Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00382

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00382

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуул, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар баг Баянтуулд оршин суух Эмч овогт Даваасүрэнгийн Дорж /ШЕ68101211/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянбулаг гэх газар оршин суух Жаргалт овогт Луувайн Энхбаяр /ДЮ58102811/,

Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Мухарын шугуй 3 тоотод оршин суух Жаргалт овогт Энхбаярын Энхмөнх /ДЮ84110814/ нарт холбогдох,

Гэм хорын хохирол 2 567 676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч Л.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дорж нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Би хариуцагч нартай эвлэрсэн байгаа” гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-...Нэхэмжлэгч Д.Доржтой эвлэрсэн... ” гэв.

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “-Д.Доржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт холбогдох, гэм хорын хохирол 2 567 676 төгрөг гаргуулах тухай иргэнй хэрэгт нэхэмжлэгч Д.Дорж нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатараас эмчилгээний төлбөрт урьдчилгаа 250 000 төгрөгийг 2016 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, үлдэгдэл 750 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 06-ны өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дорж нь нэхэмжлэлийн шаардлага 2 567 676 төгрөгийг 1 567 676 төгрөгөөр багасгаж, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь нэхэмжлэгч Д.Доржид 1 000 000 төгрөгийн 250 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр, 750 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 06-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Л.Энхбаярын төлөөлөгч Ц.Хүрэлбаатар нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Э.Энхмөнх нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй хийж өгнө үү гэж мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нараас 1 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Нэхэмжлэгч Д.Доржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт холбогдох иргэний хэргийн зохигчид 1 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь  1 000 000 төгрөгийн 250 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр, 750 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нараас 1 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                 Д.АЛТАНТУУЛ

                                                                     Б.ЦОЛМОН