| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00140/и |
| Дугаар | 151/ШШ2017/00379 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2017/00379
| 2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/00379 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00140/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцогт сумын 2 дугаар багт оршин суух Сартуул овогт Ухнаагийн Саруулчимэг /НИ65012808/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Саруулчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Саруулчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Миний бие 1956 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд Баянцогт сумын Сангийн аж ахуйн үтрэмд 1983 оны 01 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд нормчиноор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж, орсон тушаал нь байгаа боловч гарсан тушаал нь байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, нотлох баримтыг үндэслэн тухайн үед нормчноор цуг ажиллаж байсан Д.Цэцэгмаа, жолоочоор ажиллаж байсан Д.Энх-Амгалан нарын мэдүүлгийг үндэслэн Төв аймгийн Сангийн аж ахуйн Төв үтрэмд нормчноор ажиллаж байсан 8 жилийн хугацааг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Саруулчимэг нь Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн Төв үтрэмд 1983 оны 01 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд У.Саруулчимэг нь Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн үтрэмд 1983 оны 01 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд нормчингоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
У.Саруулчимэгийн дээрхи хугацаанд ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: - Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1983 оны 01 сарын 10-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай “...У.Саруулчимэг нарыг төв үтрэмд нормчингоор...01 сарын 01-ний өдрөөс...томилон ажиллуусугай...” гэх бичилттэй 5 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 06 сарын 05-ны өдрийн хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай “...Хавсралтад бичигдсэн хүмүүст тус бүрийн хоногоор бодож амралтыг нь олгосугай...тушаалын хавсралтын 29-т У.Саруулчимэг...” гэх бичилттэй 124 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Ухнаагийн Саруулчимэгийн №612453 дугаартай үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх үнэмлэх /хх-7/, гэрч Д.Цэцэгмаагийн “....У.Саруулчимэг нь Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн Төвийн үтрэмд 1983 оноос 1990 он хүртэл нормчиноор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Энх-Амгалангийн “...Би У.Саруулчимэгтэй нэг суманд төрж өссөн хүмүүс юм. У.Саруулчимэг нь Төв аймгийн Баянцогт сумын Баянцогтын Сангийн аж ахуйн Төвийн үтрэмд 1983 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хх-20/, У.Саруулчимэгийн 1983 оноос 1990 он хүртэлх ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр /хх-21/ зэрэг болно.
Иймд У.Саруулчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ухнаагийн Саруулчимэгийн Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн үтрэмд 1983 оны 01 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд нормчингоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ