| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00223/и |
| Дугаар | 151/ШШ2017/00400 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2017/00400
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00400 | Зуунмод |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00223/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сум, Хайрханы 2 дугаар багт оршин суух Дангаа овогт Сумъяабаатарын Сүрэнчимэг /НШ86060467/-ийн нэхэмжлэлтэй,
Ч.Сэрээтэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдүүдийн төрсөн эцэг нь Ч.Сэрээтэр мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Сүрэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сүрэнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие С.Сүрэнчимэг нь 1986 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 2006 онд Ч.Сэрээтэртэй хамтран амьдарч 2009 оны 01 сарын 30-ны өдөр хүү С.Даваабаатар мэндэлсэн. 2012 оны 07 сарын 30-ны өдөр охин С.Даваацэнд мэндэлсэн юм. Гэр бүлээ батлууулж чадаагүй учир хүү охиноо эцгээр нь овоглож чадаагүй болно. Ч.Сэрээтэртэй 2006 оноос эхлэн 2015 оны 02 сарыг хүртэл амьдарч байсан боловч 2015 оны 02 сарын 14-ний өдөр өвчний учир нас барсан. Ийм учраас хүү С.Даваабаатар, охин С.Даваацэнд нарын эцэг Ч.Сэрээтэр болохыг тогтоож өгнө үү. Мөн Ч.Сэрээтэр бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Дангаа овогт Сумъяабаатарын Сүрэнчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагч С.Сүрэнчимэг нь талийгаач Ч.Сэрээтэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдүүдийн төрсөн эцэг нь Ч.Сэрээтэр мөн болохыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
-Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 05/116 тоот албан бичигт Тус сумын Хайрханы 2-р багийн иргэн Сумъяабаатарын Сүрэнчимэг нь 2006 онд Ч.Сэрээтэртэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. Нөхөр Ч.Сэрээтэр нь 2015 онд өвчний улмаас нас барсан нь үнэн болно гэх баримт /хх-4/,
-№0000123245 дугаартай нас барсны гэрчилгээнд Баярт овогт Чойндонгийн Сэрээтэр 43 настайдаа 2015 оны 02 сарын 14-ний өдөр гэртээ нас барсныг 2017 оны 03 сарын 16-ны өдөр нас барсны бүртгэлийн 01-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх баримт /хх-5/,
-С.Даваабаатарын төрсний гэрчилгээний хуулбарт эхийн нэр Дангаа овогт Сумъяабаатарын Сүрэнчимэг, 2009 оны 1 сарын 30-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрснийг төрсний бүртгэлд 2009 оны 3 сарын 11-ний өдөр бүртгэв гэх бичилт /хх-6/,
-С.Даваацэндийн төрсний гэрчилгээний хуулбарт эхийн нэр Дангаа овогт Сумъяабаатарын Сүрэнчимэг, 2012 оны 7 сарын 30-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрснийг төрсний бүртгэлд 2012 оны 9 сарын 10-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-6/,
-Гэрч Ч.Баярбат шүүхэд мэдүүлэхдээ: “-С.Сүрэнчимэг нь миний төрсөн дүү талийгаач Ч.Сэрээтэртэй хамтран амьдардаг байсан манай бэр юм. Ч.Сэрээтэр, С.Сүрэнчимэг нар нь 2007 оноос эхлээд 2014 он хүртэл тасралтгүй хамт амьдарсан. Миний дүү Ч.Сэрээтэр 2014 оны 2 сард нас барсан. Ч.Сэрээтэр, С.Сүрэнчимэг нарын дундаас 2 хүүхэд төрсөн. Том хүүг нь Даваабаатар гэдэг ба 2009 онд төрсөн, 2012 онд төрсөн бага охиныг нь Даваацэнд гэдэг” /хх-16/
-Гэрч Ч.Долгормаа шүүхэд мэдүүлэхдээ: “-Ч.Сэрээтэр нь миний төрсөн дүү, харин С.Сүрэнчимэг нь манай бэр юм. Ч.Сэрээтэр, С.Сүрэнчимэг нар нь 2007 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 2009 онд том хүүхэд нь төрсөн. 2 хүүхэд төрсөн ба том хүүг нь Даваабаатар гэдэг ба 2009 онд төрсөн, бага охиныг нь Даваацэнд гэдэг байсан ба 2012 онд тус тус төрсөн” /хх-17/ зэрэг болно.
Дээрхи судалсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Сүрэнчимэг нь Ч.Сэрээтэртэй хамтын амьдралтай байсан нь, мөн 2009 оны 01 сарын 30-нд төрсөн хүү С.Даваабаатар, 2012 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Даваацэнд нарын төрсөн эцэг нь Ч.Сэрээтэр мөн болох нотлогдон тогтоогдож байх тул Ч.Сүрэнчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндээслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан НШ76040471 регистртэй Дангаа овогт Сумъяабаатарын Сүрэнчимэг нь НР72110175 регистртэй Баярт овогт Чойндонгийн Сэрээтэртэй 2007 оноос 2015 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасны дагуу 2009 оны 01 сарын 30-нд төрсөн хүү С.Даваабаатар, 2012 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Даваацэнд нарын төрсөн эцэг нь Ч.Сэрээтэр мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Сүрэнчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ