Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01399

 

М.А-, С.Шнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/шш2018/00140 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,

М.А, С.Шнарын нэхэмжлэлтэй,

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, зөвтгөн явуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Шаарийгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.А-, С.Шнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар төлбөр төлөгч С.Шаарий, С.Адъяабаатар нараас 30.342.058 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсангүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. заалтыг зөрчиж төлбөр төлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэлгүйгээр ХАС банкинд С.Шаарийгийн нэр дээрх Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 128 м.кв талбайтай хувийн орон сууц, 24,5 м.кв талбайтай гражийн зориулалттай барилгыг шилжүүлж 2017.06.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа С.Шаарийгийн өмчлөлийн Г-0118001038, 6513003225 нэгж талбарын дугаартай 400 м.кв талбай бүхий газрыг тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа,  одоо энэ газар төлбөр авагч ХАС банкны эзэмшилд биш хувь хүний нэр дээр гэрчилгээ олгогдсон байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан талаар бидэнд мэдэгдээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхээ алдсан. С.Шаарий, М.А- нараас 30.651.718 төгрөг гаргуулж ХАС банкинд олгох шүүгчийн захирамжид С.Шаарийгийн өмчлөлийн газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах талаар заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль зөрчсөн ажиллагааг мэдсэн даруй дээд шатны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өмгөөлөгч Г.Энхбаяраар дамжуулан гомдол гаргаж хариуг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/1714 дугаарын албан бичгээр авсан. Иймд шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож дахин зөвтгөн явуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2190 тоот захирамжаар төлбөр төлөгч С.ШМ.А- нараас 30.651.718 төгрөг гаргуулж ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарыг 2017.01.02-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж уулзах талаар мэдэгдсэн, төлбөр төлөгч С.Шнь  Адъяабаатар ирэх боломжгүй гэх тайлбар өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу С.Шаарийд төлбөр төлөх мэдэгдлийг гардуулан өгч, удаа дараа биечлэн уулзаж тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул ХАС банкны зээлийн барьцаа болох Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 02-11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс гаргуулан авахад С.Шаарийгийн /нэг хүний/ өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд ХАС банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй гэсэн лавлагааг ирүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот битүүмжлэх актаар битүүмжлэн,  төлбөр төлөгч нарт хугацаа өгсөн боловч мөн төлөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот хураах актаар С.Шаарийгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураасан. Талуудаас үнийн саналыг бичгээр гаргуулан авахад үнийн санал зөрүүтэй ирүүлсэн тул ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчнээр үнэлүүлж, үнэлгээг 2017.03.10-ны өдөр талуудад танилцуулж гарын үсэг зуруулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь болох 78.859.900 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг төлбөр төлөгч М.А-, С.Шнарт 2017.04.14-нд гардуулан өгсөн боловч 2017.04.28-ны өдөр дуудлага худалдаанд ирээгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017.05.18-ны өдөр оруулах мэдэгдлийг 2017.05.03-ны өдөр С.Шаарийд гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан.  

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 56.178.500 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дэнчин ирээгүй, худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2017.05.29-ний өдөр явуулж талууд санал болгох ажиллагаанд биечлэн ирж оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар санал болгох ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд тооцон өгөхөөр шийдвэрлэж төлбөр төлөгч С.Шаарий, төлбөр авагч ХАС банкийг төлөөлж М.Хишигжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг ХАС банкны нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж тогтоолыг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шаарий, М.А- нарын Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, дахин зөвтгөн явуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.А-, С.Шнарын нэхэмжлэлтэй Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Шхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.2 /2002 оны хууль/ дахь заалтыг зөрчиж төлбөр төлөгч нарт гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэлгүйгээр ХАС банкинд С.Шаарийгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг шилжүүлж улмаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлжээ. Ингэж бүртгүүлсэн атлаа бидэнд Хас банкинд тухайн хөрөнгийг шилжүүлж авах талаар санал болгосон гэсэн хариу өгч биднийг төөрөгдүүллээ. Иймээс гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчиж хийсэн байна мөн энэ гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Адъяабаатартай нэг ч удаа шийдвэр гүйцэтгэлийн ажилтан уулзаагүй иймээс гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн байгаа тул гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэргийг бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу өгч хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан. Харин давж заалдах шатны шүүх нь ИХШХШтухай хуулийн 12.1.2 дугаар хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл нь шүүхийн харьяалалд хамаатах бөгөөд шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой байтал шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзсэн нь буруу байна. Тэгээд ч Архангай аймгийн шүүх нь ХАС банктай харилцагч байгууллага байсныг шүүхийн шийдвэр гарснаас хойш мэдлээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэт нэг талыг барьж хууль бус явагдсанаас бидний гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдсөөр өдийг хүрлээ. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 тоот захирамжаар төлбөр төлөгч Шаарий, Адъяабаатар нараас 30,324,058 төгрөгийг гаргуулж ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгийн талаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй болохыг анхаарч үзэх хэрэгтэй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Ингэж шийдвэрлүүлсэн нь харьяалал зөрчөөгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрийг эцсийн шийдвэр байхаар хуульчлаагүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 140 тоот шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулахаар хяналтын шатанд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч С.Шаарий, М.А- нар нь  хариуцагч Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, зөвтгөн явуулах тухай  нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ  “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, шүүгчийн захирамжид С.Шаарийгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, төлбөр барагдуулах талаар заагаагүй...” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4.-т заасан журмыг зөрчсөн...” гэжээ.

1.Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 534 дүгээр захирамжаар хариуцагч С.Шаарий, М.А- нар нь Хас банкны нэхэмжилсэн 30.342.058 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгчийн дээрх захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэн,  Архангай аймаг дах Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С.Шаарийгийн өмчлөлийн Эрдэнэбулган сумын 4 дугаар багийн 11 тоотод байрлах  48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 128 м.кв талбайтай хувийн орон сууц, 24,5 м.кв талбайтай гражийг газрын хамт битүүмжилж,  хураажээ.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК уг хөрөнгийг 112.657.000 төгрөгөөр үнэлсэн,  анхны болон 2 дах албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгож, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/537 дугаар албан бичгээр дээрх хөрөнгүүдийг Хас банкинд шилжүүлсэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан, 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ /хэргийн 50-97 дугаар тал/.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх эсэх нь маргааны зүйл болжээ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үүсгэж, улмаар үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх, албадан дуудлага худалдаа явуулах, санал болгох ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд явуулжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажиллагаа хугацааны хувьд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх учиртай.

2.1. Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3-т зааснаар төлбөр төлөгч,  төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ба төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр төлөгч оролцож байгаа бол тэдгээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй талаар мөн зүйлийн 21.4-т зохицуулжээ.

Хэргийн 50 дугаар талд авагдсан гүйцэтгэх хуудаст С.Шаарий, М.А- нараас төлбөр гаргуулахаар заасан тул эдгээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.

Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийг хуулбарлан авах, нэмэлт баримт бичиг гаргаж өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямарч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрхтэй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан.  Төлбөр төлөгч М.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй байх тул түүнийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. 

Хариуцагчийн төлөөлөгч нь “...М.А-ыг удаа дараа дуудсан боловч ирээгүй, хөдөө амьдардаг” гэсэн тайлбар гаргасан боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах, төлбөр төлөгчийн эзгүйд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  зөвтгөх үндэслэл болохгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1., 25 дугаар зүйлийн 25.1., 25.2-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөрөө дамжуулан гүйцэтгүүлж болох ба төлөөлөл нь хуульд зааснаар, сайн дураар эсхүл гэрээгээр гэсэн хэлбэртэй байна. Төлбөр төлөгч М.Адьяабаатар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төлбөр төлөгч нар нь эхнэр нөхөр бөгөөд гэр бүлийн гишүүн” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч М.А- нь өөрийгөө төлөөлөх эрхийг С.Шаарийд олгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.  

2.2. Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 53.6.-д зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах, дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ба энэхүү ажиллагааны талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.   

Түүнчлэн төлбөр төлөгч нь ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг харгалзан үзэх боломжтой талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх зүйлийн 53.2., 53.3., 53.4.-т заасан ажиллагааг явуулсан эсэх нь тодорхой бус байна.

2.3.Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй байхад хариуцагч төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан дээрх журам, дарааллын дагуу явуулах байтал төлбөрийг шууд үл хөдлөх хөрөнгөөс гаргуулсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах журамтай. Зээлдэгч С.Шнь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ипотекийн гэрээ байгуулсан боловч  барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар шүүх шийдвэрлээгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн 53 дугаар зүйлд заасан дарааллаар явагдана.  

2.4.Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд хариуцагч тус бүрийн хариуцах төлбөрийн хэмжээг тодорхой заагаагүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар тэдгээрийн хүлээх үүрэг тэнцүү байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч М.А-ын төлөх төлбөрийг С.Шаарийгийн өмчлөлийн хөрөнгөөс гаргуулсан нь буруу болжээ.

Дээрх байдлаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж зөвтгөх арга хэмжээ аваагүйгээс гадна хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгч нар нь өмгөөлөгч Г.Энхбаяраар дамжуулан  2017 оны 9 дүгээр сарын 1-нд гомдол гаргасан,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар уг гомдолд 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 5/1714 тоот албан бичгээр хариу өгсөн,  нэхэмжлэгч нар 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ /хэргийн 1-2, 3, 90-1 дүгээр тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба уг хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаанд гомдол гаргах журамтай холбоотой дараах зохицуулалт тусгагджээ. Үүнд:

1. Хуулийн 44.3., 44.4.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах ба ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана.

2. Хуулийн 55.7.дугаар зүйлд зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

3. Хуулийн 63.4.дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болно.

4. Хуулийн 122.1.дүгээр зүйлд зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

5. Хуулийн 301.1., 301.2. дүгээр зүйлд энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргах ба дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ гэжээ.

М.А- нь төлбөр төлөгч боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй тул түүнийг хуулийн 44.3., 44.4.-т зааснаар гомдол гаргаагүй гэж буруутгах боломжгүй тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар мэдсэн даруйд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан...” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаарх гомдлоо хуулийн 301.1. дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан боловч уг шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зохицуулаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т зааснаар  иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан ба шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлыг шүүх авч хэлэлцэхээр  мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-т зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 53 дугаар зүйлийн 53.6., 53.7.-т заасныг баримтлан Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу шинээр явуулахыг хариуцагч Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ