Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б.М

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033950008 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 15-нд Төв аймаг Заамар суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......”-д өрөгч ажилтай, ам бүл 5; эцэг, эх, ах дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... баг ...... хороолол, .....р байр, ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, ......... тоотод түр оршин суух, ялгүй, ........ дугаарын регистртэй, Б.М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Б.Д эзэмшлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо .... байрны ... тоотын гадна болон дотор талын төмөр хаалгануудыг автомашины дугуйны дорцов төмрөөр хөшиж гэмтээсний улмаас 410.000/ дөрвөн зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.Д “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цаг болж байхад гэр болох Баянгол дүүргийн ....р хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны .... тоотоос би гэр бүлийнхэнтэй хамт лагарын байшин руу явсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 03 цагт манай гэрийн хөрш айл залгаад танайд сая хулгай орох гээд хаалгыг чинь хоёр хүн эвдээд байж байхаар нь би цагдаа дуудсан чинь хулгайч нар нь зугтаасан гэж хэлсэн...Тэгээд би маргааш нь гэртээ ирээд байрныхаа хаалгыг үзэхэд дахин ашиглах боломжгүй болгосон байсан...Би тухайн хэрэг гарсны дараа үеэл дүүгийн найз болох М гэх нэртэй хүүхэд рүү залгаад асуусан чинь биш гэж хэлэхээр нь уг нь үнэнээ хэлээд цагдаа энэ тэр гэхгүй хоорондоо асуудлаа шийдчихвэл гэж хэлсэн чинь үгүй гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд нээх удалгүй М гэх нэртэй дүүгийн ....... дугаараас ахаа би хаалга эвдсэн гэж мессеж бичсэн... Манай гадна хаалганы цоожийг хөшиж эвдлээд дотор талын хаалгыг бариул хэсгээс хөшиж онгойлгох үед хажуу талын айлын хүмүүс ирсэн чинь зугтаагаад явсан байсан.

... хаалгыг эвдсэн Мөнхбаатар нь учруулсан хохирлоо бүрэн төлж хохиролгүй болгосон.” /хх-н 15-16, 50/ гэж,

гэрч Г.М  “...2020 оны 11 дугаар сарын 07-ны өдөр манай найз болох М, Т нар нь Т гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1-р хорооллын арын замд дагуу байрлалтай 23 байранд байна гээд М надтай утсаар ярьсан. Би Г гэрт нь очихоор болсон. Тэгээд удалгүй очтол манай 2 найз архи уусан байсан. Тэгээд манай 2 найз намайг архи уух уу гэхээр би үгүй гэсэн. Тэгээд найз Т их согтуу байсан. Тийм болохоор Т унтуулчхаад М бид 2 гараад явсан. Тэгээд гарч яваад манай найз М өөрийн хуучин найз охин А уулзахаар бид хоёр 10 дугаар хороолол руу явсан. Бид хоёр М-ын хуучин найз охин болох А-ын гэрийн үүдэн дээр очсон. Хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 10 хороолол Номингийн хажуу талын байрны үүдэн дээр очоод М найз охин луугаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд дараа миний утсаар залгасан чинь бас авахгүй байсан. Тэгээд авахгүй байхаар нь А-ын байр луу ороод 8 давхарт гарсан. Яг хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй байна.Би шатан дээр сууж байсан би их ядарсан байсан. М хаалгыг нь тогшоод байсан. Тэгээд гаднах хаалга нь онгойсон М дотор хаалгыг нь тогшоод л байсан. Тэгээд би М-т явъя гэж хэлэх гээд очтол хажуу айлынхан хүн гарч ирээд наана чинь хүн байхгүй байгаа одоо яв гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэр байрнаас гараад явсан. ... Маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М хуучин найз охин А над руу залгаад  М манай хаалгыг эвдсэн байна. Чи хамт байсан байж яагаад болиулаагүй юм бэ гэж хэлсэн. Тэр үед би М айлын хаалга эвдсэн гэдгийг мэдсэн” /хх-н 21-22/ гэж,

гэрч Г.Ч “2020 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад гэрийн хаалга цохиод байгаа юм шиг чимээ гараад байхаар нь гэрийнхээ хаалгыг онгойлгоход манай хаалганы хажуу талын ... тоотын бүргэд хаалгыг бор өнгийн куртик, жинсэн өмд өмссөн эрэгтэй хүмүүс төмөр багажаар хаалганы цоожийг хөшөөд зогсож байхаар нь болиоч цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд би цагдаа дуудсан” /хх-н 19-20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Д нь “...хаалгыг эвдсэн М нь учруулсан хохирлоо бүрэн төлж хохиролгүй болгосон.”” гэжээ. /хх-н 50/

Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг автомашины дугуйн дорцов төмрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Б.М-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Б.М торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг автомашины дугуйн дорцов төмрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Мт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 О.ЖАНЧИВНЯМБУУ