийн юм болоогүй, чи юундаа ууралдаг юм, ганц юм уунгаа ярилцъя гэхээр нь би дэлгүүрээс 0.5 гр Соёрхол нэртэй 1 шил архи аваад машин дотор Бямбацэрэн, Энхболд бид гурав хувааж уучхаад би яваад өгсөн. Тэгээд би тэдний ойролцоо танил айлд ороод юм яриад сууж байхад цагдаагаас залгахаар нь би цагдаа дээр өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоол /хх 80/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74-75/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хардалтын улмаас эхнэр А.Алтанцэцэгийг хөл, гараараа цохиж, шилэн сав шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1251 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Хохирогч А.Алтанцэцэг нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ