Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00006

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00399

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00264/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух Баянбараат овогт Данжаадын Эрдэнэцэцэг /НЮ62043067/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд Эрдэнэт Хялгантын ойн техникумд элсэн 1984 онд төгсөөд Ойн агнуурын аж ахуйд ойн техникчээр ажилласан. 1989 оны 2-р сарын 1-нээс дагалт ашиглалтын бригадад ажилчнаар ажиллаж байгаад 1989 оны 09-р сарын 28-наас ар гэрийн гачигдлаас болоод техникийн ажлаа солиод үйлчлэгчээр ажиллаж байсан. Миний 1990-1994 онд ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, архивт байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлахыг үндэслэн тухайн үед инженер байсан А.Доржсүрэн, ойн инженерээр ажиллаж байсан Т.Оюундэлгэр нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн миний Ойн ангийн аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Төв аймгийн Ой, ангийн аж ахуйд 1990 оноос 1994 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Д.Эрдэнэцэцэг нь Төв аймгийн Зуунмод сумын Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 2 дугар сарын 1-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл дагалт ашиглалтын бригадын ажилчнаар, Төв аймгийн Зуунмод сумын Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 9 дугар сарын 28-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Ой, ангийн аж ахуйд 1990 оны 08 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Д.Эрдэнэцэцэгийн ажиллаж байсан байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: - Данжаадын Эрдэнэцэцэгт 1980 оны 08 сарын 28-ны өдөр Ойн техникумаас олгосон №010933 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “...1990 оны 08 сарын 01-ний өдөр Ой, ангийн аж ахуйд үйлчлэгчээр авч ажиллууллав....1994 оны 12 сарын 31-ний өдөр, хүсэлтийн дагуу үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв...” гэх бичилт /хх 5-6/, Төв аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1992 оны 02 сарын 25-ны өдрийн “...3. Үйлчлэгч Данжаадын Эрдэнэцэцэгт хүүхдээ 2 нас хүртэл гэрт асрах хүсэлтийн дагуу 1992 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэх бичилттэй 8 дугаартай тушаал /хх-12/, Төв аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 10 сарын 14-ний өдрийн “...дагалт ашиглалтын бригадын ажилчин Эрдэнэцэцэгийг ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үйлчлэгчээр 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар авч ажиллуулсугай...” гэх бичилттэй 102 дугаартай тушаал /хх-13/, Төв аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 07 сарын 25-ны өдрийн “Тус газрын үйлчлэгч Д.Эрдэнэцэцэг нь охин Энхтуяаг 1990 оны 4 сарын 7-нд төрүүлж эдэлбэл зохих амралтаа дуусч цаашид хүүхдээ асарч бойжуулах шаардлагатай тул өргөдлийн дагуу 9 сарын 23-аас эхлэн тэтгэмжтэй 3 сарын чөлөө олгосугай...” гэх бичилттэй 92 дугаартай тушаал /хх-14/, 1990, 1992 онуудад Ойн семинарт хамт олны хамт татуулсан Д.Эрдэнэцэцэгийн гэрэл зураг /хх-19/, гэрч А.Доржсүрэнгийн “....Д.Эрдэнэцэцэг нь 1984 онд Эрдэнэт хотын Хялганат дахь ойн техникум төгсөөд Төв аймгийн Ойн аж ахуйд ойн техникчээр ирж ажилласан. Миний мэдэж байгаагаар 1989 онд ойн аж ахуй татан буугдаж Байгаль орчны газар гэж бий болоход Д.Эрдэнэцэцэг нь 1989 оноос 1990 он хүртэл үйлчилгээний ажилтанаар, 1990 онд Ойн аж ахуй буцаад бий болоход 1994 он хүртэл тасралтгүй үйлчлэгчээр ажилласан. Намайг 1994 онд Ойн аж ахуйн дарга байхад Д.Эрдэнэцэцэг нь хөдөө явах болоод ажлаас чөлөөлөгдсөн....”  гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Т.Оюундэлгэрийн “....Д.Эрдэнэцэцэг нь намайг 1987 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн ойн агнуурын аж ахуйд хувиарлагдаж ирэхэд ойн техникчээр ажиллаж байсан. Д.Эрдэнэцэцэг нь 1989 онд хүүхэд гаргаад хөдөө явдаг техникчийн ажлаа солиод үйлчлэгчийн ажилд шилжиж ороод 1994 он дуустал ажилласан....”  гэх мэдүүлэг /хх-26/ зэрэг болно.

Иймд Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Данжаадын Эрдэнэцэцэгийн Төв аймгийн Зуунмод сумын Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 2 дугар сарын 1-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл дагалт ашиглалтын бригадын ажилчнаар, Төв аймгийн Зуунмод сумын Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 9 дугар сарын 28-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Ой, ангийн аж ахуйд 1990 оны 08 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ