Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 110/2021/0069/З |
Дугаар | 221/МА2022/0755 |
Огноо | 2022-12-01 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2022/0755
Х.Х , Х.Х нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Х.А
Гуравдагч этгээд М.А
Нэхэмжлэлийн шаардлага: “С сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд Р мешит шашны байгууллага оноосон нэрээр, 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаар, 00000 регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0051 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А
Гуравдагч этгээд С.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.А, Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 110/2021/0069/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Х , Х.Х нар нь “С сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд “Р мешит” шашны байгууллага оноосон нэрээр, 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаар, 00000 регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0051 дүгээр шийдвэрээр: “...Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-ны Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 00069 дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр, Р мешит шашны байгууллагад олгогдсон 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаартай, 00000 регистртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн сан болон хэлтсийн архивт хадгалагдаж буй “Р мешит” шашны байгууллагын хувийн хэрэгт хавсаргасан нотлох баримтыг нэг бүрчлэн хянаж үзэхэд улсын бүртгэгч нь бүртгэл хөтлөх үед хүсэлт гаргагчдаас ирүүлсэн хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах баримт бичгийг холбогдох журамд заасны дагуу хүлээн авч бүртгэсэн буюу дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь 2015 он болон одоо ч аливаа хуулийн этгээд, түүний дотор шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах байрыг хэн, ямар хөрөнгөөр, хэзээ, хэнтэй хамтран барьж ашиглалтад оруулсан эсэх талаарх нотлох баримтыг бүрдүүлбэр болгон авах талаар холбогдох журамд заагаагүй байгаа. Улсын бүртгэгч бүртгэл хөтлөх үед журамд заасан бүрдүулбэрээс гадна нэмж тодруулах нотлох баримт, тайлбар, лавлагааг хүсэлт гаргагчаас гаргуулан авах эрхтэй боловч улсын бүртгэгч Б.С нь “Р мешит” шашны байгууллагыг бүртгэх үед нэмэлт бичиг баримт аваагүй нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн холбогдох заалтыг зөрсөн гэж шууд дүгнэж боломгүй байна.
3.2. Нөгөө талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-т Иргэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд хүлээх үүргийг тодорхой заасан бөгөөд хэрэв хууль ёсны нотлох баримтыг үнэн зөвөөр гаргаж өгч мэдүүлээгүй тохиолдолд мөн хуулийн дагуу хариуцлага хүлээх үр дагаврыг хүлээхээр тусгасан байна. Улсын бүртгэлд “Р мешит” шашны байгууллагыг анх бүртгүүлсэн хуулийн этгээд, иргэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж үнэн зөвөөр мэдүүлээгүй, бусдын эдлэх эрхийг хууль бус замаар эдэлсэн бол үүнийг зохих хууль, журмын дагуу холбогдох байгууллагад хандаж тогтоолгосны эцэст улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжтой. Энэ нь улсын бүртгэлд зориуд хууль ёсны бус нотлох баримтаар бүртгүүлсэн гэж үзэж байгаа бол өөрсдийгөө шашны байгууллагын үүсгэн байгуулагчид гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээд нь уг хуулийн этгээдийг анх бүртгүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хуулийн этгээдтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж байгаагүй нь эргэлзээ төрүүлж байна.
3.3. Шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн архивын эх нотлох баримтаас илүүтэй хөндлөнгийн нотлох баримтуудад үндэслэлэн шийдвэр гаргасан, мөн өмнөх бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх үүрэг, үйлдлийг эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй байж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй ба нэг талыг барьсан шийдвэр байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0051 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үүгээр давж заалдаж гомдол гаргаж байна...” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. ...А м-н нэрийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор “Р ” гэж өөрчлөн Улсын бүртгэлд бүртгүүлж 0280001008 дугаартай гэрчилгээ авсан. Монгол Улсад Исламын шашны “Р ” нэртэй ганцхан мечит нь Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан эрхийн актын дагуу Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байна. Энэ Р нэртэй шашны мечитийн үйл ажиллагааг нь М.А би удирдаж ажиллуулж байна. 1995 оноос би болон манай М холбоо удирдан, эрхийн акт гаргуулан улсын бүртгэлд бүртгүүлж ажиллуулж байхад гэнэт хажуунаас “минийх, би өмчлөх ёстой” гэх зэргээр хөндлөнгөөс хэн нэг этгээдүүд гарч ирж дайрж худал үнэн түүх, хуурамч тайлбар зохиож үйл ажиллагаа эрхлэх эрхийг маань зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүхэд хүсэлт, тайлбар, шаардлага, гомдол гаргаж гуравдагч этгээдээр шүүхэд “Р” мечитийг төлөөлөн оролцож байна.
4.2. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн мушгин гуйвуулж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгон ашигтай шийдвэр гаргасан. Америкийн Нэгдсэн Улсын иргэн гэх “Ж” гэдэг хүнийх гэж нэхэмжлэгч нараас шүүхэд гаргаж өгсөн “зөвшөөрөл” гэгч нь С өөрөө бүрдүүлж өгсөн баримт мөн эсэх нь туйлын эргэлзээтэй. С нь зөвшөөрөлөө өгөх байсан бол тухайн оршин суудаг улсынхаа газрын нотариатаар баталгаажуулж, гэрчлүүлж явуулах байсан. ...С нь аялал жуулчлалаар Монголд ирэхдээ дээрхи нэхэмжлэгч Х , Х , түүний Америкт сурдаг дүү нь Е нарыг орчуулагчаар авч Монголын хамгийн баруун хязгаар хилийн хориотой бүс болох “Даян” гэх газарт зугаалж аялж явахад дээрхи “Р ” /тэр үед А гэж нэрлэгддэг байсан/ мечитэд нутгийн олон сүсэгтэн цуглаж мөргөл үйлдэж байхад очоод сонирхон үзжээ. Тэр үед мечитийн байшин барилга нь орчин үеийн дизайнаар баригдаагүй тав тухгүй байсан бололтой түүнд санагдаж Р мечитийн байшинг сэргээн засварлах хандив өгөхийг тэр үед миний томилсон тус мечитийн тэргүүн имам Ш.Өмирбект санал болгосон байдаг.
4.3. Ш.Ө нь энэ тухай надад хэлж яах тухайгаа суухад би “Шашины талаар хандив тусламж өгнө гэсэн сайн санааг нь хүндэтгээд зөвшөөр, юу хийлгүүлэх бариулах талаар зөвлөлд санал оруул” гэснээр Салма Ахмад нь: “Би орчуулагч Х.Х , түүний дүү Х.Е нараар хандивын мөнгө явуулна. Та нар шинэ, нэг давхар, хэдэн өрөөтэй мечитийн байрыг барьж авцгаа. Дотроо халуун устай, гадаа ил худагтай байвал боломжтой юм” гэж хэлж явсан. Бид орхигдсон нэг амлалт байх гэж байтал Х.Х 2014 оны намар надад ирж “Салма Ахмад”-ийн хэлсэн хандив мөнгө ирсэн тул танай “Алпин” буюу “Р ” мечитийг шинээр сэргээж барина” гэж зөвшөөрөл эрсэн тул би зөвшөөрч уг мечитийн тэргүүн имам Өмирбект явуулсан. “Тэр жилийн намар Х.Х нь мечитийг 9 дүгээр сард барьж дуусгаад бидэнд хүлээж авна уу” гэж санал гаргаснаар бид тус мечитийн нээлтийн ажиллагааг 9 дүгээр сарын 14-нд буюу Баасан гаригийи их мөргөлөөр хийж байшинг тухайн үеийн орон нутгийн сэтгүүл болох “Заман” сонинд нийтлүүлж байсан. Тухайн үед Х.Х нь мечитийн байрыг барьж Америкийн иргэн гэх Салма Ахмад-ийн даалгаврыг биелүүлсэнд баярлаад байсан бөгөөд мечитийн эзэмшил, өмчлөл, өвлөлийн талаар ямар нэгэн санал, гомдол, хүсэлт гаргаагүй байсан. Гаргасан гэж хэлсэн ч, нотолж ч чадахгүй. Хуучин Алпин мечитийг тэр сууринд нь шинээр сэргээн барьсан тус мөргөлийн газарт хүмүүс олноор ирж шашны мөргөлийн төв болсон болохоор сүсэгтэн олон “Алпин” гэх хувь хүний нэрийг “Р ” гэсэн шашин номын нэртэй солих саналд эвлэлдэн зөвшөөрснөөр 2015 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тогтоол гарч “Р ” мечит болсон түүхтэй. Уг “Р ” мечит 2014 онд сэргээн баригдаж 2015 онд “Р ” гэсэн нэрээр манай М холбооны хөрөнгө болж, удирдлагаар хангагдаж ажиллаад 8 жил болсны дараа Салман Ахметийн хандиваар мечитийн барилга барьсан. Х , Х нь хэн нэгний хатгаасаар Салма Ахмадын өгсөн гэх огт нотлох баримтаар үнэлэгдэхгүй “зөвшөөрөл” гэсэн нэгэн бичгийг барьж гүйгээд, бас “Р ” мечит болон мөргөл шашинд огт хамаагүй аав нь болох Х.Х г дагуулаад дээрхи шаардлагатай нэхэмжлэл гаргажээ. Өөрсдөө эрх биш ичих нүүртэй болохоор шүүхэд очилгүй М нийгэмлэгүүдийг “Дин ислам” холбооны имам Саулетханыг энэ хэрэгт итгэмжлэгчээр оролцуулсан.
4.4. ...Монголд Исламын шашны талаар үйл ажиллагаа явуулдаг энэ хоёр холбооны дотроос “хөдөөнийхөн” гэж гоочлогдсон манай холбооны эрх ашгийг бусдын нөлөөнд орсон шүүхээр эрхээ алдаж нэр нүүрээ доромжлуулсанд гомдож гутарч байна. Цаана нь С сумын “Даян” гэх газарт оршин суудаг сүсэгтэн олон, мөргөлчид маш их харамсан гайхаж шийдвэрт гомдож байна. Монгол Улсын хууль, тогтоол болон мөрдөж буй журам дүрэмд нийцүүлэн “Р ” мечитийг Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэн авч гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байсныг шүүх үгүйсгэж ноцтой алдаа гаргасан.
4.5. Хариуцдаг буюу улсын бүртгэлийн алба, түүний ажилтан нь “Р ” мечитийн зөв хуулийн дагуу бүртгэж авсныг өөрийн хууль тогтоомжийн хүрээнд тайлбарласан. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
2.1. Анх гуравдагч этгээд “Р Мешит” шашны байгууллагын үүсгэн байгуулагч М.А нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалаар Ислам шашинтны “М” холбоог буюу Төрийн бус байгууллагыг байгуулж /РД:1040324/ гэрчилгээг авч ажиллаж байсан байна.[1]
2.2. Ийнхүү ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “Баяннуур сумын Цагаан арал багт Хайдар мечет, С сумын Даян багт Алфин мечет байгуулахыг зөвшөөрч, хоёрдох заалтаараа дээрх сүм хийдүүдийг /мечетүүд/ зохих хууль, журмын дагуу бүртгүүлэн ажиллуулахыг Монголын Ислам шашинтны “М ” холбооны тэргүүн М.А д зөвлөж шийдвэрлэжээ[2].
2.3. Монголын Ислам шашинтны “М ” холбооны тэргүүн М.А нь 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан[3].
2.4. Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлиин 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн С сумын Засаг дарга С овогтой Х, Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга С овогтой М-н Д-н “Р мешит” Тэргүүн Мухан Азатхан нарын дунд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт “Газар ашиглах тухай” 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2015/02 дугаар ислам шашны үйл ажиллагаа явуулах, 1 га газрыг хариуцан хамгаалж үүнээс 0.5 га газарт 15 жилийн хугацаатай Ислам шашны үйл ажиллагаа явуулах, мешит барьж үйл ажиллагааг тогтмол явуулах зорилгоор гурвалсан гэрээг байгуулсан байна.
2.5. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн С сумын Д багт “Р ” нэртэй хийд Баяннуур сумын Ах-арал багт “Х” нэртэй хийд Өлгий сумын 4 дүгээр багт “Е” нэртэй хийд, 5 дугаар багт “Базар сауаб” нэртэй хийд байгуулахыг тус тус зөвшөөрч тогтоолын хоёр дахь заалтаар Сүм хийдийг зохих журмын дагуу бүртгүүлж ажиллуулахыг Монголын Ислам шашинтны “М ” холбооны тэргүүн М.А д зөвлөн шийдвэрлэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Р ” шашны байгуулалгын үүсгэн байгуулагчдын хурал болж уг хурлаар “Р ” шашны байгуулгыг үүсгэн байгуулах, “Р ” шашны байгууллагын дүрэм батлах, “Р ” шашны байгуулалгын удирдах зөвлөлийн М.А , Б.Н, М.С, Ш.Ө, С.М гэсэн 5 гишүүнийг сонгож удирдах зөвлөлийн даргаар М.А ыг томилон 01 дүгээр тогтоолоор баталгаажуулсан байна.
3.1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг, дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Р мешит” шашны байгууллагын Монголын Исламын шашинтны “М ” холбооноос хүсэлтээ, дүрмийн хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан байсан. Үүнийг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөвшөөрч 20 тоот тогтоол гаргажээ.
3.2. Дээрх олгосон зөвшөөрлийг үндэслэн Монголын Ислам шашинтны “М ” холбооны тэргүүн М.А нь сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байна.
3.3. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 8 дугаар зүйлийн 8.1.7-д “шашны байгууллага” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж, 15.2-д “Өргөдөлд дараах үндсэн мэдээллийг тусгана” гэж, 15.2.1-д “өргөдөл гаргасан он, сар, өдөр” гэж,15.2.2-д “хуулийн этгээдийн нэр”, 15.2.3-д “энэ хуулийн 8.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр гэж”, 15.2.4-д “хуулийн этгээдийн хаяг”, 15.2.7-д “эрхлэх үйл ажиллагааны чиглэл” гэж, 15.2.9-д “өргөдөл гаргагчийн мэдээлэл” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно” гэж, 16.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” гэж, 16.1.2-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч” гэж, 16.1.3-д “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан” гэж, 16.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж, 17.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт” гэж, 17.1.2-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл” гэж, 17.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичиг; 17.1.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээд Монголын Ислам шашинтны “М ” холбооны тэргүүн М.А нь Ислам шашны үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл, Төрийн Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, хуулийн этгээдийн нэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Р ” шашны байгууллагын удирдах зөвлөлийн тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, тэмдэглэл, шийдвэр, “Р ” шашны байгууллагын дүрэм, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол зэргийг бүрдүүлж, аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлтийн хамт гаргасан нь хуульд нийцсэн байна.
3.4. Улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэн”, 8.1.7-д “шашны байгууллага”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 16.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 16.1.5-т “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж тус тус заасны дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Р мешит” оноосон нэрээр, 0280001008 улсын бүртгэлийн дугаартай, 00000 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
3.5. Гэтэл анхан шатны шүүхээс “Р” сүм хийдийн үүсгэн байгуулагч нь АНУ-ын иргэн Ж болох нь хэрэгт авагдсан гэрч “У.Х, С.Е, Ш.Ө нарын мэдүүлэг болон тухайн сүм хийдэд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл дэх сүм хийдийн хаягжуулалтаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэ сүм хийдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь АНУ-ын иргэн Ж эсхүл түүний итгэмжлэл /зөвшөөрөл/ олгосон этгээдүүд буюу нэхэмжлэгчид байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.
3.6. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Итгэмжлэл дараах шаардлагыг хангасан байна”, 27.4.1 “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 27.4.2-т “олгосон он, сар, өдрийг заах”, 27.4.3-т “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, 27.4.4-т “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах”, 27.4.5-д “итгэмжлэлийг тодрхой хугацаагаар олгох бол хугацааг заах”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна”, 27.6-д “Тодорхой хугацаагаар олгосон итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заажээ.
3.8. Дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саулетхан болон Х.Х , Х.Х нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч Х.Х , Х.Х нар нь 7 жилийн дараа шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-р дамжуулан “Р” сүм хийдийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж С 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын 2015 онд “Р мешит” шашны байгууллага оноосон нэрээр, 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаар, 00000 регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.9. Түүнчлэн хавтаст хэргийн 5 болон 80 дахь талд авагдсан “...АНУ-ын Орегон мужийн Портланд хотын Исламын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж миний бие тус байгууллагын хөрөнгөөр Монгол Улсын Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэрт баригдсан “Р” мечитийн барилгыг өмчлөх, эзэмших, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг бүх эрхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Хожахмет овогтой Х , Х овогт Х нарт олгов” гэх албан бичгийг итгэмжлэл гэж үзэхгүй бөгөөд хэрэв итгэмжлэл гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.1, 27.4.2, 27.4.3, 27.4.4, 27.4.5, 27.4.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй итгэмжлэл гэж үзэхээр байна.
3.10. Мөн АНУ-ын иргэн Ж нь “Р” сүмийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч бус хуучин сүмийг сайн дурын үндсэн дээр шинэчлэх зорилгоор хандив өгч сэргээсэн байх бөгөөд уг сүмийг сэргээн засварлахад зөвхөн Ж хөрөнгөөр бус нутгийн иргэдийн зүгээс мөнгөн болон эд матриалын хандив өгч тухайн сүмийг сэргээн засварлаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.[4]
3.11. Гэтэл анхан шатны шүүх “Р” сүм хийдийн үүсгэн байгуулагч нь АНУ-ын иргэн Ж байна гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.12. Иймд нэхэмжлэгч Х.Х , Х.Х нарын гаргасан “С 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын 2015 онд “Р мешит” шашны байгууллага оноосон нэрээр, 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаар, 00000 регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0051 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.7-д “15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.5, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 8 дугаар зүйлийн 8.1.7, 15, 16, 17 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Х , Х.Х нарын “С 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын 2015 онд “Р мешит” шашны байгууллага оноосон нэрээр, 0280001008 тоот улсын бүртгэлийн дугаар, 00000 регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ