Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Л.Г

 Хохирогч                                                 *******

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, ., .боловсролтой, мэргэжилгүй, ., ам бүл .., .. тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

  • Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар 9 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Т овгийн Н-ийн ******* /РД:              /

*******рокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ны орой .цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо “.” худалдааны төвийн урд байрлах автобусны буудал дээр тодорхой шалтгаангүйгээр хохирогч *******-ийн хөл рүү өшиглөж унагасны улмаас түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр хотоос ирээд найз Т-нд 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Өргөө соёлын төвд кино үзэхээр иртэл хүүхдийн кино гарч байна гэхээр нь больсон. Тэрнээс хойшхи асуудлыг сайн санахгүй байна. Би А гэх хүнийг огт танихгүй бөгөөд  яагаад өшиглөснөө мэдэхгүй байна. Хохирогчид 3.500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Хохирогч *******-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед ажилдаа явах гээд “.” худалдааны төвийн автобусны буудлын урд талын сандал дээр сууж байтал улаан дээлтэй, хар савхин куртиктай хоёр залуу миний хажууд ирээд суусан. Тухайн үед ажлын автобус ирэх дөхөж байсан тул би босоод зогсож байтал миний хажууд сууж байсан улаан дээлтэй залуу гар утсаар ярьж байснаа “энэ муу өвгөнийг зодсон ч яадаг юм” гэж хэлээд араас босож ирэхээр нь эргэж хартал миний баруун хөл рүү өшиглөөд намайг унагаасан. Би ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ирж үзүүлэхэд баруун талын хөлний шилбэ хэсгээр хугарсан байсан. Би *******-ээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин болох 7.342.336 төгрөг нэхэмжилсэн. *******-ээс 3.500.000 төгрөг бэлнээр авсан, өвчтэй байсан хугацааны цалин гэж дөрвөн сая гаруй төгрөг авсан. Тэгэхээр *******-ээс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүй, төлөгдсөн гэж үзэж болно. Харин 2 жилийн дараа баруун хөлөндөө хадуулсан төмрөө авахуулахаар дахин хагалгаанд орно. Энэ хагалгааны төлбөр, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Мөрдөн байцаалтад гэрч *******-ийн мэдүүлсэн: “...******* бид хоёр манай гэрт архи ууж байгаад “Соёлын төв”-д тоглолт үзэхээр очтол хүүхдийн кино гарч байхаар нь болиод “Хэрлэн” худалдааны төвийн автобусны буудал орсон. Тэгээд бид хоёр урд талын сандал дээр очоод суутал хар куртиктэй настай эрэгтэй хүн сууж байсан. Нөгөө настай эрэгтэй хүн босоод зогстол ******* дагаж босоод настай эрэгтэй хүний хөл рүү хавирч унагаад гараараа цохих гэхээр нь би салгасан. Би тухайн үед согтуу байсан ба ******* ямар шалтгаанаар  А гэх хүнийг өшиглөснийг мэдэхгүй байна. А нь *******-г цохиж зодоогүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай дүгнэлтэд: “*******-ийн биед баруун талын шилбэ ясны хоёрлосон хугарал /хагалгааны дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Тухайлбал: унах, цохих, цохигдох, өшиглөх гэх мэт. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 25-26/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 1 дүгээр хороо “Хэрлэн” худалдааны төвийн урд байрлах түргэн үйлчилгэний цэгийн урд байрлах хяналтын камерийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 19 цаг 4 минут  2 секундээс 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 19 цаг 5 минут 59 секунд хүртэлх бичлэгийг үзэж үзлэг хийв. Тухайн камерийн бичлэг нь бүдэг байх ба 19 цаг 4 минут 57 секундэд ******* монгол дээл хүрэм өмссөн, ******* нь куртик түрийтэй гуталтай ертөнцийн зүгээр хойноос түргэн үйлчилгээний зүүн талаар урагш явж байв. Явахдаа ******* нь *******-г түшсэн байдалтай явж байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...         регистрийн дугаартай Т овгийн Н-ийн *******...” гэжээ.  /хх-н 43/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 66,83-90/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.  

*******рокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” худалдааны төвийн урд байрлах автобусны буудал дээр бусадтай утсаар ярьж байхдаа “энэ муу өвгөнийг зодсон ч яадаг юм бэ?” гэж хэлээд хохирогч *******-ийн баруун хөлний шилбэ хэсэг рүү өшиглөж унагаасны улмаас түүний биед  баруун талын шилбэ ясны хоёрлосон хугарал бүхий хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би А-ийг огт танихгүй бөгөөд яагаад тэр хүнийг өшиглөснөө санахгүй байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******-ийн “Миний хажууд сууж байсан улаан дээлтэй залуу гар утсаар ярьж байснаа “энэ муу өвгөнийг зодсон ч яадаг юм бэ?” гэж хэлээд араас босож ирээд миний баруун хөл рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч *******-ийн “******* нь настай эрэгтэй хүнийг дагаж босоод түүний хөл рүү хавирч унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, хохирогчийн баруун талын шилбэ ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр  гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******-ийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн ба хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь шалтаг шалтгаангүйгээр бусадтай утсаар ярьж байхдаа “энэ муу өвгөнийг зодсон ч яадаг юм бэ?” гэж хэлээд хохирогч *******-ийн баруун хөлний шилбэ хэсэг рүү өшиглөж, гэмтэл учруулсныг үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч *******  нь хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр  гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул *******рокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн биед баруун талын шилбэ ясны хоёрлосон хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 7.342.336 төгрөг нэхэмжилжээ. /хх-ийн 74-78, 80-82/

Шүүх хуралдаанд хохирогч *******-оос “би *******-ээс 3.500.000 төгрөг бэлнээр авсан, өвчтэй байсан хугацааны цалин дөрвөн сая гаруй төгрөг авсан. Тэгэхээр *******-ээс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүй. Хоёр жилийн дараа баруун хөлөндөө хадуулсан төмрөө авахуулахаар дахин хагалгаанд орно. Энэ хагалгааны төлбөрөө гаргуулж авмаар байна” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч *******-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, *******-ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын гэм хорын зардлыг бүрэн төлж барагдуулсныг харгалзан  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овгийн Н-ийн *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овгийн Н-ийн *******-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш     6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөг төлснийг, хохирогч ******* нь 3.842.336 (гурван сая найман зуун дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаан) төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.БАЙГАЛМАА