Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00376

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр     Дугаар 151/ШШ2017/00376    Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
-Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багт оршин суух Сүхээгийн Уранчимэг /НБ87041601, утас:99057683, 89338797/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багт оршин суух Нямдуны Эрдэнэбаяр /НБ86020113, утас:80678797/-т холбогдох, 
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Уранчимэг, хариуцагч Н.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Хариуцагч Н.Эрдэнэбаяртай 2009 онд анх гэр бүл болсон. 2011 онд анхны хүүхэд маань төрсөн. 2013 онд 2 ихэр хүүхэд маань төрсөн 3 хүүхэдтэй. Гэр бүл болоод хамтран амьдарч байх хугацаандаа 3 удаа хүндээр зодуулж байсан. Тийм учраас ахиж нийлвэл ахиад архи ууж ирээд зодох байх гэж бодож байна. Хүнд зодуулж амьдарч байснаас ганцаараа амьдарсан нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Одоо буцаж нийлэхгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Хөрөнгөө үлдээнэ гэвэл хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй” гэв.

Хариуцагч Н.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сална гэж байгаа бол хөрөнгөө хуваагаад 3 хүүхэддээ өгнө. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр маргахгүй. Ээжийнхээ асрамжинд байсан нь дээр гэж бодож байна. Хүүхдүүд маань бүгд миний төрсөн хүүхдүүд. Хүүхдийн тэтгэлэгээ төлнө” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч С.Уранчимэг нь “...Одоо буцаж нийлэхгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Хөрөнгөө үлдээнэ гэвэл хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй...” гэж,
Хариуцагч Н.Эрдэнэбаяр нь “...хөрөнгөө хуваагаад 3 хүүхэддээ өгнө. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр маргахгүй. Ээжийнхээ асрамжинд байсан нь дээр гэж бодож байна. Хүүхдүүд маань бүгд миний төрсөн хүүхдүүд мөн болохоор хүүхдийн тэтгэлэгээ төлнө...” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөөрч тайлбарлажээ.
Зохигчид буюу гэрлэгчид нь 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулж  /хх-н 2/, 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүү Эрдэнэбаярын Буд, 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин Эрдэнэбаярын Энгүүн, 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүү Эрдэнэбаярын Эрхэс нар төржээ /хх-н 4-5/, С.Уранчимэг, Н.Эрдэнэбаяр нар нь хоорондын таарамжгүй харилцаа болон хариуцагч Н.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгч С.Уранчимэгт удаа дараа гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэлтэй  байсны улмаас одоо хүртэл тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.
Иймд С.Уранчимэг, Н.Эрдэнэбаяр нар нь цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул тэдгээрийн гэрлэлтийг нь цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Харин хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нар нь бага настай байх бөгөөд зохигчдын тусдаа амьдарч эхэлсэн үеэс эхлэн эх С.Уранчимэгийн асрамжинд байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй тул тэдний тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийг эх С.Уранчимэгт үлдээж, 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.Буд, 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.Энгүүн, 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э.Эрхэс нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Эрдэнэбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох HRV маркийн суудлын авто машин, 4 тал хашааг зохигчдын тохиролцсоноор С.Уранчимэг болон 3 хүүхдэд нь үлдээж, С.Уранчимэгийн эрхлэн ажиллуулдаг эмийн сан /15  000 000 төгрөгөөр өөрсдөө үнэлсэн/, амины орон сууц /21 414 000  төгрөгөөр үнэлэгдсэн хх-н 22-рт/, гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар /4 474 000 төгрөгөөр үнэлэгдсэн хх-н 28-рт/ зэрэг нь гэр бүлийн гишүүдийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон тулИргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  гэр бүлийн 5 гишүүнд хуваах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү хуваахдаа эдгээр нэр бүхий хөрөнгийг С.Уранчимэг болон хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нарт үлдээж, Н.Эрдэнэбаярт ногдох хэсгийг С.Уранчимэгээс мөнгөөр тооцон гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.  
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.Эрдэнэбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг  тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгчээс  62 816 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дунлдын эд хөрөнгийг хуваасан хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж тооцож гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 14.4-д тус тус зааснаар Нямдуны Эрдэнэбаяр, Сүхээгийн Уранчимэг нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчидын тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийг эх С.Уранчимэгт үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нарыг 11 нас хүртэл нь тус бүрд нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тус бүрд нь  тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Эрдэнэбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14.5, 14.6-д тус тус зааснаар HRV маркийн 25 87 улсын дугаартай суудлын автомашин 1 ширхэгийг, Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р баг Цогт-Өндөрт байрлах 4 тал банзан хашааг нэхэмжлэгч С.Уранчимэг, хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нарт үлдээж, эмийн сан /15  000 000 төгрөгийн үнэтэй/, амины орон сууц /21 414 000  төгрөгийн үнэтэй/, гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар /4 474 000 төгрөгийн үнэтэй/ нийт 40 888 000 төгрөгийн эд хөрөнгийг С.Уранчимэг, хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нарт үлдээж, С.Уранчимэгээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох 8 177 600  төгрөгийг гаргуулж Н.Эрдэнэбаярт олгосугай.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.Эрдэнэбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгчээс 62 816 төгрөг гаргуулан улсын төсөвт, Н.Эрдэнэбаяраас  8 177 600 төгрөгт ногдох улсын лтэмдэгтийн хураамж 145 792 төгрөг, С.Уранчимэгээс 32 710 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 321 502 төгрөгөөс нэхэмжлэгчийн урьдчилсан төлсөн 287 950 төгрөгийг хасч үлдэх 33 552 тус тус гаргуулж мөн улсын төсөвт оруулсугай.
6.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүү Э.Буд, Э.Эрхэс, охин Э.Энгүүн нарыг эцэг Н.Эрдэнэбаяртай нь хүссэн үед нь уулзуулж байхыг эх С.Уранчимэгт үүрэг болгосугай.
7.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.МӨНХЦЭЦЭГ