Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00386

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00386

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00360/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, Зуун баян зэвсэгт хүчний гудамж, 58 дугаар байрны 1-7 тоотод оршин суух Сартуул овогт Энхтөрийн Батхуяг /ШЕ80050577/, Сартуул овогт Энхтөрийн БатБаяр  /ШЕ76022375/ нарын хүсэлттэй,

үрчлэлт хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Э.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие 2002 оны 07 сарын 26-ны өдөр ах Батбаярт төрсөн охин Батчимэгийг өөрийн амьдрал ахуйн байдлаас харгалзан үзэж үрчлүүлсэн юм. Одоо амьдрал ахуй тогтож Би өөрөө эхнэртэй болж Дорноговь аймагт суурьшан ажиллахаар явж байгаа. Тийм учраас төрсөн охин Батчимэгийг өөр дээрээ авах боломжтой болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож, охиныг минь миний асрамжид өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагч Э.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-2002 оны 6 сарын 29-нд төрсөн Батбаярын Батчимэгийг миний төрсөн дүү Батхуягын хүсэлтээр үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. 2002 оны 7 сарын 26-нд дүү Батхуягын амьдралын ахуй байдлаас үрчилж авсан болно. Дүү Батхуяг нь Дорноговь дахь цэргийн ангид томилогдож гэр орны нөхцөл муу учраас үрчилж авсан. Одоо амьдрал ахуй нь тогтож тогтвортой амьдарч байгаа  учир үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

...Энхтөр овогтой Батбаяр миний бие нь Батчимэгийн овгийг солих шүүх хуралдаанд доорж шалтгаанаар оролцож амжихгүй болсон тул харгалзан үзэж хүсэлтийг зөвшөөрнө үү. Батбаяр миний бие нь зэвсэгт хүчний ангид техникийн ахлах офиферийн ажил хийдэг бөгөөд одоогоор миний хариуцсан ажил дээр хээрийн сургуулийн буудлага болон гадаад цэргийн сургалтад хамрагдаж байгаа учир ажлын цагаар чөлөө авах боломжгүй байна. мөн шүүх хуралд миний дүү Э.Батхуягийн мэдүүлэгт би татгалзахгүй болно.” гэжээ.

Гэрч Э.Оюунбат шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “-2002 онд Батчимэгийг төрөөд 14 хоногтой байхад нь ээж нь орхиод явсан. Тэгээд Э.Батхуяг нь төрсөн ах Э.Батбаярт охин Батчимэгээ өргүүлсэн юм. Э.Батбаяр ах эхнэрээсээ салаад Батчимэг эмээ, өвөө хоёрын асрамжинд байсан юм. Тэгээд өнгөрсөн 2016 онд өвөө нь, 2017 оны 3 сард эмээ нь нас барсан. Тийм учраас л Батчимэг төрсөн эцэг Э.Батхуягын асрамжинд байх хүсэлтэй байгаа” гэжээ.

Гэрч Э.Батсувд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “-Э.Батбаяр ах хүүхэдгүй байсан. Тэгээд эхнэртэйгээ зөвлөлдөөд Батчимэгийг өргөж авсан. Э.Батхуягын эхнэр нь охиноо төрөөд 14 хоногтой байхад нь орхиод явсан. Тийм болохоор л Э.Батхуяг ах охиноо өргүүлээд орхисон юм. Батчимэг саяханыг хүртэл эмээ, өвөөгийнхөө асрамжид байсан. Тэгээд эмээ нь энэ жил өнгөрөөд, өвөө нь өнгөрсөн 2016 онд нас барсан юм. Тэгээд л төрсөн аавынхаа асрамжинд очих хүсэлтэй байгаа болохоор авахаар болсон” гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Хүсэлт гаргагч Э.Батхуяг, Э.Батбаяр нар нь 2002 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн охин Батхуягын  Батчимэгийг 2002 оны 07 сарын 26-ны өдөр Сартуулманлай овогт Энхтөрийн Батбаяр, Боржигон овогт Дашдаваагийн Оюун-Эрдэнэ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байна.   

Шүүх нэхэмжлэл, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  Учир нь:

2002 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн охин  Б.Батчимэгийг 2002 оны 07 сарын 26-нд Э.Батбаярт үрчлүүлсэн нь Иргэний бүртгэлийн үрчлэн авсан тухай №00/000151 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгч Э.Батбаярын болон үрчлүүлэгч Э.Батхуяг нарын тайлбар, гэрч Э.Оюунбат, Э.Батсувд нарын мэдүүлгээр зэргээр нотлогдож байна.

Э.Батхуяг нь өөрийн төрсөн охин Б.Батчимэгийг амьдралын хүнд хэцүү үед тухайлбал эхнэр нь охиноо төрүүлээд орхиод явсан, Дорноговь аймаг дахь цэргийн ангид томилогдон ажиллахаар явах болсон, хүүхдээ харж асарч өсгөх боломжгүй байсан учраас өөрийн төрсөн ах Э.Батбаярт  үрчлүүлсэн байх ба одоо Э.Батхуягын амьдрал ахуй тогтовортой болж охин Б.Батчимэгийг дэргэдээ авч асран хамгаалах боломжтой болсон тул буцаан авч хамт амьдрах хүсэлтэй байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч Э.Батхуяг, Э.Батбаяр нар дээрхи үндэслэлээр үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                           

ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2002 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн НЭ02262906 регистрийн дугаартай Сартуулманлай овогт Энхтөрийн Батбаяр, Боржигон овогт Дашдаваагийн Оюун-Эрдэнэ нарт  Б.Батчимэгийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б.Батчимэгийг төрсөн эцэг Э.Батхуягын асрамжинд шилжүүлсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ