Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 12

 

Л.Б д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Ч.Энхжаргал

                                               Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                              Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжинд прокурорын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 05 дугаартай эсэргүүцлээр, Л.Б д холбогдох эрүүгийн 1726000890062 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Том овогт Л.Б  

          Л.Б  нь 2017 оны 02 дугаар сарын 03-04-ний хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бумбат” гэх газар хохирогч Б.Г- 9 тооны буюу олон тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

           Анхан шатны шүүх, Том овогт ЛБ д холбогдох эрүүгийн 1726000890062 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргалын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд: Прокурорын яллах дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж гаргасан эрх зүйн хэлбэр биш юм. Харин прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гаргаж байгаа шийдвэр байхад анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-д “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор хуульчилсан байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд гаргасан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад засаж залруулах боломжийг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад тодорхой тусгаж хуульчилсан байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д “хохирол, хор уршигийн талаарх мэдээллийг” тусгахаар заасны дагуу Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад “...хохирогч Б.Ганболдын алдагдсан адуу, замын зардалд нэхэмжилсэн 14334390 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй...” талаар дурьдсан байхад шүүгчийн захирамжид мөн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөрийн талаар дурьдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь шүүгдэгч Л.Баттулгын хүсэлтийг авч үзсэн гэж ойлгосон. Б-г Ш гэгч нь чи ялыг ганцаараа үүрчих, би хохирол төлбөрийг төлье гэж хэлсэн мөртлөө хохирол төлбөрөө төлөхгүй болохоор шүүгдэгч үнэнээ хэлсэн гэсэн. Үүнийг шүүх хүлээж авсан. Хэргийн үйл баримтын хувьд захирамжийг зөв гарсан гэж үзэж байгаа гэв.

ХЯНАВАЛ

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Л.Б  нь “...энэ хэргийг Шагдарсүрэнгийн хамт үйлдсэн...” гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийг хүлээн авч Ш гэгч нь Л.Б тай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгуулах нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                             ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                           Н.ЭНХМАА